Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 16

 

Ш.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01023/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн 1286 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.М-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “И-” ХХК-ийн Дархан-Уул аймаг Хонгор сум дахь салбарын Шохойн үйлдвэрт холбогдох

“Дутуу олгосон цалин 4.300.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч А.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.М- миний бие нь тус шохойн үйлдвэрт 2018 оны 09 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, сарын 800.000 төгрөгийн цалинтай тогоочийн ажилд орсон юм. Миний бие нь 2019 оны 10,11 сарын цалингаа өдий хүртэл авч чадахгүй хохирч явна. Би 2020 оны 7 сарын 16-ны өдөр ажлаасаа гарсан. Мөн 2019 он, 2020 оны 1-6 сарын нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх хүсэлтэй байна. Жич 2018 оны нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хуваариа төлсөн. Шохойн үйлдвэрийн захирал А.М-оос ажлын цалин хөлсийг удаа дараа нэхсэн боловч намайг хэл амаар
доромжилж, элдэв муу муухайгаар хэлж, харааж, зүхэж,, чадал чинь хүртэл шүүхдээд 
аваарай гэж хэлдэг. Иймд “И-” ХХК-ийн Дархан-Уул аймаг, Хонгор сум дахь салбарын Шохойн үйлдвэрийн захирал А.М-оос миний 2019 оны 10,11 сарын цалин нийт 2.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие тус шүүхэд “И-” ХХК-д холбогдуулан гэрээгээр ажилласан 10, 11 сарын цалин хөлс 1.600.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын цалингийн үлдэгдэл 500.000 төгрөг гаргуулах, 2019, 2020 оны 1-3 сар, 7-10 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. ... “И-” ХХК нь сар сардаа цалингаа өгөхгүй дараа сар дамнуулан өгдөг, зарим үед 2 сар ч цалин өгдөггүй байсан учир би цалингийн тооцоогоо буруу тооцон нэхэмжлэл гаргасан байна. Цалин авдаг дансны хуулгаа аваад тооцоо хийгээд үзтэл 2019 оны 3, 4 сард тус бүр 125.000 төгрөг дутуу авсан байна. Мөн 2019 оны 5 сард 450.000 төгрөг дутуу өгсөн. 2019 оны 9-12 сарын цалин огт өгөөгүй, 2020 оны 2 дугаар сарын цалингаас 400.000 төгрөг дутуу өгчээ. Дутуу авсан цалинг нэмбэл 4.300.000 төгрөгийн цалин хөлс дутуу авсан байна. Иймд дээрх саруудын дутуу авсан цалин болох 4.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компанид тогоочоор ажиллаж байсан Ш.М- нь хариуцсан ажлаа хайхрамжгүй хандаж ажилчдын хоол, хүнсийг хийхдээ тогтмол гарын ариун цэвэр сахилгүй хоол хийх, ажлын байрны ойр орчныг цэвэрлэхгүй угаас тоос шороотой орчинд байдаг мэтээр бусдад ойлгуулж муу үлгэр дуурайлал үзүүлдэг бөгөөд удирдлагын зүгээс тавьсан шаардлага, үүрэг даалгавар огт биелүүлдэггүй, нийт ажилчдын болон манай компанитай шүүхийн шийдвэрийн гэрээтэй ажиллаж байгаа хорих ангийн ажилтан, хүмүүжигчдийн хоол хүнсэнд хэрэглэх хүнсний материалыг хулгайлан авч явдаг байсан тул ажлаас чөлөөлөгдсөн болно. Ш.М-гийн буруутай үйлдлээс хамааран компанид хохирол учирсан тул нэхэмжилсэн цалинг олгох боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.М-, түүний өмгөөлөгч Л.О- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би “И-” ХХК-д 2018 оны 12 дугаар сард тогоочоор ажилд орсон. Ажиллаж байхад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ гал тогооны өрөөнд байж байтал Улаанбаатараас захирал ирж таараад намайг учир зүггүй ажлаас хөөж, стакан авч шидэн цээжин тус газар хөхрүүлсэн. Би тэр өдрөөс эхлээд ажлаа хийгээгүй бөгөөд хүүхдээ хичээл сургуульд нь зөөж эхэлсэн. Үүнээс гадна 2019 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 10 минутад ажлын хувцас солих гэж байхад захирал мэнд усгүй ажлаас яв, хоригдлуудад мах хулгай хийсэн гэж хөөсөн. Надад хулгай хийсэн зүйл байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 05-нд компани захирал над руу залгаад тогооч олдохгүй байх тул эргээд ажилдаа орооч гэхээр нь буцаад ажилдаа орж ажиллаж байгаад ажлаасаа халагдсан учраас дутуу орсон цалиг, ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 15-нд ажилд орсон. Он сар өдрийг буруу санаж байх шиг байна. Ажилд анх орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг. 2018 онд тодорхойгүй шалтгаанаар ажлаас нь халсан байдаг. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эргээд ажилдаа орооч ээ гэсэн саналыг М- гаргасан. Буцаад ажилд нь эргүүлэн авахдаа сарын 800.000 төгрөгийн цалин олгохоор тохирч хөдөлмөрийн гэрээ хийсэн. 2020.07.16 өдөр захирлын тушаалаар чөлөөлөгдсөн байдаг. Тушаалд М-г байгууллагын дотоод журам зөрчсөн бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, байгууллагад хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн байсан. Нэхэмжлэгч хулгай хийгээгүй, энэ тушаал бодит байдалд нийцээгүй тул өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа. Өмнөх хурал дээр нэхэмжлэгч эргээд ажилдаа орох талаар хэлж байсан боловч эргээд ажилдаа орохыг хүсэхгүй байгаа. Учир нь нэгэнт л иймэрхүү асуудал гарсан тул хамт олонтойгоо эргээд хамт ажиллаж чадна гэж бодохгүй байгаа. Тиймээс эргэж ажилдаа орохоо болиод 2019 оны 10, 11 дүгээр сарын цалин болох 1.600.000 төгрөг, үлдэгдэл 2020 оны 06 дугаар сарын цалин 500.000 төгрөг гаргуулах, мөн дутуу орсон цалин 2,200,000 төгрөг гаргуулах, нийт 4.300.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байгаа гэв. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1286 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “И-” ХХК-аас 3.805.574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож, 494.426 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75.840 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн илүү төлсөн 15.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Т- давж заалдсан гомдолдоо:

            Манай байгууллагад тогоочоор ажиллаж байсан Ш.М- нь ажиллаж байсан хугацааны цалингаа 2019 оны 3, 4 салд 125.000 төгрөг дутуу мөн 2019 оны 9, 10, 11, 12 сарын цалин огт өгөөгүй, 2020 оны 2 дугаар сарын цалингаас 400.000 төгрөг дутуу нийт 4.300.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 3.808.574 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

            Уг шийдвэрийг гаргахдаа Ш.М-гийн ажилласан 17 сарын хугацааг бүхэлд нь 1 сарын цалинг 800.000 төгрөгөөр тооцож  үржүүлж цалингийн цалингийн данс луу шилжүүлсэн тооцоог хасч зөрүүг төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой  байна.

            Учирт нь Ш.М- нь 2018 онд анх ажилд орохдоо 700.000 төгрөгийн үндсэн цалингаас эхэлж 2019 оны 1 дүгээр сараас 750.000 төгрөгийн цалинтай, 2019 оны 06 дугаар сараас 800.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилласан.

            Ингээд компани нь 2019 оны 3, 4 сард 750.000 төгрөгөөс ХӨОАТ 75.000 төгрөгийг суутгаж, 2019 оны 9, 12 сарын цалинг бодож, 2020 оны 2 дугаар сарын цалингийн урьдчилгаа гэж бэлнээр 370.000 төгрөг олгож гарын үсэг зуруулж тус тус олгосон.

            Манай байгууллага нь цалинг хүснэгтийн дагуу бодож хүснэгтийг салбарт ирүүлснээр Голомт банкаар дамжуулан олгодог.

            Иймд 2019 оны 10, 11 сарын цалинг ХАОАТ-ийг тооцон 1.440.000 төгрөг хүлээн төлөхийг хүлээн зөвшөөрч байна үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.М- хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан “И-” ХХК-д холбогдуулан  ажиллаж байсан хугацааны цалингаа нэхэмжилжээ.  Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдолдоо шүүхийг “... Ш.М-гийн ажилласан 17 сарын хугацааг бүхэлд нь 1 сарын цалинг 800.000 төгрөгөөр тооцож цалингийн  данс луу шилжүүлсэн тооцоог хасч зөрүүг төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой гээд түүнийг 2018 онд 700.000 төгрөгийн, 2019 онд 750.000 төгрөгийн цалинтай байхад цалинг буруу тооцсон гэж “буруутгажээ.

Хариуцагч анхан шатны шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрсөн үндэслэлээ болон баримтаа гаргаж мэтгэлцээгүй байна.

Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд  хүрэлцэн ирээгүй нь  шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үндэслэн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна .

Талуудын хооронд мэтгэлцээн явагдаагүй хариуцагч татгалзлаа нотолсон баримт шүүхэд гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүх тухайн тохиолдолд нотлох баримтыг үнэлэх шаардлагагүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэстэй.

Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг  оновчтой бус хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хулийн 69 дүгээр зүйл нь шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд буцааж тогтоосон эсхүл буруу шилжүүлсэн нь тогтоогдсон бол олгох цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор  болно.

Харин тухайн маргаан ажиллаж байх үед нь цалин хөлсийг зохих журмын дагуу олгоогүй дутуу олгосон маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлсний зохицуулалтыг баримтлах нь илүү оновчтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1286 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “И-” ХХК-аас 3.805.574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож, 494.426 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “И-” ХХК-аас 3.805.574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож, 494.426 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

                                                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.АМАРСАНАА

                                                                                                               ШҮҮГЧИД                          М.МӨНХДАВАА

                                                                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ