Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 13

 

М.Д-, Б.Ж- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01159/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Д-,

                     Б.Ж- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-т холбогдох

“Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирол 18.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“1.560.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Д-, Б.Ж-, хариуцагч Б.М- нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг үндэслэн

           2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Д-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Л.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.Д-, Б.Ж- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай гэр бүл 2018 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Хан Жаргалан 8-2 тоот өөрийн эзэмшлийн газарт шинээр 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж эхэлсэн бөгөөд барилгын нүүрэн талын 45м.кв талбай бүхий хэсэгт шилэн фасад хийхээр шийдсэн.

Шилэн фасадыг үнийг судлахад м.кв нь 280.000 төгрөгөөр хийдгийг мэдсэн боловч найз Д.Ч-ын санал болгосноор найдвартай шилэн фасад хийдэг гэсэн тул Б.М-тай уулзаж өөрийн барилгыг үзүүлэхэд чанартай материалаар найдвартай хийнэ гээд “Тохь” төвийн гадна фасадыг үзүүлж адилхан хийж өгнө м.кв нь 400.000 төгрөгөөр гэсэн тул чанартай нь дээр гэж бодоод харилцан тохиролцож хийлгэхээр болсон.

Ингээд 2018 оны 8 дугаар сард материал авна урьдчилгаа 10.000.000 төгрөг гэхэд нь М.Д-гийн данснаас шилжүүлсэн.

Б.М- нь ажлаа эхлэхгүй удаад байсан учир яасныг асуухад материал ирээгүй санаа зоволтгүй гэж нэлээд удаасны эцэст дахин шаардаж байж 2018 оны 09 дүгээр сарын дундуур ажлаа эхлүүлж 2018 оны 12 дугаар сард шахуулж байж дуусгасан.

Дунд нь би шатны хаалт бариул, шилэн фасадтай холбоотой дээвэр үлдсэн түүнийг хийлгэе гэхэд 3.000.000 төгрөг гэсэн тул сайн хийж байвал хамаагүй гэж бодон шилэн фасадын үнээс гадна 3.000.000 төгрөг Б.М-т өгсөн.

18.000.000 төгрөгийн ажлын хөлснөөс 1.000.000 төгрөг үлдсэн байхад сүүлд 800.000 төгрөг өгөөд үлдэгдэл ажлаа хийгээд 200.000 төгрөг аваарай гэж ярилцаад явсан боловч ахиж ирээгүй. Манай зүгээс хөлс мөнгөө бүрэн өгсөн 200.000 төгрөг үлдсэн гэж бодож байна.

Гэтэл түүний хийсэн фасад чанарын шаардлага хангахгүй өвөл болоход бүтэн цан татаад завсраар нь сийгээд хүйтэн, хавар бороо ороход ус гоожиж, салхи шороо нэвчээд болохоо больсон. Б.М-ыг дуудахад за гээд ирээгүй. Уулзаад хэлэхэд сайн мэдэхгүй байсан одоо мэддэг болсон очиж янзална гэж хэлсэн боловч ирээгүй.

Ингээд цонх цантаж, ус гоожиж байгааг барилгын хүнд үзүүлж харуулахад резин бэхэлгээгүй, вакум орчин байхгүй, дулаалга байхгүй байна гэсэн. Янзалж чадах уу гэхэд нарийн үзээд резин жийргэвч, бэхэлгээ Монгол улсад байхгүй, БНХАУ-д захиалж хийлгэнэ гэвэл үнэтэй тусна бүрэн дахиж хийхээс өөр арга байхгүй. Тэгж хийлгэнэ гэвэл зарим материалыг ашиглаад 12.000.000 төгрөг гаран болно гэсэн. Хийж чадахгүй туршлага байхгүй байж бидний итгэлийг ажиглаж олон сая төгрөгийн хохиролд оруулсанд гомдолтой байна. Иймд:

Б.М-ын 5045626564 дугаар дансанд шилжүүлсэн:

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М.Д-гийн 5108094072 дансаар 10.000.000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 700.000 төгрөг

2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг

2018 оны 10 дугаар сард 300.000 төгрөг

2018 оны 11 дүгээр сард 2.000.000 төгрөг

Б.М-т бэлнээр:

Ажилтан нь халтирч унаад эмнэлэг явахад -  200.000 төгрөг

Ажилтнаа Хөвсгөл аймаг явуулна гэхэд - 1.000.000 төгрөг

Хүүхэд өвдсөн, банкны мөнгөтэй гэхэд – 700.000 төгрөг

Д.Ч-тай явж байхад нь - 800.000 төгрөг,

Өөрт нь - 1.100.000 төгрөг,

Бэлнээр нийт- 3.800.000 төгрөг өгсөн. Бусад жижиг сажиг тооцоог бид тооцоогүй.

Б.М-тай нийт 21.000.000 төгрөг өгсөн. Чанарын шаардлага хангахгүй ажил хийж хохироосонд маш их гомдолтой байна. Б.М-аас 18.000.000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ж-, М.Д- нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартаа:

Манай зүгээс өөр хүнтэй ярилцаж байгаа нөхцөл дээр нь доголдлыг засуулахаар болсон. Нийт зардал 10.385.000 төгрөг болно гэж тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас учирсан хохирол 10.385.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 онд 18.000.000 төгрөгөөр шилэн фасад хийлгэхээр Б.М-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд Б.М- урьдчилгаа гэж 10.000.000 төгрөг аваад ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй араас нь эрэл сураг болж байж хийж дуусгуулсан. Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 8.000.000 төгрөгийг цувуулаад 7.800.000 төгрөг Б.М-т өгсөн, 200.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Гэтэл Б.М-ын хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, борооны ус нэвтэрч байсан. Дахин янзлуулах гэж Б.М-т хэлэхэд очно гэсэн боловч ирээгүй. Тэгээд янзлуулахаар “Ц- Ц-” ХК-нд хандахад, энэ ажлыг эхнээс нь дахиж хийх шаардлагатай гэсэн. “Ц- Ц-” ХК нь ажил ихтэй байсан учир манайхыг янзлах боломжгүй болсон. Ингээд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирж спорт цогцолборын барилга дээр ажиллаж байгаа хүмүүстэй манай нөхөр уулзаад янзлуулахаар болсон. Тэр хүмүүс хэлэхдээ өмнө хийсэн ажлыг чанаргүй, шилний хоёр талд байх ёстой резин жийргэвчийг хийгээгүй тогтоосон байна. Янзлахын тулд хийсэн бүх шилийг авч дахин хийх шаардлагатай, ажлын хөлс 8-9 сая төгрөг болно гэж хэлсэн. Бид ярилцсаар байгаад бараа материалыг нь авч өгөн ажлын хөлсийг нь 5.000.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон.

Ингээд бүх ажлыг эхнээс нь дахин чанартай сайн хийж гүйцэтгэж дуусаад 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн гадна талын шилнүүдийг шинээр авсан, шилний үнэ 750.000 төгрөг, резин, цавуу зэрэг нь 1.495.000 төгрөг, бараа материал хотоос авчруулсны хөлс 100.000 төгрөг, төмрийн мөнгө 462.000 төгрөг, тэгээд шатны түрээс болон бусад жижиг материалууд үнэ зэрэг нийлээд нийт 3.619.200 төгрөг болсон. Энэ нь баримтаар харагдаж байгаа. Баримтгүй гарсан зардлуудаа нэхэмжлээгүй. Тиймээс нийт 8.619.200 төгрөгийг хариуцагч талаас гаргуулмаар байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар 18.000.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 8.619.200 төгрөг болгож багасгасан. Өмгөөлөгчийн хувьд хариуцагч талаас ажлын хөлс 5.000.000 төгрөг, бараа материалын үнэ 3.619.200 төгрөг нийт 8.619.200 төгрөг нэхэмжлэх дээр санал нэг байна. Энэ ажил гүйцэтгэх гэрээ болон бараа материал авсан нотлох баримтууд хавтаст хэрэг авагдсан байгаа. Хоёр тал тохиролцоод ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан, бараа материалуудаа баримтаар үйлдэн авсан тэгтэл дахин шинжээч томилох ямар ч шаардлагагүй байсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд “Капитал зууч” ХХК-ний гаргасан үнэлгээг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэсэн байр суурьтай байна. Нэмж хэлэхэд хариуцагч Б.М-ын хийсэн ажлыг дахин засварлахдаа бүх цонх, фасадны резин хийхийн тулд зайлшгүй буулгах шаардлагатай болсон. Иймээс энэ ажил хүчин төгөлдөр гэрээний дагуу хийгдсэн ажил гэж үзэж байна. Б.М-т 200.000 төгрөг дутуу өгсөн байсныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан тайлбартаа:

Барилгын шатны цутгалт өрлөгийн ажил хүлээгдэж энэ ажил дууссаны дараа шилэн фасадын хэмжээ гарах учир хүлээж байгаад 36м.кв талбайд шилэн фасад хийгдэхээр болсон. Фасадын вакум шилийг Улаанбаатар хотоос захиалах гэхэд оочир, өртөг ихтэй 2 сар хүлээхээр байсан тул нэхэмжлэгч нартай тохиролцож БНХАУ-д хямд өртгөөр буюу 1м.кв-ыг нь 450.000 төгрөг нийт 16.200.000 төгрөгөөр хийлгэхээр болсон. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Эрээн хотын “Чан юань” вакум цонхны үйлдвэрт очоод төмөр хийцүүдийг 1м.кв нь 700 юанаар бодож нийт 21.600 юаны буюу Монгол төгрөгөөр 9.676.800 төгрөгөөр захиалга өгч ирсэн. Замын зардалд 200.000 төгрөг, материалаа Монгол руу ачих тээврийн зардалд 960.000 төгрөг, Улаанбаатарт бараа хүлээн авах зардалд  200.000 төгрөг, Улаанбаатараас Дархан руу тээвэрлэсэн зардал 200.000 төгрөг нийт 11.236.800 төгрөгийн зардал гарсан.

Ингээд засварын ажлаа эхлэх гэтэл шинэ хуучин дэлгүүрийн барилгын хоорондын зай маш давчуу шинэ барилгын ажил дутуу байсан тул миний ажил хүлээгдэж байсан. Дэлгүүрийн эзний талаас ямар нэг аргаар хурдан хий гэсэн шаардлага тавьж байсан тул зориулалтын бус шат тавин шил тогтоох ажил хийж 2 ажилтнаа унагааж гэмтээсэн боловч шиллэх ажлаа үргэлжлүүлэн дуусгасан.

Силиконы ажил хийх болоход гадна талбайд шат суурилуулах боломж байхгүй барилгын агааржуулалтын систем байхгүй байсан учраас шилэн цонхнууд дотор талдаа хөлөрч байсан. Цаг агаар хүйтэрч байсан ч фасадын ажлаас гадна хийх ажлуудаа хийж 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүрсэн. Энэ үед гадаа силиконы ажил хийх боломжгүй болсон байхад М.Д- нь заавал хийж дуусга гэсэн тул арга буюу хийж дуусгасан.

Тухайн үед силиконы ажлыг хийх боломжгүй таарамжгүй цаг агаарын байдал бий болсон байна гэж хэлсээр байхад шахаж шаардаж хийлгэсэн учир силиконы ажлын эрсдэлийг би хүлээхгүй бусад ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Тухайн үед ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй бүх ажлуудыг аман хэлцлээр хийж байсан нэхэмжлэлд хавсаргасан гэрээг сүүлд барилга хүлээлгэж өгөхөд хэрэгтэй гэж гуйж дүр эсгэж хийсэн гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нар надаас гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж учруулсан хохиролд 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Би нэхэмжлэгч нарын дэлгүүрийн фасадын ажлыг хийхдээ өөрсөдтэй нь ярилцаж тохиролцоод БНХАУ-с материал авахаар болж БНХАУ яваад эхний удаадаа захиалга өгсөн. Дараагийн удаа БНХАУ-аас очиж захиалсан бараа материалаа аваад Дархан-Уул аймаг хүртэл зөөвөрлөж авчирсан. Бараа материалыг БНХАУ-аас авахыг Б.Ж- өөрөө мэдэж байсан.

Би гэрээгээр тохирсон мөнгөнийхөө хэмжээнд тааруулж дундаж чанартай материалыг нь аваад хил дамнуулан тээвэрлэж авч ирээд шилэн фасадын ажлыг хийсэн байхад материал авсан зардал, тээврийн хөлсийг тооцож үзэхгүйгээр 18.000.000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлээд байгаад гомдолтой байна. Фасадын ажлыг хийхэд цаг хугацаа алдсан явдал нь нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь мэдлэггүй байдлаас шалтгаалж байсан.

Нэхэмжлэгч нар 18.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бол тэднээс БНХАУ-руу 2 удаа явсан эхний удаа очих, ирэх зардал 200.000 төгрөг, Улаанбаатар хотод бараа хүлээн авахад тээшний зардалд 200.000 төгрөг, материалыг БНХАУ-с Монгол улс руу тээвэрлэсэн  ачаа тээврийн зардал 200.000 төгрөг, Улаанбаатар хотоос Дархан-ул аймаг руу тээвэрлэж ирсэн тээврийн зардал 200.000 төгрөг нийт 1.560.000 төгрөг зарцуулсан тул нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Д-, Б.Ж- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Б.М- нь барилгыг үзээд шилэн фасадын хэмжээг 45м.кв байна. 1м.кв 400.000 төгрөгөөр хийнэ нийт 18.000.000 төгрөг болно гэсэн. Энэ үнэ чанартай материалаар шилэн ханыг бэлэн болгоно гэсэн үнэ юм. Түүнээс ямар материал хаанаас авах нь бидэнд хамаагүй мэргэжлийн хүн гэж ойлгосон учраас мэдэж байгаа гэж итгэсэн. Гэтэл Б.М- нь тайлбартаа 36м.кв гэсэн сонсоогүй тоо гаргаж ирсэн тул хэмжиж үзэхэд 38м.кв байсан. Анх хэмжихдээ 45м.кв гэж худал хэлж залилсан байна.

Гадна талын төмрийг 1.300.000 төгрөгөөр авч өгсөн боловч мөн худал хэлж илүү мөнгө авсан байна.

Манай талаас хугацаа алдуулах үйлдэл хийгээгүй харин ажлаа хийхийг шаардаж байсан. Нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ 16.200.000 төгрөгөөр тохиролцсон. Надад урьдчилгаа 11.000.000 төгрөг өгсөн. Ажил хийж гүйцэтгэх ажлын талбай болох 36м.кв талбайн бараа материал 11.000.000 төгрөгтөө багтааж хятадаас захиалж авчирна гэдгийг нэхэмжлэгч талуудад хэлсэн байсан. Би худлаа хэлж ажлаа хийхгүй зугтсан зүйл байхгүй. Би нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцоогоор дахин янзлахад 2 хүн цалинжуулаад 3.200.000 төгрөгөөр янзлах боломжтой гэж бодож байсан. Мөн шатны түрээсийн мөнгө 180.000 төгрөг нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэж байгаа хүмүүс өөрсдөө шаттай байх ёстой. Мөн миний хийсэн шилэн фасадын гадна талын хатуу хавтан 750.000 төгрөг, төмрийн үнэ 462.000 төгрөг, нийт 1.392.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүн ч надад өндөр санагдаж байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллага тогтоосон юм чинь зөвшөөрнө. Тиймээс “Капитал зууч” ХХК үнэлгээ 4.786.900 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал ажлын хөлс 5.000.000 төгрөг, бараа материалын үнэ 3.619.200 төгрөг нийт 8.619.200 төгрөг нэхэмжилсэн. Манай тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Б.М-ын тайлбарыг дэмжиж байна. “Капитал зууч” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7.244.600 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Д-, Б.Ж- нарт олгож, 1.374.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.М-ын 200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 247.950 төгрөгийг хэвээр үлдээж, 95.093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 39.910 төгрөгийг хэвээр үлдээж, 33.260 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Б.М-т, нэхэмжлэлийн хангагдсан дүн 7.244.600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130.864 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгч нарт, 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  М.Д-, Б.Ж- нар давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Б.М-аас болж нэлээдгүй алдагдалд орсон. Анх шинэ Дарханд байдаг “Тохь” төвийн шилэн ханыг үзүүлж, ийм хана хийнэ гэсэн учраас түүнд итгээд, 18.000.000 төгрөгөөр бүрэн хийлгэхээр болсон. Бид тохирсон ёсоор эхний ээлжид 10.000.000 төгрөг, дараа нь үлдэгдлийг өгсөн.

Анхнаасаа цаг хугацаа алдаж, араасаа шаардуулж хийсэн боловч чанаргүй, хариуцлагагүй хийсний улмаас цас, шороо нэвт шуурч бидний хувьд эд материал, сэтгэл санааны хямралд орцгоосон. Дараа нь өөрөө янзалж өгөөч гэж зөндөө гуйсан, шүүхэд өгсний дараа ч түүнд боломж олгосон. Тэр хийгээгүй учраас бид өөрсдийн хөрөнгө мөнгөөр доголдлыг янзлуулсан. Бид мэргэжлийн чадвартай хүмүүсээр хийлгэсэн. Гарсан бодит зардал дутуу байна уу гэхээс илүү зүйл нэхээгүй бидний нэхэмжилсэн бодит зардлаас 1.374.000 төгрөг хассанд гомдолтой байна. Иймд 1.374.000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас 7.244.600 төгрөгийг гаргуулж Б.Ж-, Б.Д- нарт олгуулахаар шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь миний хууль ёсны эрх ашгийг хохироож хэт нэг талыг барьсан шийдвэр гэж би үзэж байна.

Нэхэмжлэгч нар анх надаар 36м.кв талбай бүхий гадна фасадын ажлыг хийлгэхдээ ажлын хөлс, бараа материал худалдан авах, тээвэрлэх зардал гээд нийт 16.200.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон ч албан ёсоор ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй юм. Би бараа материалаа авахаар Улаанбаатар хотод ирэхэд материалын бэлдэц олдоц муутай үнэ ихтэй байсан тул Б.Ж-тай холбогдож энэ тухайгаа хэлж БНХАУ-аас бэлдэц материалаа татаж авбал арай хямд, олдоцтой юм байна гэсэн саналаа хэлсэн.

Б.Ж-тай ярилцаад БНХАУ-аас бэлдэц материал авахаар болж БНХАУ руу явж эхний ээлжид материал бэлдцээ захиалаад ирсэн. Дараа нь явж материал бэлдцээ татан авчирч гадна фасадын ажлаа хийж эхэлсэн.

Би 16.000.000 төгрөгийн төсөвт багтааж фасадын материал бэлдцийг захиалах, тээвэрлэх, хүлээн авах зэрэг бүхий л ажлыг өөрөө хийсэн ба энэ ажилд 2 хүн цалинжуулж ажиллуулсан. Бараа материал аваад надад ажлын хөлс гэж бага хэмжээний мөнгө л үлдсэн. Анх бэлдэц материалын зах зээлийн ханш сайн судлаагүй, БНХАУ-аас авч тээвэрлэнэ гэдгийг нарийн тооцоололгүй 16.200.000 төгрөгөөр ажил хийхээр тохирсон нь надад алдагдалтай байсан хэдий ч илүү зардал хөлс нэхэлгүй тохирсон ёсоороо ажлаа хийж дуусгасан.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэт өндөр үнэ надаас нэхэмжилсэн ба нэхэмжлэлдээ өөрсдийн чанар байдлаа дээшлүүлж, сайжруулахаар хийсэн 5 ширхэг хавтан 84м.кв нь 462.000 төгрөгийн үнэтэй, төмөр шат түрээсэлсний үнэ зэрэг зүйлийг илүү нэхэмжилсэн байсныг шүүх хасаж шийдвэрлэсэн ч зөвхөн доголдолтой 11,68м.кв хэсгийн шилийг сольж резин хийхэд 5.000.000 төгрөгийн ажлын хөлс төлөх ёстой гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх ажлыг хийхэд 720.000 төгрөгийн зардал л гарахаар байсан. Энэ ажлын хөлсөнд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй их байгааг нь нотлохын тулд шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулж “Капитал Зууч” ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн. Энэ үнэлгээ нь бодит байдалд нийцсэн үнэлгээ байсан учраас энэ үнэлгээгээр ажлын хөлсийг тооцох ёстой байсан. Б.Ж-гийн Ч.Анхбаяртай байгуулсан гэрээнд үндэслэн надаас 5.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Д-, Б.Ж- нараас хариуцагч Б.М-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10.385.000 төгрөг болгож, дахин үнийн дүнг 8.619.200 төгрөг хэмээн багасгажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч нь бусадтай гэрээ байгуулан дахин засварлуулсан ажлын хөлс, материалын зардлаа хэт өндөр үнээр тооцсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрчээ. 

Мөн хариуцагчаас 1.560.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны шатанд 200.000 төгрөгөөр нэмэгдүүлж 1.760.000 төгрөгийг нэхэмжилснийг нэхэмжлэгч талаас 200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн байна. 

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбогдуулан гаргасан зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй хэмээн дүгнэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7.244.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, 1.374.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болохыг баталж хэргийг шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдан шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.Д-, Б.Ж- нар хариуцагч Б.М-тай 2018 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Хан жаргалант 8-2 тоотод байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын нүүрэн хэсэгт хийх шилэн фасадын нийт төсөв нь 18.000.000 төгрөг байхаар тохиролцон хариуцагч уг ажлыг нь хийж гүйцэтгэсэн байна.

Нэхэмжлэгч талаас ажлын хөлсөнд нийт 17.800.000 төгрөгийг дансаар болон бэлнээр хариуцагчид өгсөн, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол гарч үүнийг нь нэхэмжлэгч тал өөр этгээдээр засварлуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргадаггүй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тус бүр гаргасан давж заалдсан гомдлын дагуу хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрт дор дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасны дагуу нэхэмжлэгч нар хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа шүүхэд гаргажээ. 

Гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба хариуцагч Б.М- нь нэхэмжлэгч нарын үйлчилгээний зориулалттай барилгад хийсэн 38м.кв шилэн фасадын 11.68м.кв-т нь доголдол үүссэн байна.

Нэхэмжлэгч нар гүйцэтгэсэн ажилд нь гарсан доголдлыг арилгуулахаар хариуцагчид хандахад тэрээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул бусадтай “Ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 151-153-р тал/ байгуулан ажлын хөлсийг нь 5.000.000 төгрөг байхаар тохирч өөрийн материалаар доголдлыг арилгуулжээ.

Ингэхдээ хариуцагч Б.М-ын хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой хэсэг болох 11.68м.кв-ийг засварлуулахаас гадна бусад доголдолгүй хэсэг болох 26.32м.кв хэсэгт засан сайжруулалт хийлгэсэн байх тул уг хэсгүүдэд нь хийсэн материал болон ажлын хөлсийг хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “...доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Барилга угсралтын “Арлын ам” болон “Капитал Зууч” ХХК-ууд /хх-ийн 60, 115, 194-203-р тал/ хэргийн оролцогчдын хүсэлтээр шинжээчийн дүгнэлтүүд гаргасан байдаг. 

Уг дүгнэлтүүдээс “Капитал Зууч” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Үнэлгээний тайлан” хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой хэсэг болох 11.68м.кв хэсгийг сольж засварлахад гарсан материалын болон засварын ажлын өртгийг зах зээлийн жишиг үнийн хандлагаар тооцон 4.786.900 төгрөг хэмээн тодорхойлсон нь үндэслэл бүхий болжээ.

Харин дээрх үнэлгээний тайланд тусгагдсан “барилгын шат түрээсэлсэн” гэх зардалд 180.000 төгрөг оруулан тооцсон хэдий ч уг шатыг хэнээс авсан нь тодорхойгүй, мөн хавтаст хэргийн 150 дугаар талд авагдсан “Бэлэн мөнгөний орлогын барим” нь тамгагүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсгийн тайлал байхгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Иймд “Капитал Зууч” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангаас барилгын шат түрээсэлсэн гэх 180.000 төгрөгийг нь хасаж тооцон 4.606.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4.012.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас 1.560.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр нэмэгдүүлж 1.760.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тал ажил гүйцэтгэх бараа материалыг БНХАУ-аас Монгол улсад, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт авч ирэхэд гарсан тээврийн зардалд 1.560.000 төгрөг зарцуулсан, гүйцэтгэсэн ажлын хөлс 200.000 төгрөг дутуу төлөгдсөн байгаа тул нийт 1.760.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж, нэхэмжлэгчээс ямар материал хаанаас авч ирэх нь ажил гүйцэтгэж байгаа этгээдийн эрхийн асуудал учир 1.560.000 төгрөг анх төсөвлөгдсөн төсөвт орж тооцогдсон хүлээн зөвшөөрөхгүй, харин ажлын хөлс 200.000 төгрөг дутуу төлснөө хүлээн зөвшөөрнө хэмээн тус тус тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч Б.М- анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд сөрөг нэхэмжлэлийнхээ 1.560.000 төгрөгөөс татгалзаж 200.000 төгрөг гаргуулахаар багасгаж, нэхэмжлэгчээс үүнийг нь хүлээн зөвшөөрсөн хэмээн тайлбарлажээ.

Шүүх шийдвэрийнхээ “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөг гаргуулахаар багасгасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан, нэхэмжлэгч тэр хэмжээгээр нь хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой тусгагдаагүй байгаа хэдий ч энэ талаар зохигчоос гомдол гараагүй, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байгаа болно.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч  М.Д-, Б.Ж- нарын “...анхан шатны шүүх бодит гарсан зардлаас 1.374.000 төгрөг хасаж тооцсонд гомдолтой байна...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, харин хариуцагч Б.М-ын давж заалдсан гомдлын “Капитал Зууч” ХХК-аар хийлгэсэн үнэлгээгээр ажлын хөлсийг тооцох ёстой байсан, шат түрээсэлсэн зардал нь зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй...” гэх хэсгүүдийг нь хангаж бусад хэсгүүдийг нь хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийдвэрт давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхээс хуваарилсан улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт орсон болохыг болон шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад утга найруулгын алдаа гаргасан байсныг тус тус өөрчлөн найруулсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7.244.600 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулан нэхэмжлэгч М.Д-, Б.Ж- нарт олгож, 1.374.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

            “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 4.606.900 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулан нэхэмжлэгч М.Д-, Б.Ж- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4.012.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гаргуулах тухай 106 дугаар зүйлийн 106.5-д...” гэснийг

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д...” гэж,

            3 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банк, Төрийн сангийн 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 247.950 төгрөгийг хэвээр үлдээж, 95.093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 39.910 төгрөгийг хэвээр үлдээж 33.260 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Б.М-т, нэхэмжлэлийн хангагдсан дүн 7.244.600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130.864 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгч нарт, 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид тус тус олгосугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.950 төгрөгөөс 95.093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан төлсөн 39.910 төгрөгөөс 33.260 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.М-т тус тус олгож, үлдэх хэсгүүдийг нь төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүн 4.606.900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88.660 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгч нарт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүн болох 200.000 төгрөгт ногдох 6.650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид тус тус олгосугай...” гэж тус тус  өөрчилж бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, хариуцагч Б.М-ын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж бусад хэсгийг нь хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.934 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                                                                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                   ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                                                                   М.МӨНХДАВАА