Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Нямжав,

            Улсын яллагч Б.Батхишиг,

            Шүүгдэгч Ш.Цэдэндамба, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

Өсвөр насны хохирогч Э.Мөнхцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ганчимэг, тэдгээрийн өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан,

            Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Их тугч овогт Ш.Цд холбогдох 170300010035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1971 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, Туушин зочид буудлын өрөөний үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 26-382 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Их тугч овогт Ш.Ц  (РД:000000000000),

нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дээд салхитын замд Ч.Наянбаатарын эзэмшлийн Toyota Harrier маркийн 48-52 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 9.2т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай Э.Мөнхцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “...Би сарын 400.000 төгрөгийн орлоготой, манай нөхөр борлуулагч хийдэг. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгч чадахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай нөхөр 4 бэрх дэлгүүрийн үүдэнд зогсоод тамхи авсан. Би машинаа бариад гэр рүүгээ яваад зүүн талынх хашааны боржуур дээр дараад гарахад нь сандраад баруун тийш нь залаад хаазан дээрээ гишгээд эрчээрээ яваад блокон хашаа дайрсан. Гараад харахад хүүхдийн хөлөн дээр блок унасан байсан. Миний буруу, албан ёсоор уучлалт гуйж байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогч Э.Мөнхцэцэгээс мэдүүлэхдээ: “...Болсон явдлыг сайн санахгүй байна. Явган хүний зам дээр явж байхад гэнэт машин гарч ирээд мөргөсөн.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганчимэгээс мэдүүлэхдээ: “...Баруун хөлний шилбэний махан хэсэг нь тасарсан, шилбэний яс нь 2 хугарсан. Физик эмчилгээнд явсан, таяг тулж болохгүй, тэргэн дээр сууж явж бай гэж хэлсэн. Энэ хүүхдийг хуучин ямар хөлтэй байсан тэр хэвэнд нь оруулж өгөхийг хүсэж байна. Асаргаа маш их шаардлагатай байна. Гэрээрээ даалгавраа хийж байгаа. Цаашид гарах зардал физик эмчилгээ байгаа, 460.000 төгрөг өгсөн нь өмнөх эмчилгээний төлбөр байгаа. Баримтаар тогтоогдож байгаа төлсөн зардал нь 1.000.000 төгрөг л болсон.” гэв.

Иргэний нэхэмжлэгч О.Заяагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13.00 цагийн үед гэртээ байж байтал гадаа бөөн дуу чимээ гарахаар нь гараад хартал манай гэрийн блокон хашааг 48-52 УБР дугаартай Тоёота Хариар маркийн машин мөргөчихсөн зогсож байсан ба манай жорлонгийн ард талд нэг хүүхдийн хөл харагдсан. Гайхаад хартал нэг эмэгтэй хүүхдийг нурсан хашааны блок дарсан байсан. Машин дотроос эрэгтэй, эмэгтэй хүн гарч ирээд дарагдсан хүүхдийг гаргаад машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хүүхдийн хөлнөөс цус гарч байсан. Би 102 руу дуудлага өгөөд байж байтал Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газар үзлэг хийгээд явсан. Дээд хэсгээрээ тоосготой блокон хашаа байсан ба 3 метр хашаа нурсан байсан. Хашааг янзалж хэвийн болгосон учир үнэлгээ хийлгэхгүй. Тухайн машины жолоочийн нөхөр нь манай хашааг янзалж бүрэн бүтэн болгож өгсөн учир одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Иргэний хариуцагч Ч.Наянбаатараас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Манай эхнэр жолооны үнэмлэхгүй хэрнээ миний машиныг хааяа жолооддог байсан, тухайн өдөр манай эхнэр дэлгүүрийн үүднээс “би өөрөө машинаа бариад гэр рүүгээ явъя” гэхээр нь тэр хавийн замын хөдөлгөөн багатай байдаг учраас би Ш.Цд жолоогоо шилжүүлээд хажууд нь сууж яваад осол болсон. Би хохирогчийн эмчилгээнд гарсан зардлыг нөхөн төлсөн байгаа цаашид гарах хохирлыг төлж барагдуулна…” гэжээ.

Ч.Наянбаатараас мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би эхнэр Цэдэндамбын хамт өөрийн эзэмшлийн 48-52 УБР дугаартай Тоёота Хариар маркийн машин жолоодоод гэрээсээ гараад 7 буудал ороод буцаад гэр рүүгээ харьж явах замдаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын зам дагуу байдаг “4 Бэрх” гэдэг дэлгүүр орж тамхи авах гээд дэлгүүрийн зогсоол дээр зам дагуу ертөнцийн зүгээр баруун хойш чиглэлтэй машинаа зогсоогоод дэлгүүр орж тамхи аваад гараад иртэл манай эхнэр “гэр хүртэл би жолоодоод явъя” гээд гуйхаар нь би зөвшөөрч машинаа жолоодуулсан. Манай эхнэр дэлгүүрийн үүднээс хөдлөөд зүүн гар тийш дарж зам руу орохдоо жолоогоо хариулахгүй эсрэг урсгалын боржур давчихсан би хажуунаас нь жолоог нь баруун дараад “тормосоо гишгэ” гэж хэлтэл манай эхнэр сандарсандаа хаазаа гишгээд замын хойд талын блокон хашааг мөргөчихсөн. Би хашаа мөргөчихлөө гэж бодоод буугаад хартал нэг хүүхэд уйлж байсан ба баруун хөлөн дээр 3 ширхэг холбоостой блок дарчихсан байсан. Хүүхдийн хөл нь явган хүний зам дээр бие нь айлын хашаан дотор дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би шууд хөлийг нь дарсан блокыг авч шидээд хүүхдийг тэвэрч машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүүхдийн эцэг эхтэй нь холбогдож ослын талаар хэлээд хүүхдийг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр байж байхад замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж эхнэр бид хоёрыг драгер үлээлгэж шалгахад 0.00 гарч байсан. Би хүүхдийг анзаарч хараагүй хашаа мөргөчихлөө гэж бодсон. Миний бодлоор хүүхэд явган хүний зам дээр алхаж байхад нь машинаар замын хажуу талын төмөр хашааг мөргөөд уг хашаанд хүүхэд түлхэгдэж унахад нь дээрээс нь хашааны блок унасан байх. Манай эхнэр урд нь зуслан дээр миний машиныг жолоодоод ойр зуур ус зөөгөөд явдаг байсан болохоор би жолоо шилжүүлээд эхнэрээрээ машин жолоодуулсан. Миний өөрийн эзэмшлийн машин. Урд буфер баруун буландаа хонхойсон баруун урд гэрэл хагарсан, копуд хонхойсон, салхины шил хагарсан...” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.7.16-ны ¹8622 тоот дүгнэлтэд:

1.Э.Мөнхцэцэгийн биед баруун шаант тахилзуур ясны ил хугарал баруун хацар, баруун шуу, зүүн өвдөг, зүүн тавхайд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тохой, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017.7.27-ны ¹17/42132 тоот дүгнэлтэд:

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 48-52 УБР улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Шагжхүү овогтой Цэдэндамбын эзэмшлийн Toyota Harrier маркийн, цагаан өнгөтэй, япон улсад үйлдвэрлэсэн, 48-52 УБР улсын дугаартай ACU150001081 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагаас 13.20 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх загвар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шинжээчээр ажиллалаа.

-Урд салхиний шил баруун хэсэгтээ 40*50см хэмжээтэй талбайд цөмөрч хагарсан,

-Баруун урд талын гэрлийн гаднах шил хагарсан,

-Урд буферийн баруун доод буландаа 40*30см хэмжээтэй талбайд зурагдаж будаг халцарсан,

-Копуд дээр 40*80см хэмжээтэй талбайд цөмөрч хонхойсон,... гэжээ.

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017.8.29-ний №357 тоот дүгнэлтэд:

1.T.Harrier маркийн 48-52 УБР улсын дугаартай автомашины жолооч Шагжхүү овогт Цэдэндамба нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;

9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Эрдэнэбаатар овогтой Мөнхцэцэг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.T.Harrier маркийн 48-52 УБР улсын дугаартай автомашины эзэмшигч Чимэд овогтой Наянбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулх ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэ, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;

4.2.Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

в/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Ш.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дээд салхитын замд тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа өөрийн нөхөр Ч.Наянбаатарын эзэмшлийн Toyota Harrier маркийн 48-52 УБР улсын дугаартай автомашин жолоодож явахдаа хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ аваагүйгээс замын хажуугийн хашлага давж, явган зорчигчийн замаар явж байсан 10 настай Э.Мөнхцэцэгийг мөргөснөөс хохирогчийн биед баруун шаант тахилзуур ясны ил хугарал баруун хацар, баруун шуу, зүүн өвдөг, зүүн тавхайд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тохой, баруун мөрөнд цус хуралт гэмтэл учирсан, мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11-256 тоот О.Заяагийн эзэмшлийн тоосгон хашааг мөргөж нураасан болох нь

насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхцэцэгийн “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би аавындаа очих гээд гэрээсээ гараад автобусанд суугаад Салхитын автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гараад уул руу өгсөөд машин дагаад явган хүний замаар алхаж явтал миний хойноос машин гэнэт орж ирээд намайг мөргөөд, би мөргүүлээд хашаан дотор унасан байсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн гарч ирээд намайг эмнэлгт хүргэж өгөөд хэвтүүлсэн” гэх мэдүүлэг,

иргэний хариуцагч Ч.Наянбаатарын “...машинаа зогсоогоод дэлгүүр орж тамхи аваад гараад иртэл манай эхнэр “гэр хүртэл би жолоодоод явъя” гээд гуйхаар нь би зөвшөөрч машинаа жолоодуулсан. Манай эхнэр дэлгүүрийн үүднээс хөдлөөд зүүн гар тийш дарж зам руу орохдоо жолоогоо хариулахгүй эсрэг урсгалын боржур давчихсан би хажуунаас нь жолоог нь баруун дараад “тормосоо гишгэ” гэж хэлтэл манай эхнэр сандарсандаа хаазаа гишгээд замын хойд талын блокон хашааг мөргөчихсөн. Би хашаа мөргөчихлөө гэж бодоод буугаад хартал нэг хүүхэд уйлж байсан ба баруун хөлөн дээр 3 ширхэг холбоостой блок дарчихсан байсан. Хүүхдийн хөл нь явган хүний зам дээр бие нь айлын хашаан дотор дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би шууд хөлийг нь дарсан блокыг авч шидээд хүүхдийг тэвэрч машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүүхдийн эцэг эхтэй нь холбогдож ослын талаар хэлээд хүүхдийг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч О.Заяагийн “…2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13.00 цагийн үед гэртээ байж байтал гадаа бөөн дуу чимээ гарахаар нь гараад хартал манай гэрийн блокон хашааг 48-52 УБР дугаартай Тоёота Хариар маркийн машин мөргөчихсөн зогсож байсан ба манай жорлонгийн ард талд нэг хүүхдийн хөл харагдсан. Гайхаад хартал нэг эмэгтэй хүүхдийг нурсан хашааны блок дарсан байсан. Машин дотроос эрэгтэй, эмэгтэй хүн гарч ирээд дарагдсан хүүхдийг гаргаад машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хүүхдийн хөлнөөс цус гарч байсан” гэх мэдүүлэг,

хохирогч Э.Мөнхцэцэгийн биед үзлэг хийсэн 2017.7.16-ны ¹8622 тоот шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт,

“Шагжхүү овогт Цэдэндамба нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. 9.2. дахь заалтуудыг зөрчсөн, явган зорчигч Эрдэнэбаатар овогтой Мөнхцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017.8.29-ний №357 тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд гэмт хэргийн талаар дуудлага өгсөн хүний дуудлагын лавлагааны хуудас, өсвөр насны хохирогчийн өвчний түүх, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017.7.27-ны ¹17/42132 тоот дүгнэлт, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Их Тугч овогт Ш.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  

Шүүгдэгч Ш.Ц нь насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ганчимэг нарт гэмт хэргийн улмаас учирсан бичгийн баримтаар тогтоогдсон эмчилгээний болон бусад зардалд нийт 1.574.000 төгрөг төлж барагдуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид эмчилгээнд гарсан зардлын талаарх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтын дагуу хохирлын мөнгө нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хэрэв шүүгдэгч Ш.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг түүнд сануулах нь зүйтэй.

Хэдийгээр шүүгдэгч Ш.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ч шүүх хуульд заасан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний нэхэмжлэгч О.Заяагийн хашааг сэргээн засварласан тул тэрээр нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болжээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Их Тугч овогт Ш.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Цэдэндамбыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Цэдэндамбын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.Цас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганчимэгт 1.574.000 (нэг сая таван зуун далан дөрвөн мянга) төгрөг төлснийг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлж, иргэнийн хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.Цд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч байхыг үүрэг болгосугай.

7.Эүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Цд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулж болохыг сануулсугай.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ