| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0014/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Ж.Айжуу |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гд холбогдох эрүүгийн...... дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Гнь 2017 оны 04 дүгээр 10-ны өдөр Б... тоотод оршин суух иргэн Х.Тгийн орон байранд нэвтэрч 700.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг,
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр .... гэх газар оршин суудаг иргэн Б.Бгийн гэрээс 2.730.000 төгрөгний эд зүйлийг,
2017 оны 09 дугээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ...гэх газар нутаглах иргэн Д.Оы эзэмшлийн 1800.000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг,
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн ...айлын байрны гадна байрлуулан тавьсан байсан иргэн Ж.Гын эззмшлийн 600.000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг тус тус хулгайлан авсан,
Мөн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Оы эзэмшлийн 1.300.000 төгрөгний үнэ бүхий мопедыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч бусдад нийт 7.130.000 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Ц.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2017.04.17-ны өдөр 12 цагийн үед би хажуу айлынхаа Ц.Гг гэрээ харуулж орхичихоод эхнэртэйгээ цуг сумын төв рүү явсан. ....Орой 8 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга уяад орхисон байсан ба авдар онгойсон, баруун талын орны дээр өлгөөтэй байсан хазаарнууд уначихсан, хоолны шкаф онгойлгочихсон байсан. Тэгээд манайхаас мөнгөн хазаар, суран хазаар эмээл яргай ташуур, хулсан хусуур алга болсон байсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017.04.10-ны өглөө Улаанбаатар хот Баянгол дүүргийн 23-р хороонд байрлах нийтийн байранд байрлах гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой гэрт байсан зарим нэг зүйл алга болсон байсан. Делл маркийн иж бүрэн компьютер дотор нь хүчийг нь нэмж хард диск, дисплей карт тэжээлийн блок, 2 гигабайттай программ зэргийг нэмж хийсэн болохоор үнэ нь өссөн. Цахилгаантай хар өнгийн гар цүнх, цахим үнэмлэх, Голомт банкны 2 ширхэг карт зэрэг алга болсон байсныг буцааж авсан. Одоо би компьютерийн үнэ болох 500 000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017.09.18-ны өдөр туслах малчин Гг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багт байрлах гэртээ үлдээгээд сум ороод үдээс хойш нь гэртээ иртэл туслах малчин Гминий шинэ мотоциклийг хулгайлж унаад алга болчихсон байсан. ..... Хэд хоногийн дараа Жаавай гэдэг хүнд мотоциклио зарагдсаныг мэдээд очиж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017.09.25-ны өдөр Сайншанд сумын төвд өөрийн Super Benny маркийн мотоцикльтой явж байгаад саахалт айлд мал маллаж байсан зүс таних залуутай таарсан. Тэр залуу та хөдөө явах бол би таньтай цуг хөдөө явъя гэсэн. Тэгээд би тэр залууд мотоциклио бариулаад өөрөө ард нь сундлаад явж байсан юм. Би 2-58 айлын гадна очиод эгчийнхээрээ ороод шатахууны мөнгө аваад гараад ирэхэд тэр залуу мотоциклийг унаад алга болсон байсан. ....Миний мотоциклийг Айраг суманд айлын гадаа орхиод явсан байхад нь очих авсан. Одоо надад нэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017.09.26-ны өглөө...Айраг сумаас 3600 төгрөгөөр бензин хийж өгөөд Айраг цахилгаан дэд станцын овоон дээр нэг гүүтэй айлд орж архи уусан. Архиа ууж дуусгачихаад нөгөө хүүтэй гараад байж байтал нөгөө хүү “манай ахын гэр рүү явъя би танд хонь олж өгнө гээд хэлэхээр нь итгээд байж байтал миний мопедыг булаагаад зугтаачихсан...би өөрийн алдсан мопедоо 4 хоногийн дараа Сайншандын цагдаагаас очиж бүрэн бүтнээр нь хүлээж авсан” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр орой 18 цагийн үед морьтой хүүхэд манайд ирсэн. Манайд ирээд унаж байгаа морио эмээл хазаартай нь зарна гэсэн. Тэгээд би хазаарыг нь сонирхоод тэр хүүхэд хазаараа 200.000 төгрөгөөр зарна гэхэд нь би 150.000 төгрөгөөр өгчих гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхдэд би бэлнээр 150.000 төгрөг өгөөд мөнгөн хазаарыг нь авсан, бусад зүйлийг би аваагүй. Хүрэн дээлтэй, 170 см орчим өндөртэй, шар царайтай 20 гаран настай хүүхэд байсан... Надад мөнгөн хазаар авсан 150.000 төгрөгөө Гнь буцааж өгсөн тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Э.Тийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: 2017.09.18-ны өдөр гэртээ байхад зүс таних У гэх залуу нэг танихгүй залуутай ирээд улаан өнгийн мотоцикль уначихсан ирээд мотоцикль авах хүн байна уу хямдхан зарна гэсэн. Тэгэхээр нь хэдээр зарах вэ гэхэд 800 000 гэсэн. Тэгэхээр нь би бэлэн 500 000 төгрөг байна. Үлдэгдлийг нь яах уу гэтэл та барьж байгаа утсаа өгчих гээд миний барьж байсан 2 сим ордог Гранд маркийн гар утсыг аваад явсан. Тэрнээс хойш 10 хоногийн дараа хулгайн мотоцикль гэдгийг мэдээд цагдаад хураалгасан. Одоо би тэр хүнээс 500000 төгрөг, гар утасны үнэ 100000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Айраг сумын 4-р багийн иргэн. 2017.09.26-ны өдөр О манай гэрт нэг үл таних залуутай хамт улаан өнгийн банкийг нь сольж тавьсан мотоцикльтой ирсэн. Ямар ажлаар явааг нь асуухад энэ мотоциклийг зарах гэсэн юм гэсэн. Тэгээд би тэр мотоциклийг тэр залуугаас 200000 төгрөгөөр худалдаж авсан. Хэд хоногийн дараа хулгайн мотоцикль гэдгийг мэдсэн. Одоо би Ггаас 200 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хавар 3,4 сард байх Баянгол дүүргийн нутагт дэвсгэр болох Модны 2-т байрлах Нийгмийн даатгалын байранд засвар хийж байхад 3 залуу орж ирээд компьютер зарна авах уу гэхээр нь наадах чинь хулгайн юм биш үү гэж асуухад. Үгүй тийм юм байхгүй 50000 төгрөгөөр зарна гэсэн. Надад задгай 10000 төгрөг байгаагүй учир 60000 төгрөөр авсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б надад төв орох ажилтай болчихлоо Гг манайд нэг өдөр мал харуулаад орхичих хэрэгтэй байна гэсэн. Гд хэлтэл зөвшөөрсөн. Тэгээд Гтэдний гэрийг хараад үлдсэн. Дараа нь Б манай гэрээс мөнгөн хазаар ташуур зэрэг эд зүйл алга болсон Гмөн байхгүй байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017.04.17-ны 18 цагийн үед хүрэн морьтой хар хөх өнгийн дээлтэй 30 орчим насны залуу ирээд мэнд ус мэдчихээд хүрэн морио мөнгөн хазаартай нь зармаар байна гэсэн. Хэдээр зарах вэ гэхэд 1 саяаас яриад зарна гэж байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017.04.17-ны орой манайд морьтой залуу ирээд унаж яваа морио эмээл хазаартай нь 1 саяд зарна гэхэд манай хадам аав авахгүй гээд гаргасан. Тэгээд саахалт айлуудаар ороод явсан байсан. Маргааш нь Олимпын урд замын хажууд эмээл хазаар ташуур хэвтэж байхыг олсон. Олоод Лүнгийн төвд цагдаад аваачиж өгсөн гэсэн мэдүүлэг,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 20/
Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 22/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Гнь 2017 оны 04 дүгээр 10-ны өдөр Б... тоотод оршин суух иргэн Х.Тгийн орон байранд нэвтэрч 700.000 төгрөгний эд зүйлийг,
2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр .... гэх газар оршин суух иргэн Б.Бгийн гэрээс 2.730.000 төгрөгний эд зүйлийг,
2017 оны 09 дугээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ...гэх газар нутаглах иргэн Д.Оы эзэмшлийн 1800.000 төгрөгний мотоциклийг,
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн ...айлын байрны гадна байрлуулан тавьсан байсан иргэн Ж.Гын эззмшлийн 600.000 төгрөгний мотоциклийг тус тус хулгайлан авсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Тгийн “...2017.04.09-ний өдөр...Гнамайг эргүүлээ хийж байх хооронд миний өмдний карманд байсан түлхүүрнээс нэгийг нь хулгайлж авч явж гэрээс эд зүйлс хулгайлсан байсан. Би мөнгөн кулон,түрийвч,цахим үнэмлэх,голомт банкны карт зэрэг эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо компюьтерийнхээ мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн “2017.04.17-ны өдөр 12 цагийн үед би хажуу айлынхаа Ц.Гг гэрээ харуулж орхичихоод эхнэртэйгээ цуг сумын төв рүү явсан. ....Орой 8 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга уяад орхисон байсан ба ...манайхаас мөнгөн хазаар, суран хазаар эмээл яргай ташуур, хулсан хусуур алга болсон байсан гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Оы “...2017.04.18-ны өдөр гэр бүлийнхээ хамт сумын төв орохоор явсан хойгуур туслах малчин Гминий шинэ авсан мотоциклийг хулгайлж унаад явсан байсан...мотоциклио буцааж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,хохирогч Ж.Гын “...2017.09.25-ны өдөр Сайншанд сумын 2-58 айлын гадна очоод эгчийндээ орж бензины мөнгө аваад гарч ирэхэд миний мотоциклийг аваад явсан байсан гэсэн мэдүүлэг”,хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрч Г.М, Ч.Ж, Б.А, Х.Г, Н.Ч, Б.Б, Э.А, А.Н нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Т,Ц.Ц нарын мэдүүлгээр,
Мөн шүүгдэгч Ц.Гнь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Оы эзэмшлийн 1.300.000 төгрөгний мопедыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Оы “2017.09.26-ны өглөө...Айраг сумаас 3600 төгрөгөөр бензин хийж өгөөд айраг цахилгаан дэд станцын овоон дээр нэг гүүтэй айлд орж архи уусан. Архиа ууж дуусгачихаад нөгөө хүүтэй гараад байж байтал нөгөө хүү “манай ахын гэр рүү явъя би танд хонь олж өгнө гээд хэлэхээр нь итгээд байж байтал миний мопедыг булаагаад зугтаачихсан...би өөрийн алдсан мопедоо 4 хоногийн дараа Сайншандын цагдаагаас очиж бүрэн бүтнээр нь хүлээж авсан” гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Ц.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар ,хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Б.Бд 2730000 төгрөгийн , хохирогч Ц.Од 1300000 төгрөгийн , Ж.Гад 600000 төгрөгийн , Д.Од 1800000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Өт 150000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг биет байдлаар төлсөн байх тул шүүгдэгч Ц.Гг иргэний нэхэмжлэгч Б.Ө, хохирогч Ц.О, Б.Б, Ж.Г, Д.О нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Х.Тгийн нэхэмжилсэн 500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Циийн нэхэмжилсэн 200000 төгрөг, Э.Тийн нэхэмжилсэн 600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Гнь энэ хэрэгт 112 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Ггийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Г г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Гг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ггийн цагдан хоригдсон 112 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ггаас хохирогч Х.Тд 500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Цид 200000 төгрөг, Э.Төд 600000 төгрөгийг гаргуулан олгосугай.
8.Шүүгдэгч Ц.Ггаас иргэний нэхэмжлэгч Б.Ө, хохирогч Ц.О, Ж.Г, Д.О, Ц.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН