| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/00575/И |
| Дугаар | 102/ШШ2024/00191 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/00191
|
|
|
| |||
|
|
|
|
2024 оны 01 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2024/00191 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.У, хариуцагч Т.Цт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Т.Цтай 2008 онд танилцаад 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлж 0 дугаартай гэрчилгээ авсан.
Бидний дундаас 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин Ц.Э, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр охин Ц.Т нар төрсөн.
Гэвч бидний хоорондын зан харилцааны таарамжгүй байдлыг улмаас 2018 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч охид маань миний асрамжид байна.
Тусдаа амьдрах хугацаанд бидний хэн, хэн маань шинээр гэр бүл зохиож, хамтран амьдарч эхэлсэн.
Цаашид Ц-тай хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон.
Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Э, Ц.Т нарыг миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү, гэжээ.
4.Хариуцагч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хэлэх тайлбар байхгүй, гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэрлэлтийн лавлагаа, Дорнод аймгийн Х сумын 0 дугаар багийн Засаг дарга, Дорнод аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн “Ф” англи хэлний сургуулийн тодорхойлолтууд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл
6.Хариуцагч иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар
7. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00 дугаартай Албан бичгийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч О.У нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас бид тусдаа амьдраад одоо хэн хэн маань гэр бүл зохиож хамтран амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн” гэж тодорхойлов.
3.Хариуцагч Т.Ц нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2008 онд танилцаад улмаар 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин Ц.Э, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр охин Ц.Т нар төрсөн болох нь талуудын тайлбар, 0, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, 0 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн Х сумын 0 дугаар багийн Засаг дарга Б.Б-н “О.У ам бүл гурав, тус хороонд оршин суудаг”, Дорнод аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч З.О-н “Ц.Э, Ц.Т нар эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан”, Дорнод аймгийн “Ф” англи хэлний сургуулийн сургалтын менежер Б.Э-н “ Ц.Э 7 дугаар ангид, Ц.Т 0 дүгээр ангид суралцаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолтууд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
6.Талууд 2018 оноос хойш тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
7.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.
8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.
9.Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч зөвшөөрч маргаанүй учраас хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин Ц.Э, Ц.Т нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Т.Цаас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Ц.Э, Ц.Т нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
11.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
12.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ц, О.У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ц.Э, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ц.Т нарыг эх О.У гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ц.Э, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ц.Т нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Т.Ц аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Т.Ц аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.У д даалгасугай
7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА