Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/621

 

 

Б.Нхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 230200157 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Н, 

             Шүүгдэгч Б.Н нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Өргөө кино театрын замын хойд талын автобусны буудлын орчимд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетра гидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 4 УБК улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Б.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Булгантамирын Б.Н “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 22.351.500 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалт, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ВХ3624859 серийн дугаартай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөн тэмдэгт 1 ширхэг, 34,0028 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Нурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд хор уршиг тарьж, худалдаж, мөн боловсруулж, хууль бусаар тариалж ургуулаагүй болно. Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст баригдаж халааснаасаа гаргаж тавьсан нотлох баримтыг приус-30 маркийн 4 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээс гаргаж өгсөн гэж үзсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Toyota prius-30 маркийн автомашиныг 26.000.000 төгрөгөөр 6.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, 20.000.000 төгрөгийг “Т” ББСБ-аас зээл авч сард 850.000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ хийсэн. Уг зээлээ төлөөгүй 3 сарын хугацаа хэтэрч, гэрээний дагуу хураалгасан. Анхан шатны шүүхээс надад 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 22.351.500 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Миний бие ам бүл гурвуулаа, эцэг, эхтэйгээ хамт амьдардаг ба аав маань сахарын өвчтэй группэд байдаг аавыгаа асарч, ээждээ туслан амьдардаг байсан. Би сониуч зангаасаа болж түүж, сорж сонирхож үзсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б.Н өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ноногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрөө хэрэглэх зорилгоор өвсийг ургаж байхад нь түүсэн бөгөөд түүсэн өвснөөсөө хэн нэгэнд татуулаагүй, худалдах зорилгоор бусдад өгч түгээж тараагаагүй, бусдаас худалдан авч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй, гагцхүү өөрөө л хэрэглэхийн тулд хадгалсан байдаг. Шүүхээс шүүгдэгч Б.Нэрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэж заасан. Эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч Б.Н бүрэн хангасан. Тодруулбал, шүүгдэгч Б.Н нь гэм бүруугаа мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс хүлээсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн мөн аав Б нь группэд байдаг, түүнийг Б.Н асардаг зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх анхааран үзсэнгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого эсхүл учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж зохицуулсан. Шүүгдэгч Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх боломжгүй юм. Учир нь тухайн тээрийн хэрэгслийг өвс нуух зорилгоор ашиглаагүй энэ талаар хавтаст хэрэгт яаг таг нотлох баримт авагдаагүй. Шүүгдэгч өөрөө хэрэглэх зорилгоор машиндаа авч явсан болохоос тээврийн хэрэгслийг ашиглан хадгалах зорилгоо хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж /Дээд шүүхийн тайлбар/ хадгалсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэн үнийн дүнг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч нараас “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болох өвсийг шүүгдэгч өөрөө хаана хадгалснаа зааж, шилжүүлэн өгсөн” гэж тайлбарлаж байна. Гэвч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Н хууль сануулж, өөрийн санаачилгаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлэн өгөхийг шаардсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар маш өндөр юм. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Н нь “би өвсийг машинаасаа гаргаж өгсөн” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсан болох нь тогтоогдсон. Харин хэд хоног хадгалсан эсэх нь тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Өргөө кино театрын замын хойд талын автобусны буудлын орчимд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетра гидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 4 УБК улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  тэмдэглэл, техникийн тодорхойлолтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6, 7, 8-10/,

2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11, 12-14/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15, 16/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаар “...1.2.3 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Н ШУ98042977 2023.2.17” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 62-63, 64/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1053 дугаар: “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г-32 БГД-н 7 хороо Өргөө кино театрын замын арын автобусны буудлын орчим тээврийн хэрэгсэлд өвс хадгалсан, гялгар уутны хамт 35 гр, х/ч Х.Сайнжаргал 2023.02.17” гэж хаяглаж ирүүлсэн гялгар ууттай ургамал, ВХ3624859 серийн дугаартай мөнгөн тэмдэгт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”- ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 77-78, 79/,

Шүүгдэгч Б.Б.Н: “...Би 2022 оны 7 дугаар сарын сүүл үеэр Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд очсон. Тэгээд тэндээ очоод 2-3 хоносон ба эхний хоног дээрээ бие засахаар байрлаж байсан газрынхаа 00 орох гэтэл гадна талд нь цээжээр татах хэмжээний өвс гэх зүйл ургасан байхыг хараад өнгөрсөн. Дараа өдрийн орой нь дахин жорлон руу явахдаа гаднаас нь нэг атга хэмжээтэйг тасалж аваад уутанд хийгээд халаасандаа хийгээд хэрэглэлгүйгээр шууд өөрийн машиныхаа жолоочийн эсрэг урд талын хайрцагт хийсэн. Тус өвснөөс би Сэлэнгэд байх хугацаандаа огт хэрэглээгүй, мөн надтай явж байсан хүмүүс намайг тэр өвс гэх зүйлийг түүсэн талаар огт мэдэхгүй. Өвс түүсэн өдрийнхөө маргааш орой нь Сэлэнгэ аймгийн Түнхэл сумаас гарч Улаанбаатар хотод очсон. ...интернэтээс яаж хэрэглэх аргыг нь хараад хатаагаад цаасанд ороож хэрэглэж үзсэн. Би нийт 4-5 удаа л хэрэглэсэн бөгөөд өөрийн 4 УБК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ард талын багааж хэсэгт хийчихсэн байсан. “ гэх мэдүүлэг /хх102-103/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б.Н хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Шүүгдэгч Б.Б.Н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Н “...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү, мөн тээврийн хэрэгслийн үнэ болох 22.351.500 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.” гэх, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү, мөн шүүгдэгчийн Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх боломжгүй.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж хуульчилсан хэдий ч энэ нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Н нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Б.Н “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.   

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 22.351.500 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, Б.Б.Н Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетра гидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 4 УБК улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хэдий хугацаанд хадгалсан нь тогтоогдохгүй байх бөгөөд мөн тухайн тээврийн хэрэгсэл нь “Т” ББСБ-ийн нэр дээр байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх 93/ тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан байх ба тухайн 4 УБК улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Б.Н өмчлөлийн эд хөрөнгө биш байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 22.351.500 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.  

Мөн Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ВХ3624859 серийн дугаартай Украйн улсын мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг устгахаар заасан нь хуулийн үндэслэлгүй бөгөөд зохих журмын дагуу Төв банк /Монголбанк/-нд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим “...тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусдыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 46 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалт, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ВХ3624859 серийн дугаартай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөн тэмдэгт 1 ширхэг, 34,0028 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 34,0028 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, ВХ3624859 серийн дугаартай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг Украйн улсын мөнгөн тэмдэгтийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.  

3. Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим “...тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусдыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Н 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ