| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/03635/И |
| Дугаар | 102/ШШ2022/03292 |
| Огноо | 2022-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/03292
| 2022 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2022/03292 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Т ургийн овогтой Б Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, байранд байрлах, Т ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т ХХК холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б миний бие хариуцагч Т ХХК-тай 429/33 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Гэрээнд огноог 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэж буруу бичигдсэн бөгөөд бодит байдлаар бол 2019 оны 5 сард хийгдсэн юм. Гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Олимп хотхоны 429 дүгээр байрны 1 дүгээр орц 33 тоот, 34 м.кв талбай бүхий орон сууцыг 79,810,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болно. Төлбөрийн тухайд гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөгийг үлдэх 74,810,000 төгрөгийг байр ашиглалтад орохоос өмнө төлөх байсан. Хариуцагч Т ХХК-ийн санал болгосны дагуу Н ББСБ ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ЗГ0011/19/05/26 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 74,810,000 төгрөгийг зээлэн уг төлбөрийг хаах, зээлдэгч байгууллагад зээлийг эргүүлэн төлөхөөр тохиролцсон. Миний бие Н ББСБ ХХК-иас авсан зээлээ 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлж дуусгасан, тус байгууллага зээлийн төлбөрийг төлсөн тухай албан бичгийг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлсөн байхад хариуцагч Т ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй, үндэслэлгүйгээр 50,726,729 төгрөгийн алданги тооцсон, үүний 50 хувь болох 25,363,365 төгрөгийг төлөхийг шаардаж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.3 дах хэсгүүдэд хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар иргэний эрхийг хамгаалахаар заасан байдаг. Хариуцагчийн энэхүү хууль бус үйлдлээс шалтгаалан миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж байх тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 429 дүгээр байр 33 тоот 34 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Т ХХК-иас нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсанаар 2014 онд энэ гэрээг яагаад байгуулсан талаар нэхэмжлэлийн шаардлага дээрээ хавтаст хэргийн нэгдүгээр талаас эхлээд дурдаг. 2019 онд энэ орон сууцыг худалдан авсан боловч 2014 он гэж огноолсон. Үүний дараа мөнгө төлсөн баримтыг бас 2014 он гэж огноолж эхэлсэн байна. Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзвэл 2019 оны гэрээг хийсэн гэж байна. 2019 онд гэрээг хийхдээ Ё.Н гэдэг гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй гэдгийг Т ХХК-иас хэлж байгаа. Ё.Н гарын үсэг зурах ёстой юу, үгүй юу гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Хавтас хэрэгт авагдсан баримт буюу Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2019 он буюу орон сууцыг худалдах, худалдан авах үед Т ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Н.З гэдэг хүн 2017 онд томилсон нь тодорхой харагдаж байдаг. Нэхэмжлэгч 2014 онд гүйцэтгэх удирдлага хэн байсан эсэх талаар мэдэхгүй байна. Энэ гэрээг хэн хийсэн нь хамаагүй, Т ХХК хийсэн нь чухал гэж байна. Зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дээрх гэрээг хийгдсэн гэж үзэхээр байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээс өөр этгээдийн гарын үсэгтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Т ХХК худалдах худалдан авах болон орон сууц захиалгын гэрээг тухайн үед гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн зөвшөөрлөөр баталсан гэрээг хүчин төгөлдөр гэж үздэг. Энэ шаардлага хангагдаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхээр байна. Яагаад гэвэл тухайн 2019 онд хийсэн хэлцэл гэж байгаа боловч 2014 он гэж огноолсон байгаагаас үзвэл энэ нь дүр үзүүлсэн хэлцэл байна. Мөн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл 2019 онд бэлэн болсон орон сууцны тухайд хулдах худалдан авах гэрээ хийгддэг. Ягаад энэ худалдах худалдан авах гэрээ бус орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан нь ойлгомжгүй байна. Иргэний эрх зүйн харилцааг тус тусдаа тодорхойлдог зүйл ангиудаас харагдана. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний зохицуулалт хамаарах байтал Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан орон сууц захиалгын гэрээ буюу орон сууцыг бэлэн болоогүй байх үед хийсэн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан 3 нөхцөлийг хангаж байгаа учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүл гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа. Т ХХК-иас улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гээд байгаа. Чухам ямар баримт бичгийг шаардаад байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээс 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ /хх-ийн 6-8/, №ЗГ0011/19/05/23 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 9/, Н ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/26 тоот /хх-ийн 10/, шүүхээс Т ХХК-ийн кассын орлогын ордер /хх-ийн 53/, Н ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/34 тоот /хх-ийн 63/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6/8081 тоот /хх-ийн 79/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Баянзүрх дүүрэг, тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг 2019 онд хийж, төлбөр 79,810,000 төгрөгийг төлсөн. Одоо орон сууцаа бодитоор эзэмшиж байгаа. Гэрээний үүргээ биелүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байна гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Орон сууц захиалгаар барих гэрээ 2014 оны 11 сарын 18-ны өдрөөр огноотой байдаг. Гэрээг 2019 онд байгуулсан гэж тайлбарладаг. Гэрээнд Т ХХК-ийг төлөөлж захирал Е.Н гэж хүн гарын үсэг зурсан. 2019 онд Е.Н захирлаар ажиллаж байгаагүй. Тиймээс энэ гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй гэж үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Т ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 18-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ бичгээр байгуулагдсан байна. Гэрээний дагуу гүйцэтгэгч Т ХХК нь Баянзүрх дүүрэг, тоот, 34 м.кв талбай бүхий орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Б.Б нь ажлын хөлс 79,810,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.
7.Т ХХК нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн өдөр 74,810,000 төгрөгийг тус тус Б.Б ээс 429-33 тоот гэх гүйлгээний утгатай хүлээж авсан баримт /Кассын орлогын ордер/ үйлдсэн байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 11 сарын 18-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ-нд гарын үсэг зурсан Б.У Т ХХК-д нягтлан бодогчоор, Ё.Н нь 2017 он хүртэл компанийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан талаар зөвшөөрч маргаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6/8081 тоот албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгааг тодорхойлсон.
8.Орон сууц захиалгаар барих гэрээ-нд Т ХХК-ийг төлөөлж захирал Ё.Н , нягтлан бодогч Б.Уорн гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан, нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн тул орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн зэргээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан дүр үзүүлэн хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
9.Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэв.
10.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх, ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. Харин хариуцагч орон сууцыг барьж нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй буюу гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөөгүй байна.
11.Иймд Баянзүрх дүүрэг, тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б ийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгахаар шийдвэрлэв.
12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б ийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР