| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03825/И |
| Дугаар | 102/ШШ2024/05044 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/05044
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б ургийн овогтой Мын Бийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б ургийн овогтой Сийн Ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 370,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч С.Ад холбогдуулан 370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. 1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч С.Атай 2024 оны 08 сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг сарын 1,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож 6+1 нөхцөлтэй, барьцаа мөнгөтэй 7,000,000 төгрөгийг хариуцагчийн тоот дансанд Б данснаас шилжүүлсэн. Гэрээ байгуулах хүсэлт гаргасан боловч хөдөө явах гээд яараад байна гэж хэлээд түрээслэв гэсэн бичиг хийж өгөөд явсан. 2024 оны 08 сарын 21-ний өдөр байрандаа нүүж ирэхэд орчин нөхцөл тав тух муутай, жоомтой байр байсан тул амьдрах боломжгүй болсон. 2024 оны 08 сарын 24-ний өдөр байрнаас гарах гэж байгаа тухай хэлээд гарсан. Танай байранд 4 хоног амьдарсан тул 130,000 төгрөг суутгуулъя, үлдэгдлийг нь өгөөрэй гээд дансаа өгсөн боловч 500,000 төгрөг хасаж явуулсан. Иймд үлдэгдэл 370,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч С.А нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.А нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч болох М.Бийн дүү гэх эмэгтэйтэй өөрийн өмч болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нарлаг хотхон тоот 39 метр квадрат 2 өрөө байрыг 1 жилийн хугацаагаар түрээслэхээр болж аман гэрээ хийсэн. Уг эмэгтэй манай эгч М.Бэ түрээслэнэ “Би эмралтын 2 өдөр юмнуудыг нь зөөж оруулна, манай эгч 19-ний өдөр таны данс руу мөнгөө хийчихнэ гэсэн” гэхээр нь 204 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уг эмэгтэйд байрны түлрүүрээ өгсөн. М.Бийн дүү гэх эмэгтэйтэй би 1 сарын түрээс нь 1 сая төгрөгөөр тохиролцоод 1 сарын барьцаатай гээд нийтдээ 6 сарын урьдчилгаа гээд нийт 7 сая төгрөгөөр тохирсон. Тохирсоны дагуу Бэ гэх эмэгтэй 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний Хаан банкны тоот данс руу нийтдээ 7 сая төгрөг шилжүүлсэн байсан. М.Бэ гэх эмэгтэйтэй би биечлэж уулзаж байгаагүй. Байр түрээслэхээ болилоо гээд 2024 оны 08 дугаар сарын 27-ны байрны түлхүүрээ авах үед л уулзсан. М.Бэ нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өглөө “Танай байр халуун байна, онгоц нисээд чимээ ихтэй байна, жоомтой байна, байрнаасаа гармаар байна” гэхээр нь “Бүх байрууд халуун байгаа, чи хүнд түрээслэх гэж байхад би түрээслэнэ гэсээр байгаад орсон, дараагийн хүнээ олохоор мөнгийг чинь өгье, манай байр жоомгүй" гэсэн. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш М.Бэ “Гэрээгээ цуцалья” гэхээр нь “Зар тавиад суух хүнээ олчих, мөнгийг чинь зөрүүлээд өгье” гэсэн “Манай аавын дүү Цагдаагийн ерөнхий газар ажилладаг, чи мөнгөн аяга зардаг юм байна, мөнгө гаргаж өг” гээд байн байн сүрдүүлээд месэж бичээд байхаар нь “Цагдаа, шүүхээрээ яваа” гээд утсыг нь блоклосон. Яг хэзээ байрнаас М.Бэ гарсныг нь би мэдэхгүй байна. Харин би байрны түлхүүрээ 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гардан авснаар тооцоо хийсэн. Би өөрийн байраа 2024 оны 08 сарын 17-ны өдрөөс эхлэн түрээслэсэн гэж үзэж байна. Учир нь уг өдөр Бийн дүү түлхүүрээ өгч, 08 сарын 27-ны өдөр түлхүүрээ авсан. Иймд нийт 10 хоног манай байранд амьдарсан гэж үзэж байна. Мөн 1 сая төгрөгийг 30 хоногт тооцож өдрийн 33,300 төгрөг, урсгал зардал 5,000 төгрөгөөр тооцдог жишиг байдан. Иймд 10 хоногийн зардал 383,300 төгрөг болж байгаа тул 116,700 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
2.Хэрэгт Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15,16/ баримтаар авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М.Бэ нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: “...Би 2024 оны 08 сарын 17-ны өдөр орон сууц түрээслэх зарын дагуу С.Атай холбогдсон. Манай эгч очиж үзээд уг орон сууцыг би түрээслэхээр болсон. Ингээд 19-ний өдөр гэрээ хийж эхлүүлэхээр болсон. Төлбөрөө сард 1,000,000 төгрөг бөгөөд 6 сарын төлбөр 6,000,000 төгрөгийг барьцаан нэг сарын төлбөр 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Байрандаа ороод амьдарч үзтэл жоомтой, борооны ус тагтан дээр гоожсон байр байсан. ...Би гэрээг цуцлах талаар 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн. С.А нь надад түрээслэх өөр хүн олж өгөөд гарч болно гэсэн. Би байрнаас 08 сарын 25-ны өдөр гарсан. Надад буцааж 6,500,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэх 500,000 төгрөгийг өгөхгүй гэсэн. Би байрыг нь 4 хоног түрээслэсэн учир 130,000 төгрөг төлөх ёстой. Үлдэх 370,000 төгрөг гаруулна.” гэжээ.
3.Хариуцагч С.А нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ: “...Би 2024 оны 08 сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон 102 дугаар байр, 115 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн дүү гэх эмэгтэйтэй уулзаж 1 жилийн хугацаатай, сарын 1,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчээс 6 сарын хөлс 6,000,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг авсан. ...Нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж байгаагүй бөгөөд байр хөлслөхөө болилоо гээд 27-ны өдөр түлхүүр авахдаа уулзсан. 10 хоног манай байранд амьдарсан учир өдрийн 33,300 төгрөгөөр тооцож үзвэл 330,000 төгрөг, тог, ус, цахилгааны зардал өдрийн 5,000 төгрөгөөр тооцож 50,000 төгрөг нийт 383,300 төгрөг болно. Би 500,000 төгрөгийг суутган авчсан. Илүү 116,700 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй” гэж тайлбарласан байна.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь М.Бийн эзэмшлийн тоот дансны хуулга, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч М.Бэ, хариуцагч С.А нар 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон 102 дугаар байр, 115 тоот, 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 1,000,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2024 оны 08 сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, нэхэмжлэгч нь хариуцагчид 6 сарын хөлс 6,000,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд орон сууцны түлхүүрийг хариуцагч 2024 оны 08 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 сарын 28-ны өдөр гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар маргаангүй байна.
6.Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээ байх ба гэрээний хөлслүүлэгч тал нь хариуцагч С.А, хөлслөгч нь М.Бэ байна. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээний хугацааг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэх талаар тохиролцсон, орон сууцанд 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амьдарч, гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч зөвшөөрсөн байх тул энэ хугацааны буюу 7 хоногийн хөлс /нэг хоногт 33,300 төгрөг/ 233,100 төгрөгийн хөлсийг төлж, үлдэх 266,900 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрх зүйн үндэслэлтэй.
8.Хариуцагч нь ашиглалтын зардал хоногт 5,000 төгрөг тооцож, 50,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэх тайлбар гаргасан боловч энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч 7 хоног орон сууцыг хөлсөлсөн тул нэхэмжлэл 370,000 төгрөгөөс 103,100 төгрөгийг шаардах эрхгүй байна.
9.Иймд хариуцагч С.Агаас 266,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бэд олгож, үлдэх 103,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
10.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасны дагуу хариуцагч С.Агаас 266,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бэд олгож, үлдэх 103,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч М.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас 8,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
|