| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2239001200208 |
| Дугаар | 2023/ДШМ/20 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/20
2023 05 09 226/ДШМ/20
Т.Я, Т.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга Д.Отгон,
Прокурор Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,
Шүүгдэгч: Т.Я,
Шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-ийн давж заалдах гомдлоор Т.Я, Т.Г нарт холбогдох эрүүгийн 2239001200208 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Я нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг "Нярав" гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Т.Г, О.Ш нартай бүлэглэж, машин механизм буюу 03-24 УНП улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж П.Гын эзэмшлийн хонин сүргээс 6 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлж, түүнд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “П.Га аймагт согтуу явж байна, хөдөө мал нь эзгүй, хашаатай байгаа, Т.Г, О.Шинэбаяр та хоёр яваад П.Гынхаас хонь, ямаа аваад ир, арыг нь би даана" гэж санаачилсан, төлөвлөсөн, зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Т.Г нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Нярав” гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Т.Я, О.Ша нартай бүлэглэж, машин механизм буюу 03-24 УНП улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж П.Гын эзэмшлийн хонин сүргээс 6 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлж, түүнд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Т.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар, Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Майдар овогт Туяагийн Яыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг зохион байгуулсан”, шүүгдэгч Шовгор овогт Төмөрсүхийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Ят 1 /нэг/ жил, 1 / нэг/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Гид 1 /нэг/ жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Я нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, хөлний идээт үрэвсэлтэй, өдөр бүр өвчин намдаах тариа тариулдаг. Эрүүл мэндийн хувьд сайнгүй, 14 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралд оролцохдоо Т.Яын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Хулгайн мал зарж борлуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Т.Яын мөрдөн байцаалтын шатнаас тогтвортойгоор уг хэрэгт хамааралгүй, хулгайн хэрэгт оролцоогүй зэргээр мэдүүлдэг. О.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр хулгайн гэмт хэрэгт Т.Я урьдчилж хулгай хийе гэж ярилцсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэсэн. Иймд Т.Яын зүйл ангийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэж өгнө үү.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий гараагүй байна гэж үзэж хүчингүй болгох бол миний үйлчлүүлэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Хэнтий аймгаас гарахгүй байх хязгаарлалт тогтоож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Яллагдагч Т.Я, О.Ша, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч П.Га, гэрч Батбаяр, Т.Г, О.Ша нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг зэргээс үзэхэд яллагдагч Т.Яыг гэмт хэрэгт хамтран оролцсон, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар Т.Г, О.Ша нарт захиалж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч Т.Я, Т.Г нарт холбогдох хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавсаргагдсан, бүрэн шалгагдаж тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэл өөрчлүүлэх талаар гаргасан гомдол нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар Т.Г нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх болсонд өмгөөлөгчийн зүгээс хууль ёсны зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар уг хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай нотлогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хэрэв шийдвэрт өөрчлөлт орох тохиолдолд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.Я давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт холбоо байхгүй. Өдийг хүртэл эрүүл мэндийн байдал маань муу байна. Мөрдөнд байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн. Бөөрний дутагдалд орсон, шээс хаагдсан байдалтай байна. Би Т.Г, О.Ша нарыг яваад
хулгай хийгээд ир гэж хэлээгүй. Хулгайн мах гэдгийг мэдээгүй борлуулсан миний буруу. Т.Г, О.Ша нар надад өртэй байсан. Энэ махыг борлуулж өрнийхөө мөнгийг аваарай гэж хэлсэн учраас махыг нь борлуулсан. Би хулгай хийж үзээгүй, хулгай хийх талаар бодож ч байгаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэх байх гэж итгэж байна. Би хэрэг хийсэн бол хийсэн гэж үнэнээ хэлнэ гэв.
Шүүгдэгч Т.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Шын үгээр орж худал мэдүүлэг өгч бие муутай ахыгаа асуудалд оруулсандаа гэмшиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Т.Я, Т.Г нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Яыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил, 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж болохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Я нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2022 оны дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гэмт хэрэг үйлдээгүй... хулгайн мах гэдгийг мэдээгүй зарж борлуулсан...” зэргээр удаа дараа мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Я, Т.Г нарт урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай,
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
Б.ДЭНСМАА