Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/641

 

 

О.Г, Д.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогч Ө.Уийн өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Г, Д.Бнарт холбогдох эрүүгийн 2109001247 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О.Г, 

2. Д.Б, 

Шүүгдэгч О.Г, Д.Бнар нь шунахайн сэдлээр, бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ө.Узээлийн гэрээгээр халхавчлан “шинээр ашиглалтад орж буй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар буюу 40.000.000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчд шинээр баригдсан орон сууц үзүүлэх зэргээр бодит байдлыг нууж түүнийг төөрөгдөлд оруулж улмаар хохирогчийн амьдардаг түүний өмчлөлийн 53.326.040 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамжны 8 дүгээр байрны 2 тоотод 28.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өөрөөр нь барьцаанд тавиулах, худалдан борлуулах зэргээр эд хөрөнгөд нь халдаж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Баянзүрх захад байрлалтай банкны “АТМ”-ээс шилжүүлсэн 9.900.000 төгрөгийг Д.Д.Бын “Хаан” банкинд эзэмшдэг 5027215308 тоот дансаар, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн 100-д байрлах “Хаан” банкны киоск машинаас шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг дээрх дансаар, нийт 39.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөд ноцтой, их хэмжээний буюу 53.326.040 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатарын дүүргийн прокурорын газраас: О.Г, Д.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч  О.Г, Д.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Г, Д.Бнарыг бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Быг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гын цагдан хоригдсон 16 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Бт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 41.663.020 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Уд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч О.Гад авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорихоор, шүүгдэгч Д.Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад залилах гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан, учруулсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг хангуулахаар анхан шатны шүүхээс тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзсэн болно. Уг гэмт хэрэг нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах цаг хугацааны боломж байдаг боловч тус хуулийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзсэн. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-д энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заажээ. Миний бие өөрийн холбогдсон гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулна. Анх удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаа, эрүүл мэндийн доройтол, /өндөр хувьтай сахар/ насны байдал, ажил амьдралын туулсан замнал, уг хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулах зэргийг харгалзан үзэж одоогийн ял шийтгэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Гын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс О.Гыг залилах гэмт хэргийг Д.Д.Бтой бүлэглэн үйлдэж хохирогчид 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, уг 40.000.000 төгрөгийг О.Гаар дангаар нь төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн хохирогчид учирсан хор уршгийн 13.326.020 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүр 6.663.020 төгрөгийг хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч О.Г нийт төлөх 46.663.020 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлж үлдсэн төлбөр/-г хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч хүлээн зөвшөөрсөн бичгийг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс О.Гыг хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлөөгүй гэх үндэслэлээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Тус хэргийн холбогдогч нар болох С.О.Г, Д.Бнар хохирогч Ө.Уиас авсан 40.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг авч хувьдаа зарцуулаагүй тус мөнгийг Бурмаагийн Март гэх хүнд өгснөө мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогч Ө.У ч үгүйсгэдэггүй. Түүгээр ч үл барам О.Г Бурмаагийн Март гэх хүнд өөрийн эд хөрөнгө, орон байраа алдаж хохирсон бөгөөд Бурмаагийн Март гэх хүнд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Мөн О.Гаас гадна Б.Март гэх хүнд залилуулж хохирсон иргэд 4 дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд Б.Мартыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжилж байгаа талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. О.Гын хувьд урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй Б.Март гэх хүний ятгалгаар түүнд тусалж байна гэж итгэж хохирогчийг хохироосон нэг удаагийн үйлдэл байгаа. О.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 төрлийн сонгох санкцтай ялтай бөгөөд анхан шатны шүүхээс О.Гад хамгийн хүнд ял болох хорих ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зэргийг эрүүгийн хариуцлагын зорилго болгон хуульчилсан бөгөөд О.Гад хорих ял оногдуулж байгаа нь хохирогчид хохирол төлөх бодит бололцоог хязгаарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс О.Гад 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тайлбарлах тухай 07 дугаартай тогтоолын 3-т Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт тусгайлан зааснаас гадна урьд нь гэмт хэрэг үйлдэж, 1991-2015 оны хооронд батлагдсан 6 удаагийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн аль нэгэнд хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй болохыг уг хуулийн 2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хуульчилжээ. О.Гын хувьд урьд нь гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй. Өмгөөлөгчийн зүгээс О.Гын холбогдсон хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар цаг хугацааны хувьд хамаарч байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой байна. О.Гын хувийн байдлын хувьд 59 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа “Эрдэнэт үйлдвэр”, Дулааны цахилгаан станцад зуухны засварын ажил гүйцэтгэн орлого олдог. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй, зүрхний өвчний улмаас даралт ихэсдэг учир дээрх хоёр өвчний зовуурийн улмаас эмчийн байнгын хяналтад байдаг. Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Уд учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хэдийгээр, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч О.Г нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 496 тоотод оршин суудаггүй. Харин Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39-54 тоотод оршин суудаг талаар баримт хэрэгт авагдсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхдөө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Миний үйлчлүүлэгч Ө.У нь өөрийн дансаар хохирол, төлбөрөө хүлээж авсан. Иймд хохирогч Ө.У “шүүгдэгчид ямар нэгэн гомдол саналгүй. Хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүнд хөнгөн төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг дэмжин оролцож байна. Мөн шүүгдэгчээс хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан тул түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авна уу гэж хүсэж байна.” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шийтгэх тогтоолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй талаар тодорхой дурдаж, тайлбарласан. Давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгдэгч О.Г нь хохирогч Ө.Уд учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх, хэмжээний асуудал юм.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г, Д.Бнар нь бүлэглэж, шунахайн сэдлээр, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ө.Узээлийн гэрээгээр халхавчлан “Шинээр ашиглалтад орж буй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар буюу 40.000.000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчд шинээр баригдсан орон сууц үзүүлэх зэргээр бодит байдлыг нууж түүнийг төөрөгдөлд оруулж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 9.900.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 30.000.000 төгрөгийг, нийт 39.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Хохирогч Ө.Уийн “....” /1хх 75-77/,

гэрч Д.Б “....” /1хх 119-120/,

яллагдагчаар Д.Д.Бын “......” /1хх 28-30, 33-35/,

яллагдагчаар О.Гын “.... ...” /1хх 11-12, 14-17/ гэх мэдүүлгүүд,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 68/, хохирогч Ө.Уийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 69-72/, сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 80-103/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 134, 142, 144, 146/, Д.Д.Бын Хаан банкны 5027215308 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 151-166, 2хх 57-58/, О.Гын Хаан банкны 5033038123 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 180-186/, Ө.Уийн Хаан банкны 5009944910 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 50-52/, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 196-208/, хохирогч Ө.У шүүгдэгч Д.Бнарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан №21186 дугаар зээлийн гэрээний хуулбар /2хх 14/, хохирогч Ө.У нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Бид” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад “Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол 89 дүгээр байрны 23 тоот” орон сууцыг 10.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж байсан зээлийн гэрээний хуулбар /2хх 16-19/, Д.Байгалмаа болон Ө.У нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол 89 дүгээр байрны 23 тоот” орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2хх 25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, прокуророос шүүгдэгч О.Г, Д.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.   

Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Гын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуулийн заалтууд хангагдаагүй гэж үзэж дээрх хуулийг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” бол энэ хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарна гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Гын үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 11 дүгээр сарын 02, 12-ны өдрүүдэд байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдсэн цаг хугацаанд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарахаар байна.

Иймд О.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас түүний цагдан хоригдсон 115 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зөвхөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Иймд дээр дурдсан зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч О.Г нь хохирогч Ө.Уийн Хаан банкны 5303978832 тоот дансанд 41.663.020 төгрөг шилжүүлсэн болохыг дурдаж, О.Гыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Гад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг нэн даруй сулласугай. ...” гэсэн,  

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зөвхөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 10, 12 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ