Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 483

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч Уд холбогдох 1711006100103 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын мужаан хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Яргайтын 19 дүгээр гудамж, 32 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Ч У (РД:000000000),

нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын задгайд хохирогч Х.Эрдэнэбаярыг “автомашин руу нохойны хоолны сав шидлээ” гэж уурлан хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “…Би тэр хүнийг цохиогүй. Тэр хүний хажууд 1 хүүхэд байсан. Манай хадам дүү хараад зогсож байсан.” гэв.

Ч.Уаас мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой би өөрийн гэртээ байж байгаад хадам ах Эрдэнэбатыг гэрт нь хүргэж өгөх гээд өөрийнхөө машинтайгаа хадам ах Эрдэнэбат түүний хүү Ихбаяр өөрийн хүү 2 настай Хабул нарын хамт Эрдэнэбатын гэрт нь очоод хашаан дотор нь машинтайгаа ороод Эрдэнэбат Ихбаяр нарыг хашаан дотор нь машинаас буулгаад машинтайгаа түүний хашаанаас нь гарч явж байхад үл таних хүн манай машин руу нохойн идүүр шидсэн. Тэгээд би цонхоороо уг хүнийг яаж байна аа гэхэд уг үл таних хүн миний машин дээр ирээд намайг, яасан ахын дүү гэхээр нь би та яаж байгаа юм гэхэд тэр  ах цонхоор толгойгоо оруулчихаад миний шилэн хүзүүнээс атгаад чи шоронгийн хүн мэдэх үү гээд намайг долоох гээд байсан. Тэгэхээр нь би уг хүнийг гараараа түлхсэн. Тэгэхэд ахин буцаж ирээд толгойгоо цонхоор оруулж ирээд гараараа намайг цохих гэж байгаад манай хүүхдийг нүүр орчимд нь цохьсон. Тэгэхэд манай хүүхэд уйлахаар нь би машинаас буух үедээ уг хүнийг машиныхаа хаалгаар түлхсэн. Тэгэхэд уг хүн хойшоо бөгсөөрөө газарт унасан. Тэгээд уг хүн газарт уначихаад надаас зуурчихаад тавихгүй байхаар нь Эрдэнэбат, Энхсайхан нар уг хүнийг надаас салгах гэхэд уг хүн тавихгүй байсан. Тэгэхээр нь би уг хүний нэг гарынх нь шуу руу нь өөрийнхөө гараар цохьсон. Аль гар руу нь цохьсоноо санахгүй байна. Тэгэхэд уг хүн надаас зуурч байснаа тавихаар нь би машиндаа орж суугаад яараад явсан.” гэжээ.  

Хохирогч Х.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь эргээд гэртээ орох гээд алхаж байсан чинь манай нохойны идүүр хөлд таарахаар нь би хөлөөрөө холдуулах гээд өшиглөсөн. Тэгтэл нохойны идүүр нөгөө гэрийн үүдэнд ирсэн машины доогуур орох шиг болсон. Тэгтэл машин дотроос машин барьж явсан залуу бууж ирээд яагаад байгаа пизда вэ гэхээр нь би урдаас нь чи юун сүртэй юм гээд нохойны идүүрээ авах гээд очсон чинь нөгөө залуу машинаа тойрч ирээд миний баруун гарыг мушгиад намайг унагаад хөлөөрөө миний мөр рүү өшиглөх шиг болсон. Тэгээд би босч чадахгүй байсан чинь нөгөө залуу машиндаа суугаад яваад өгсөн. Тэгтэл манай хүүхэд намайг өргөж гэрт оруулсан.” гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.Г.Энхсайханаас: “…Тухайн үед би гэрийн гадна хашаан дотор байсан. Тэгтэл манай хажуу айлын ах согтуу манай хашаа руу ороод ирсэн. Тэгээд хадам ах У эргэж гараад машиндаа суутал манай хажуу айлын ах манай хашаан дотроос хадам ах Убуугаад ир баас минь гэсэн. Тэгтэл хадам ах У машинтайгаа хөдөлсөн чинь хажуу айлын ах өөрийн хашаа руугаа ороод нохойныхоо идүүрийг аваад хадам ах Ун машин руу шидсэн. Тэгтэл нохойных нь идүүр хадам ах Учралын машины доогуур ороод дугуй орчим гацсан. Тэгтэл хадам ах У машинаа зогсоосон ба хажуу айлын ах машин руу нь очсон. Тэгэхээр нь би араас нь очсон. Тэгээд машиных нь доороос нохойных нь идүүрийг авч холдуулсан. Тэгтэл хажуу айлын ах Уын машины цонхоор толгойгоо оруулсан Учралтай маргалдаж байсан. Тэгэхээр нь би тэр ахыг боль гэсэн чинь намайг чи дуугүй бай гэсэн. Тэгтэл араас хажуу айлын ахын хоёр хүүхэд нь гарч ирэхээр нь аавыгаа аваач гэсэн. Тэгтэл У машин дотроосоо гарч ирээд нөгөө ахыг түлхсэн чинь нөгөө ах хойшоогоо унасан. Тэгтэл араас манай ах Эрдэнэбат гарч ирээд ах бид хоёр хажуу айлын ахыг бариад гэр рүү нь оруулсан. Харин Учрал машиндаа суугаад явсан.” гэжээ.

2.Г.Эрдэнэбатаас: “…Тэгэхэд манай хөрш айлын зүс таних ах болох Эрдэнэбаяр нь согтуу орилоод байсан. Тэгсэнээ уг Эрдэнэбаяр гэгч нь бид нарыг хөөе та нар наашаа хүрээд ир гээд орилоод байсан. Тэгээд би машинаас буугаад үлдэхэд манай хүргэн Учрал машинтайгаа хөдлөөд Эрдэнэбаярын гэрийнх нь ар талаар нь гарах гээд явсан. Тэгэхэд нэг төмөр дуугарсан. Тэгэхэд Учрал машинтайгаа зогссон. Тэгэхэд нь би юу болов гээд очиход манай хөрш айлын Эрдэнэбаяр нь манай хүргэн Учралын цонхоор нь толгойгоо оруулчихсан байсан. Тэгээд намайг машиных нь орчимд очиход Учрал машин дотроосоо буугаад Эрдэнэбаярт хүүхэд айчихлаа гэж хэлж байсан. Тэр үед манай дүү Энхсайхан нь Учралын машиных нь доороос нь нохойны идүүр төмөр гаргаж ирсэн. Тэр үед манай хөрш айлын Эрдэнэбаяр манай хүргэн хоёр гар гараасаа барилцсан байсан. Тэгээд Учрал гараараа Эрдэнэбаярыг түлхсэн. Тэр үед Эрдэнэбаяр ах унах гэж байхад нь би түүний баруун гараас нь татаж түшиж авсан. Тэр үед Эрдэнэбаяр ах хойшоо саваад газар нуруугаараа унасан…” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.04-ний ¹11178 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1.Х.Эрдэнэбаярын биед баруун эгэмний хугарал, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Ч.У нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын задгайд хохирогч Х.Эрдэнэбаярыг “автомашин руу нохойны хоолны сав шидлээ” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар түүний гарыг мушгиж, өшиглөснөөс хохирогч Х.Эрдэнэбаярын биед баруун эгэмний хугарал, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндвэтэр гэмтэл учирсан болох нь

Ч.Уаас мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “... үл таних хүн манай машин руу нохойн идүүр шидсэн. Тэгээд би цонхоороо уг хүнийг яаж байна аа гэхэд уг үл таних хүн миний машин дээр ирээд намайг, яасан ахын дүү гэхээр нь би та яаж байгаа юм гэхэд тэр ах цонхоор толгойгоо оруулчихаад миний шилэн хүзүүнээс атгаад чи шоронгийн хүн мэдэх үү гээд намайг долоох гээд байсан. Тэгэхээр нь би уг хүнийг гараараа түлхсэн. Тэгэхэд ахин буцаж ирээд толгойгоо цонхоор оруулж ирээд гараараа намайг цохих гэж байгаад манай хүүхдийг нүүр орчимд нь цохьсон. Тэгэхэд манай хүүхэд уйлахаар нь би машинаас буух үедээ уг хүнийг машиныхаа хаалгаар түлхсэн. Тэгэхэд уг хүн хойшоо бөгсөөрөө газарт унасан. Тэгээд уг хүн газарт уначихаад надаас зуурчихаад тавихгүй байхаар нь Эрдэнэбат, Энхсайхан нар уг хүнийг надаас салгах гэхэд уг хүн тавихгүй байсан. Тэгэхээр нь би уг хүний нэг гарынх нь шуу руу нь өөрийнхөө гараар цохьсон” гэх мэдүүлэг,

хохирогч Х.Эрдэнэбаярын “ ... манай нохойны идүүр хөлд таарахаар нь би хөлөөрөө холдуулах гээд өшиглөсөн. Тэгтэл нохойны идүүр нөгөө гэрийн үүдэнд ирсэн машины доогуур орох шиг болсон. Тэгтэл машин дотроос машин барьж явсан залуу бууж ирээд яагаад байгаа пизда вэ гэхээр нь би урдаас нь чи юун сүртэй юм гээд нохойны идүүрээ авах гээд очсон чинь нөгөө залуу машинаа тойрч ирээд миний баруун гарыг мушгиад намайг унагаад хөлөөрөө миний мөр рүү өшиглөх шиг болсон. Тэгээд би босч чадахгүй байсан чинь нөгөө залуу машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг,

гэрч Г.Энхсайханы “Тэгээд машиных нь доороос нохойных нь идүүрийг авч холдуулсан. Тэгтэл хажуу айлын ах Учралын машины цонхоор толгойгоо оруулсан Учралтай маргалдаж байсан. Тэгтэл У машин дотроосоо гарч ирээд нөгөө ахыг түлхсэн чинь нөгөө ах хойшоогоо унасан” гэх мэдүүлэг,

гэрч Г.Эрдэнэбатын “Эрдэнэбаяр нь манай хүргэн Ун цонхоор нь толгойгоо оруулчихсан байсан. ...манай хөрш айлын Эрдэнэбаяр манай хүргэн хоёр гар гараасаа барилцсан байсан. Тэгээд У гараараа Эрдэнэбаярыг түлхсэн. Тэр үед Эрдэнэбаяр ах унах гэж байхад нь би түүний баруун гараас нь татаж түшиж авсан. Тэр үед Эрдэнэбаяр ах хойшоо саваад газар нуруугаараа унасан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.04-ний ¹11178 тоот шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, хүсэлтийг хүлээн авсан тэмдэглэл, осол тохиолдлыг бүртгэх хуудас, бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Ч Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ч.Уын торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Ч Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин   мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Уын торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.У нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ