| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0502/Э |
| Дугаар | 479 |
| Огноо | 2017-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Д.Дэлгэрмаа,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Бадран овогт А.Ад холбогдох 1711000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эцэг, 2 дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-455 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй,
-Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр магадлалаар 2 жилийн хугацаагаар ялыг хойшлуулсан,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар 2 сар 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 8 сарын 22-нд 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Бадран овогт А.А (РД:00000000000),
нь 2017 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-18 дугаар гудамжны 318-б тоот хашааны гадна байрлуулсан хохирогч Б.Эрдэнэдалайгийн эзэмшлийн 67-83 УНҮ улсын дугаартай автомашиныг эвдэж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, мөн Б.Эрдэнэдалайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-…“Тэр өдөр манай найз Солонгосоос ирээд бид хоёр уулзсан. Тэгээд найз охиноо авах гээд гэрт нь очиход аав нь нохойгоо салхилуулаад явж байсан. Гэтэл манай найз охины аав манай найз охиныг надтай хамт явуулахгүй гээд байсан. Дараа нь манай найз охины аав намайг байж бай гэрт чинь хүргэж өгнө гээд хамт явсан. Би найз охиноо явуулахгүй гээд машины хойд талыг лантуугаар цохьсон. Мөн хохирогчийн гарыг гэмтээсэн” гэв.
А.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:- “...2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад 1 дүгээр хороололд найз Өнөрбаяр, Оожий, Ганбат нартай уулзсан. Тэгээд бид нар нэг авдар пиво уусан. Тэндээсээ гараад Гэгээнтэн хотхон руу найз охин Цэвээндулмаатай уулзахаар очиход аав Сонсголон нь нохойгоо салхилуулаад явж байсан. Тэгээд найз охинтойгоо уулзах гэтэл аав нь намайг гэрт хүргэж өгнө гээд такси бариад манай гэр рүү аваад явсан. Гэрт очоод явах гэхээр нь би найз охиноо авч үлдэнэ гэж хэлээд машины жолоочийг яв гэсэн чинь машин явахгүй байсан. Таксины мөнгө хэд гарсан бэ гэхэд 8000 төгрөг гарсан гэхээр нь та манай гэрийг мэдэх юм чинь маргааш ирээд мөнгөө авчих гэж хэлсэн чинь машины жолоочийн эхнэр нь хэрэлдээд байхаар нь та нар яв гээд машиныг нь лантуугаар цохьсон. Тэгсэн чинь таксины жолооч бууж ирээд яаж байгаа юм бэ гээд хохирогч гарч ирээд урдуур ороод гараа цохиулчихсан юм. Тэгсэн чинь таксины жолооч болон эхнэр нь мөн Цэвээндулмаа, аавынхаа хамт таксиндаа суугаад явцгаасан. Би жолоочийн эхнэрийг нь цохьж зодоогүй, хутга барьж гараагүй, хутга барих шалтгаан ч байгаагүй, хохирогчийг зодож цохих бодол ч байгаагүй...” гэжээ.
Хохирогч Б.Эрдэнэдалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-...“2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө таксинд явж байгаад хилчин хотхоноос нэг өвгөн, 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 18-381б гэдэг тоот хашааны гадаа хүргүүлсэн. Хүмүүсээ буулгаад явах гэтэл настай хүн нь хүүхдээ оруулчихаад гарч ирээд хамт явъя гэхээр нь хүлээгээд сууж байтал нөгөө залуу нь гарч ирээд охиныг явуулахгүй гээд машины өмнө зогсоод байсан. Тэгтэл өвгөн буугаад буцаагаад оруулчихаад гараад ирье гээд гэрт нь нөгөө залууг оруулчихаад гараад ирж байтал нөгөө залуу араас нь гэрээсээ гарч ирээд өвгөнтэй маргалдаад зогсоод байсан. Тэгээд өвгөн ирээд охиноо машинд суулгах хооронд залуу хашаанаасаа юм барьж гарч ирээд машин цохиод цонхны шил хагалахаар нь би буугаад очсон чинь намайг цохьсон. Тэгээд ухаан алдаж унаад босоод ирэхэд тэр залуугийн араас манай эхнэр тэвэрчихсэн төмөр лантууг өвгөн булааж авч байсан. Тэгэхэд нөгөө залуу буцаад хашаа руугаа гүйхэд нь бид нар машиндаа суугаад зугтаахад араас юм шидээд үлдсэн. Анх тэр залуу машин болон намайг цохиход лантуугаар цохисон гэдгийн мэдээгүй. Сүүлд манай эхнэр өвгөнтэй нийлээд намайг цохьсон юмыг булааж авахад улаан төмөр иштэй лантуугаар цохьсон байсан гэж байна лээ. Энэ залууг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Одоо толгой өвдөөд байгаа, гарын 2 яс хугарсан сайн эдгээгүй байгаа. Хохирлоо барагдуулаад машинаа засуулаад биеэ эмчлүүлмээр байна. Би толгойн томографийн зураг авахуулсан баримт болон эм тарианы баримтаа хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Өөр санал хүсэлт байхгүй...” гэжээ.
Гэрч Ю.Цэвэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-...“2017 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Гэгээнтэн хотхонд нөхөртэйгээ хамт таксинд явж байтал нэг өвгөн гар өргөөд Баянхошуу руу хүүхэд хүргэж өгөх гэсэн юм явах уу гэхэд нь явна гэтэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй хамт суусан. Тэгээд Баянхошууны хөтөлийн хойд талд хүргэж өгөөд явах гэтэл нөгөө залуу гарч ирээд найз охиноо явуулахгүй гээд зогсоод байсан. Өвгөн буугаад нөгөө залууг гэрт нь оруулах гэтэл залуу орохгүй, тэр 2 маргалдаад хашаан дотроо байгаад байсан. Харин охин нь гэрт нь орсон байсан. Тэгсэн нөгөө залуу нөхөр бид хоёрыг явахгүй юу хийгээд байгаа юм бэ, таксины мөнгө авах гээд байгаа юм уу гээд түрийвчээ ухаж үзтэл мөнгө байгаагүй. Дахиад бид нарыг явахгүй юу хийгээд байгаа юм бэ гээд хашаа руугаа гүйгээд орохоор нь нөхөр бид хоёр явлаа гэхэд өвгөн хүлээж бай гэхээр нь хүлээгээд машин дотроо сууж байтал нөгөө залуу гэрийнхээ хажуугаас лантуу авч гарч ирээд машины зүүн талын цонхыг хагалахаар нь манай нөхөр буугаад очтол нөхрийг маань цохьсон. Тэгэхээр нь би бууж очоод нөгөө залууг тэвэрч авахад өвгөн лантууг нь булааж аваад хашааныхаа үүдэнд түүсэн байсан зэрлэг дотор хаясан. Тэгээд бид нар машиндаа суугаад зугтаахад араас машин руу юм шидээд үлдсэн. Намайг лантууг нь авах гээд ноцолдож байхад лантууныхаа ишээр баруун хөлний өвдөг рүү цохигдсон байсан. Тэрнээс цохьж зодсон асуудал байхгүй. Шинжээч эмчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Намайг бол зориуд цохиогүй. Надад зөөлөн эдийн гэмтэл гарсан гээд эмчилгээ бичиж өгсөн боловч эм тариа авч хийлгээгүй. Ер нь бол таксинд явж байгаад машинаа эвдүүлээд, биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна...” гэжээ.
Гэрч С.Цэвээндулмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-…“Би Адуучинхүүтэй анх 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр найз Гүенгийн гэрт танилцаж байсан. Тэр цагаас хойш Адуучинхүүг мэдэх болсон. 2017 оны 01 дүгээр сарын 19-өөс эхэлж бид 2 үерхэж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байхад Адуучинхүү над руу согтуу залгаад, гэрийн чинь гадаа ирчихлээ, гараад ир гээд байсан. Тэгэхээр нь би яг хувцасаа өмсөөд гарч байхад аав тааралдаад хамт гарах болсон. Аав Адуучинхүүг гэртээ харь гэхэд, харихгүй, намайг авч явна гээд газар суугаад байхаар нь аав такси бариад гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Таксинд нэг ах, нэг эгч сууж байсан. Гэрийнх нь гадаа очоод аав чи одоо гэртээ ор, амар гэсэн чинь орохгүй гээд байсан. Ээж нь гарч иртэл аав хүүгээ авчих, гэртээ оруулаад амраачих гэсэн чинь ээж нь яагаад уурлаад байгаа бэ, учир шалтгаанаа хэлээч гэхэд бүгдээрээ манайд оръё гээд, аав бид нар гэрт нь орсон юм. Гэртээ орсон хойноо Адуучинхүү манай аавыг “Хоёулаа гараад ярилцъя тэгэх үү” гэж дагуулж гарахдаа ардаа хутга бариад гарсан. Тэгтэл ээж нь араас нь гараад хутгыг нь булаагаад авчихсан. Би гэрийнх нь гадаа байж байхад Адуучинхүү таксинд явж байсан ах, эгч хоёрыг “та 2 одоо яв, явахгүй бол машины чинь цонхыг хагална” гээд дайраад байсан. Тэгсэнээ гэнэтхэн лантуу барьчихсан гарч ирээд таксины арын цонхыг хагалаад, мөн хаалга багаж зэрэг рүү нь цохиод байсан. Таксины ах хөөе чи яагаад байгаа юм бэ гээд машинаасаа бууж ирэхэд Адуучинхүү тэр ахын толгой хэсэг рүү нь лантуугаараа цохьсон. Харин тэр ах амжиж гараараа толгойгоо хаагаад гартайгаа хамт цохиулаад газарт өнхрөөд уначихсан. Эхнэрийг нь зодоогүй, гэхдээ зууралдаж байхдаа хөл рүү нь цохьсон юм шиг байсан. Улаан өнгийн төмөр лантуугаар машиныг нь тойроод л цохиод байсан...” гэжээ.
Гэрч Ж.Сонсголон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-…“2017 оны 8 дугаар сарын 26-ны 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай эхнэр, охин 2 унтаж байсан. Би нохойгоо салхинд гаргах үед манай байрны гадаа 1 залуу таксигаар ирсэн байсан. Эхэндээ анзаараагүй. Нохойгоо салхинд гаргах гэтэл охин минь босоод хувцасаа өмсөөд гарах гэж байсан. Тэгэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд гадаа хүн ирсэн, таксины мөнгөгүй болсон байна, би мөнгө өгөх гэсэн юм” гэсэн. Охиноо гарахаар нь би буцаад хамт гарсан. Гадаа зогсож байсан машин дотор охины минь найз залуу гэх Адуучинхүү согтуу сууж байсан. Тэгэхээр нь би наанаас нь очиж мөнгийг нь өгөөд охиноо буцаад гэртээ ор гэхэд Адуучинхүү бууж ирээд манай охиныг ярих яриа байна гээд уулзах гэхээр нь би тийм зүйл байхгүй гэтэл Адуучинхүү өнөөдөр бид 2 хамт явчихъя гэхээр нь тийм зүйл байхгүй ээ, чи явдаг мөрөөрөө яв гэхэд тэгвэл би энд гадаа суугаад өгье, би гэртээ харихгүй гээд байхаар нь гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Миний зогсоосон таксинд эрэгтэй, эмэгтэй 2 хүн хамт явж байсан. Гэрийнх нь гадаа ирээд гэрт нь оруулж өгтөл буцаж гарч ирээд “танай охиныг авч үлдье, энэ таксиг явуул гээд агсан тавьсан. Өөрийнхөө эцэг, эх рүү ядуу гуйлгачингууд минь ээ гэж хараал хэлж байснаа над руу элдвээр хэлээд дайраад эхэлсэн. Такси руу гүйж очоод та нар муусайнуудыг явахгүй бол алаад өгнө шүү гээд төмөр барьж дайрсан. Төмрийг нь зууралдаад булааж авахад Адуучинхүү цаашаагаа гүйгээд гэрээсээ ч юм уу хаанаас ч авсан юм бүү мэд улаан иштэй төмөр лантуу бариад ирсэн. Таксины зүүн талын арын цонхыг хага цохих үед жолооч нь урд хаалганаас бууж ирсэн чинь Адуучинхүү нөхөр рүү нь шууд дайрч очоод лантуугаара цохьсон. Тэгэхэд нөгөө залуу газар уначихсан. Эхнэртэй нь хамжиж Адуучинхүүтэй зууралдаад лантууг нь булааж аваад өвс рүү шидчихээд машинд сууцгаагаад зугтахад араас чулуу зэрэг зүйлс шидээд үлдсэн. Гэтэл удалгүй жолооч залуугийн гар нь хавдаад, толгой нь өвдөөд бид нар цагдаа дуудсан юм. Намайг заамдаж авсан, тэрнээс цохьж зодсон юм байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед машины ард байсан тул жолооч залууг машинаасаа яг буугаад ирэх үед л цохьж байгаа харагдсан. Эхнэр нь Адуучинхүүг болиулах гээд тэвэрч авах үед өвдөг хэсэгт нь цохьсон юм шиг байсан. Сүүлд нь хавдсан байхыг харсан...” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.29-ний №10914 тоот дүгнэлтэд:
1.Б.Эрдэнэдалайгийн биед тархи доргилт, баруун гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Автомашинд үзлэг хийсэн 2017.8.27-ны өдрийн тэмдэглэлд:-6783 УНҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Шевролет маркийн автомашин байх ба автомашины зөв талын арын хаалганы цонх хагарсан мөн түүний хажууд байх жижиг салхины шил \багажны\ хагарч бутарсан, арын багажны хаалга шил арчигчны суурь хэсэгт хонхойж цөмөрсөн, түлхүүр хийдэг хэсэгт байх хуванцар хаалт нь хагарсан байдалтай мөн арын гүпер зүүн хойд дугуйны харалдаа ард хэсэгт 16.5 см хэмжээтэй цуурсан, буруу талын урд хаалганы цонхны ирмэг хэсэгт 2 хэсэг газарт 6 см тус тус хэмжээтэй хонхойж, дотогш цөмөрсөн байдалтай байв гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч А.А нь 2017 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хохирогч Б.Эрдэнэдалайгийн эзэмшлийн 67-83 УНҮ улсын дугаартай автомашинаар үйлчлүүлж, улмаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-18 дугаар гудамжны 318-б тоот гэрийнхээ хашааны гадна ирсний дараа уг автомашиныг явсангүй гэх шалтгаанаар машины цонх, хаалга, буферийг лантуугаар цохьж эвдэн, жолооч Б.Эрдэнэдалайг уг лантуугаар цохьж зодсоноос түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
хохирогч Б.Эрдэнэдалайн “...өвгөн ирээд охиноо машинд суулгах хооронд залуу хашаанаасаа юм барьж гарч ирээд машин цохиод цонхны шил хагалахаар нь би буугаад очсон чинь намайг цохьсон. ... бид нар машиндаа суугаад зугтаахад араас юм шидээд үлдсэн” гэх мэдүүлэг,
гэрч Ю.Цэвэлмаагийн “...Тэгсэн нөгөө залуу нөхөр бид хоёрыг явахгүй юу хийгээд байгаа юм бэ, таксины мөнгө авах гээд байгаа юм уу гээд түрийвчээ ухаж үзтэл мөнгө байгаагүй. ... машин дотроо сууж байтал нөгөө залуу гэрийнхээ хажуугаас лантуу авч гарч ирээд машины зүүн талын цонхыг хагалахаар нь манай нөхөр буугаад очтол нөхрийг маань цохьсон. Тэгэхээр нь би бууж очоод нөгөө залууг тэвэрч авахад өвгөн лантууг нь булааж аваад хашааныхаа үүдэнд түүсэн байсан зэрлэг дотор хаясан” гэх мэдүүлэг,
гэрч С.Цэвээндулмаагийн “...Би гэрийнх нь гадаа байж байхад Адуучинхүү таксинд явж байсан ах, эгч хоёрыг “та 2 одоо яв, явахгүй бол машины чинь цонхыг хагална” гээд дайраад байсан. Тэгсэнээ гэнэтхэн лантуу барьчихсан гарч ирээд таксины арын цонхыг хагалаад, мөн хаалга багаж зэрэг рүү нь цохиод байсан. Таксины ах хөөе чи яагаад байгаа юм бэ гээд машинаасаа бууж ирэхэд Адуучинхүү тэр ахын толгой хэсэг рүү нь лантуугаараа цохьсон. Харин тэр ах амжиж гараараа толгойгоо хаагаад гартайгаа хамт цохиулаад газарт өнхрөөд уначихсан” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Сонсголонгийн “...Такси руу гүйж очоод та нар муусайнуудыг явахгүй бол алаад өгнө шүү гээд төмөр барьж дайрсан. Төмрийг нь зууралдаад булааж авахад Адуучинхүү цаашаагаа гүйгээд гэрээсээ ч юм уу хаанаас ч авсан юм бүү мэд улаан иштэй төмөр лантуу бариад ирсэн. Таксины зүүн талын арын цонхыг хага цохих үед жолооч нь урд хаалганаас бууж ирсэн чинь Адуучинхүү нөхөр рүү нь шууд дайрч очоод лантуугаара цохьсон. Тэгэхэд нөгөө залуу газар уначихсан” гэх мэдүүлэг, “Б.Эрдэнэдалайгийн биед тархи доргилт, баруун гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх шүүх эмнэлгийн 2017.8.29-ний №10914 тоот дүгнэлт, 6783 УНҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Шевролет маркийн автомашинд үзлэг хийсэн 2017.8.27-ны өдрийн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан 2017.8.26-ны өдрийн тэмдэглэл, гэмт хэргийн талаар гомдол, хүсэлтийг хүлээн авсан тэмдэглэл, автомашин техникийн үнэлгээний тайлан, хохирлын 570.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Бадран овогт А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс хохирогчид хохирлын 570.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-д тус тус заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Бадран овогт А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ад энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 540 (таван зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн лантууг устгасугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ