Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 15

 

С.Г-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01062/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 24-ний өдрийн 005 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч С.Г-ийн хүсэлттэй,

“Садан төрлийн холбоо тогтоолгох болон нөхөн олговор гаргуулах тухай” тухай хүсэлттэй иргэний хэргийг

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К-, Хяналтын Прокурор Ц.Цэен-Ойдов нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К-, өмгөөлөгч Р.Н- нар онлайнаар, Прокурор Б.Сүрмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Хүсэлт гаргагч С.Г- нь шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ болон түүний өмгөөлөгч Н.Б- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хэлмэгдэгч М- овогт А- /А-/-гийн төрсөн охин болох Г- миний бие нь 1938 оны 07 дугаар сарын 02-нд одоогийн Баян-Өлгий аймгийн Цагаангол, Тэр үеийн Ховд аймгийн Санграу суманд төрсөн. Төрсөн аав болох М- овогт А-д тэр үеийн Ховд аймгийн Санграу сумын харьяат жирийн малчин иргэн байсан ба хөрөнгө малаа хураалгаж, 1938 оны улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 29-р хурлын тогтоолоор шүүх цааз бичгийн 42, 43, 47-р зүйлийн хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн билээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаар магадлалаар цагаатгагдсан.

Төрсөн ах Т- бид хоёр 1944 оны хүн амын тооллогоор өвөө М-аар овоглогдож тоологдсон. Миний ээж У- 1950 онд миний хойд эцэг Х.С-тай гэр бүл болж А-ын хүүхдүүд болох ах бид хоёр С-аар овоглох болсон. Ээж Ш.У-, хойд эцэг С- нар 1991 онд нас барсан. Иймд Г- намайг хэлмэгдэгч М.А-дын охин мөн болохыг тогтоож өгнө үү.

С.Г- нь М-ы А-дтай төрөл садан мөн гэдгийг тогтоож, хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт олгож байгаа нөхөн олговрыг хуульд заасны дагуу олгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 24-ний өдрийн 005 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1-т заасныг баримтлан С.Г-гийн гаргасан садан төрлийн холбоо тогтоолгох, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч С.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний 005 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэ давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэлмэгдсэн этгээдийн төрсөн хүүхэд Г-гийн нэрийн талаар бичиг баримт болон гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан журмын шаардлага хангаагүй нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шаардах эрхийн талаар буруу дүгнэлт хийсэн байна. Үүнд:

            а. Хүсэлт       гаргагч С.Г-г нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх ба энэ нь мөн хуулийн 115,116, 118 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас эрх зүйн үр дагавар, дахин хүсэлт, нэхэмжлэл гаргах эрх хязгаарлагдах эсэх байдлаараа зарчмын ялгаатай.

б. Шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор тогтоосон журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэн С.Г-гийн нэхэмжлэл нь дээрх тогтоолоор баталсан "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам"-ын гурав дахь хэсгийн "д"-д заасан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэдгээ шүүхээр тогтоолгох агуулгатай байхад нэхэмжлэл гаргах эрхгүй буюу журмын тав дахь хэсгийн 11 дэх заалтаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

в. Нэхэмжлэгч С.Г- болон түүний өмгөөлөгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгийг шүүх тогтоосон нөхцөлд нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардлагаа нэгтгэн гаргасан нь буруу биш боловч нэгтгэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэх эрхтэй этгээд тогтоогдсоны дараа нийтэд зарлах зэрэг журмыг хэрэгжүүлэхээр тогтоогдсон байна гэж үзвэл "нөхөн төлбөр гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж" шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шуух хэрэгт цугларсан баримт, казах үндэстэн хүмүүсийн нэр дуудлага зэргийг дурдсан баримтуудыг харьцуулан зөв үнэлж чадаагүй байна гэж үзэж

байна.

а. Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 3 -р сарын 21-ний 40 дүгээр магадлал, Ерөнхий прокурорын газрын 2018.0В.0б-ны 5/342 тоот хариу мэдэгдэх хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018.06.27-ны 05/4367 тоот бичиг зэргээр М-, М-ы А- нар нь эсэргүү хэрэгт баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 8 дугаар сарын 19-ний 29 дүгээр тогтоолоор буудан алах ялаар шийтгэгдсэн нөхцөл байдал тогтоогджээ.

б. Дээр дурдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар М-ы А- нь 1938 оны байдлаар амбүл 6, эхнэр 1, хүүхэд 2, эцэг, эхийн хамт амьдарч байсан гэдгийг тодорхойлсон ба А-ыг А- гэж хашилтад тэмдэглэснийг тусгасан байна. Энэхүү нэрийн тэмдэглээ буюу нэршил нь гэрчээр баримт ирүүлсэн Т- овогтой Ш-, Ү- овогтой М- нар М-ы А- гэсэнтэй дуудлага адил төстэй байх ба тэрээр охин К- нь төрөөд удаагүй байхад баривчлагдаж явсан үйл байдлыг гэрчилсэн байна.

в. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон цаг хугацааны хувьд алдаатай дүгнэлт хийсэн байна. Учир нь "Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" 1998 оны 01 дүгээр сарын 03-ны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т хэлмэгдэгчийн амьд байхад төрсөн хүүхэд, түүнийг нас барсннас хойш 10 сараас илүүгүй хугацаанд төрсөн хүүхэд нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй байхад шүүх "С.Г- 1938 оны 07 дугаар сарын 02-нд төрсөн, М.А- 1938 оны 07 дугаар сарын 01-нд баривчлагдсан" гзсэн лавлагаа архивын баримтыг зөрүүтэй гэж үнэлсэн нь илтэд үндэслэлгүй байна. Нөгөө талаар гэрчүүд Г-г К- гэж нэрээр гэрчилсэн нь дуудлагын хувьд ижил байх ба түүнийг дөнгөж төрсөн гэх байдлыг хэлжээ.

Монгол улсад хүн амын төрөлтийн бүртгэл 1956 оноос хойш харьцангуй цэгцэрсэн ГЭЖ үздэг ба үүнээс өмнө 1920-1940-өөд онд төрсөн хүмүүс иргэний бичиг баримт олгоход төрсөн он, сар, өдрөө тодорхой мэдэхгүй тул улирлаар нь баримжаалж, ойролцоо сарын эхний буюу дундуурх өдрөөр авч байсан түүхэн үйл явдал байдаг тул б-р сарын сүүлээр төрсөн Г-г 7-р сарын 02-оор хожим бүртгэсэн байх боломжтой байна.

г. Г-гийн төрсөн эх нь Уазига болох нь гэрч Ш-н мэдүүлэг, Үндэсний төв архивын 2020.08.11-ний лавлагаагаар тодорхой байх ба нөхөр М.А- нь баривчлагдаж цаазлагдсан тул тэрээр Х.С-тай гэр бүл болж А-тийн баривчлагдахад эхийн хамт үлдсэн Т-, Г- нар С-гаар овоглосон гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн зүйлгүй байна. Нөгөө талаар М- нь А-ын аав буюу С.Г-гийн өвөг эцэг бөгөөд Т-, Г- нар 1944 оны хүн амын тооллогод өвөө М-аар овоглож тоологдсон байдал Баян-Өлгий аймгийн архивын 2018-08-13-ны 851 тоот лавлагаагаар тогтотогдсон байна.

3. Хэргийг шийдвэрлэхэд анхаарах бусад асуудлын талаар.

а.Нэхэмжлэгчийн садан төрлийн холбоо тогтоолгох тухай энэ хүсэлт нь Монгол хүмүүсээс өөр шашин, соёл, зан заншил бүхий үндэсний цөөнхтэй холбоотой тул хүний нэрийг сонсож ойлгосноороо тэмдэглэснээс үсгийн болон үеийн зөрүү гаргасан байх магадлалтай ба ерөнхий дуудлага ойр дөхүү байгаа эсэхийг нотлох баримтыг үнэлэхдээ харгалзах шаардлагатай байна.

б.Энэ хэрэгт байгаа хүмүүсийн нэрийн үсэг, үе зөрж байгаа байдал болон төрсөн сар,өдөр нь Монгол улсын хэмжээнд иргэний бүртгэл цэгцтэй болоогүй байсан цаг үе болон монгол хүнийхээс тэс өөр казах хүний нэрийг худам монгол бичгээр тэмдэглэхдээ шинэ кирилл үсгийн дуудлага, худам монгол бичгийн дуудлагын зөрүүгээр алдаатай тэмдэгдлэгдсэн байх магадлалтай байна. Гэрчүүд нь өндөр настай хүмүүс байх ба өөрийнхөө багын сонсож байсан ойлгоц дуудлагаараа хэлсэн байх үндэслэлтэй байна.

в.Ийм нөхцөл байдал энэ хэргийн шийдвэрээс ч харагдана. Шийдвэрийн нүүр хэсэгт хүсэлтийн агуулга хэсэгт нэхэмжлэлийн үндэслэлд А-ийн нэрийг А- гэж, шийдвэрийн 2 дахь нүүрний Баян-Өлгийн аймгийн архивын 851 тоот лавлагааг дурдахдаа уг давдзгзанд Кулзихз гэж бичсэн байхад шуүхийн шийдвзрт Кулиха гэж гэж бичсэн зэргээс харагдана. Өнөөдрийн өндөр боловсрол, техник технологитой үед хариуцлагатай ажил хийж байгаа бид ингэж зөрүүлж байхад 1940-1950-иад оны бичиг үсэг, иргэний бүртгэл дөнгөж цэгцрэх оролддлого хийж байсан үед казах хүний нэрийг бага зэргийн зөрүүлж бичих явдал байсан болохыг хүлээн зөвшөөрөхөд түүхэн үнэнд ойртоно.

4. Нэхэмжлэлийн утга, учрын тухай.

Тэр үед Ховд аймагт харьяалалтай байсан БНМАУ-ын иргэн М-, хүү А-ийн хамт хэлмэгдэж цаазлагджээ. Түүнийг хилс хэрэгт цаазлагдсаныг Монгол Улсын Дээд шүүх тогтоож цагаатгажээ. Монгол улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж Хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм"-ийн байгууллыг тунхаглаж, хүний амьд явах эрхийг баталгаажуулжээ. Энэ үндсэн дээр 1998 онд хууль баталж хилс хэргээр хэлмэгдсэн иргэд болон тэд байхгүй бол түүний ойр садан төрлийн хүмүүсээс уучлал хүсэж тодорхой хэмжээний нөхөн олговор олгохоор хуульчилсан байна. М.А-тийн хүү Т-, охин Г- нар эцэг болон өвөг эцэг М- нарыг Дээд шүүх цагаатгасныг мэдэхгүй явж байгаад хожим 2018 онд хэлмэгдэгчдийн дурсгалын "Цагаак ном" гэх нийтэд зориулсан мэдээлэл гарсны дараа уг номын 847, 909 дүгээр талаас олж мэджээ. Энэ үед Т- нас барсан байсан аж. Ингээд 2018 оноос амьд үлдсэн охин одоо 83 настай С.Г- төрийн уучлал, олговрыг авахаар хөөцөлдсөөр олж болох баримтыг цуглуулж шүүхэд хандах болсон байна.

Хүсэлт гаргагч өндөр настан болон түүний үр хүүхдэд өөр хүний хүүхэд байж арга заль гаргаж мөнгө олох гэсэн өчүүхэн ч санаа байхгүй тул хүний эрхийг хамгаалагч шүүх нотлох баримт, түүгээр тогтоогдож байгаа үйл байдал, түүхэн үнэнд зөв дүгнэлт хийж анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 24-ний 005 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж С.Г-г М.А-ийн төрсөн охин мөн болохыг тогтоож, нөхөн олговор гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэнэ үү гэжээ.

            Хяналтын Прокурор Ц.Цэен-Ойдов давж заалдах гомдлын хариу тайдбартаа:

            Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 005 дугаартай шийдвэр эс зөвшөөрч гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

Иргэн С.Г-г М- овогтой А-тийн төрсөн охин гэдгийг нотолсон хангалттай нотлох баримтууд хэрэгт байхгүй байна.

Гэрч Т.Ш-, Ч.М-ы нарын мэдүүлгүүд нь С.Г-г 1938 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хэлмэгдэгч М.А- нь 1938 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баривчлагдсан талаар үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримтуудтай зөрүүтэй, 2 гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана, ингэж зарласнаас хойш 30 хоногийн дотор шаардлагыг хангаагүй байна.

Иймд иргэн С.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

               Хяналтын Прокурор Ц.Цэен-Ойдов давж заалдах гомдолдоо:

            2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 005 дугаартай шүүхийн шийдвэрээр иргэн С.Г-гийн гаргасан хүсэлттэй садан төрөл тогтоолгож, нөхөх олговор гаргуулах тухай хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т /ИХХШТХ-н 115.2.3/ заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг прокурор 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардан авч танилцаад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гомдол гаргаж байна.

Уг шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчийн талаарх мэдээллийг бүрэн бичээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т зааснаар ... хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн зааж бичих “удиртгал” хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Мөн уг шүүх хуралдаанд прокурор хуралдаанд оролцож, санал дүгнэлт гаргасан байхад энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар ... нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, татгалзал, зохигчийн төлөөлөл, гуравдагч этгээд түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заах тухай “Тодорхойлох" хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 005 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч С.Г- нь хэлмэгдэгч М- овогтой А-дийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт, улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасан нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлмэгдэгчийн нөхөн олговор олгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Хүсэлт гаргагч С.Г- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ би төрсөн ээж У-, хойд аав С-, төрсөн ах С.Т-н хамт амьдарч байсан, ах бид 2 хойд ааваараа овоглодог, нутгийн настай гэрчүүдийн гаргасан тодорхойлолт, холбогдох архивын баримтуудаар  хэлмэгдэгч М- овогтой А-дийн төрсөн охин мөн  тул намайг хэлмэгдэгч М-ы А-дийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэж шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх энэ хэрэгт төрийг төлөөлж оролцсон прокурорын гомдол болон хүсэлт гаргагч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар Хэлмэгдэгч М- овогтой А-д нь тэр үеийн Ховд аймгийн Санграу сумын 1 дүгээр багт амьдарч байгаад 1938 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлд зааснаар буудан алах ялаар шийтгэгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр магадлалаар цагаатгагдсан.

М- овогтой А-д нь хэлмэгдэх үедээ буюу 1938 оны байдлаар ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын  2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05/4367 дугаартай лавлагаа /хх-ийн 12/, 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд Шөзжикей У- 35 настай, М-ы Т- 16 настай, М-ы К- 6 настай гэж бүртгэгдсэн Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 851 дүгээр лавлагаа /хх-ийн 11/, 1938 оны зун баривчлагдан хэлмэгдсэн М.А-дийн төрсөн хүүхэд  нь К- мөн болохыг тодорхойлсон гэрч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Т.Ш-, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн иргэн Ү.М- нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд хэлмэгдэгчийн нөхөн олговор олгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар төрийг төлөөлж, прокурор оролцуулсан атлаа прокурорын санал, дүгнэлтийг шийдвэрт тусгаагүй орхигдуулсан талаар гаргасан прокурорын гомдол үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буй эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр  хүсэлт гаргагч С.Г- нь хэлмэгдэгч М-ы А-дийн төрсөн охин мөн байх боломжтой гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг  тал бүрээс нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 24-ний өдрийн 005 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасныг баримтлан С.Г-гийн гаргасан  садан төрлийн холбоо тогтоолгох, нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Г- нь хэлмэгдэгч М-ы А-дийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хүсэлт гаргагч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

 

                                                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                          ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                                                                             Л.АМАРСАНАА