Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 484

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч, хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

Шүүгдэгч, хохирогч Б.А нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Бор овогт Б Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Зурхайч овогт Б А нарт холбогдох 1711007840155 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Имприал ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамж, 1171г тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бор овогт Б Т (РД:0000000000),

2.Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28 дугаар гудамж, 429б тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Зурхайч овогт Б А  (РД:00000000000),

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28-42б тоот хашааны гадна хохирогч Ө.Мөнхгэрэлтэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Б.А тэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28-42б тоот хашааны гадна Б.Төмөрчөдөртэй эхнэр Ө.Мөнхгэрэлийг өмөөрч маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Т, Б.А нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хоорондоо болон хохирогч Ө.Мөнхгэрэлтэй эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүх хуралдаанд Б.Т шүүгдэгч, хохирогчоор мэдүүлэхдээ: -“Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогч Ө.Мөнхгэрэлтэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Б.А  маргалдан бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нартай эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ “...Мөнхгэрэл нь намайг пизда гэж хэллээ гээд уурлаж, миний хувцаснаас татаж урахаар нь би уурлаад пизда гэхэд Алтангэрэл нь “манай эхнэрийг элдвээр хараалаа” гэж над руу дайрч толгой руу гараараа 2-3 удаа цохьсон надад учирсан гэмтлийг Алтангэрэл гараараа цохиж учруулсан, цаашид гомдол санал байхгүй, бид хоорондоо эвлэрсэн болно” гэжээ.

            Шүүгдэгч Б.Аээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогч Б.Ттэй эвлэрсэн” гэв.

Б.А мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “…Төмөрчөдөр нь машинаас бууж ирээд манай эхнэрийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон чинь газар алгаараа тулж унасан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд байж байтал манай эхнэр босч ирээд тэр 2 зууралдахаар нь тэр хоёрыг салгах гээд Төмөрчөдөрөөс зуурч байхад тэр миний баруун гарын эрхий хурууг барьж байгаад эвгүй дарчихсан. Тэгээд хугарсан, өөр гэмтэл учраагүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэжээ.

Хохирогч Ө.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…манай нөхөр Алтангэрэл найзуудтайгаа хамт явах гээд байхаар нь машин дотроосоо буулга гэж Жагаа гэх найзад нь хэлсэн. Тэгтэл Төмөрчөдөр нь намайг Ганзамд явж байсан хүүхэн байна гэхээр нь чи юу яриад байгаа юм, хүүхнүүдтэйгээ андуураад байгаа юм уу гэсэн чинь Төмөрчөдөр машинаас бууж ирээд миний баруун талын шанаа руу гараараа цохиход нь би газар унасан. Тэгээд би босч ирээд цамцнаас нь зуурсан чинь манай нөхөр Алтангэрэл, Жагаа 2 салгахаар ирсэн. Бид 2 зууралдаж байхад дахин миний нүүр рүү 2-3 удаа цохьсон ба манай хадам ээж гарч ирж салгасан. Тэгэхэд А, Т хоёр зайнаас хэрэлдээд байсан ба сүүлдээ хоорондоо барьцалдаж авахаар нь цагдаа дуудах гээд байж байтал манай нөхөр миний хурууг хугалчихлаа гээд доошоогоо тонгойсон. Ингээд хадам ээж Тийг аргадаж явуулсан” гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.Д.Амаржаргалаас: “…2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед хүү А, бэр Мөнхгэрэлийн хамт ажлаасаа тараад гэртээ ирсэн. Тэгээд гэр рүүгээ орох гэж явж байтал нэг машинаас Аагий гэж дуудсан. Тэгээд би гэр рүүгээ ороод байж байтал хүүхдүүд орилолдоод байхаар гарсан чинь Т гэдэг залуу Мөнхгэрэлийг үсдсэн байдалтай нөгөө хүмүүс салгах гээд бөөн овооролдсон улсууд байж байсан. Тэгээд би хүрч ирээд яаж байгаа юм бэ? Хүүхдийн үснээс зулгаагаад байж байдаг юм бэ? гэсэн. Гэтэл нөгөө Т сайн байна уу? таны үгэнд оролгүй яахав за за гээд үснээс тавиад больцгоосон. Та нар юу болж байгаа юм нэг дор ажилладаг улсууд байж чи бас хүний авгай ингэж зодож болохгүй гэж хэлээд салаад бид 2 уулзаад, согтуу байж ингэж болохгүй харьж амар гэж хэлээд машиндаа суух гэтэл бүдүүн согтуу залуу Т ахтай учраа ол гэж хэлээд манай хүү Аийг Т рүү явуулсан. Тэгээд Төмөрөө нь дахиад манай хүү Атэй хамт зодолдоод өгсөн. Тэгсэн манай хүү А нь гар эвгүй болчихлоо ш дээ пиздаа гэж хэлсэн. Тэгээд утсаа авчраагүй болохоор цагдаа дуудлаа гээд тэгж байгаад явуулсан. Т нь Жагаатайгаа толгойгоороо мөргөлдөөд машиндаа суугаад явсан.” гэжээ.

2.А.Аюурзанаас: “…Тийнд очиж хоол хийж идээд хоолны хажуугаар Т, Жаргалсүрэн 2 нэг пиво уусан. Тэгээд байж байгаад доошоо бөөнөөр караоке орох замдаа Аийн гэрт очсон. Тэгээд Аийн хашааны гадаа Аэс гарах уу гэж асуусан. Тэгсэн А орой уулзъя гэж хэлээд машинд өөрөө суусан. Тэгээд авгай нь ирээд наанаасаа буу хурдал гэж хэлсэн. Тэгээд Т ах эхнэрийг нь сайн уу? гэж хэлтэл та нарыг яаж явдагийг чинь мэднэ шүү түргэл хурдал гэж хэлсэн. Тэгээд нөхөр нь буугаад явах гэж байсан чинь Т ахыг эхнэр нь янхандаж явдаг ингэж хэлсэн. Нөгөөдөх нь хаана тэгж явахыг харсан юм гээд хэрэлдээд байсан. Тухайн үед Т, А, эхнэр Жаргалсүрэн нар машинаас буугаад маргалдаж байсан. Би тухайн үед машинаас бууж болсон явдлыг бүрэн хараагүй.” гэжээ.

Хохирогч Б.Т ийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.25-ны өдрийн ¹12035 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Т ийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.

Хохирогч Б.А-ийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.26-ны ¹12185 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.А-ийн биед баруун сарвуу 1-р хурууны далд хугарал, зүүн шанаанд зулгаралт, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Хохирогч Ө.Мөнхгэрэлийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.25-ны ¹12016 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.2.3.Ө.Мөнхгэрэлийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, баруун алга, зүүн өвдөгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

4.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.

6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28-42б тоот хашааны гадна хамт ажилладаг Б.А-ийн эхнэр Ө.Мөнхгэрэлтэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, эхнэрээ өмөөрсөн Б.А"тэй маргалдан заамдалцаж зодолдсоноос түүний баруун сарвууны 1-р хурууг хугалж хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан,

шүүгдэгч Б.А нь мөн өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28-42б тоот хашааны гадна өөрийн эхнэр Ө.Мөнхгэрэлийг өмөөрч Б.Ттэй маргалдан, заамдалцаж харилцан зодолдсоноос түүний биед зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь Б.Т, Б.А нарын шүүгдэгч, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ө.Мөнхгэрэлийн “…Т машинаас бууж ирээд миний баруун талын шанаа руу гараараа цохиход нь би газар унасан. Тэгээд би босч ирээд цамцнаас нь зуурсан чинь манай нөхөр А, Жагаа 2 салгахаар ирсэн. …Тэгэхэд А, Т 2 зайнаас хэрэлдээд байсан ба сүүлдээ хоорондоо барьцалдаж авахаар нь цагдаа дуудах гээд байж байтал манай нөхөр миний хурууг хугалчихлаа гээд доошоогоо тонгойсон. Ингээд хадам ээж Т-ийг аргадаж явуулсан” гэх мэдүүлэг,

гэрч Д.Амаржаргалын “Төмөрөө гэдэг залуу Мөнхгэрэлийг үсдсэн байдалтай нөгөө хүмүүс салгах гээд бөөн овооролдсон улсууд байж байсан. Тэгээд Төмөрөө нь дахиад манай хүү Алтангэрэлтэй хамт зодолдоод өгсөн. Тэгсэн манай хүү Алтангэрэл нь гар эвгүй болчихлоо ш дээ пиздаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Төмөрчөдөрийн биед үзлэг хийсэн шүүх  эмнэлгийн 2017.9.25-ны ¹12035 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.А-ийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.26-ны ¹12185 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Ө.Мөнхгэрэлийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.25-ны ¹12016 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Бор овогт Б Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Зурхайч овогт Б-ийн А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ө.Мөнхгэрэл, Б.А нар нь шүүгдэгч Б.Ттэй  эвлэрсэн, хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Б.Т нь гомдол саналгүй, шүүгдэгч Б.Алтангэрэлээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Б.Төмөрчөдөрт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг, шүүгдэгч Б.Алтангэрэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор, шүүгдэгч Б.Алтангэрэлийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бор овогт Б-ын Т-йг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Зурхайч овогт Б-ийн А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр тус тус торгох ялаар,

Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Т-ийн торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор, шүүгдэгч Б.Аийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б., Б.А нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6.Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ