| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/06082/И |
| Дугаар | 102/ШШ2024/00095 |
| Огноо | 2024-01-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/00095
| 2024 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/00095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 7.917.750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.О
Хариуцагч Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Г.Нд холбогдуулан 7.917.750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие байр худалдах авах зорилгоор зар хартал Сонгинохайрхан дүүрэгт 0 шард 85.000.000 төгрөгөөр 40 метр квадрат талбайтай, хоёр өрөө байр зарна гэх зарын дагуу би хариуцагчтай холбогдсон.
Ингээд Г.Наас хоёр өрөө байр чинь 40 метр квадрат хүрэх үү?” гэж асуухад “хүрнэ” гэсэн хариултыг өгсөн учраас байрыг 40 метр квадрат талбайтай гэж ойлгоод харилцан ярилцаад 81.000.000 төгрөгөөр худалдаж авсан.
Гэтэл Г.Нын ээж над руу утсаар холбогдож “82.000.000 төгрөгийн үнийн дүнгээс 1.000.000 төгрөгийг хасахын тулд чи үл хөдлөх хөрөнгө рүү хоёр хувийн баримт бүрдүүлж өгөхдөө байрыг 60.000.000 төгрөгөөр худалдаж авсан гээд бичээд өгөөч” гэж хэлсэн.
Ингээд худалдах, худалдан авах гэрээгээр байрыг 60.000.000 төгрөгөөр худалдан авч байгаагаар байгуулсан.
Миний худалдаж авсан байр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлалтай, угсармал 5 давхарын байр бөгөөд тус газарт байрлалтай байрны одоогийн зах зээлийн үнэлгээ нэг метр квадрат талбай 1.800.000-2.000.000 төгрөгийн хооронд байна.
Миний бие 36 метр квадрат талбайтай байрыг 81.000 000 төгрөгөөр худалдаж авсан нь 0 дүгээр хороололын “С”-гийн тэнд байршилтай байрыг худалдаж авсантай ижил үнийн дүнтэй болж таарч байна.
Хариуцагч 0 өрөө байрыг хоёр айлд, хоёр хоёр өрөө болгож хуваагаад зарсан байдаг. Хэрвээ тухайн үед надад 40 метр квадрат талбайтай байр биш гэж хэлсэн бол авахгүй байсан.
Ингээд байрандаа ороод хэмжилт хийлгэхэд 3.91 метр квадрат талбай дутсан.
Дутуу талбайг тооцохдоо 81.000.000 төгрөгт 40 метр квадрат талбайд хуваагаад гарсан зөрүү талбайг нэг метр квадрат талбайн үнээр тооцоход
7.917.000 төгрөгийн гарч байгааг гаргуулж өгнө үү.
Хариуцагч 40 метр квадрат талбайтай, хоёр өрөө байрыг 85.000.000 төгрөгөөр зарна гэх зарыг оруулсан байсан.
Би байраа худалдаж авахдаа хариуцагчаас “энэ байр 40 метр квадрат мөн үү?” гэж асуухад “гэрчилгээн дээр 27 метр квадрат талбайтай боловч хэмжээд үзэхэд 40 метр квадрат талбайтай байгаа” гэх тайлбарыг өгсөн.
Хэрвээ зар оруулахдаа метр квадратын талаар үнэн зөв бичиж мэдээлэл оруулсан бол би 40 метр квадрат талбайн хэмжээнд хүрэхгүй юм байна гэх шалтгаанаар өөр байршил, газарт байраа сонирхох байсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
4.Хариуцагч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч байраа худалдаж авахын өмнө тус байрыг үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсан.
Тус байр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр 27 метр квадрат талбайтай гэж байдаг. Нэхэмжлэгч бид хоёрын хооронд 27 метр квадрат байрыг 81.000.000 төгрөгөөр худалдаж авсан асуудал болсон.
Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан 40 метр квадрат талбай гэдэг нь тус байранд засвар хийсэн засварчид надад “танай байр хуучны хэмжилтээр 27 метр квадрат талбайтай байр байна.
Харин одоо үеийн метр квадратаар тооцвол, 40 метр квадрат талбайтай болно” гэж хэлсний үндсэн дээр би өөрөө хэмжилт хийж үзээгүй засварын хүмүүсийн хэлснээр нэхэмжлэгчид “хэрвээ та үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шинэчлээд 40 метр квадрат талбайтай гаргуулахыг хүсвэл хэмжилт хийлгэж болно шүү” гэж хэлсэн.
Миний зүгээс 40 метр квадрат талбайтай байр зарна, метр квадратыг үнэлж, хэмжилт хийж зараагүй. 27 метр квадрат талбайтай байрыг 40 метр квадрат талбайтай байгаа шүү гэж тайлбарлаж зарсан.
Би хоёр өрөө байраа анх 85.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгчийн төсөвт тааруулж, үнийн дүнг бууруулан 81.000.000 төгрөгт зарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч байрыг худалдаж авъя гэж холбогдохоос хоёр хоногийн өмнө тухайн байрыг ирж үзсэн.
Нэхэмжлэгчийн байр авах үндсэн нөхцөл 40 метр квадрат талбайтай байр авах байсан бол тухайн үед метр квадратыг шалгаж үзэх боломжтой байсан, гэжээ.
5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн оршин суух хаягийн лавлагаа, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Б” ХХК-ийн шинжээч Б.Б-н 0 дугаартай Барилгын талбайн хэмжээн дүгнэлт, байрны зарын мэдээлэл, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Г.Н ын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Нын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.О ийн “Хаан” банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга,
7.Хариуцагчаас хариу тайлбарыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Би байр худалдан авах зорилгоор зар хартал Сонгинохайрхан дүүргийн 5 шард, 40 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр зарна гэх зарын дагуу хариуцагчтай холбогдож ярилцаад 81.000.000 төгрөгөөр байрыг худалдан авсан. Байраа худалдаж авсны дараа талбайг хэмжиж үзэхэд 36.09 метр квадрат талбайтай байсан. Түүнээс хариуцагчийн хэлээд байгаа шиг талбайн хэмжээ асууж сураглахгүйгээр 2 өрөө байрыг аваагүй. Намайг асуухад 40 метр квадрат талбайтай байр гэж хэлэхэд авахаар тохиролцсон” гэж тайлбарлав.
3.Хариуцагч Г.Н “Энэ байр хуучны буюу гэрчилгээгээр 27 метр квадрат талбайтай, 2 өрөө байр гэж явдаг. Би 2 өрөө байр зарсан. Гэхдээ тухайн байранд засвар хийсэн хүмүүс танай байр 40 метр квадрат талбайтай байр байна гээд засварын мөнгийг энэ квадрат метрээр тооцож авсан болохоор 40 метр квадрат талбайтай юм байна гэж ойлгоод хэлсэн. Түүнээс би өөрөө хэдэн метр гэдгийг хэмжиж үзээгүй. Байр зарах зар дээр 40 метр квадрат талбайтай байр зарна гэж бичсэн. Нэхэмжлэгчид 40 метр талбайтай гэж хэлээгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Г.Нын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот, 27 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 40 метр квадрат талбайтай, 2 өрөө, гал тогоо тусдаа байр зарна гэж бичсэн зарын дагуу талууд 81.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
6.Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
7.Зохигчид тухайн орон сууцыг худалдсан, худалдан авч төлбөрийг төлсөн талаар маргаагүй харин нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн доголдлын талаар маргаж байна.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.
9.Тодруулбал худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч хохирол гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан гэж үзээд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
10.Хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх орон сууц хуучны байр учраас гал тогооны метр квадрат талбай нийт талбайн хэмжээнд ороогүй бөгөөд байрыг зарахдаа энэ талбайг оруулж тооцон 40 метр квадрат талбайтай гэж хэлсэн мөн 2 өрөө байр зарна, 40 метр квадрат талбайтай гэж хэлээгүй, нэхэмжлэгчийг гэрчилгээгээ 27 метр эсвэл 40 метр квадрат талбайн алинаар нь гаргуулах уу? гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргаж, нэхэмжлэгч 40 метр квадрат талбайтай байр бол авъя, гэрчилгээг 27 метр гэдгээр гаргуулахад болно гэж ярилцаад гэрээг байгуулан мөнгөө өгч байрандаа орсны дараа хэмжилт хийлгэхэд 36.09 метр квадрат талбайтай буюу 3.91 метр квадрат талбай дутуу байсан гэх тайлбарыг гарган доголдлын талаар маргаж байна.
11.Нэхэмжлэгч гэрээний дагуух төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлснээр 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн 0, гэрчилгээний 0 дугаартай гэрчилгээгээр Д.О-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь тогтоогдож байна.
12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх дэх хэсэгт зааснаар худалдагч, худалдан авагчид биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ зөрчиж доголдолтой эд хөрөнгийг шилжүүлжээ.
13.Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууцны талбайн хэмжээг 40 метр квадрат талбайтай гэдгийг мэдсэн боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлд 27 метр квадрат талбайтай гэж бичсэн талаар мэтгэлцэж маргаагүй болно.
14.Харин талууд орон сууцны талбайн хэмжээг 40 метр квадрат талбайтай гэж амаар хэлэлцэн тохиролцож, үл хөдлөх хөрөнгийн үнийг гэрээнд 60.000.000 төгрөгөөр худалдсан гэж бичсэн хэдий ч бодит байдал дээр 81.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
15.Иймээс Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлын талаар шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй мөн худалдан авагч тусгай мэдлэг мэргэжил шаардсан мэргэжлийн хүн биш тул орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгө хүлээн авах үедээ хэмжиж мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
16.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа өөрөө нотлож, нотлох баримтаа цуглуулж өгөх эрхийг шүүх олгосон боловч хэрэгжүүлээгүй мөн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Б” ХХК-ийн шинжээч Б.Б-н 0 дугаартай Барилгын талбайн хэмжээн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот, 2 өрөө орон сууцны нийт нийлбэр талбай хэмжээ 36.09 метр квадрат болох нь нотлогдож байна.
17.Тиймээс орон сууцны зөрүү үнийг тооцоолоход:
-81.000.000 /байрны үнэ/ : 40 /метр квадрат талбай/ = 2.025.000 төгрөг /нэг метр квадрат талбайн үнэ/
-40 /метр квадрат талбай/ -36.09 /метр квадрат талбай/ = 3.91 /метр квадрат талбайн зөрүү/
-3.91 /зөрүү метр квадрат талбай/ х 2.025.000 төгрөг /нэг метр квадрат талбайн үнэ/ = 7.917.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.622 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 141.622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н аас 7.917.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.622 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 141.622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА