Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

 

 

 

 

 

    2023      05          09                                           2023/ДШМ/19

 

 

М.Гад холбогдох эрүүгийн
хэргийн тухай

 

М.Гад холбогдох эрүүгийн хэргийн талаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Т.Баярмаа /цахимаар/,

Шүүгдэгч М.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгон нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Мын давж заалдах гомдлоор М.Гад холбогдох эрүүгийн 22340000000002 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух С.Мын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Мын нүүрэн тус газар гуталтай хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хохирогч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний нүүрэн тус газар гуталтай хөлөөрөө өшиглөж ...гэмтэл учруулсан тул хохирол болох 6.100.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхээс “...шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй байх бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон хохирол учирсантай холбоотойгоор гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж...” шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч М.Г нь хохирол, төлбөрт надад нэг ч төгрөг өгөөгүй байхад хөнгөн ял оногдуулсан, мөн шүд хийлгэхэд шаардлагатай эмчилгээний зардлын нотлох баримтыг тухайн эмнэлгээс гаргуулж өгсөөр байхад “баримт ирүүлээгүй, бодит хохирол тогтоох боломжгүй байна” гэсэн шүүхийн шийдвэр үнэхээр таалагдахгүй байна... Тухайн тодорхойлолтын дор он сар тавигдсан байдаг... Хуульд нэг эмнэлгийн тодорхойлолтоор хохирлыг тогтоохгүй гэсэн заалт байхгүй.

Шүүгдэгч нь намайг үүдэн 2 шүдгүй болгочихоод ямар ч санаа зовсон шинжгүй, хохирол нэг ч төгрөг өгөөгүйд маш их гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэснээс үзвэл зөвхөн ял оногдуулаад орхих биш гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой байсан. Миний нотлох баримтаар бүрдүүлж өгсөн 2 шүд хийлгэхэд шаардлагатай 6.100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй. Шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн. Нотлох баримтын шаардлага хангаагүй тул тухайн иргэнд 6,100,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирогч нь хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Тодорхойлолтын хувьд бодитой хохирол учирсан гэх үндэслэлгүй байна. Тийм учраас хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...С.Мын эмчилгээг хийлгэхээр хот руу авч явъя, эмнэлэг дээр очиж уулзаад төлбөрийн хэмжээ хэд гарахыг асууж тодруулъя гэхэд үгүй би 6,100,000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөгөө авна гэсэн байр суурьтай байгаа. Миний хувьд имплант шүдийг судалсан. Нэг шүд хамгийн ихдээ 2,000,000 (хоёр сая ) төгрөг болно. С.Мын хувьд нэг шүд хугарсан, нэг шүд булгарсан...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Мын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт согтуугаар С.Мын нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.М, гэрч Б.У нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж шүүгдэгчийн гэм бурууг тогтоон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Харин хохирогчид учирсан хохирол буюу хийгдвэл зохих эмчилгээний зардлыг тогтоохдоо нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж шийдвэрлээгүй, хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл нь хэрэгт хавсаргасан нотлох баримтаас зөрсөн, бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал анхан шатны шүүх “...Хохирогч С.М нь өөрт учирсан бодит хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй... “Цогц хэмнэл” Үзлэг оношлогоо, эмчилгээ согог заслын эмнэлгийн тодорхойлолт нь албан бичгийн хэвлэмэл хуудсанд хэвлэгдсэн боловч огноо, дугаар бичигдээгүй, тухайн эмнэлгээс олгосон тодорхойлолт эсэх нь тодорхойгүй, түүнчлэн нэг эмнэлгийн тодорхойлолтоор бодит хохирол тогтоох боломжгүй...” гэж дүгнэсэн боловч тухайн тодорхойлолтын /хх-ийн 14 хуудас/ доод хэсэгт огноог бичиж, хүний их эмч Сумъяарагчаагийн Ариунбуян гэсэн эмчийн тэмдэг дарж баталгаажуулсан, шүүгдэгч уг баримтыг үгүйсгэж эсэргүүцээгүй, анхан шатны шүүх хуралдаанд хохирлын талаар мэдүүлэг өгөхдөө “...эмчилгээ хийлгэхэд 6.100.000 төгрөгийн зардал орно гэснийг зөвшөөрч байна... 04 дүгээр сарын 01-ний өмнө төлнө...” гэж /хх-ийн 103 хуудас/ мэдүүлсэн, улсын яллагчаас “...6.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Мт олгуулах...” тухай дүгнэлт гаргасан зэргийг харгалзан хохирогчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20232/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “...хохирогч С.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 6.100.000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Мт олгосугай...” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БОЛОРМАА