Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 12

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00696/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 15-ны өдрийн 1254 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Г.М-д холбогдох

“2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Б.Б-ээс 58.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б- миний бие П.Э- гэж 10 жилийн найзаасаа анх мөнгөний шаардлага гарч 2018 оны 01 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай 16.000.000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Үүнээсээ 2018 оны 02 сарын 18-ны өдөр 7.000.000 төгрөгийг нь, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг тус тус өгсөн. Мөн сар бүр хүүг нь тохирсон хэмжээгээр хугацаандаа өгч ирсэн. Тус зээлийн гэрээний мөнгөнөөс 5.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан бөгөөд үүнээс хойш гэрээ сунгагдаагүй, дахин шинэ гэрээ хийгдээгүй гэтэл П.Э- нь өмнөх үлдэгдэл дээр хүү тооцож, мөн дахин нэмж мөнгө зээлж байсан. Гэтэл 2020 оны 3 сараас эхлээд чиний мөнгөний тооцоо 50.000.000 төгрөг болсон одоо удахгүй өг, эсвэл байрыг чинь авна гэх зэргээр дарамтлах болсон. 2020 оны 04 сарын 23-ны өдөр чи манай нөхөр Г.М-тай 50.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн гэж зээлийн гэрээг шахалтаар хийсэн.

Иймд бодит байдал дээр П.Э- бид хоёрын хооронд үүссэн харилцааг Г.М-ын нэр дээр гэрээ болгож хүч хэрэглэж, хууран мэхэлж хийсэн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Өмнөх зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг үлдсэн байсан.

2018 оны 11 сарын 30-ны өдөр Г.М- миний эзэмшлийн хаан банк дахь 5108081777 тоот данснаас Б.Б-ийн хаан банк дахь 5055159379 тоот данс руу 10.000.000 төгрөг бэлэн бусаар шилжүүлж уг 10 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг Б.Б-тэй хамт ажилладаг А- гэдэг лам залуу зээлж авсан юм. Б.Б- нь машин авах гээд хүнээс 20 сая төгрөг зээлсэн чинь нэхээд байна, чи мөнгө олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь манай эхнэр П.Э- 2020 оны 09 сарын 20-ны өдөр өөрийн танил Ч- гэдэг эмэгтэйгээс 20 сая төгрөг зээлж, Б.Б-д мөнгө зээлдүүлсэн, Мичид салоны эзэн Ц- гэдэг эмэгтэйд бэлнээр аваачиж өгсөн. 2019 оны 09 сарын 27-ны өдөр Голомт банкнаас 140 сая төгрөгийн бизнесийн зээл авч 9 сарын 28-ны өдөр 37.000.000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн.

Банкнаас зээл авахаар хөөцөлдөж байхад О-, А-, лам А-, Б.Б- нар хамт явж байсан тул энэ хүмүүс Б.Б- биднээс 37 сая төгрөг авсныг мэдэж байгаа болно. Б.Б- нь 2020 оны 02 сарыг дуустал 5 хувийн хүү 2.500.000 төгрөгийг Голомт банк дахь 4305127197 тоот дансанд бэлэн бусаар төлж байгаад 2020 оны 3 сард 1.750.000 төгрөг төлж үндсэн зээл төлөх хугацаа болоход би короно вирус гараад орлогогүй болчихлоо мөнгийг чинь төлж чадахгүй гэхэд нь бид хоёр тэгвэл нотариатаар орж гэрээ хийе гэхэд Б.Б- зөвшөөрч бид хамт нотариат орж 50.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сар тутам 4 хувийн хүүтэй зээлсэн гэрээ хийсэн. Гэтэл Б.Б- нь сүүлд бэлнээр авсан 37.000.000 төгрөгийг бэлнээр авсан баримт үйлдээгүйг далимдуулж аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж 50.000.000 төгрөг зээлсэн гэрээг хүчингүй болгуулахаар биднийг гүжирдэж луйвар хийх гэж байгаад бид маш их гомдолтой байна.

Б.Б- нь зээлийн гэрээг нөхөж хийсэн, мөнгийг бэлнээр авснаа далимдуулж Г.М- нараас зээлсэн мөнгөө төлөхгүйн тулд заль мэх гаргаж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан маш их гомдолтой байгаа тул би сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Нэхэмжлэгч Г.М- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урьд зээлсэн 16 сая төгрөгөөс 5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Урьдах зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг дээр 2018 оны 11 сарын 30-ны өдөр дансаар бэлэн бусаар авсан 8 сая төгрөг, 2019 оны 09 сарын 28-ны өдөр бэлнээр авсан 37.000.000 төгрөг энэ бүгд нийлээд 50 сая төгрөг болсныг энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрч нотариатаар орж гэрээ хийсэн юм. Миний зүгээс Б.Б-ийг дарамталсан, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Б.Б- тооцоо хийгээд хоёр тал хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн юм. Б.Б- нь биднээс 50 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн утасны ярианы бичлэг, өөрийнх нь бичсэн мессеж, мөнгө авсныг гэрчлэх гэрчүүд, банкны дансны хуулга байгаа тул энэ бүхнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно.

Б.Б-ээс зээлдүүлсэн 50.000.000 төгрөг дээр зээлийн гэрээний дагуу 2020 оны 4,5,6,7 сарын хүү 50.000.000 төгрөгөөс сар тутам 4 хувиар тооцож 8.000.000 төгрөг, нийт 58.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Г.М-тай ямар ч зээлийн гэрээний үүргийн харилцаанд ороогүй, Г.М-аас нэг ч төгрөг зээлж авч байгаагүй. Харин түүний эхнэр П.Э-тай тодорхой хугацаанд хүүтэй болон хүүгүй байдлаар зээлийн гэрээ байгуулж, мөн аман гэрээгээр мөнгө зээлж авч байсан. Би тус зээлсэн мөнгөө цаг тухайд нь төлсөөр нийтдээ 28.139.000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Тиймээс Г.М-тай ямар ч зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй учир ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хариуцагч Г.М- сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй Г.М-ын нэхэмжлэлд дурдсан нэр бүхий хүмүүс энэ мөнгөний асуудалд ямар ч хамааралгүй. Мичид салоны эзэн гэх Ц- гэх эмэгтэй мөнгөнд ямар ч хамааралгүй хүн юм. Харин Ц- гэдэг эмэгтэй дээр П.Э- биеэрээ очиж ... чи 20 сая төгрөг Ц-ээс авсан гээд гэрчлээд өгөөч, би чамд мөнгө өгье гэж хэлсэн гэж сонссон. П.Э- намайг өөрийн нөхөр болох Г.М-тай нотариатаар 50.000.000 төгрөг зээлсэн мэт гэрээ хийлгэсэн. Тиймээс миний бие тус хуурамч, шахалт дарамтад оруулж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Уг гэрээнд 50 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байдаг. Гэтэл бодит байдал дээр уг гэрээ байгуулагдаагүй байдаг. Тухайн өдөр нэг тал нь 50 сая төгрөг бэлнээр болон бэлэн бусаар өгөөгүй, нөгөө тал авсан зүйл байдаггүй. Харин 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Б- Э-тай 16 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцон гэрээ хийсэн байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш Э-тай тооцооны асуудал бол байгаа. Энийг хүлээн зөвшөөрч байгаа. Г.М-аас бол нэг ч төгрөг аваагүй. Гэтэл хариуцагч тал 2020 оны 03 дугаар сараас эхлэн үлдэгдэл мөнгө 50 сая төгрөг болсон гэх яриа яригдаж, Г.М- гэх хүн энэ харилцаанд оролцсон. Зээлсэн мөнгөө өг, өгөхгүй бол байрыг чинь авна, машиныг чинь авна, гэрээс чинь гарахгүй гэх мэтээр дарамт шахалт үзүүлсэн.

Гэтэл тухайн үед зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйл хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, 60 дугаар зүйл хүч хэрэглэж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байх тул 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тодорхой бус байна. Хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцэл гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж харж байна.

Хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 23 өдрөө энэ 50 сая төгрөгийг өгөөгүй гэдгээ өөрөө хэлдэг. 50 сая төгрөг нь урд авсан мөнгө. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Э-гийн Б-д зээлсэн 16 сая төгрөгийн үлдэгдэл мөнгө 5 сая төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М-ын эзэмшлийн данснаас Б-ийн данс руу шилжүүлсэн 10 сая төгрөг, үүнээс А- ламын авсан 2 сая төгрөгийг хасаад үлдсэн 8 сая төгрөг энэ бүгд нийлээд 13 сая төгрөг болж байгаа юм. Г.М- Э- нар нь Голомт банкнаас 140 сая төгрөгийн зээл аваад 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 37 сая төгрөгийг Б-д бэлнээр авчирч өгсөн. Энэ бүгд нийлээд 50 сая төгрөг болж байгаа юм.

Өмнөх зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг, Г.М-ын данснаас шилжүүлсэн 10 сая төгрөгийн 8 сая төгрөг, сүүлд бэлнээр авсан 37 сая төгрөг нийт 50 сая төгрөг болж байгаа юм. Үүнийг нотлох баримт болох 2-3 удаа утсаар ярьсан бичлэг байгаа. Нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Уг бичлэгт 20 сая төгрөг өгнө. Үлдсэн 30 сая төгрөгийг цувуулаад төлнө гэх яриа бичигдсэн байгаа.  Дээрээс нь 50 сая төгрөг дээрээ хүү төлөөд явж байсан талаарх баримт, О- гэх хүний том ууттай мөнгө М- Б- руу бариад орсон гэх мэдүүлэг байгаа.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1254 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Г.М- нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.М-ын нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан 58.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448.000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- давж заалдсан гомдолдоо:

             З.Э- миний бие Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1254 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Шүүх шийдвэрийнхээ “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсгийг баримтлан Б.Б-, Г.М- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хуулийн энэ заалтыг хэрэглэсэн үндэслэлээ шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт дараах байдлаар тодорхойлсон байна. “Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээгээр зээлийн төлбөр 50 сая төгрөгийг шилжүүлээгүй гэдэгт хэн аль нь маргаагүй бөгөөд өмнө байгуулсан гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж нэхэмжлэгч Б.Б- түүний гэр бүлийнхэнд дарамт шахалт үзүүлж байсан тул энэ байдлаас түр ч гэсэн гарч тайван амьдрах зорилгоор гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан гэж тайлбар гаргаж “хэлцэл хийгч нэг талыг нөгөө тал хүч хэрэглэхээр заналхийлсэн хэлцэл хийлгэсэн байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй бөгөөд Цагдаагийн газар хоёр удаа дуудлага өгч тэмдэглүүлсэн байдал нь хүч хэрэглэсэн гэдгийг нотлох баримт биш юм. Хариуцагчийн зүгээс бодитой хүч хэрэглэсэн асуудал байсан бол Цагдаагийн газар энэ асуудлыг шалгаад мэдүүлэг авсан, хууль тогтоомжид заасан хариуцлага тооцсон байх ёстой.

Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа: “ Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан “аюул учруулна гэж итгүүлж үнэмшүүлснийг” гэдэгт тухайн аюул учирч болзошгүй, бодит заналхийлэл байгаа нь тодорхой үйлдэл болон эс үйлдэхүйгээр илэрхийлэгдсэн байхыг анхааран үзнэ. гэж тайлбарлажээ. Гэтэл анхан шатны шүүх зохиогчдын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 60.2-т заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцохдоо үндэслэл болгосон нотлох баримтууд дотор нэхэмжлэгч талд хариуцагч талаас заналхийлж хүч хэрэглэсэн үйлдэл эс үйлдэхүй байгаа нь тогтоогдоогүй байхад шүүх дээрх баримтуудад өрөөсгөл үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй талаар:

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар үнэлсэн гэж үзэхээр дараах үндэслэлүүд байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт хийсэн дүгнэлтдээ: “ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... хариуцагч Г.М-, Л.Э- нар гэр бүл болоод 23 жил болж байна данс тооцоо нэг байдаг, арилжааны банкан дахь харилцах дансыг хамтран эзэмшдэг, энэ нь тэдний дундын хөрөнгө тул хэн ал нь шаардах эрхтэй гэж тайлбар гаргаж, хэрэгт нотлох баримтаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хаан, Голомт, Төрийн банкний дансыг хамтран эзэмшдэг гэсэн тодорхойлолт ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч П.Э- энэ талаар давхар тайлбар гаргаж мэдүүлсэн болно.

Гэвч хариуцагч Г.М- нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б-, П.Э- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг болон 2020 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр П.Э- өөрийн танил Ч- гэдэг эмэгтэйгээс 20 сая төгрөг зээлж Б.Б-д өгсөн гэсэн зээлийн төлбөр, 37 сая төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн гэсэн зээлийн төлбөрийг шаардах эрхгүй байна” гэж дүгнэжээ.

Гэтэл Г.М- сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлд нэхэмжлэгч Б.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 50 сая төгрөг зээлсэн гэрээ хийхдээ түүний эхнэр П.Э-гаас 2018 оны 1 дүгээр 11-ний өдөр зээлсэн 16 сая төгрөгийн үлдэгдэл 5 сая төгрөг, Г.М-ын эзэмшлийн Хаан банкан дахь 5108081777 тоот данснаас Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкан дахь 5055159379 тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлэн бусаар шилжүүлсэн 10 сая төгрөгөөс лам Аззаяагийн авсан 2 сая төгрөгийг хасч үлдэх 8 сая төгрөг, 2019 оны 9 сарын 28-ны өдөр Б.Б-д бэлнээр тоолж өгсөн 37 сая төгрөг нийт 50 сая төгрөгийг нийтэд нь тооцож Б.Б- үүнийг нь зөвшөөрсний үндсэн Дээр 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээг нөхөн хийсэн талаар тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гаргаснаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан: “ Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэсэн заалтыг үндэслэн шүүх хуралдаан дээр тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 50 сая төгрөгийг Б.Б- нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн баримт буюу зээлийн гэрээ нь урьд нь нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчилж байгаа баримт гэж тайлбарлаж байхад шүүх энэ баримтад өрөөсгөл дүгнэлт хийж гэрээний зүйл болж буй 50 сая төгрөгийг бүгдийг нь П.Э-тай үүссэн зээл мэтээр дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулж зөвхөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хоёр зээлийн гэрээ нэхэмжлэгч Б.Б-ийн нөхөр Ш.Б-, түүний хүү Б.С- нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Б.Б- нь 2019 оны 9 сарын 28-ны өдөр бэлэн авсан 37 сая төгрөгийг авахдаа баримт үйлдээгүйг далимдуулж Г.М-аас хэдэн төгрөг авснаа санахгүй байна гэсэн мэдүүлэг өгдөг боловч энэ мөнгийг авсан гэдгийг нотлох гэрч П.Э-гийн мэдүүлэг, 2 ширхэг утасны ярианы СД бичлэг, хавтаст хэргийн 63 талд авагдсан Б.Б-ийн ХХБ-ний дипозит дансны хулгаас харахад 2019 оны 10 сарын 23-аас эхлэн сар тутам 2.500.000 төгрөгийг хүү гэдэг нэрээр Г.М-, П.Э- нарын хамтран эзэмшдэг данс руу шилжүүлж байсан, Г.М-аас бэлэн 37 сая төгрөг авсан өдрөө “Нөр-их ломбарданд бэлэн мөнгөөр өрөө төлсөн баримт зэргээр нотлогдож байхад шүүх энэ баримтуудад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Шүүх хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн СД бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн мөртөө хариуцагч талаас гаргаж өгсөн хоёр ширхэг СД бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй орхисон нь ойлгомжгүй уг бичлэгийг шүүх хуралдаан дээр сонсгоход нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй болно. Гэтэл шүүх энэ талаар шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт хийсэн дүгнэлтдээ: “Хэдийгээр хариуцагч Г.М-, П.Э- нар нь гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдож байх боловч түүнийг төлөөлөн шаардах эрхийг олж авсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Г.М-д холбогдуулж  талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү гэрээгээр зээлдэгч Б.Б- зээлдүүлэгч Г.М-аас 50.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн 50.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр хүлээлгэн өгч, гэрээний хугацаа дуусахад бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Г.Б- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх гэрээгээр зээлдүүлэгч Г.М-аас нэг ч төгрөг бэлнээр аваагүй, түүний эхнэр П.Э-гаас 2018 онд 16.000.000 төгрөг зээлсэн бөгөөд түүний үлдэгдэл тооцоо байсныг Г.М- далимдуулж, өмнөх зээлийн хүүгийн тооцоо их хэмжээний хүү төлөх ёстой гэж гэр оронд маань ирж, янз бүрээр дарамталж, айлган сүрдүүлж байгаад тэрхүү гэрээг нөхөж байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ болно гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Г.М-  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх гэрээгээр нэг ч төгрөг зээлдүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, эхнэр П.Э-тай хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл тооцоо, мөн надаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгүйгээр дансаар шилжүүлж, зээлж авсан 10.000.000 төгрөгийн тооцоо, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр гэрээгүйгээр зээлдүүлсэн 37.000.000 төгрөгийн тооцооны үлдэгдэл нийт 50.000.000 төгрөг болсон тул өөрөө хүлээн зөвшөөрч, нотариат дээр очиж гэрээ хийсэн тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч Г.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг ямар нэгэн хууль болон нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгуулаагүй өмнөх зээлүүдийн тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан гэрээ бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасантай нийцсэн гэрээ гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Г.М- нэхэмжлэгч Б.Б- П.Э- нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 16.000.000 төгрөгийн үлдэгдэл тооцоо 5.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр дансаар зээлж авсан 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 8.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр зээлж авсан 37.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийн 4 сарын хүү 8.000.000 төгрөг, нийт 58.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Г.М-ын эхнэр П.Э- нарын хооронд 2018 оны 01 дүгээр сараас зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөг үлдсэн, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй байх бөгөөд 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.М-ын эзэмшдэг ХААН банк дахь  данснаас  Б.Б-ийн эзэмшлийн данс руу 10.000.000 төгрөг зээл хэлбэрээр шилжүүлсэн ба үлдэгдэл 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б- үгүйсгээгүй байна.

Харин 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр талуудын хооронд бэлнээр өгч, авалцсан 37.000.000 төгрөгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хөндлөнгийн гэрч болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй болно.

Дээрх зээлийн харилцааны үлдэгдэл төлбөр дээр маргаан үүсч, хариуцагч Г.М- эхнэр П.Э-гийн хамт, мөн П.Э-гийн ээж, дүү нь нэхэмжлэгч Б.Б-ийн гэрт удаа дараа очиж, хэрүүл маргаан үүсгэж, нэхэмжлэгчийг хүчээр хэлцэл хийхэд хүргэж байсан болох нь гэрч Б.С-, Ш.Б- нарын мэдүүлэг, хэрүүл маргааны улмаас аймгийн Цагдаагийн газарт тэмдэглэгдсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, хэрэгт авагдсан СД бичлэгүүд, хэргийн 28-29 дүгээр талд авагдсан цахим бичвэрүүд зэргээр хэлцэл хийгч нэг талыг нөгөө тал нь хүч хэрэглэхээр заналхийлж байсан болох нь нотлогдож байна.

Аливаа хэлцэл нь талуудын хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргах эрх бөгөөд Иргэний хуулийн 60 дугаар зүйлд тодорхойлсон хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэдэг нь хэлцэл хийгч этгээдэд дээрх хүсэл зоригийн эсрэг хэлцэл хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн байхыг ойлгоно.

Хариуцагч Г.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх гэрээг өмнө үүссэн үүргийн харилцааг баталгаажуулсан гэрээ гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн зохицуулалт нь урьд өмнө үүссэн үүрэг гүйцэтгэхээр  амлалт авч, хүлээн зөвшөөрч, нэг тал үүрэг хүлээх гэрээ юм.

Энэ нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр үүрэг гүйцэтгэхээр амлах,эсхүл төлбөр гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ”Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй”, 60.2-т “Хэлцэл хийгч тгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учруулна гэж итгэж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б- хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Г.М- нь нэхэмжлэгч Б.Б-, П.Э- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж тус тус зааснаар хариуцагч Г.М-д П.Э-гаас хуульд заасан эрх олгогдоогүй байхад дээрх хэлцлийг байгуулсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Г.М- нь өөрийн эхнэр П.Э-тай хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл тооцоо, Г.М-аас өөрөөс нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгүйгээр дансаар шилжүүлж, зээлж авсан 10.000.000 төгрөгийн тооцоо, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр гэрээгүйгээр зээлдүүлсэн 37.000.000 төгрөгийн тооцооны үлдэгдэл нийт 50.000.000 төгрөг, түүний сүүлийн гэрээгээр тохирсон хүү 8.000.000 төгрөг нийт 58.000.000 төгрөгийг Б.Б-ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, шаарджээ.

Анхан шатны шүүх  Б.Б-, П.Э- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр зээлдүүлсэн 37.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийн үүрэг нь зөвхөн гэрээнд оролцогч этгээдүүдэд хамааралтай, хэдийгээр хариуцагч Г.М-, П.Э- нар гэр бүлийн гишүүд мөн боловч дээрх зээлийн төлбөрүүдийг шаардах эрх шилжүүлж авсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу үнэлж, буруу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн нэг үндэслэл болох Г.М-ын Б.Б-д дансаар шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Учир нь Г.М- банкны дансаар шилжүүлсэн 10.000.000 төгрөгөөс бусдад холбогдох 2.000.000 төгрөгийг хасч,үлдэх 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд   хэргийн 26 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.М-ын эзэмшлийн данснаас 10.000.000 төгрөг 6 хувийн зээл хэлбэрээр нэхэмжлэгч Б.Б-ийн эзэмшлийн дансанд шилжсэн болох нь нотлогдох ба нэхэмжлэгч Б.Б- энэ талаар үгүйсгэж мэтгэлцээгүй болно. Нэхэмжлэгч Б.Б- 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19 хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн данснаас П.Э-гийн Голомт банк дахь эзэмшлийн данс руу 16.750.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 165-172 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Г.М- дээрх төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн 37.000.000 сая төгрөгийн хүүгийн төлбөр гэж тайлбарладаг, нэхэмжлэгч Б.Б- урьд хэрхэн үүссэн, ямар үүргийн харилцаатай холбоотой төлбөр төлж байсан талаар тодорхойлж, мэтгэлцээгүй болохыг дурдаж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 8.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ хэргийн оролцогчийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст цаашид эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг нь хязгаарласан байх бөгөөд шийдвэрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь П.Э-тай өмнө үүссэн үүргийн талаар шүүхэд  тайлбар гаргадаг, энэ талаар маргаагүй тул П.Э-гийн цаашид шүүхэд хандаж, эрхээ хэрэгжүүлэхэд энэ магадлал хамааралгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрт өөрчлөлт оруулсан хэмжээгээр суутган тооцож, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1254 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

2 дугаар заалтын  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.М-ын нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан 58.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс 8.000.000 төгрөг төгрөг гаргуулж, хариуцагч Г.М-д олгож, үлдэх 50.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг  хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дугаар заалтын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг

“Хариуцагч Г.М-аас ...265.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.М-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                         

 

 

                                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                           ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                                                                           Л.АМАРСАНАА