Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 11

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/01120/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 1160 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин 14.626.210 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.А-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн нярав албан тушаалд 2018.08.28-ны өдрийн сургуулийн захирал Н.С-ын Б/27 тоот тушаалын дагуу ажилд томилогдон ажиллаж байсан ба 2018.12.20-2019.01.18 хүртэл Холбооны бүгд найрамдах улсад явах шаардлага гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан мөн сургуулийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу 1 сарын хугацаагаар чөлөө олгохыг ажил олгогч Ж.М-гаас хүссэн.
2019.01.19нд ажилдаа иртэл ажилд оруулаагүй бас халагдах тушаал өгөөгүйгээс маргаан үүсч 2019.06.26-ны өдрийн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №64 тоот шийдвэр, мөн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны №001/ХТ2020/00383 тоот тогтоолын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлын №Б/38 тоот тушаалын дагуу ажилд эгүүлэн томилогдсон. Иймд 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, урамшуулал, түүнтэй адилтгах орлого болох 14 626 240 төгрөгийг нөхөн олгуулах ба Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал Ч.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг. Гэтэл Т.М- нь илүү цалин хөлстэй ажил эрхэлж байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Т.М-ын үндсэн цалин 453.149 төгрөг, хавсарсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул хавсран ажилласны нэмэгдэл хөлс олгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1160 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас 12.369.846 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.М-д олгож, 2.256.364 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.081 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 212.867 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.А- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1160 тоот шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. 172.2.2 заалтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах нь:

1. 2018 оны12 дугаар сарын 18-ны өдөр ажилтан Т.М- өөрийн санаачилгаар ажлын байраа орхин явсан бөгөөд үүнээс хойш ажил дээрээ огт ирээгүй ба өндөр цалинтай өөр байгууллагад ажилд орсон байдаг. Энэ талаар шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох маргаан үүсч байхад манай байгууллага мэдээгүй бөгөөд түүний ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу 2020 онд ажилд эгүүлэн тогтоож тушаал гаргатал ажилдаа эргэн орохгүй халагдах өргөдлөө өгсний дагуу нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийх гээд лавлагаа автал өөр байгууллагад өндөр цалинтай ажиллаж байсныг мэдсэн билээ. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтаар тухайн ажилтны ажлаас халагдах шалтгаанд ажил олгогч буруутай байх, түүнийг ажилгүй байлгасан нь ажил олгогчийн буруу бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан билээ. Гэтэл ажлын байраа сайн дураар орхин, өөр ажил хийж байсныг нотлох баримтаар нотолсон, энэхүү асуудлыг ажилгүй байсан гэж үзэх эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж хүлээн авалгүй өөрөөр хэлбэл өөр ажил эрхэлж байсныг тогтоолгох холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзан, түүнийг өөр ажил эрхэлж байсан нь хариуцагч байгууллагад хамааралгүй гэх дүгнэлтийг хийсэн нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь ажилд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацааны.... гэж тодорхойлсон. Ажилгүй байлгасан нь ажил олгогчоос шалтгаалаагүй, ажилтан ажлын байраа орхин явсан шалтгаанаа тайлбарлаагүйгээс ажил олгогч түүнийг өөр ажилд орсныг мэдээгүй учир тушаалаа гараагүй болохыг хэрэгт нотлох баримтаар нотлох, тушаал гараагүй учир ажилдаа ирж ажлаа хэдийд ч ирж хийж болох байтал огт ажлаа хийхгүй, ирэхгүй байсан шалтгаан нь өөр өндөр цалинтай ажил эрхэлж байсантай шууд холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас харж дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй буюу ажилдаа буцан орох хүсэлт өнөөдрийг хүртэл гаргаагүй. Ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргатал ажилдаа орохгүй гэж хүсэлтээрээ ажлаас халах өргөдлөө өгч өөр байгууллагад ажиллаж байгаа баримтуудыг шүүх бүрдүүлэхийг хязгаарлаж, бүрдүүлсэн баримтыг үнэлж үзээгүйд гомдолтой байна.

Гэтэл ажил олгогч нь ажилтны зүгээс ямар шалтгааны улмаас ажлын байраа орхин явсан шалтгаан нөхцөлийг тодруулж чадахгүй байсаар тушаал гаргаагүй гэдгээр ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр, ажилтан ажилдаа буцан орох хүсэлгүй байгаа хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаантай өөр ажил эрхэлж ажлын байраа орхисон байсныг хариуцагч нотолж байгааг анхаарч, ажилгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1160 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 14.626.210 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч 12 дугаар сургууль нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан үзвэл нэхэмжлэгч Т.М- 12 дугаар сургуулийн нярвын албан тушаалд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр томилогдсон ба 2018 оны 12 дугаар сарын 20-оос гадаад улсад хувийн хэргээр зорчиж ирээд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа орохоор ирэхэд нь хариуцагч байгууллага урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь аваагүй байна. Энэ талаар маргаан үүсч,анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хянан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Т.М-ыг 12 дугаар сургуулийн нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 2.232.815 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч байгууллагын гомдлоор хяналтын шүүх хянаж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нэхэмжлэгч Т.М-ыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан нярвын албан тушаалд томилжээ.

Иймд нэхэмжлэгч Т.М- хариуцагчийн буруугаас ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Т.М-ыг 2019 оны 10 дугаар сараас өндөр цалинтай хувийн байгууллагад өөр ажил, албан тушаалд ажиллаж байгаа тул тэрхүү хугацаанаас хойших хугацааны цалинтай тэнцэх олговор олгохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Т.М- 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хувийн байгууллагад өөр ажил, албан тушаал эрхэлж буйгаа үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч өөр хувийн байгууллагаас дээрх хугацаанд авч байгаа цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажилтныг буруу халсан үеийн олговор олгох зохицуулалтад хамааралгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүх нэхэмжлэлээр шаардсан олговрыг тооцохдоо өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 2.232.815 төгрөгийг хасч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн тодорхойлж, нийт ажилгүй байсан хугацааг ажлын 346 өдрөөр тооцсон нь зөв байх бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай  бичилт хийх үүрэгтэй” гэж заасантай нийцнэ.

Хариуцагч байгууллага нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1,172.2.2-т заасан ажиллагааг зөрчсөн, бүрдүүлж өгсөн нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан бөгөөд хуулийн дээрх заалт нь хяналтын журмаар гомдол гаргахад хамаарах заалт байх бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглээгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                                                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                          ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                                                                          Л.АМАРСАНАА