Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/03600

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/03600

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, М ургийн овогтой Чийн М /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Замчдын гудамж, Т ын Ажлын албанд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 11,848,460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.М ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Т ын Ажлын албанд холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 11,848,460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие Т ын Ажлын албанаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар ажлаас халагдаж гомдол гаргаж гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл Т ын Ажлын алба нь бидний гомдлыг барагдуулахгүй одоог хүрсэн. Иймд ажлаас хууль бусаар халагдаж ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговрыг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, бидний ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор болох 11,848,460,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолоор Т ын Ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар тогтоосон тул ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 15 дугаар хорооны хорооны Иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон. Иймд нэхэмжлэгч талаас гаргаж байгаа ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх боломжгүй. Тухайн иргэний хэргийн маргаанаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд дээрх үндэслэлээр Ч.М н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нотлох баримтаар нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 4/, Нийслэлийн Т ын Ажлын албаны даргын тушаал /хх-ийн 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01169 дугаар шийдвэр /хх-ийн 6-10/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1122 дугаар магадлал /хх-ийн 11-15/, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2021/00646 дугаар тогтоол /хх-ийн 16/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн Иргэдийн төлөөлөгчийн ажлын албанд холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 11,848,460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т ын Ажлын алба 2021 оны 01 сарын 18-ны өдөр хууль бусаар ажлаас халсан. Шүүх намайг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, цалин гаргуулах гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй орхигдуулсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийсэн ч цалинг бүрэн төлж барагдуулаагүй. Ажлаас хууль бусаар халж, шүүхийн шийдвэрийн дагуу олгохоор шийдвэрлэсэн цалин өгөхгүйд гомдолтой байгаа учир 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 11,848,460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, орон тоог цомхотгосон. Өмнөх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01169 дугаар шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 15 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарын бичгийн даргын ажлаас нэхэмжлэгч Ч.М үндэслэлгүйгээр халагдсан нь тогтоогдсон үндэслэлээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ын Ажлын албанаас 3,736,822 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мянган овогт Чулууннарангийн М д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцон нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Т ын Ажлын албанд даалгахаар шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

7.Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан ажилд эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

8.Гэвч нэхэмжлэгч Ч.М нь ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй, ажилд эгүүлэн тогтоогоогүй байх тул өрийн хүслээр цаашид ажиллахаас татгалзсан гэж үзэхээр байна. Тиймээс ажил олгогчид ажлын байраар хангаж цалин хөлс олгох үүрэг үүсэхгүй.

 

9.Иймд хариуцагч Т ын Ажлын албанд холбогдох 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 11,848,460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ч.М гээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учир нэхэмжлэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,325 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.М д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Т ын Ажлын албанд холбогдох 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 11,848,460 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ч.М гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.М гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,325 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР