Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/03545

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/03545

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  тоотод байрлах РД:5272793, В ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Х овогт Тын А /РД:ЧР86081371/,

Хариуцагч: Баянгол,  тоотод байрлах хаягтай, О ХХК /РД:2859483/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 257,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Т.А , О ХХК-д холбогдуулан 257,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.А нь О ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани нь 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тухайн үеийн А яамтай 12/54 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэжинст сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр болсон. Тухайн гэрээт ажилд манай В ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцохоор болсон бөгөөд О ХХК-ийн тендерийн баталгаанд зориулан 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 43,000,000 төгрөг, тендерийн гүйцэтгэлийн баталгаанд зориулан 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 214,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд манай компани тухайн тендерийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/54 тоот тушаалаар О ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж манай компанитай үндсэн гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан. О ХХК нь тухайн үед тендерийн ажил гүйцэтгүүлэхээр төрөөс шилжүүлсэн санхүүжилтыг зориулалтын бусаар зарцуулсан учир гэрээ нь цуцлагдсан. Манай компани тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингээд О ХХК-иас тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 257,000,000 төгрөгөө гаргуулах гэтэл 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тухайн компанийн захирал Т.А хувьдаа завшсан байсан. Өөрөөр хэлбэл тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд мөнгө байршуулахдаа банктай 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулан байршуулж Худалдаа хөгжлийн банкны зүгээс тухайн хугацаа дууссаны дараа дээрх мөнгийг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О ХХК-ийн  тоот дансанд шилжүүлсэнийг 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Т.А өөрийн хувийн  тоот дансандаа шилжүүлэн өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан нь санхүүгийн баримтаар нотлогдож байна. Манай компанийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст залилан мэхлэх гэмт хэргийг шалгуулахаар хандсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газраас №170501537 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад Т.А нь дээрх мөнгийг хувьдаа завшсан үйлдэл нь нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарсан. Бид прокурорын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шат шатны прокурорт гомдол гаргасан боловч анхан шатны прокурорын шийдвэрийг хэвээр нь үлдээсэн бөгөөд хамгийн сүүлийн шийдвэр 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Манай компани О ХХК-тай анх туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан бөгөөд дээрх гэрээний дагуу тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгаанд дээрх 257,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн компанийн захирал дээрх мөнгийг компанийн данснаас өөрийн хувийн харилцах дансанд шилжүүлэн хувьдаа завшсан болох нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдсон. Хариуцагч Т.А той хувь хүнийх нь хувьд манай компани ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлээс болж бид өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган өгсөн боловч хариуцагчийн хаяг тодорхой биш байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01526 тоот шийдвэрээр Т.А ийг эрэн сурвалжлах шийдвэр гарч Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хариуцагчийн хаягийг олж тогтоосон байгаа. Иймд хариуцагч Т.А , О ХХК нараас 257,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Т.А нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар О ХХК нь А яамны Төрийн нарийн бичгийн даргатай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17/54 дугаар Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулж барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Энэхүү гэрээний үндсэн дээр О ХХК нь туслан гүйцэтгэгчээр В ХХК-ийг оролцуулахаар болж О ХХК болон В ХХК нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв цахилгаан дамжуулах агуурын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч В ХХК нь нэхэмжилж буй мөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож байршуулсан. Өөрөөр хэлбэл энэ нь О ХХК болон В ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа юм. Т.А нь О ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал нь бөгөөд В ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн гүйцэтгэлийн баталгааг О ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болно. Түүнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, Т.А нь хариуцагч биш юм гэжээ.

 

4.Хариуцагч О ХХК нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар О ХХК нь А яамны Төрийн нарийн бичгийн даргатай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17/54 дугаар Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулж барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Энэхүү гэрээний үндсэн дээр О ХХК нь туслан гүйцэтгэгчээр В ХХК-ийг оролцуулахаар болж О ХХК болон В ХХК нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв цахилгаан дамжуулах агуурын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч В ХХК нь нэхэмжилж буй мөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож байршуулсан. О ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан, В ХХК нь гэмгүй мэтээр нэхэмжлэлд дурдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн ажлыг гүйцэтгэгч нь В ХХК байсан бөгөөд гэрээний хугацаандаа ажлаа хийгээгүй, гэрээ цуцлагдахад хамгийн их нөлөөлсөн нь В ХХК юм. Үүнээс болж О ХХК нь маш их хохирол амсаж дампуурахад хүрсэн. Мөн В ХХК-ийн тендерийн гүйцэтгэлийн баталгааны мөнгийг 2014 онд авсныг мэдээгүй гэдэг нь худал. 2014 онд гүйцэтгэлийн баталгааны мөнгө орж ирснээр В ХХК-ийн захирал Б.Баттогтохд хэлж түүнд 70,000,000 төгрөгийг нь шилжүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, В ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 25/2017 тоот албан бичиг /хх-ийн 6/, Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 170501537 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 7/, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 8-13/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 14-17/, В ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 150 тоот албан бичиг /хх-ийн 18/, тооцооны баримт /хх-ийн 19/, Ойгон нуур энерги ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 180 тоот албан бичиг /хх-ийн 20/, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэлийн баталгаа /хх-ийн 21/, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/201 тоот албан бичиг /хх-ийн 22/, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 97 дугаар тушаал /хх-ийн 23/, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/558 тоот албан бичиг /хх-ийн 24/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/67 тоот албан бичиг /хх-ийн 25/, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 04 дүгээр сарын 36-ны өдрийн 6/2848 тоот албан бичиг /хх-ийн 26/, Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/85 тоот албан бичиг /хх-ийн 27/, О ХХК-ийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28/, депозит дансны хуулга /хх-ийн 29-31/, Өмгөөлөгч Ж.Тэгшмандалын хүсэлт /хх-ийн 32/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 958 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 33, 34/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/428 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 35,36/, Т.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/05724 дугаар захирамж /хх-ийн 38,39/, хариуцагчаас О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/, О ХХК-ийн дүрэм /хх-ийн 64-66/, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /хх-ийн 67/, Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /хх-ийн 68, 69/, Т.А ийн дансны хуулга /хх-ийн 70,71/, О ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 72-75/, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2808 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 91/, шүүхээс 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 161/, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-ийн 162-164/, барилга байгууламжийг хүлээн авч, ашиглалтад оруулах улсын комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 165-167/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2019/04462 дугаар захирамж /хх-ийн 168, 169/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагч О ХХК-иас 257,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.А т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Т.А , О ХХК-д холбогдуулан 257,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Зохигч маргаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.

3.а.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч О ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулж Баянхонгор аймгийн Баянлиг Шинэжинст сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тухайн ажилд нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Гэрээ байгуулагдахаас өмнө О ХХК тухайн үед тендерт оролцохдоо тендерийн баталгаанд тавих мөнгө байхгүй байсан учир 2012 оны 06 сарын 04-ний өдөр В ХХК 43,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тендерт шалгарсны дараа тендерийн гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувийн 214,000,000 төгрөгийг 2012 оны 08 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. О ХХК нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн нийт 257,000,000 төгрөгийг 2013 онд өөрийнхөө компанийн дансаар авсан.

Анх О ХХК-тай гэрээний харилцаатай байсан боловч захирал Т.А той гэрээний харилцаа үүсээгүй. Иймд Т.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учир хариуцагч Т.А т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. О ХХК нь 257,000,000 төгрөгийг дансаар авсан учир хамтран хариуцагчаар татсан гэж,

3.б.Хариуцагч Т.А нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...В ХХК болон О ХХК хооронд Баянхонгор аймгийн Баянлиг Шинэжинст сумын 35 киловатт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралт, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний хооронд тендерийн баталгааны 43,000,000 төгрөг, гүйцэтгэлийн 214,000,000 төгрөг орж ирсэн. Хуулийн этгээд хоорондын гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа учраас үүнийг иргэн Т.А хариуцах үндэслэлгүй гэж,

3.в.Хариуцагч О ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...В ХХК манай О ХХК-г тендерт ороод өгөөч, бид нар тендерт орох тендерийн баталгааны болон гүйцэтгэлийн баталгааны мөнгийг танай компанийн өмнөөс төлнө гэж ярилцсан. Үүний үр дүнд О ХХК тендерт орсон. Гэрээ байгуулагдах үед В ХХК эрчим хүчний дэд станц барилга барих тусгай зөвшөөрөл байхгүй байсан. Тийм учраас О ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглаж энэхүү гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч В ХХК 2013 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаатай гүйцэтгэлийн баталгаануудыг байршуулсан. ЭХЯ нь 2014 оны 4 дүгээр сар хүртэл гэрээт ажил хугацаандаа явагдаагүй гэдэг үндэслэлээр О ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Үргэлжлүүлээд ЭХЯ нь В ХХК-тай гэрээ байгуулсан. Тендерийн баталгааны 43,000, 000 төгрөг О ХХК банкны зээлд татагдсан. Тухайн үед мөнгөний асуудлыг 2 компанийн удирдлагууд хоорондоо тохиролцоод өр төлбөргүй гээд явж байсан. О ХХК нь ЭХЯ-тай гэрээ байгуулах үед гүйцэтгэлийн баталгаа 2013 оны 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд байршуулсан болохыг мэдэж байсан. Дэд станцыг ашиглалтад оруулж, улсын комисс 2015 онд хүлээж авсан тэмдэглэл байсан. Тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааны мөнгийг О ХХК авсан болохыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн гэх үндэслэл байхгүй. В ХХК нь О ХХК-аас нэг ч удаа тендерийн баталгаа мөн гүйцэтгэлийн баталгаа гэсэн мөнгийг нэхэмжилж байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2013 оны 5 дугаар сард 200,000,000 төгрөг О ХХК-ий дансанд орж ирсэн даруй захирал Т.А , В ХХК-ийн захирал Баттогтох руу 70,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэлийн бараа материалын төлбөр гээд буцаан явуулж байсан гэж тайлбарласан байна.

 

4.Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.а.Нэхэмжлэгч В ХХК, хариуцагч О ХХК нь харилцан тохиролцсоны дагуу хариуцагч О ХХК нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зарласан Баянхонгор аймгийн сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх тендерт оролцож, тендерт хариуцагч О ХХК шалгарч, А яам нь О ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг Шинэжинст сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулсан байна.

4.б.Нэхэмжлэгч В ХХК нь тендерийн баталгаа 43,000,000 төгрөг, тендерийн гүйцэтгэлийн баталгаа 214,000,000 төгрөгийг хариуцагч О ХХК-д шилжүүлсэн байна.

4.в.Гэрээний дагуу О ХХК-ийн гүйцэтгэх ажлыг В ХХК туслан гүйцэтгэгчээр гүйцэтгэхээр Баянхонгор аймгийн Баянлиг Шинэжинст сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хийсэн санхүүжилтийг О ХХК нь В ХХК-д шилжүүлж байхаар тохиролцсон байна.

4.г.Гэрээний явцад Эрчим хүчний яам нь О ХХК-ийг төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээний зөрчил гаргасан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг Шинэжинст сумын 35 кв-ын 135 километр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгч В ХХК-тай байгуулсан байна.

4.д.О ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь тоот дансаар тендерийн баталгаа 214,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, Т.А ийн Худалдаа хөгжлийн банкин дахь  тоот дансанд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /ХХ-ийн 71-72/

4.е.Т.А нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 70,000,000 төгрөгийг Материалын үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар нэхэмжлэгч талд шилжүүлсэн байна. /хх-ийн 70/

 

5.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

6.Нэхэмжлэгч В ХХК, хариуцагч О ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хэлцэл хийгдсэн байна. Хэлцлээр нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч О ХХК-ийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам /Эрчим хүчний яам/-аас зарласан тендерт оролцуулж, тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа нийт 257,000,000 төгрөгийг хариуцагчаар дамжуулан Хаан банк, Худалдадаа хөгжлийн банкны дансанд байршуулж, гэрээ дуусахад буцаан авахаар тохиролцсон байна.

 

7.Гэвч Эрчим хүчний яам нь О ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, үлдэх ажлыг нэхэмжлэгч В ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хийсэн хэлцэл цуцлагдаж дуусгавар болжээ.

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 257,000,000 төгрөгийг хариуцагч авахаар талууд харилцан тохиролцсон, нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.Хариуцагч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан. Нэхэмжлэгч тендерийн ажлыг хийж гүйцэтгэн, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс актаар хүлээн авсан байна. Тендерийн ажил гүйцэтгэгч солигдсон боловч баталгааг өөрчлөөгүй тул баталгааны мөнгийг энэ үеэс буцаан шаардах эрхтэй. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад ханаж гомдол гаргасан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж 79.9-т заасны дагуу дахин шинээр тоолох учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шаардах эрхээ алдахгүй.

 

10.Иймд хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч В ХХК-д хэлцлийн дагуу шилжүүлж авсан 257,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

11.Нэхэмжлэгч нь хариуцагч Т.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 257,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

 

12.Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч В ХХК-д 257,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болохыг дээр дүгнэсэн. Харин О ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу хариуцагч Т.А нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч компанид шилжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэх удирдлага захиран зарцуулах эрхтэй. Уг зарцуулалтын үр дагавар нь хариуцагч нарын хооронд үүснэ.

 

13.Иймд хариуцагч О ХХК-иас 257,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, хариуцагч Т.А т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,442,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 1,442,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч О ХХК-иас 257,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Т.А т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,442,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 1,442,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР