Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/03137

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/03137

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, М ургийн овогтой Д Т /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Х ургийн овогтой Б О /РД:УА82042408/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Х ургийн овогтой Ш У /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зуслангийн өнгө үзэмжгүй, хэврэг, суурь муутай, хөдөлгөөнтэй баригдсан төмөр хашааг буулгуулж, олон жилийн эдэлгээтэй, өнгө үзэмж сайтай, бат бөх суурьтай, хөдөлгөөнгүй хашаа барьж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Т

Хариуцагч Б.О , Ш.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тоотод оршин суугч, өндөр настан Дамбадаръяагийн Т миний бие 2021 оны 04 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Санзайн амны Бага-баян газар өөрийн төрсөн охин Т.Х , төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Б нарын эзэмшлийн газар дээр Ш.У болон түүний эхнэр Б.О нарын компаниар зуслангийн төмөр хашаа бариулсан юм. Төмөр хашаа бариулахдаа 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ш.У, Б.О нарын тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан Хөгжилд туслах харгуй хоршоогоор Т.Х ын эзэмшлийн газар дээр бариулсан 3 талт хашааны хойд талын хэсгийг буулгуулж 10-40 см-ийн хэмжээтэй хойшлуулан барьж тэгшлэх, дунд баригдсан хашааг буулгуулж Т.Б эзэмшлийн газар дээр урд, хойд хэсэгт шинэ хашаа бариулж, дунд хэсэгт хуучин хашаа бариулахаар тохирч хэмжилт хийж тооцоог гаргасан юм. Хэмжилт хийхэд 56 м.кв хуучин хашааг буулгуулж шилжүүлэн суулгаж 63.8 м.кв хашааг шинээр барихаар тооцоо гаргаж 1 м.кв хашааг 23,000 төгрөгөөр барихаар болсон юм. Хашааны нийт үнэ 2,700,000 төгрөг болсон юм. Тооцоог Б.О гаргаж бичиж өгсөн. Шинээр барих хашааны өргөний хэмжээ 2017 оны 6 сард барьж өгсөн хашааны төмрийн хэмжээтэй адил 5х3 см-ийн өргөнтэй төмрөөр хашаа бариулна гэж амаар тохирч, захиалга өгч, үнийг нь төлсөн юм. Гэтэл шинэ хашаа барихдаа 3х2.7 см-ийн өргөнтэй төмрөөр хашаа барьж өгч хуурч мэхлэн, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хувьд хохироолоо. Ажлын гэрээ байгуулахгүй, барьсан хашаагаа хүлээлгэж өгөхгүй, засаж сайжруулж өгөхгүй жил 2 сарын хугацаа өнгөрч байна. Хашаа барихаар ирсэн хүмүүс нь Ш.У, Б.О нарын компанийн үндсэн ажилчид биш, мэргэжлийн бус, ур чадвар муутай хүмүүс байсан. Бид Б.О ийн ах дүү, хамаатан садан гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Хашаа барихаар ирсэн хүмүүс хуучин хашааны багана төмрийг ухаж гаргахаас залхуурч Б.О тэй утсаар ярьж Б.О хашааны багана төмрийг сууриар нь тайр гэж хэлсэн хэмээн хуучин хашааны 17 дугаар багана төмрийг сууриар нь тайрсан. Тайрсан багана төмрийн доор суурь залгаж хийнэ гэж 5 ширхэг шинэ багана төмрийг 40,000 төгрөгөөр худалдаж авахуулсан. Багана төмрийг суурь төмөртэй залгаж, эргэн тойрон гагнаас хийгээгүй болж хашааны суурь хэврэг болж нааш цааш ганхаж хөдөлгөөнтэй болсон. Хашааны багана төмрийг газарт ухаж суулгахдаа өнгөцхөн ухаж суулгаснаас болж цемент бэхжиж чадахгүй хагарч бутран бат бөх суурьтай хөдөлгөөнгүй хашаа болж чадаагүй. Шинэ хуучин хашааг багана төмөртэй бэхэлж гагнахдаа зөвхөн нэг талаас нь гагнаж эргэн тойрныг нь гагнаагүйн улмаас хашааны гагнаас төмөр нь салж, хашааны хэлбэр байдал өөрчлөгдөх, хазгай мурий болж, дээш доош сууж, налж унан өнгө үзэмжгүй хэврэг болж байна. Шинээр авчирсан хашааны доод хэсэг нь тайрагдсан, мурий төмрөөр хашаа барьж өгсөн. Хашаа барих явцад 4 хашааны төмөр багана илүү гарсан. Миний бие өнгөрсөн оны 5 сараас эхлэн барьсан хашааг засаж сайжруулж өгөх , гэрээ байгуулан, хашаагаа хүлээн авах талаар Ш.У, Б.О нартай утсаар ярьж , ажлын байран дээр нь очиж уулзан очиж хашааг засаж сайжруулж өгнө гэхэд нь хашаа барьсан газраа очиж хүлээсэн боловч ирээгүй, зугтаж бултан хүнийг үл тоомсорлож, хуурч мэхлэн залилсан учраас шүүх, цагдаагийн байгууллагад удаа дараа хандан өргөдөл бичиж, нэхэмжлэл гаргасан. Би өнгөрсөн оны 5 сараас эхлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4 удаа, Баянго дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 удаа нэхэмжлэл гаргаж хандсан боловч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадсангүй гэжээ.

 

2.Хариуцагч Б.О , Ш.У нарын тайлбар, татгалзлын агуулга: 2017 оны 6 сард Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа 3 хүнд Санзайн Багабаян гэх газарт 3 айлын хашаа барьж өгсөн. Надтай анх гэрээ хийсэн хүн нь уг газрын хэсгийг Д.Т гэх хүнд өгч байгаа гэж тухайн үед хэлж байсан. Д.Т нь өөрөө хувь өгсөн газрыг надад хэтэрхий бага газар өгсөн учир хашаагаа сунгаж газраа томруулмаар байна, ахдаа сунгаад өгөөч гэж хашаа хийж дууссан өдрөөс хойш 3 жилийн дараа буюу 2020 онд намайг гуйсан. 2020 онд хашаа сунгахад ажлын хөлсөөр сунгана, нэмж хэдэн хашаа хийгдэнэ гэж хэлэхэд ахад нь мөнгө алга, бас өвчтэй хүнтэй, чи ахдаа хямд хийгээд өг гэж дахин дахин гуйгаад байсан. 2021 онд 2, 3 удаа манай ажил дээр ирээд гуйж, хямд хийх хүн олоод өгөөч, манай хашааны материалын тооцоо хэд болох вэ бодоод өгөөч гэж хэлэхэд нь би өөрийн эхнэр болох Б.О ээр хашааны материалын тооцоог нь гаргуулж өгсөн. Д.Т мөнгө бүрдүүлээд ирнэ гэж хэлж яваад 1 сарын дараа одоо хашаагаа хийлгэе, танай эхнэрийн надад өгсөн хашааны тооцоо энэ байна гэж ирсэн. Би төмрийн үнэ өссөн учраас тооцоо өөрчлөгдсөн гэдгийг хэлсэн ч тухайн үед манайд ажиллаж байсан Д.Б гэх хүнээр Д.Т ахын хашааг хямд, зөвхөн материалын үнээр хийлгэж, зөрүү мөнгийг нь би өөрөөсөө гаргаж өгөхөөр болж тохирсон. Д.Т ахад урьдчилгаа мөнгө байхгүй байсан тул албан ёсоор гэрээ хийгээгүй. Тухайн үед хашааг хийж байх хугацаанд гарсан зардал болох 3 удаагийн тээврийн зардал 180,000 төгрөг, хүнс 200,000 төгрөг, хашаа хийж суулгасан ажлын хөлс 1,000,000 төгрөг, нийт 1,380,000 төгрөгийг би өөрөөсөө нэмж гаргасан. Энэ нь Д.Б болон түүний эхнэр н.Гантуяа нарын тухайн үеийн дансны хуулгаар баталгаажна. Хашааг суулгаж эхлэхээс өмнө Д.Т Д.Б нарыг хамт дуудаж уулзуулаад энэ хүний хашааг маш сайн хийж өгөөрэй, би ажлын хөлсийг нь өөрөөсөө гарган чамд өгч байна гэж Д.Б хэлээд Д.Т ахад та энэ залуугаар хашаагаа суулгахад нь хажууд нь байж байгаад санаандаа хүртэл хийлгэж аваарай, зав муутай, ажил ихтэй хүн болохоор ахиж олдохгүй шүү гэж хэлээд хашааны суулгалтад хамт явуулсан. Маргааш орой нь 6 цагийн үед над руу утсаар залгаж хашаа дуусчихлаа, сайхан хашаатай болгосонд баярлалаа, ах нь хашааны мөнгөө маргааш өгье гэсэн боловч нөгөөдөр нь чи манай байрны гадаа ирээд авчих, ярих юм байна гэсэн. Намайг очиход ахынх нь мөнгө хүрдэггүй, бэлэн байгаа мөнгөн дээрээ энэ куртик, гутал хоёрыг оролцуулъя гээд дахин зовлонгоо яриад байхаар нь түүнийг нь аваад салсан. Уг хуучин куртик, гутал хоёр нь одоо болтол надад хадгалаастай байгаа. Гэтэл 7 хоногийн дараа над руу утсаар ярьж бодоод байсан чинь ах нь хашааны 7 ширхэг шонг залгаатай хийлгэчихлээ, чи бүрэн шонгоор солиод өгөөч гэсэн. Би юун залгаатай шон бэ гээд Д.Б оос залгаж асуухад манай шон зүгээр, тэдний хуучин хашааг буулгахад цэвдэгтэй газар болохоор хуучин шонгууд нь хөлдүү, гараар сугарахгүй болохоор доогуур нь тайрахаас өөр аргагүй учраас өөрөөс нь асууж хэлж байгаад тайрч сугалан буцааж суулгахдаа залгаж гагнаад суулгасан гэж хэлсэн. Би Д.Т ахад таниас манай хүмүүс асууж байгаад тайрсан байна, тухайн үед нь та хэлэхгүй яасан юм бэ гээд өнгөрсөн. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь хөлдүү газрын хуучин 7 шонг тайрч залгаа хийж суулгаснаас үүдэлтэй. Энэ далимд 5 жилийн өмнө хийлгэсэн бүх хуучин хашаануудаа будаж сэргээн заримыг нь шинээр солиулъя гэсэн явуургүй овжин санаа л харагдаж байна. Анхнаасаа хуучин хашаагаа янзлуулахдаа хажууд нь Д.Т өөрийн биеэр зогсож байсан байж санаандаа таартал хийлгээд аваарай гэж хэлж захиад байхад хөлдүү цэвдэгтэй 7 шонгоо тайруулахгүй гэж шаардлага тавиагүй, өөрөө зөвшилцөж Д.Б оор тайруулан нэмж залгаж гагнуулан суулгуулчихаад түүнийгээ төлүүлнэ гэж олон удаа ажил дээр ирж бидний ажилд саад болж байсан. Өөртэй нь зөвшилцөөд яалт ч үгүй сугарахгүй байсан 28 шонгоос 7 ширхэг шонг угаар нь тайрч нэмж залгаж гагнаад л суулгасан байсан гэжээ.Түүнээс хойш 2, 3 удаа Д.Т ах манай ажил дээр ирээд шонгоо солиод өгөөч гэж гуйхад нь би танд гаргах юмаа гаргасан, би сольж өгч чадахгүй, солиулна гэвэл мөнгөө төл, ядаж 200,000 төгрөг өгвөл сольж өгье гэсэн. Д.Т ах надад мөнгө байхгүй гээд салахгүй ажил дээр байнга ирээд байхаар нь тэр куртик, гуталаа хашааны тал үнэ болох мөнгөө буцааж ав, би хашаагаа буцааж авъя, эсхүл та өөр газраар хийлгэ, би хийж чадахгүй гэж хэлээд явуулсан. Түүнээс хойш дахиж манай ажил дээр ирээгүй. Намайг утсаа авахгүй, хүн залилж зугтсан мэтээр цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан байсан. Эхнэр бид хоёр олон жил хувиараа хөдөлмөр эрхлэн утсаар захиалга авдаг болохоор өдөр шөнө байнга утсаа асаалттай байлган дуудлага бүрт хариу өгдөг. Д.Т ахыг залгаж 7 шон нэхэх бүрт би 7 шонг чинь сольж өгөхгүй, тэр үед хашааны үнэ м.кв 45,000 төгрөг байхад би танд 50 хувь хямд хийж өгсөн, хашаагаа буцааж авъя, эсхүл өөр газраас мөнгөө төлөөд 7 шонгоо солиул гэж хэлж байсан. Д.Т ах өгсөн нэхэмжлэлдээ 2017 онд хийлгэсэн 3 өөр хүний хашааг ашиг олох зорилгоор хамтад нь оролцуулж нэхэмжлэл гаргасан байна. Уг 3 өөр хүний хашаанаас нь Д.Т ах авсан, би өөрт нь оногдсон газрын -ийг нь л Д.Т ах сунгасан. Зөвхөн материалын үнээр куртик, гутал оролцуулж дутуу төлсөн. Бусад зардал буюу 1,380,000 төгрөгийг би нэмж гарган хашааг нь Д.Б ыг гуйж хийлгэсэн. Хэрэв Д.Т ах гомдолтой байгаа бол миний гаргасан зардал болох 1,380,000 төгрөг, мөн хийж өгсөн хашааг буцааж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэсийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26 ё2-3/3622 тоот албан бичиг /хх-ийн 4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00474 дугаар шийдвэр /хх-ийн 5/, Болдоогийн хашааны талбайг тооцсон тооцоолол /хх-ийн 6/, гүйлгээний дэлгэрэнгүй /хх-ийн 7/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 9/, хуулбар зураг /хх-ийн 10/, фото зураг /хх-ийн 11-25/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2022/09994 дугаар захирамж /хх-ийн 26, 27/, фото зураг /хх-ийн 34,40/ баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.О , Ш.У нартай  зуслангийн шараа бариулахаар тохирч 2,440,000 төгрөг шилжүүлсэн, 300,000 төгрөгийн Австри улсаас авчирсан куртик өгч нийт 2,740,000 төгрөг болсон. Хашааны ажил дуусаад хэд хоногийн дараа хашаагаа үзтэл хашааны эргэн тойрон нь гагнаагүй дутуу хийсэн байсан. Мөн анх ярихдаа 5х3см хэмжээтэй төмрөөр хашаа барина гэж 1м.кв нь 23,000 төгрөгөөр бодсон. Гэтэл 3х2.7см төмрөөр хашаа барьсан байсан. Хашаа барихдаа миний саналыг асуугаагүй хийсэн. Энэ хашаагаа янзлаад өгөөч гэж 21 удаа утсаар ярьж хэлсэн. Очиж хашааг чинь янзалж өгнө гэж хэлсэн ч ирээгүй. Хашааны 17 шонг тайрч суулгасан. Гагнаж тогтоохдоо бүтэн гагнаагүй учир салж унасан. Илүү хашаа гарсан нь үлдсэн байгаа. Дахин анх тохирсон хэмжээтэй төмөр буюу 5х3см зузаантай төмрөөр хашаа хийлгэнэ гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Анх ирж хашаа бариулах тооцоо гаргуулж байсан ч тэр үедээ хашаа бариулаагүй. Түүнээс хойш төмрийн үнэ өссөн. Өмнө нь өөр газар хашаа барих ажил хийж өгч байсан. Дахиад өөр газар хашаа бариад өгөөч гэж гуйсан болохоор алдагдалтай ч гэсэн хувиасаа 1,500,000 төгрөг нэмж байж хашаа барьж өгсөн. Төмрийн хэмжээний талаар тохирсон зүйл байхгүй. Цас ороод хүйтэрсэн хойно хашаа бариулснаас газар хөлдөөд шон гүн суулгах боломжгүй болсон. Өөрөө хашааны шонг суулгах үед байсан бөгөөд тайрч суулгахыг зөвшөөрсөн. Дараа нь очиж үзэхэд хашаа нь нураад салаад унасан юм байгаагүй. Харин гагнаас нь нэг талаасаа гагнагддаг юм. Учир нь нимгэн төмөр бүтэн гагнаад дараа нь салаад унах юм бол дахин гагнаас авдаггүй. Тийм учир дараа нь гагнах боломжтой байхаар үлдээдэг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.О , Ш.У нартай харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Б.О , Ш.У нар нь зуслангийн 56м хашаа буулгаж, 119м хашаа барьж, нэхэмжлэгч Д.Т нь ажлын хөлс 2,700,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирчээ.

 

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Талуудын тохиролцсон агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

6.Зохигчдын тайлбараар хариуцагч тал зуслангийн хашааг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч 2,400,000 төгрөг, 300,000 төгрөгийн үнэ бүхий куртикийг төлбөрт тооцож өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч шүүхэд хашааны төмрийн зузааныг анх тохиролцсон 5х3см байхаас 3х2,7см өргөнтэй төмрөөр хийсэн, хашааны дайг бүрэн гагнаасгүйгээс салж, нурсан учир 5х3см зузаантай төмрөөр дахин шинээр хашаа бариулахаар шаардсан. Хашааны шонг суулгах үед өөрөө байсан тул тайрч суулгахыг зөвшөөрсөн гэж тайлбарласан.

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөл нотлох баримтаар хашааны төмөр 5х3 см зузаан байхаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.

 

9.Хашааны төмрийн гагнаасыг бүтэн гагнаагүй болохоо хариуцагч зөвшөөрсөн. Үүнтэй холбоотой эвдрэл гэмтлийг хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдал гэж үзэхээр байна.

 

10.Нэхэмжлэгч нь салж эвдэрсэн хашааг засуулахаар хариуцагч нарт мэдэгдсэн боловч хариуцагч засварын ажилд нэмэлт төлбөр өгөхийг шаардаж, засахаас татгалзсан.

 

11.Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч доголдлыг арилгуулахаар хариуцагч нарт шаардлага тавьсан боловч ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Ажлын доголдлыг аргахаас ажил гүйцэтгэсэн тал татгалзсан учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Харин хашааг буулгаж, шинээр 5х3см зузаан төмрөөр хашаа бариулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

12.Иймд хариуцагч Ш.У, Б.О нарт холбогдох зуслангийн өнгө үзэмжгүй, хэврэг, суурь муутай, хөдөлгөөнтэй баригдсан төмөр хашааг буулгуулж, олон жилийн эдэлгээтэй, өнгө үзэмж сайтай, бат бөх суурьтай, хөдөлгөөнгүй хашаа барьж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

13.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.У, Б.О нарт холбогдох зуслангийн өнгө үзэмжгүй, хэврэг, суурь муутай, хөдөлгөөнтэй баригдсан төмөр хашааг буулгуулж, олон жилийн эдэлгээтэй, өнгө үзэмж сайтай, бат бөх суурьтай, хөдөлгөөнгүй хашаа барьж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүйболгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР