Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч М.Ф

нарийн бичгийн дарга Б.Ж

орчуулагч, хэлмэрч А.Е

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т

шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ын Т-т холбогдох 1813000000015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар баг, Сөхөлд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Х-н Т, 

 

Шүүгдэгч Х.Т-ийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрүүл маргааны улмаас Г.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б-н сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт мотоциклтой явж байхад нь машины гэрлээр дохиж зогсоон, машинаасаа бууж ирэн “сүүлийн үед чи их давраад байгаа залуу шүү” гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар Г.Т-ийг түлхэн унагаж, дээрээс нь дарж байгаад толгойн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох

- Шүүгдэгч Х.Т-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

          - Хохирогч Г.Төмөрдэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр…намайг хүчтэй түлхэхэд гадаа харанхуй байсан  болохоор ухрахдаа ард том чулуунд тээглээд унахад дээрээс ирээд Х.Т дараад шууд толгой тус газар луу гараараа цохиж эхэлсэн тэгээд би толгойгоо хамгаалаад хэвтэж байхад Х.Т-ийн хажууд байсан С.Е гэх залууд чи энэ хүнийг салгаад аваач гэж хэд хэд удаа хэлэхэд юу ч  хэлэлгүй машинаас бууж ирээгүй байсан. тэгээд би Х.Т-ийн шилэн хүзүүнээс татаж духанд нь гараараа нэг цохиход хажуу тийш болох зуур би босож мотоциклоо хаяад явган зугтаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

- Гэрч С.Е-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр…нэг мотоциклтой хүн ирж Х.Т-тэй хэрэлдэж байсан тэгээд нэг мэдэхэд тэр хүн Х.Т-тэй зодолдож байсан. Би өөрөө согтуу байсан болохоор машинаас буугаагүй сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №58 дугаартай дүгнэлтээр Г.Т-ийн биед хоёр талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн талын нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын  1-р шүд суларсан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь тогтоогдсон /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь энэ хэргийг санаатайгаар, хувийн сэдэлтээр үйлдсэн байна.

Энэ хэргийн учир хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид бэлнээр 700000 төгрөг шүүгдэгч өгч, хохирогч нь гомдол санал, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Х.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгож, түүний өмчлөлийн Уаз-31512 маркийн 9550 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                     ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Б овогт Х-ын Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Т-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, түүний өмчлөлийн Уаз-31512 маркийн 9550 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.А