| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/02263/И |
| Дугаар | 102/ШШ2022/02583 |
| Огноо | 2022-07-07 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/02583
| 2022 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2022/02583 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, О ургийн овогтой, И С /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, С ургийн овогтой В А /РД:И/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, С ургийн овогтой О П /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И.С нь хариуцагч В.А, О.П нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие 2 охины хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр болох Ч.Г нь 2014 оны 9 сард даралтаар нас барсан. 2005 оны 7 сард ээж маань хүнд өвчтэй хотод эмчлүүлэх гэсэн боловч эмчилгээгүй тул нутаг буцах болсон. Тэр үед хашаа хатгаагүй хоосон газар байсан болохоор гэрээ хураагаад хөдөө явах болсон тул газар маань эзэнгүй болох гээд байхаар нь манай хамаатан гэх О.Жы ээж хотод нүүж ирээд буух газаргүй гэрээ гадаа хонож байхад нь манай буйран дээр түр бууж бай гэж хэлсэн. 2006 оны 9 сард ирээд буйран дээрээ буух гэсэн боловч буйр чөлөөлж өгөхгүй, би арав гаруй хоног айлаар байсан. Эцэст нь би өөрийн буйраа чөлөөлүүлж авахын тулд өөрийн буйрны хажууд гэрийн буйр цуг ухалцаж, өөрийн буйр гаргаж авсан. Одоо би түрээсийн байранд байдаг. Өөрийн эзэмшлийн газартаа амьдарч чадахгүй байгаа шалтгаан нь ажилд явсан хойгуур В.А нь манай цоожтой байсан гэрийн тооноор орж тог авсан, мөн 2,3 унь хугарсан байсан. Мөн архи ууж хоорондоо зодоон хийж шөнө амгалан тайван байдал алдагдуулан, орж ирж хэл амаар доромжилдог. В.А, О.П нар 2013 онд энэ айлууд өөрийн дураар хүч түрэмгийлэн ирж түүнээс хойш одоог хүртэл амьдарч байна. В.А нь чи нөхрийнхөө толгойг шороонд булчихаад, намайг эндээс чирээд гарахыг чинь харья, машины чинь өмнө хэвтэнэ шүү гэж сүрдүүлж, хэл амаар удаа дараа доромжилсон. Иймд газрыг минь чөлөөлж өгөхөд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
3.Хариуцагч В.А нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг газар нь өндөрлөг газар байсан. И.С , миний хүргэн дүү О.Ж хоёр хувааж аваад тэгшилсэн юм билээ. Иймд уг газар надад ямар ч хамааралгүй. О.Ж хөдөө орон нутагт амьдрах болсон тул өрх толгойлсон эгч, манай эхнэр н.О нарт гэртэйгээ цуг өгөөд та нар эзэмшиж бай гээд явсан. н.О нь хамгийн том эгч нь манай эхнэр юм. О.Ж нь одоо 9 сарын сүүлээр ирж групээ сунгуулдаг юм. Иймд уг хүнийг ирэхээр шийдэж өгөхийг хүсье. И.С ор үндэсгүй 3, 4 зүйлээр намайг гүтгэж миний нэр төрд халдсан байна. Үүнд чамайг эндээс явдаг юм бол машины чинь урд хэвтэнэ гэж худал бичсэн байна. Архи ууж, зодоон хийж, амгалан тайван байдал алдагдуулж, гэрт орж ирж хэл амаар хүн дарамталдаг гэсэн байна. Гэрийн баганаар орж гэрэл авсан /хулгайлсан/ гэсэн байна. 2, 3 унь хугарсан гэж бичсэн байсан 2014 оноос хойш уг хаяган дээр байгаагүй, эзэнгүй гэрийн хажууд айл хадам ах нь авгай хүүхэд, дүү нартайгаа байсан. Уг ах нь цахилгаан авч төлбөр төлдөг байсан. Ингэж намайг ор үндэсгүй гүтгэж миний нэр төрд халдсан байх юм. И.С нь сэтгэл санаа, сэтгэцийн хураамж гэж 70,000 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд намайг ор үндэслэлгүй гүтгэж миний нэр төрд халдсан И.С ийн нэхэмжилсэн 70,000 төгрөгийг 10 дахин нугалж 700,000 төгрөг гаргуулж, нэр төрийг минь сэргээж өгөхийг хүсье гэжээ.
4.Хариуцагч О.П нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд ээжийн хамт Улаанбаатар хотод нүүж ирээд, нагац эгчийн урд талд өндөрлөг газар И.С ийн хамт 1 гэрийн буйр гаргаж буусан. Нагац эгч танай хоёр хувааж ав гээд өөрийн нэртэй эзэмшил газрыг өгсөн. И.С нь миний дүү О.Ж тай тохиролцоод 800,000 төгрөгөөр газраа тэгшилсэн. И.С нь 2016 оноос хойш уг газар дээрээ оршин суугаагүй. 2 гэрийн буйртай 100-той задгай шахуу газар одоо хүртэл байгаа. Уг газрыг хуваан авсан хүн нь миний дүү группт байдаг, түр хөдөө оршин сууж байгаа тул эгч бид хоёрыг эзэмшээд байж бай гээд явсан юм. Иймд эзэмшигч дүү О.Ж тай маргаанаа шийдвэрлэнэ үү гэжээ.
5.Нэхэмжлэгчээс И.С ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2021/08100 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 6/,
Хариуцагч нараас эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбаруудын зураг /хх-ийн 32/, кадастрын зураг /хх-ийн 33/, хэвлэмэл зураг /хх-ийн 34, 35/, фото зураг /хх-ийн 47,48/, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /хх-ийн 49/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-ийн 50/, О.Ж аас гаргасан өргөдөл /хх-ийн 51/,
Шүүхийн журмаар Нийслэлийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12/2615 тоот /хх-ийн 59/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/1037 тоот /хх-ийн 76/, хавсралт /77-86/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч И.С нь хариуцагч В.А, О.П нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1680710460 дугаар бүхий 697 м.кв, гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмших эрхтэй газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Анх Баянгол дүүрэг, 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 697 м.кв талбайтай газрыг авахад айлгүй хоосон байсан. Ингэхдээ хамаатны хүн болох н.Ж тай 2 айлын газар бол тусдаа авахаар тохирсон боловч 2 айлын газар гараагүй. Ингээд дангаараа газраа авсан. Айлгүй хоосон байсан учир хариуцагч нарыг буух газаргүй гээд түр буулгасан. Дараа нь О.П ирж буусан. Хариуцагч нар миний газар дээр тусдаа 2 гэрээр амьдарч байгаа. Одоо өөрөө газраа ашилгах гээд чөлөөлж авах гэтэл чөлөөлж өгөхгүй байна. гэж,
Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Анх энэ газрыг хамаатны хүн болох н.Ж нь И.С тэй хамтран хувааж авахаар тохирсон учир манайхыг буугаад байж бай гэж хэлсэн. Мөн манай газар нэхэмжлэгчийн газраас тусдаа байдаг. Нэхэмжлэгч 92 тоотыг, бид 93 тоотод амьдарч тусдаа газар эзэмшдэг. Хоёр өөр газар тусдаа байгаа учир чөлөөлж өгөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч В.А, О.П нар маргаан бүхий газрыг эзэмшихээр кадастрын зураг хийлгэж өргөдлөө газрын албанд өгсөн, газар эзэмших эрхтэй гэх маргасан боловч оршин сууж байгаа газраа хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн уг газрыг иргэн н.Ж нь нэхэмжлэгч И.С тэй хамтран эзэмших эрхтэй, уг эрхийнхээ дагуу хариуцагч нарт эзэмшүүлж байгаа гэж тайлбарласан хэдий ч энэ талаар хариуцагч нотлоогүй, баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс тусдаа газарт байдаг гэж тайлбарласан боловч шүүхээс томилсон шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/27 тоот дүгнэлтээр хариуцагч В.А, О.П нарын амьдарч буй 2 гэр кадасртын мэдээллийн сангийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд И.С ийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбарын 1680710460 дугаар бүхий 697 м.кв талбайтай газартай давхцаж байгааг тогтоосон байна.
Нэхэмжлэгч И.С нь Баянгол дүүрэг, 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 697 м.кв, гэр, орон сууцны хашааны зориулалтай газрыг эзэмших эрхтэй болох нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр И.С д олгосон 000087418 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.
Иймд Баянгол дүүрэг, 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 697 м.кв, гэр, орон сууцны хашааны зориулалтаар нэхэмжлэгч И.С ийн эзэмших эрхтэй газрыг хариуцагч В.А, О.П нарын нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 125,283 төгрөг тус тус гаргуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу Баянгол дүүрэг, 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 697 м.кв, гэр, орон сууцны хашааны зориулалтаар нэхэмжлэгч И.С д олгосон эзэмших эрхтэй газрыг хариуцагч В.А, О.П нарын нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч И.С ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.А, О.П нараас тус тус 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 125,283 төгрөг тус тус гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР