| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0753/З |
| Дугаар | 128/ШШ2024/0822 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2024/0822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.*******
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О*******, С.*******
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулж, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийн зөрүүнд *** төгрөг, гэм хорын хохиролд *** төгрөг гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О*******, С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаар зарлигаар Ш.*******ыг *******ны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.
1.2.Улмаар Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ш.*******ад нэг удаагийн буцалтгүй тусламж *** /*******/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.
1.3.Ш.*******аас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулж, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийн зөрүүнд *** төгрөг, гэм хорын хохиролд *** төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийг гаргасан.
1.4.Нэхэмжлэл гаргагчаас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүх хуралдааны явцад гэм хорын хохиролд *** төгрөг, тэтгэмжийн зөрүүгээс *** төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Ш.******* миний бие нь 1988-2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 35 жил 10 сар төрийн албанд хууль шүүхийн салбарт тасралтгүй ажилласан. Үүнд: 1988-1997 оны 8 дугаар сар хүртэл ******* аймгийн ын туслах, 1997 оны 8 дугаар сараас 2004 он хүртэл ******* аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн , 2004-оноос 2011 онуудад дүүргийн шүүхийн шүүгч, 2011 оноос 2014 онуудад , , дүүргийн шүүхэд шүүгч, 2014-2024 оны 05 дугаар capын 29 хүртэл Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байхад шүүгч надад Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ажиллаж байсан байгууллагын маань санхүүгээр дамжуулан 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *** төгрөг олгосон. Энэхүү *** төгрөгийг 36 сард хувааж үзэхэд *** төгрөг буюу үндсэн цалингаар тооцсон нь шүүгчид олгох тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байна.
Хэдий тэтгэвэрт гарсан ч гэсэн шүүгчийн статустай холбоотой тэтгэмж шаардаж байгаа учраас өөрийгөө шүүгч гэж тодорхойлохоос өөр аргагүй байна. Шүүгч миний бие дээрхи *** төгрөгийг авмагцаа Шүүхийн Ерөнхий Зөвлөлд дутуу тэтгэмжээ авахаар өргөдөл гаргасан. Гэтэл уг мөнгөн тэтгэмж дээрээс нэмж мөнгө олгохгүй талаар хариу өгсөн. Шүүгч миний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээг 36 сараар тооцоход *** төгрөг байгаа. Албан ёсны нийгмийн даатгалын сангаас авсан лавлагааг хавсаргасан. Энэхүү *** төгрөг нь миний албан ёсоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлс юм.
Би тэтгэвэрт гармагцаа Нийслэлийн шүүхийн санхүүгээс цалин хөлсөө зөвөөр тодорхойлуулж авах гэж яваад бүр ядаад хаясан. Надад н. гэдэг хүн дээрхи Нийгмийн даатгалын сангаас лавлагаагаар гаргаж өгч байгаа *** төгрөгөөс дандаа 6 сая төгрөг дутуу тодорхойлж өгдөг. Сангийн яамруу энэ хүн миний тэтгэмжийн хэмжээг 35 сараар тодорхойлж явуулсан байсан. Яагаад цалин хөлсийг 6 сая төгрөгөөр дутуу тодорхойлж байгаа шалтгааныг асуухад "таны авсан хоол, унааны мөнгө" гэж ямар ч баримтгүйгээр тайлбарладаг. Одоо бодвол нөхөж хуурамч баримтаа бүрдүүлсэн бизээ. Миний сүүлийн 36 сард авсан цалин хөлсний хэмжээ албан ёсны нийгмийн даатгалын лавлагаагаар *** төгрөг Мөнгөнтунгалаг гэдэг хүний тодорхойлсноор *** төгрөг байгаа.
2021 оны 6,7 дугаар сард миний биеийг огт цалин хөлс аваагүй гэж тодорхойлсон байгаа. Шүүгчээ чадах бүхнээрээ дэмжих байтал ингээд хонзон тооцоод сууж байдаг хувь хүмүүс тэтгэвэрт гарах зам дээр маш их таарч байна. Энэ бол шүүгчийн хараат бус байдалд заналхийлж байгаа бас нэг хэлбэр гэж үзэж байна. Мөн гэдэг хүний тодорхойлолт албан ёсны нийгмийн даатгалын сангийн тодорхойлолттой он оноороо зөрүүтэй байдаг. Иймээс албан ёсны Нийгмийн даатгалын сангийн тодорхойлолтыг баримталж, тэтгэмжийн зөрүүд *** төгрөг гаргуулж өгнө үү.
Шүүгч хүн ямар ч танилгүй, ямар ч аж ахуй байхгүй, хүнд ажилд эрүүл мэндээ алдаад тэтгэвэрт гардаг. Шүүгчийн хараат бус байдлыг хариуцсан байгууллага нь шүүгчийг тэтгэвэрт гармагц нь ядаж тэтгэмжийг нь маш хурдтай бүрэн олгох ёстой. Гэтэл намайг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тэтгэвэр гарснаас хойш 07 дугаар сарын 31-ний өдөр буюу 2 сарын дараа *** төгрөг хөөцөлдүүлж байж өгсөн. Хэрэв миний бие *** төгрөгийн тэтгэмжийг тэтгэвэрт гармагцаа буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан бол өнөөдрийг хүртэл *** төгрөгийн хадгаламжийн хүүг цуглуулах байсан. Энэ нь зөвхөн сарын 1 хувийн хүүгээр тооцсон тооцоо юм.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан" гэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:
“Нэхэмжлэгч Ш.******* би Шүүхийн ерөнхий зөвлөлийн тооцооллын дагуу *** төгрөгийн тэтгэмжийн зөрүүг надад олгохыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгээс буюу гэм хорын хохирол *** төгрөгөөс татгалзаж байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын тэтгэмжийн хэсэг дээр *** төгрөг шаардаж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тооцооллын дагуу *** төгрөгийг зөвшөөрсөн тул зөрүү *** төгрөгийн шаардлагаас мөн татгалзаж байна. Ингээд нийт *** төгрөгийн хэмжээнд шүүхийн шийдвэр гаргахад маргах зүйлгүй” гэжээ.
2.3. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Хариуцагчийн гаргасан тооцооллыг зөвшөөрч байна. Гэм хорын хохиролд *** төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. *** төгрөгийн тэтгэмжийн зөрүү олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага эцсийн байдлаар тогтоож байна.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Нэг.Шүүхийн Ерөнхий Зөвлөлд холбогдуулан иргэн Ш.*******аас “тэтгэмжийн зөрүү *** төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.
1.1.Албан тушаалын цалин
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.
Бүх шатны шүүхийн , шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
1.2. Нэмэгдэл, тэтгэмж
Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.
1.2.1. Нэмэгдэл.
Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна.
Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:
-Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;
-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/
-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.
1.2.2. Тэтгэмж
Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.
2. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ".... авч байсан сарын дундаж цалин.."нь Улсын Их Хурлын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон , шүүгчийн албан тушаалын цалин юм.
36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.
Хоёр.Гэм хорын хохиролд *** төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйлдэл /эс үйлдэл/ болон Ш.*******ад учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэргийн материалд байгаа *** төгрөгөөс хоол, унааны хөнгөлөлт хассан. Шүүгчийн цалин албан тушаалын нэмэгдэл, онцгой зэргийн нэмэгдэл, төрийн алба хаасны нэмэгдэл, докторын зэргийн нэмэгдэл зэргээс бүрдэнэ. Мөн 2021 оны хувьд шүүгчийн ажилласан хугацааны 2%-ийн нэмэгдэл байгаа. Нийт *** төгрөгийн тэтгэмж гарсан. Үүнээс *** төгрөгийг авсан. Дутуу олгосон *** төгрөгийн зөрүү гарч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Уг захиргааны хэргийн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад шүүхэд гаргасан гэм хорын хохиролд *** төгрөг, тэтгэмжийн зөрүү *** төгрөг, нийт *** төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.*******аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1418 тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулж, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийн зөрүүнд *** төгрөг, гэм хорын хохиролд *** төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын гэм хорын хохиролд *** төгрөг, тэтгэмжийн зөрүү *** төгрөг, нийт *** төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.” гэж заасныг баримтлан шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Ш.******* нь *******ны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.
3.Ш.*******ад Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж *** /*******/ төгрөгийг олгожээ.
4.Нэхэмжлэгчээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах хүсэлт гаргасан.
Уг хүсэлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...одоогоор Танд *** төгрөгийн тэтгэмжийг олгоод байна ... Таны сүүлийн 36 сарын цалингийн дунджаар тооцсон тэтгэмжээс *** төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан олгохоор 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 01/1018 дугаар, 6 дугаар сарын 27-ны өдөр 01/1179 дүгээр албан бичгээр төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монгол Улсын Сангийн сайдад хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн сайд төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр ... ирүүлсэн болно” гэсэн хариуг өгчээ.
5. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,
Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж,
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.
6. Дээрх хууль, журмын зохицуулалтаар, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг нийтлэг байдлаар сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин хууль тогтоогчоос Монгол Улсын шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор нарийвчлан зохицуулсан байна.
7. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолд “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно..., шүүгчийн авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас зөвхөн албан тушаалын гэх нэг бүрэлдэхүүнийг салган авч, үлдэх хэсгийг олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
8.Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д “шүүгч нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй” гэж заасныг зохих ёсоор хэрэглүүлээгүй, нэхэмжлэгч Ш.*******ын өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийг Улсын Их Хурлын 2015 оны Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 101 дүгээр тогтоолын хавсралтын 5-д заасан анхан шатны шүүхийн ийн албан тушаалын сарын цалин 2,800,000 төгрөгөөс тооцож олгон, зөрүү тэтгэмжийг олгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
9.Хариуцагч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 74.1.1.”Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх;”, 74.1.2-т “шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;, 74.1.5-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах” гэж заасан үүргээ бүрэн биелүүлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
10.Иймд нэхэмжлэгч Ш.*******ын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “гэм хорын хохиролд *** төгрөг, тэтгэмжийн зөрүү *** төгрөг, нийт *** төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...олгоогүй тэтгэмжийн зөрүү *** төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүүг зохих ёсоор тооцон олгоогүйг хууль бус болохыг тогтоож, *** /далан таван сая таван зуун есөн нэгэн мянга нэг зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан Ш.*******ын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ш.*******ын тэтгэмжийн зөрүүд *** /далан таван сая таван зуун есөн мянга зуун хорин ес/ төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “гэм хорын хохиролд *** төгрөг, тэтгэмжийн зөрүү *** төгрөг, нийт *** төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч Ш.******* татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН