Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/00192

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 09 өдөр                      Дугаар 102/ШШ2024/00192                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д

Хариуцагч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Г, Ч.О нар, хариуцагч Ч.О С.А нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

           3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Ч.Оын төрсөн дүү бөгөөд Ч.О, С.А нар гэрлэснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр оронгүй байсан тул Ч.О, Ч.О, Ч.О гэх ах дүү нарынхаа гэрт байнга амьдарч ирсэн.

         Ингээд Ч.Оын бага охин төрсөн тул ах дүү нар нь хоорондоо ярилцаж тохиролцоод Ч.О болон түүний нөхөр Д.Г нарын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг дүү Ч.О, эхнэр С.А нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

         Ч.О нөхрийн хамт Хятад улсад амьдарч тухайн байранд амьдрахгүй болсон учраас ахдаа бэлэглэсэн.

         Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч нар байрандаа нүүж очсон бөгөөд Ч.О нөхрийн хамт өнгөрсөн оны 02 дугаар сард бэлэглэлийн гэрээ байгуулж, Хятад улс руу явсан.

         Үүнээс хойш хариуцагч С.А энэ байр минийх учраас Ч.Оыг “Чи энэ байрнаас яв, би хүүхдүүдтэйгээ энэ байранд амьдарна.

         Хүүхдүүддээ та нарын аав бол энэ хүн биш” гэх байдлаар хэлэх болсон талаар Ч.О дүү нартаа хэлээд эгч, дүү нар нь Ч.От хэлсэн байдаг. Ч.О, Д.Г нар Хятад улсаас Ч.О руу холбогдож, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, байнга ахыг үг хэлээр доромжилдог, гэр бүлийн харилцаа цаасан дээр буюу гэрлэлтийн батлах дээр хүчинтэй байгаа боловч  хаалганы цаана гэр бүлийн амьдрал гэж байхгүй болсон гэх нөхцөл байдлаа ярьсан.        

        Хариуцагч нарыг хүүхдүүдтэйгээ эв найрамдалтай, гэр бүлээрээ амьдраарай гэх зорилгоор энэ байрыг бид хоёр өгсөн.

        Гэтэл энэ зорилго хангагдахгүй, байнга хэрүүлтэй, ахыг минь байнга байрнаас хөөж, доромжилдог, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, нэхэмжлэгч нарын хүүхдүүдийг байнга үг хэлээр доромжилон, гэр бүлийн харилцаа байхгүй болсон нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг С.А шүүхэд гаргасан үйл баримтуудаар нотлогдож бид хоёрыг ноцтой гомдоож, байр өгсөндөө харамсаж байна.

        Иймээс бэлэглэлийн гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, байраа буцааж авах нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

        Нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээг байгуулахдаа хариуцагч нарыг гурван хүүхэдтэйгээ хэрүүлгүй, нэг байртай болж, аятайхан амьдраарай гэж өгсөн боловч энэ зорилго биелэгдээгүй.

        С.А гэр бүлээс гадуурх харилцааг удаа дараа үүсгэсэн тухай Ч.О өөрөө С.А ыг дагаж, эхнэрийгээ буудалд тэр хүнтэйгээ байхад С.А ын дүүтэй хамт орж, энэ үйл баримтыг тодорхой болгож, мэдэж үүнийгээ бидэнд хэлсэн.

        Мөн миний хүүхдүүдийг Ч.О ын хүүхдүүд нартай тоглох гээд очих үед шуламын хүүхэд гэх мэт үгсээр доромжилдог талаар нэхэмжлэгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэлсэн.

       Хамгийн гол нь нэхэмжлэгч нар Ч.О, С.А нарыг эв найрамдалтай амьдарч чадахгүй, нэг нэгнээ хөөдөг болсон тул бид өгсөн юмаа авъя гэх үндэслэлээр шаардлагыг гаргасан, гэжээ.

 

       4.Хариуцагч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Дүүгийнхээ итгэлийг алдсандаа уучлалт хүсэж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна.

       Миний бие С.А тай 2005 оноос хойш хамт амьдраад 6-17 насны 3 хүүхэдтэй болсон.

       2019 онд бага охин төрснөөс хойш эхнэр С.А ын зан ааш маш их өөрчлөгдсөн. Үндсэндээ энэ байрнаас болж манай гэр бүл болон хадмын талд хэрүүл маргаан, хэл ам тасраагүй.

       Эхнэр маань 0 дугаар цэцэрлэгт багш хийдэг.

       Цэцэрлэгийнхээ аав, ээжүүдтэй хамт нэг биш, хоёр гурван хүмүүстэй шөнө оройн цагаар баарнаас гарч, буудалд хонодог гэдгийг саяхан мэдсэн.

         Сүүлд эхнэрийнхээ төрсөн дүүтэй хамт С.А ыг баар, буудалд байхад нь очсон.

         Энэ асуудлаас үндэслээд манай гэр бүлийн харилцаа тогтворгүй болсон. Хамгийн гол нь энэ байрыг бэлэгт авснаас хойш гэр бүл дотор хэрүүл маргаан үргэлжилдэг болсон.

         Бид нар зуслангийн байр, газраа зараад байр авахад хангалттай авах учраас байрыг Ч.О, Д.Г нарт буцааж өгч өөрсдөө амьдардгаараа амьдарна

        Нэхэмжлэлийг зөвшөөрнө, гэжээ.

 

          5.Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Бид 2006 онд гэр бүл болоод хоорондын маргаантай байдаг буюу тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 Нэхэмжлэгч Ч.О манай нөхөр Ч.О ын төрсөн эгч бөгөөд эгчтэйгээ нийлж дээрх нэхэмжлэлийг гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Тухайн байр гэр бүл, үр хүүхдүүдийн маань өмч.

 Нэхэмжлэлд биднийг өөрсдийн гэр оронгүй өөрсдийн ах, дүү нарынхаа байшин, орон сууцанд амьдарч байсан гэж бичсэн ба хамт амьдраад 18 жил болж байна.

 Гэтэл хамт амьдрах хугацаанд гэр оронгүй амьдарч байсан гэж худлаа зүйл бичжээ.

Анх манай аав, ээжийн хашаанд хамт амьдарч эхэлсэн.

Үүнээс хойш удахгүй бид Б-н ард талын хашаанд 0 давхар амины орон сууц барьж хүүхдүүдтэйгээ амьдарсан.

Тухайн үед нөхөр маань Солонгос улс руу явж ажилласан мөнгөөр амины орон сууцыг барьсан.

2009 онд амины орон сууцаа зараад 100-н айлд нэг өрөө байр аваад амьдарсан.

Үүний дараа байраа 53.000.000 төгрөгөөр зараад “М” 0 дугаар сургуулийн ард талын нэг өрөө орон сууцанд нүүж орсон байдаг.

Энэ байранд амьдарч байх хугацаанд нөхөр Ч.О ын төрсөн ах Ч.О эхнэртэйгээ хамт Швейцарь улс руу амьдрахаар явсан.

Том хүү О.Б-г харах хүн байхгүй тул манай гэр бүлийг түр нүүж ирээд хамт амьдраад өгөөч гэж хэлсэн тул бид 3,4 дүгээр хороололын 0 дугаар байранд нөхрийнхөө ахын гэрт нь хүүхдийг нь хараад хэсэг хугацаанд амьдарсан.

Гэтэл гэр оронгүй байгаад хүргэн ахын гэрт амьдарч байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй.

 Энэ хугацаанд бидний өмнө нь амьдарч байсан 0 дугаар сургуулийн арын нэг өрөө байр эзэнгүй байсан.

            2016 онд нөхрийн төрсөн эгч Ч.О-тэй хоорондоо ярилцаад тэр байраа өгсөн.

           Миний хувьд хүүхдүүдээ эрүүл саруул өсгөхийг анхаарч, гэр бүлийн санхүүд оролцуулдаггүй мөн сонирхож байгаагүй.

           Ийнхүү нөхөр маань 0 дугаар сургуулийн арын нэг өрөө байраа эгч Ч.О-тээ өгч, оронд нь хоёр өрөө байранд гэр бүлээрээ амьдрахаар болж тохиролцоод нүүсэн.

           Би тухайн үед байрны бичиг баримтыг хэний нэр дээр байдгийг асууж байгаагүй.

          Ах дүү нар хоорондоо тохиролцоод болсон зүйл гэж итгэсэн.

          Хүүхдүүд маань том болоод бидний нас яваад байна, амьдарч байгаа байраа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авах хэрэгтэй юм биш үү гэж 2021 оноос нөхөртөө хэлсэн.

           Бид байрандаа 2016 оноос эхлэн амьдарч байнаа яагаад өдий хүргэл огт бидний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа талаар лавлан асуухад намайг барьцаанд тавина гээд эгч шилжүүлдэггүй гэж хэлдэг байсан.

           Гэр бүлээрээ Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 142 тоотод амьдраад 7 жил болж байна.

           Орон сууцныхаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан.

           Хооронд харилцан тохиролцоод 2016 онд 3 дугаар сургуулийн арын нэг өрөө байраа өгсөн.

            Гэр бүл болсноос хойш санхүүгийн хувьд хамтын хадгаламж гэх зүйл байгаагүй.

            Өөрөөр өөрийнхөө олсон орлогоороо хүүхдүүдийн хэрэгцээ, хоол унданд зарцуулдаг байсан.

             Ч.О тогтсон ажилгүй таксинд явдаг ба мөнгөний хэрүүл их болдог байсан.

             Нөхөр маань байнгын хардаж, ажил хийлгүй гэртээ хүүхдүүдээ хараад, хоолоо хийгээд байж бай гэдгээс болж маргалддаг.

             Би ажил хийхгүй бол гурван хүүхдүүдийн хичээл сургууль, хэрэглээний мөнгө дутмаг тул ажлаа хийж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн надад маш их дарамт ирдэг болсон.

            Гэр бүлийн хүчирхийлэл байнгын болж хүүхдүүдээ бодоод өдий хүртэл тэсэж тэвчиж ирсэн.

            Бага охин маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор миний хувьд сэтгэл санаа зовж, хүүхдүүддээ өрөвдөж, хагацал үзүүлэхгүй гэж өдий хүрсэн.

           Том хүү төгсөх 12 дугаар анги, дунд охин 8 дугаар анги.

           Миний хувьд хүүхдүүдээ сайн хүн болж өсөж том болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

           Хүүхдүүдэд мөнгөний хэрэгцээ шаардлага их гардаг.

           Гэтэл аав нь хүүхдэдээ нэг төгрөг өгдөггүй.  Харин байрныхаа мөнгийг төлдөг.

           Хүүхдүүдийн хувцас, сургууль цэцэрлэгийн бүх хэрэгцээг би цалингаараа болгож ирсэн.

           Иймээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

           Энэ байр хүүхдүүдийн өмч хөрөнгө, миний хувьд энэ байрыг булаацалдаад байх шаардлагагүй.

           Гурван хүүхэд орон гэргүй болох нөхцөл байдал үүсээд байна. Учир нь:

           Орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно, гэжээ.

        

 6.Хавтаст хэрэгт авагдсан цугларсан нотлох баримтууд

 

            7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0075 дугаартай Итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Бэлэглэлийн гэрээ

 

            8.Хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Хамтран ажиллах тухай, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/0 дугаартай Шүүгчийн захирамж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШТ2023/0 дугаартай Тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2023/0 дугаартай Шүүгчийн захирамжийг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Ч.О, С.А нарыг сайн сайхан амьдраасай гэж хүсэж нэхэмжлэгч нар орон сууц бэлэглэсэн. Гэтэл хоорондоо муудалцаж, гэр бүл салах хэмжээнд хүрч, эхнэр С.А нөхрөө үг хэлээр доромжилон, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, бидний үр хүүхдүүдийг доромжилж байр бэлэглэсэн зорилго биелэгдэхгүй гомдолтой байгаа учраас байраа буцаан авна” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагч Ч.О “Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Бид байрыг өгөөд зуслангийн газраа зарахад хангалттай байрны үнэ хүрнэ. С.А архи уух, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх, шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг гаргаж, чиний ах дүүс мөнгөтэй боломжтой гэж хэрүүл хийх нь ихэсгэж байгаа тул байрыг өгнө. Энэ байрыг авснаас хойш манай гэр бүлд хэрүүл маргаан тасраагүй. Өөрсдийн амьдралаар амьдарна” гэж илэрхийлэв.

 

        4.Хариуцагч С.А “Энэ байр гэр бүл, хүүхдүүдийн өмчлөлийн байр. Бид нар хоорондоо байраа сольж авсан учраас зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу шүүгчийн туслах хариуцагч С.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очирын 0 дугаартай гар утсанд залгаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “за ойлголоо” гэсэн хариуг өгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

        7.Нэхэмжлэгч Д.Г, Ч.О нар, хариуцагч Ч.О С.А нарт 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн лавлаагаагаар тогтоогдож байна.

 

        8.Иймээс Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

        9.Нэхэмжлэгч, хариуцагч нар бэлэглэлийн гэрээг байгуулсан тухайд хэн аль нь маргаагүй харин нэхэмжлэгч нар бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг гомдоосон учраас өгсөн байраа буцааж авна” гэж маргаж байна.

 

        10.Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

 

       11.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар бэлэглэгч Д.Г, Ч.О нар, бэлэг хүлээн авагч Ч.О, С.А нарт үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсан нь нотлогдож байна.

           12.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг гомдоосон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрүүлж өгөх эрх, үүргийг шүүхээс олгосон боловч хэрэгжүүлээгүй мөн хариуцагч нар ямар ноцтой үйлдэл хийж нэхэмжлэгч нарыг гомдоосныг нотлох баримтаар нотлож чадахгүй байна.

          13.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш нэг жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасны дагуу талууд гэрээг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, нэхэмжлэгч нар тус шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 102/ШЗ2023/0 дугаартай Шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, бэлэглэгч хуульд заасан хугацаанд бэлгийн талаар эрх бүхий байгууллагад хандаагүй буюу бэлэглэлийг хүчингүй болгох хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   

       14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

       

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

         115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

        

       1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г, Ч.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.О С.А нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АРИУНАА