| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/01551/И |
| Дугаар | 102/ШШ2022/03190 |
| Огноо | 2022-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/03190
| 2022 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2022/03190 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, давхарт байрлах, И ББСБ ХК /РД:6060854/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Т ургийн овогтой Дийн А /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,718,819.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагч Д.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Б.А эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,718,819.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: И ББСБ ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр В23020030507 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,709,820 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас Samsung A20 болон Samsung A20S загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкны тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 1,054,000 төгрөг төлсөн ба 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сар хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүгийн авлагаас хөнгөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа болно. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,338,242.40 төгрөг, төлөх ёстой хүү 354,099.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,478.23 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 1,718,819.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Д.А нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А нь 2020 оны 3 сард Сайн электроникс ХХК-ийн гар утас сурталчилсан хүмүүстэй таарч тэдний ятгалгад автан хямдхан утас лизингээр өгч байна гэсэн учраас лизингээр А70 утас авсан. Гэтэл гэрээ байгуулсаны дараа 250,000 төгрөг бэлнээр аваад, ирэх сараас энэ тарифийн дагуу мөнгөө төл гэсэн. Эхний жил төлөөд явж байсан. Хэт өндөр хүүтэй утас байсныг мэдээгүй. Гэтэл ковид цах тахлын хатуу хөл хорионд орж хийж байсан ажил дампуурч, хоногийн хоол авах мөнгө хүрэлцэхээ больсон. Урьд нь тархинд цус харвалт болсон байсан, өвчин хүндэрч хоёр гар мэдээгүй болсон. Хөдөлмөр эрхлэх чадваргүй болж төлбөрийн чадваргүй болсон гэжээ.
4.Нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 8, 9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10/, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ /хх-ийн 11/, зээлийн хүсэлт /хх-ийн 13/, бараа хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 14/, зээлийн дансны хуулга /хх-ийн 15/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Б.А эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 1,718,819.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...И ББСБ ХХК нь иргэн Д.А тэй 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр В302003507 дугаартай хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 1,709,820 төгрөгийг зээлсэн. Тухайн мөнгөөр Сайн Интернэшнл ХХК-аас Samsung A70, А20s маркийн гар утсыг авсан байдаг. Үндсэн зээл 1,338,242 төгрөг, хүү 354,099,30 төгрөг нэмэгдүүлсэн хүү 17,478,23 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг нийт 1,718,819,88 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Хариуцагчид зээл олгохдоо 250,000 төгрөг аваагүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Худалдаж авсан гар утас зах зэлийн үнээс өндөр үнэтэй байсан. Гар утас авахад надаас урьдчилгаанд 250,000 төгрөг авсан. Зээлээс хассан эсэх нь тодорхойгүй гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч И ББСБ ХК болон хариуцагч Д.А нар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр В232003507 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,709,820 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.90 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү сарын 0.58 хувь байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 8-10 дүгээр тал/
6.Зээлийн гэрээг талууд хүсэл зоригийн дагуу, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзнэ.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
8.Хариуцагч нь гар утас худалдан авах зорилгоор нэхэмжлэгчтэй 1,709,820 төгрөгт зээлийн гэрээ байгуулж, зээл авсан, зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй талаар маргаагүй.
9.Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч гар утас худалдан авахдаа 250,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн худалдаж авсан гар утас зах зээлийн үнээс өндөр үнэтэй байсан нь зээлийг буцаан төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
10.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
11.Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээл төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтыг нотариатчаар гэрчлүүлэхэд 9,000 төгрөгийн зардал гаргасан нь мөнгөний тасалбарын баримтаар нотлогдож байна.
12.Иймд хариуцагч Д.А ээс зээл 1,338,242 төгрөг, хүү 354,099,30 төгрөг нэмэгдүүлсэн хүү 17,478,23 төгрөг, нотариатын зардал буюу хохирол 9,000 төгрөг нийт 1,718,819,88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.
13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,451 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Д.А ээс 1,718,819,88 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А ээс 42,451 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР