Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/08523/и |
Дугаар | 001/ХТ2016/01192 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2016/01192
“Ананд инвестмент партнер ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00014 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1380 дугаар магадлалтай,
“Ананд инвестмент партнер ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 205.584.657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нар шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Ананд инвестмент партнер” ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2014/05 тоот Барьцаат зээлийн гэрээ, 2014/05-01 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, 11-292054 тоот барьцаалбарыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэн, 120.000.000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл О.Цолмонбаатар хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Гэрэлцэцэг нарт зээлдүүлсэн. Зээлдэгч О.Цолмонбаатарын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээг нэмэлт өөрчлөлтөөр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд талууд гарын үсэг зурж нотариатчаар батлуулсан. Дээр дурдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл, зээлийн хүүгийн төлөгдөх өдрийн дараах өдрөөс эхлэн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. Иймд төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр болох 120.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр болох 44.160.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.424.657 төгрөг нийт 205.584.657 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: "Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК-д өөрсдийн амьдарч байгаа 284.050.000 төгрөгийн үнэ бүхий байрыг барьцаалж, 2014 оны 10 сарын 10-ны өдөр 4 хувийн хүүтэй 120.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд эргэн төлөлтийн хугацаанд зээлийн хүүг төлсөөр мөн нэг удаа зээлийн хугацааг сунгуулан, нийт зээлийн хүү 43.680.000 төгрөг, зээлийн шимтгэл 1.920.000 төгрөг төлсөн. Үүнээс хойшхи хугацаанд бололцоо муу болж эргэн төлөлт, xүүгээ төлөхөд хүндрэл гарсан учир зээлдүүлэгчид 2015 оны 10 сард зээлийн гэрээг цуцалж, шүүхэд хандахыг хүссэн боловч шүүхэд хандалгүй хүү болон нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар өсгөж барьцааны зүйл орон сууцны үнэнд зохиомлоор хүргэх, байрыг хүчээр хураах гэсэн зорилго агуулж, 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 4 cap хүртэл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг хэт өсгөн бодож зээлдэгч биднийг хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2 3 5.2.10 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч гэрээг цуцалж шүүхэд хандан хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох бүрэн боломжтой байсан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр өсгөж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 тушаалаар баталсан банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж, нэмэгдүүлсэн хүүг 507.76 хувиар бодсон байна. Дээрх журмын 13.9-д Иргэний хууль, мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын 21, 22 дугаар зүйлд заасныг зөрчиж, үндсэн зээлийн төлөх хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү бодсон. Нэхэмжлэгч байгууллага нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр өсгөж нэхэмжилж байгааг хуулийн дагуу үнэн зөв бодож, бидэнд зээлээ төлөх боломжийг олгоно уу гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00014 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нараас 171.892.602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ананд Инвестмент партнер ББСБ" ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 33.692.055 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Ананд Инвестмент партнер ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.185.875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.017.413 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ананд Инвестмент партнер ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1380 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00014 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “171.892.602 төгрөгийг” гэснийг “170.080.000 төгрөгийг” гэж, “33.692.055 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “35.504.657 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтын “1.017.413 төгрөгийг” гэснийг “1.008.350 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О.Цолмонбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хүү 24.640.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.740.602 төгрөгийг төлөхгүй байх үндэслэлгүй гэж үзсэн байна.
1. Дараах үндэслэлүүдээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоож энэ хэмжээний хүү болон нэмэгд хүү бодохгүй байсан. Үүнд: Барьцаат зээлийн гэрээнд дараах нөхцөлд гэрээг цуцална гэж заасан:
5.2.1-т Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 7 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн.
5.2.2-т Хөдөлмөрийн чадвараа алдсан. “Н.Гэрэлцэцэг нь 2015 оны 8 сарын 17-нд бие гэнэт муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж, 8 сарын 28 нд амаржиж хүүхдээ алдаад. өөрөө эрчимт эмчилгээнд шилжиж, 10 сарын 10 хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн заавартай бөгөөд тухайн хугацаа нь энэ заалтанд хамаарагдаж байгаа” юм.
5.2.3-т Зээлдэгчийн үйл ажиллагаа, түүний үйл явц, үр дүнд өөрчлөлт орсноос зээлийг эргүүлэн төлөх найдваргүй болсон.
5.2.10-т Мэдэгдэлд заасан хугацаа дууссан эдгээр заалт болон “ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын 4.4-р зүйлд зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд шаардлагатай гэж үзвэл зээлийг буцаан төлөх хугацаа дууссанаас хойш, аль болох богино хугацаанд шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлнэ гэж заасныг Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Дээрх үндэслэлүүдээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох байтал зээлийн хэмжээг өсгөн байрны үнэнд хүргэх гэсэн санаа агуулсан гэж үзэж байна. Иймээс 2015 оны 11 дүгээр сарын 10 сар хүртэлх хүү 19.520.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 992.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.
2. Иргэний хуулийн 282.2 зааснаар зээлийн хүүг багасган шийдвэрлэж өгнө үү.
3. Иргэний хуулийн 281.3-р зүйлд Зээлийн гэрээ хариу төлбөргүй байна гэсэн заалтыг Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн байдаг. Зээлийн гэрээний төлбөрт 1.920.000 төгрөг төлөгдсөнийг зээлийн хүүний үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү.
Зөрүү дүн болох хүү 24.640.000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 6.740.602 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Зээлийн гэрээний төлбөр 1.920.000 төгрөгийг буцаан олгох буюу зээлийн үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү. Өссөн дүнгээр нэхэмжилж байгааг хуулийн дагуу үнэн зөв бодуулан, бидэнд төлж, байраа барьцаанаас суллан, өөрийн байрандаа амьдрах боломжийг олгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулжээ.
Нэхэмжлэгч “Ананд инвестмент партнер ББСБ” ХХК нь хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарт холбогдуулан зээл 120.000.000 төгрөг, хүү 44.160.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.424.657 төгрөг нийт 205.584.657 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өсгөн тооцсон ...” гэж тайлбар гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 120.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон ба зээлийг хүлээн авч, 43.680.000 төгрөг буцаан төлсөн, энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 120.000.000 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 44.160.000 төгрөг гаргуулахаар дүгнэсэн нь зөв, харин нэмэгдүүлсэн хүүг буруу тооцжээ.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, нэхэмжлэлээс 170.080.000 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
Хариуцагч нь шимтгэлд төлсөн 1.920.000 төгрөгийг зээлийн хүүгээс хасах талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүй бөгөөд талуудын гэрээгээр тохиролцсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан байх тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1380 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр төлсөн 314.853 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ