| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/03150/И |
| Дугаар | 102/ШШ2022/03166 |
| Огноо | 2022-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/03166
| 2022 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2022/03166 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, давхарт байрлах, У ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, \ тоотод оршин суух, А ургийн овогтой Жийн Ц /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 63,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ж.Цд холбогдуулан 63,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Манай компани нь Ж.Цтай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №С-2019/00115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу Баянгол дүүрэг 7 дугаар хороо тоот 78.8 м.кв 3 өрөө орон сууцыг нийт 157,600,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Талуудын тохиролцооны дагуу хариуцагч нь урьдчилгаа болгон 60,000,000 төгрөгийг бэлнээр, 97,600,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд банк бус санхүүгийн байгууллага 3 жилийн хугацаатай зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний 3.1-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаанд 157,600,000 төгрөгийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээс 90,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж 67,600,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Ийнхүү хариуцагч нь орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээний 3.1-т заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгч компанийг хохироосоор байсан тул нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/00018 тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-т заасны дагуу хариуцагч нь 67,600,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах гэрээгээр төлбөл зохих нийт үнийн дүн 67,600,000 төгрөгөөс 25,140,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж, зохих ёсоор гүйцэтгээгүй 42,460,000 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.2-т төлбөр төлөгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх төлбөр барагдуулах гэрээний хуваарьт үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрэлтэд нийт 22,800,000 төгрөгийн алданги, төлбөр барагдуулах гэрээний 2.3-д үндсэн гэрээ буюу талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С-2019/00115 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.5 дугаар заалтад хугацаандаа төлөөгүй төлбөрийн хугацаа хэтэрсэн алдангийг үл маргах журмаар төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу төлбөр барагдуулах гэрээ байгуулах өдрийг хүртэл төлөгдөөгүй төлбөр 67,600,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн алданги 20,280,000 төгрөг, нийт 39,930,000 төгрөгийн алданги бодогдсон бөгөөд талууд гэрээгээр алдангийн дээд хэмжээг тогтоож өгөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг 42,460,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 21,230,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/00018 дугаартай төлбөр барагдуулах гэрээний 2.1, 2.2-д заасан төлөгдөөгүй төлбөр болох 42,460,000 төгрөг, 21,230,000 төгрөгийн алданги, нийт 63,690,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Ж.Ц миний бие 2010 оноос хойш БНСУ-д ирж очин зорчиж, ажил хөдөлмөр эрхлэн, амьдрал ахуйгаа авч явсаар ирсэн билээ. Миний бие У ХХК-ийн худалдан борлуулж буй Скай 2 апартмент барилгаас 78.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нийт 157,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний 3.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр У ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Харин худалдагч нь гэрээний 3.1-д заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 97,600,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Централ капитал ББСБ ХХК-иас зээлэхэд туслалцаа үзүүлнэ гэж байсан боловч уг асуудал надаас үл хамаарах шалтгаанаар бүтэмжгүй болсон. Ингээд миний бие 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус компанид төлж, үлдэгдэл 67,600,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар тус компанитай төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. 2020 оны 02 дугаар сард улсын хил хааснаас миний бие БНСАУ-д зорчих боломжгүй болсон хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ аль болох биелүүлэхийг хичээж ирсэн ба дараах байдлаар төлөлтүүд хийгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,820,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,820,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сараас 10 дугаар саруудад сар бүр 1,500,000 төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны сүүл үеэс дэлхий даяар тархсан ковид-19 өвчний улмаас Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос тогтоолууд гарч, Гамшгийн тухай хуульд заасны дагуу манай улс бүх нийтийн өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжиж, хөл хорио тогтоож, хил хаагдах зэрэг арга хэмжээнүүд авагдсанаас үүдэн миний бие Солонгос улс руу зорчиж ажиллах боломжгүй болсон бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, орлого олох боломжгүй болж, хөл хорионд байснаас үүдэж гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй болно. Улсын хэмжээнд үргэлжлүүлэн авч хэрэгжүүлсэн хөл хорио, цар тахлын улмаас миний бие БНСУ-д зорчих боломжгүй байснаас гадна Монгол улсад улсын хэвшлээс бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагаа тасалдсан жилүүдэд шинээр ажилтан авах, миний хувьд ажилд орох боломжгүй байсан болохыг анхаарч үзнэ үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол тухайн давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа сунгагдана. Энэ тохиолдолд үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тал нь бий болсон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, түүний эхэлсэн хугацаа, гэрээний үүргийн биелэлтийн байдлынн талаар холбогдох нотлох баримтыг хавсарган нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй г эж заасан. Түүнчлэн төлбөр барагдуулах гэрээ нь үндсэн гэрээний салшгүй хэсэг болохын хувьд миний бие энэхүү төлбөр барагдуулах хуваарьт хугацааг сунгах, хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа бичгээр гарган өгч байсан хэдий ч тус компани миний хүсэлтийг хүлээн аваагүй билээ. Иймд дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй алданги болох 21,230,000 төгрөгийг бууруулж өгнө үү. Харин гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 42,460,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулан болно гэжээ.
4.Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С-2019/00115 дугаар орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 10, 11/, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/00018 дугаар төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 13/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 14/, У ХХК-ийн 73 тоот албан бичиг /хх-ийн 15/, У ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот албан бичиг /хх-ийн 16/, Ж.Цы хүсэлт /хх-ийн 17/, хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-62/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ж.Цд холбогдуулан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, тоот орон сууцны төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр 42,460,000 төгрөг, алданги 21,230,000 төгрөг нийт 63,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 3дугаар хороо тоот 78.8м.кв 3 өрөө орон сууцыг 157,60,000 төгрөгөөр хадалдах, худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа 60,000,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 97,600,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл банк бус санхүүгийн байгууллагатай 3 жилийн хугацаатай зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь гэрээний 3.1-д заасан үүрэг гүйцэтгэх хугацаанд 157,600,000 төгрөг төлөхөөс 90,000,000 төгрөг төлсөн. ...Гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй учир, үлдэгдэл 67,600,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны дөр хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Энэ хугацаанд 25,140,000 төгрөг төлж, 42,460,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.2-д алданги тохиролцсон. Алдангийг гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу төлөгдөөгүй төлбөр буюу 42,600000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир 21,230,000 төгрөгийн алдангийн тооцоо гарсан. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 27-ны Төлбөр барагдуулах гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу төлөгдөөгүй төлбөр 42,460,000 төгрөг, алданги 21,230,000 төгрөг нийт 63,690,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны барилга захиалгын худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Скай апартмент барилгын 4 давхар, 30 тоот 78.8м.кв 3 өрөө орон сууцыг 157,60,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 2020 оны 03 дугаар сард төлбөрөөс 67,600,000 төгрөг үлдсэн. Үүнийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч цар тахал гарч төлбөрийг төлж чадаагүй. Гэрээний 5.1 дэх заалтад гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн улмаас аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд тухайн давтагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаанд тухайн гэрээний үүргийг нь гүйцэтгэх хугацааг сунгана гэж заасан. Үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэдгээ баримт нотолгооны хамтаар нөгөө талд маш олон удаа бичгээр өгсөн, утсаар ярьсан ч огт хүлээж авдаггүй. Гэрээнд заасан төлбөрийг үргэлжлүүлэн төлнө. Алданги их бодсон байна. Алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ж.Цтай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, тоот 78.8м.кв 3 өрөө орон сууцыг 157,60,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар, урьдчилгаа 60,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 97,600,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон байна.
7.Талууд дээрх хэлцлийг хүсэл зоригийнхоо дагуу байгуулсан талаар маргаагүй, хэлцэл хуульд заасан хэлбэрийг зөрчөөгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
9.Хариуцагч нь гэрээний дагуу 157,600,000 төгрөг төлөхөөс 90,000,000 төгрөг төлж, үлдэх 67,600,000 төгрөгийг төлөөгүй учир талууд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2020/00018 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, уг хэлцлээр үлдэгдэл төлбөр болох 67,600,000 төгрөгийг хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны дөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон байна.
10.Уг хэлцлийн 1.2-т Энэхүү төлбөр барагдуулах гэрээ нь хоёр талын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С-2019/00115 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг байна гэж тусгажээ. Иймээс Төлбөр барагдуулах гэрээ нь талуудын нь өмнө байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд үлдэгдэл төлбөрийг хуваар тогтоон төлөхөөр тохиролцсон нэмэлт өөрчлөлт болно.
11.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй шалтгаанаа 2020 онд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Гэрээний 5.1-т гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн улмаас аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд тухайн давтагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаанд тухайн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг сунгахаар тохирсон гэж тайлбарласан.
12.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн улмаас аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол тухайн давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа сунгагдана гэж, гэрээний 5.2-т Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд ...нийтийг хамарсан өвчлөлт, ... ойлгохоор тусгажээ.
13.Ковид-19 цар тахал 2020 онд гарч, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио цээр тогтоосон. Энэ үйл баримт нийтэд илэрхий тул нотлох шаардлагагүй. Хариуцагч 2020 оны 4, 5, 12 дугаар сар, 2022 оны 1, 2, 3 дугаар сарын төлөлтийг хийсэн байна. Харин 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл хугацаанд цар тахлын улмаас гэрээний хуваар сунгагдсан гэж үзэхээр байна. Мөн 2020 оны 6-10 дугаар сард төлсөн хуваарт бус хэмжээгээр төлсөн нийт 7,500,000 төгрөгийг 2022 оны 4, 5 дугаар сарын төлбөрт буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны сарын төлбөрт төлөгдсөнөөр тооцвол хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
14.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
15.Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулж, 21,230,000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй байна.
16.Иймд хариуцагч Ж.Цаас 63,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
17.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
18.Ж.Ц нь гэрээний сунгагдсан хугацаанд хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ж.Цаас 63,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР