| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0347/З |
| Дугаар | 128/ШШ2024/0792 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2024/0792
2024 10 08 128/ШШ2024/0792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь,
Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.М,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Н //,
Гуравдагч этгээд: Ч.Ж /РД:ДЮ/.
Тус шүүх хуралдаанаар: Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мын үйлдсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Дүгнэлт гаргагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь "Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Дүгнэлт гаргагч, прокурор нь шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлтийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь би, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.М нь, ЗТХЯ-65 дугаартай "З" ХХК-ийн автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Ч.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хяналтын үзлэгт хамруулсан “Toyota” маркийн "Rav-4” загварын УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж бодит дүгнэлт гаргаагүй" гэх гомдол, мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан шалгаж, холбогдогч Ч.Жг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
2.1. Эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын ахлах байцаагч П.М нь ЗТХЯ-65 дугаартай гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Ч.Жд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус прокурорын газарт ирүүлснийг прокурорын туслах ажилтан мөн өдөр хүлээн авч цахимд бүртгэн материалын арын хуудсанд бүртгэсэн талаарх Тээврийн Прокурорын газрын Дардас дарж, 12 дугаар сарын сарын 06-ны өдөр хяналт тавьж буй прокурорт гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн байна. Прокурор нь Зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийдвэр гаргуулах зорилгоор эрх бүхий албан тушаалтны хэргийг хэрэгсэхгүй болгосон, шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлүүлэхээр дүгнэлт бичихээр хуульчилсан.
2.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг”, мөн хэсгийн 1.4-т “оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж тодорхойлсон байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн ...заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж хуульчилжээ.
2.3. Харин Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар батлагдсан "Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар"-т прокурорын дүгнэлт бичих хугацааг заагаагүй байна.
2.4. 2024 оны 2 дугаар сард шалгалтын хүрээнд харьяа байгууллагуудаас хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалууд тус тус татаж хянасан ба дээрх материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан П.М нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ч.Жг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хуулийн этгээдээр торгож шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан ба холбогдогч Ч.Жг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь хуульд нийцэж байна.
3. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Прокурор, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлнэ" гэсэн заалтыг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан П.Мын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
4. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.М би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 47А дугаар дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
4.1. Зам, тээврийн хөгжлийн яаманд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэн Д.Э, Г.П******* нараас гаргасан гомдлын дагуу "З" ХХК-ийн автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Ч******* овогтой Жг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус яаманд дуудан ирүүлж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр УЕО улсын дугаартай Toyota маркийн Rav4 загварын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахдаа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/199 дүгээр тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоо явуулах журам" болон холбогдох стандарт, технологийн картын дагуу бүрэн гүйцэд техникийн хяналтын үзлэгийг хийгээгүй талаар холбогдогч Ч.Жгаас тайлбар, хүсэлтийг нь гаргуулж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
4.2. "З" ХХК-д автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу бүрэн гүйцэд хийж бодит дүгнэлт гарган ажилладаг байх, мөн гомдол, мэдээлэлд дурдсан зөрчил дутагдлыг арилгуулах талаар 14 заалт бүхий хугацаатай Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-00-01/003/257 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд тус компаниас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02/05 дугаартай албан бичгээр холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу бүрэн гүйцэд хийж, зөрчлийг арилгасан талаар хариу ирүүлсэн.
4.3. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно" гэж заасны дагуу холбогдогч Ч.Ж нь "З" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг компанийг нэрийн өмнөөс хэрэгжүүлэн ажиллаж байсан. Мөн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ." гэж заасны дагуу хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тул үр дагаврыг тухайн хуулийн этгээд хариуцан арилгах үүрэгтэй болно.
4.4. Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Автотээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, аймаг, нийслэлийн нийтийн зорчигч тээвэр, таксины үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.3, 5.5, 5.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд автотээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд иргэнд олгодоггүй болно. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь заалт, “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төв. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS5044:2020 стандартын 4.1-д “Техникийн хяналтын үзлэг гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг хэлнэ” гэж заасны дагуу үзлэгийн инженер буюу холбогдогч Ч.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр УЕО улсын дугаартай Тоyota маркийн Rav4 загварын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн.
4.5. “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б*******ын 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №20/03 дугаар тушаалаар холбогдогч Ч.Жг техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерээр томилж, нэг сарын үндсэн цалингийн хэмжээг 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр тогтоож, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хугацаагүйгээр байгуулсан. Холбогдогч Ч.Ж нь “З” ХХК-ийн автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр УЕО улсын дугаартай Toyota маркийн Rav4 загварын автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийхдээ бүрэн гүйцэд хийж бодит дүгнэлт гаргаагүй байгаа нь тухайн өдрийн хяналтын камерын бичлэгээр нотлогдож байгаа.
5. Иймд Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.М би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 04- ний өдрийн 47А дугаар бүхий дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын байцаагч П.Мын хувьд хууль хэрэглээ буруу хэрэглэсэн гэж үзсэн прокурорын шийдвэртэй санал нэг байна. Энэ салбарт ажиллаж байсан, салбарын хяналттай холбоотойгоор нэмэлтээр тайлбарлахад, “З” ХХК-ийн инженер Зөрчлийн тухай хуулиар хүн бол 25,000 /хорин таван мянга/ төгрөгөөр торгоно гэж байна. Гэтэл уг зөрчил дээр “З” ХХК зөрчил гаргаагүй. Тухайн байгууллагын инженер техникийн ажилтан дээр хувийн ашиг сонирхол үйлдсэн байдалтайгаар тухайн тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулалгүйгээр оруулсан ноцтой бөгөөд тухайн салбартаа том зөрчилд тооцогдож байгаа асуудал дээр улсын байцаагч 25,000 /хорин таван мянга/ төгрөгөөр торгох нь үнэхээр бага байна гэж үзсэн. Ийм л зүйл байгаа юм. Тэгэхээр тухайн салбарын хууль тогтоомжийн торгуулийн хэмжээ бага байгааг улсын байцаагч хуулийн этгээдийн торгуулийг тавьсан байна. Нэгэнт прокурор хууль барьж ярьдаг учраас өөр нэмэлт тайлбар байхгүй байна...” гэв.
7. Гуравдагч этгээд Ч.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******иас улсын байцаагч П.Мад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Ч.Ж миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь.
2. Дүгнэлт гаргагч нь Зам, тээврийн хөгжлийн яамны автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мын үйлдсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, эрх бүхий албан тушаалтнаас дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ч.Жг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар зүйлчилж “...хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хуулийн этгээдээр торгож шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” хэмээн дүгнэлтээ үндэслэсэн бол,
3. Хариуцагчийн зүгээс “...Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 болон “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн ерөнхий шаардлага” MNS5044:2020 стандартын 4.1-д заасны дагуу үзлэгийн инженер буюу холбогдогч Ч.Ж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр УЕО улсын дугаартай “Тoyota” маркийн “Rav4” загварын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийхдээ бүрэн гүйцэд хийж бодит дүгнэлт гаргаагүй байгаа нь тухайн өдрийн хяналтын камерын бичлэгээр нотлогдсон” гэх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр иргэн Ч.Жг татан оролцуулсан ба тэрээр 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүйгээр хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж байр сууриа илэрхийлснийг тэмдэглэж байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.“гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг” гэж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3. “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10. “хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн .... 14.1, 14.2, ... 14.5, 14.6, ... 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8. “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх”-ээр зохицуулсан ба хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
6. Хариуцагчаас, Д.Э нарын нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын хүрээнд “техникийн үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллахгүй, хянах самбар дээр гэрэл ассан, зөв талын их гэрлийн сэнж нь хугарсан, наасан, холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан зэрэг гэмтэлтэй, дугуйн хийн даралт, гэрлийн хүч, нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй дугуй тавьсан эсэхийг үзэж шалгаагүй, түүнчлэн хүч дамжуулах ангийн техникийн байдлыг тусгай зориулалтын суваг, өргүүр дээр гаргаж шалгахгүйгээр уг тээврийн хэрэгслийг тэнцүүлсэн” гэх зөрчил үйлдэгдсэнийг илрүүлж, ЗШША-2 тэмдэглэл үйлдсэн.
7. Улмаар холбогдогч Ч.Жгаас “зөрчил гаргасан нь үнэн тул хялбаршуулсан журмаар шийдэж өгөх” хүсэлт гаргасныг тэмдэглээд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дугаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийж бодит дүгнэлт гаргаагүй” зөрчил нь гаргасан гомдол, холбогдогчийн тайлбараар нотлогдсон гэж үзэж, холбогдогч Ч.Жг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д зааснаар зүйлчлэн 250 нэгж буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
8. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “автотээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг” ойлгох ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-д “...автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах бүрэн эрх”-ийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгож. ингэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “...автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхлэх”-ээр, 15.2-д зааснаар “тусгай зөвшөөрлийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох”-оор зааж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгох”, 17.3. “энэ хуулийн 17.1-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллах”, 17.4. “ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсыг бүртгэлд бүртгэж дугаар олгох”, 17.5. “тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах”-аар тус тус зохицуулж өгчээ.
9. Холбогдогч Ч.Ж*******гийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан “З” ХХК нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд Автотээврийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2.1. “автотээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн үзлэгийг /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тормосны систем жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх, 191.2.2. “техникийн хяналтын үзлэгийн талаарх дүрэм, журам, стандартыг мөрдөх” зэрэг нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүлээхээр заасан, харин мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар “автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн хяналт, шалгалтын асуудал эрхэлсэн төв байгууллага, ... хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэх”-ээр заасан байна.
10. Ийнхүү дээр дурдсан хуулийн зохицуулалтыг маргаан бүхий үйл баримтын хүрээнд дүгнэн үзвэл, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэлд техникийн хяналт үзлэг хийхээр тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд болох “З” ХХК-ийн инженер Ч.Ж*******гаас “автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг” хийхдээ бүрэн гүйцэд хийж бодит дүгнэлт гаргаагүй байгаа нь тухайн өдрийн хяналтын камерын бичлэгээр болон өөрийнх нь тайлбараар нотлогдсон, уг зөрчлийг Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан авч Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9. “хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийн хэргийн холбогдогчоор хувь иргэнийг тогтоосон атлаа зүйлчлэн шийтгэл оногдуулахдаа хуулийн этгээдэд ногдуулахаар заасан нэгж хэмжээгээр торгосон нь үндэслэлгүй байна.
11. Тодруулбал, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” зохицуулалт, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5. “шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж гараагүй, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар зүйлчлэгдсэн зөрчилд зөв шийтгэл оногдуулаагүй гэж үзнэ.
12. Хариуцагч эрх бүхий албан тушаалтны зүгээс “З” ХХК /РД:*******/ нь Зам, тээврийн хөгжлийн яамтай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх” 354 дүгээр гэрээг байгуулж, Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулсан харилцаа болох “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоо явуулах” тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан уг хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3. “хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж зохицуулсны дагуу хуулийн этгээдэд хариуцлага тооцоогүйг дурдаад, шүүхээс гагцхүү прокурорын дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Автотээврийн тухай хуулийн дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1.10, 191 дүгээр зүйлийн 191.2.1. 20 дугаар зүйлийн 20.1, Зөрчлийн тухай 14.6 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан дүгнэлт гаргагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.У*******ийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мын үйлдсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасныг баримтлан дүгнэлт гаргагч прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН