| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0504/З |
| Дугаар | 128/ШШ2024/0589 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор
Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Н*******
Хариуцагч:Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч
Дүгнэлтийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******, хариуцагч Б.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагаар маргаж байна.
2. Маргааны үйл баримтыг дурдвал
2.1 .Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокуророос Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгчид холбогдуулан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргасан байна.
2.2 Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах байцаагч нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн А.Бд Монгол Улсын Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
2.3. Иргэн А.Б нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, Төрийн сангийн тоот дансанд торгуулийн 30,000 төгрөг (гучин мянган төгрөг)-ийг төлсөн байна.
2.5. Тус шүүх Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч хянаад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э******* би, тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Ө******* нь А овогтой Б нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх бүртгэлийн дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, холбогдогч А.Бд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн холбогдогч А.Бд холбогдох бүртгэлийн УБХ-486 дугаартай материалыг прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянав. Зөрчлийг шалгасан материалд эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримт цугларсан байна. Эрх бүхий албан тушаалтан Б.Ө******* нь Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлдээ ... иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, ҮЭГПОХЖ-8,3 т заасан гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах, заалтыг зөрчсөн зөрчлийг үйлдсэн талаар өөрийгөө илчилж ирсэн гэж,Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлдээ улсын бүртгэлийн тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй гээгдүүлсэн үрэгдүүлсэн гэмтээсэн гэх зөрчилтэй танилцаж гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дээрх тэмдэглэлүүдийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогч А.Бд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн тэмдэглэл үйлджээ. 0******* дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.Эрх бүхий албан тушаалтан иргэн А.Б нь тогтоосон хугацаанд иргэний бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн эсэхийг тогтоогоогүй атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүнд шийтгэл оногдуулсан. 2. Эрх бүхий албан тушаалтны хүнд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хянавал, холбогдогч А. Бд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчил үйлдсэн гэж үзэн түүнд шийтгэл оногдуулжээ. Иргэний бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль. Иргэний хууль. Улсын бүртгэлийн ерөнхий хууль. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, дээрх хуулиудад нийцүүлэн баталсан Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрэм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/******* дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам зэрэг эрх зүйн хэм хэмжээний актуудаас бүрдэнэ. Иргэний улсын бүртгэлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлд Иргэний үнэмлэхийг анх удаа шинээр авах, солиулах, дахин авах, 24 дүгээр зүйлд Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох харилцааг хуульчилж, Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрмийн 3.6-д Иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдон гарсан өргөдөл, гомдлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрэм-ийн 2.7.1-д иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэж, дүрмийн 3.4-т Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т (иргэний эрх зүйн чадамжгүй болох нь шүүхээр тогтоогдсон иргэний хууль ёсны асран хамгаалагч, асрамжийн байгууллагад амьдарч иргэнийг асрамжилж байгаа байгууллагын захиргаа, баривчлах шийтгэл, хорих ял эдэлж байгаа иргэний ял. шийтгэл эдлүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиргаа, албадан эмчилгээ хийлгэж байгаа иргэнийг албадан эмчилж байгаа байгууллагын захиргаа) заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус журамласан. Дээрх дүрмийн заалтаас үзэхэд, иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчих зөрчил нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/******* дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ. Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 8.8-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ гэж иргэний үнэмлэхийг дахин олгох харилцааг зохицуулжээ. Дээрх иргэний улсын бүртгэлтийн хууль, тогтоомжуудаар иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдлуудад иргэний үнэмлэхийг дахин олгох журмыг зөрчсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах бөгөөд иргэн өөрөө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн журамд хамааралгүй харилцаа байна. Иймд иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан иргэн А.Быг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Бд 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
4.Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж иргэн А.Бд шийтгэл оногдуулсан байдаг. Уг зөрчлийг шийтгэл оногдуулахдаа зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шалгаж зөрчил оногдуулсан. Иргэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, илчилж ирсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэлүүдэд зөрчлийн утга агуулга хоорондоо зөрүүтэй. Өөрөөр хэлбэл А.Б нь иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлж үрэгдүүлсэн юм уу, эсвэл тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй зөрчил гаргасны аль нь болохыг шалгаж тогтоогоогүй байж хялбаршуулж шийдвэрлэсэн үндэслэл байгаа. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр 4 дэх хэсэгт заасан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэсэн зөрчил нь иргэнд хамааралгүй зөрчил байна. Иргэнд ийм торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж дүгнэлт бичсэн гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө******* миний бие Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын ******* дугаартай дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
А овогтой Б нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх бүртгэлийн УБХ-486 дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, холбогдогч А.Б 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм-ийг хуулийн нэгдсэн сайтад бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот тогтоолын хавсралтаар баталсан Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм-ийн 2.7.1-д Иргэн Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэх заалтыг иргэд иргэний үнэмлэхээ хадгалах эзэмших үүрэгтэй гэснийг төсөөтэй байдлаар хэрэглэн аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар хүнийг 30 нэгж буюу 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна. гэжээ.
6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Ө******* миний бие А.Б нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх бүртгэлийн 486 дугаартай зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, холбогдогч А.Б нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тоот тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй. Мөн 2.6-д иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшинэ гэж заасан байдаг. Хууль зүйн дотоод хэргийн яамны 2018 оны ******* дугаар тушаалын хавсралт иргэний улсын бүртгэх хөтлөх журмын 8.8-д иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийн асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэн гэж тус тус заасан байдаг. Дээр дурдсан дүрмийн заалтаас үзвэл иргэн иргэний үнэмлэхээ өөрөө эзэмших ба иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, дүрэмд заасан цэвэр гамтай эзэмших үүргээ зөрчсөн зөрчил болох нь тухайн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх эзэмших, хадгалах үүргээ зөрчсөн үүргээ биелүүлээгүй гэж үзэн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Монгол Улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн хуулийн нэгдсэн сайтад бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тоот тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэх заалтыг иргэн иргэний үнэмлэхээ хадгалах, эзэмших үүрэгтэй гэснийг төсөөтэй байдлаар хэрэглэн улсын бүртгэлийн аймаг, нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч болон эрх бүхий албан тушаалтнууд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д заасан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар зохицуулсан байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Прокуророос ... Хариуцагч нь маргаан шийтгэлийн хуудсаар иргэн хүний иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй., Хариуцагчаас ... Зөрчилд холбогдогч иргэн нь Монгол Улсын Засгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ы өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монголын улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм-ээр зохицуулсан үүргээ зөрчиж иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.
3.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокуророос Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн А.Б*******ыг иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 30 нэгж буюу 30000 /гучин мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
5.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих, 4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. хуулийн дээрх заалтаас үзвэл, Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна.
6.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох, 24.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг иргэний биечлэн гаргасан, 18 насанд хүрээгүй хүний баримт бичгийг эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдлийг үндэслэн дараах тохиолдолд дахин олгоно:, 24.1.1.иргэн баримт бичгээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл баримт бичгийн хүчинтэй байх хугацаа дууссаны улмаас хууль ёсны баримт бичиг болж чадахгүй болсон, эсхүл энгийн гадаад паспортын хуудсанд тэмдэглэгээ хийх зай байхгүй; гэж тус тус зааснаас үзвэл иргэн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд дахин олгохоор байна.
7.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай А/******* дугаар тушаалын хавсралтаар Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг баталжээ.
8.Дээрх журмын Найм.Иргэний үнэмлэхийн бүртгэл хөтлөх,8.8.Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ. гэж заажээ.
9.Журмын дээрх заалтаас үзвэл, иргэн хүний гээгдүүлсэн иргэний үнэмлэхийг тухайн иргэний гаргасан өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэн дахин олгохоор байна.
10.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар иргэн А.Б*******ыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дүрэм батлах тухай ******* дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Иргэний үнэмлэхийн дүрэм-ын 2.7.1.иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах; үүргээ хэрэгжүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
11.Учир нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн агуулга нь Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн иргэнд шийтгэл оногдуулах зохицуулалттай байхад дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.
12.Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокуророос Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокуророос Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ