Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/619

 

 

 

 

 

 

  2023          6               13                                         2023/ДШМ/619

 

 

  С.Э-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Халиунаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/66 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Халиунаагийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг үндэслэн түүнд холбогдох 2309000000304 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ...............-ийн Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, э..эгтэй, ....... боловсролтой, мэргэжил., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ........-ийн хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./,

Яллагдагч С.Э нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ” гэж заасны дагуу Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилд орж, ажиллахын тулд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг “Биеийн тамирын багш, эрүүл мэндийн багш” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа, суралцаж төгссөн гэх 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн D............... дугаартай бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, үргэлжилсэн үйлдлээр ашигласан буюу 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт цогцолбор” сургуульд, 2003 оны 9 дүгээр сараас 2005 оны 6 дугаар сар хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Биеийн тамир Спорт хороонд, 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуульд, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Гүн галуутай” цогцолбор сургуульд, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сар хүртэл Ерөнхий боловсролын 125 дугаар сургуульд, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл “Боловсролын Оюуны Эрин” сургуульд, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл “Боловсрол цогцолбор” сургуульд тус тус биеийн тамирын багшаар,

мөн биеийн тамирын багшаар ажиллахад дээд боловсролын бакалавр зэрэгтэй, багш мэргэжилтэй гэсэн шаардлага тавигдсан “Насан туршийн боловсролын” төвд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар тус тус ажиллахдаа ашиглаж, нийт 91.065.231,73 төгрөгийн цалин хөлс авч, улсын төсөвт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: С.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгах зүйлсийг хуульчилсан ба 4.1 дэх заалтад зааснаар “Яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.

Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт С.Э-г “үргэлжилсэн үйлдлээр боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгчийн хэзээ, хаана, яаж үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжид тооцогдож байгаа нь бичигдээгүй, тодорхойгүй байна.

2. С.Э-г 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2202005352205 дугаар прокурорын тогтоолоор яллагдагчаар татаж, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2309000000304 дугаар прокурорын тогтоолоор хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ.

С.Э-д холбогдох эрүүгийн 2309000000304 дугаар хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол /1 хх 94/-ын тогтоох хэсгийн 1-д “Мөрдөн байцаалтын 2202005352205 дугаар гэмт хэрэгт /РД:ФА83071262/ Г.О-ыг хохирогчоор тоогтоосугай” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан ба С.Э-д холбогдох эрүүгийн 2309000000304 дугаар хэрэгт хохирогчоор оролцох этгээдийг тогтоогоогүй байна гэж үзэв.

Хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг олж тогтоох, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх хуульд заасан эрх, үүргийг танилцуулж хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний албаны жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийн хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан худалдсан үйлдлийг “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн D............... дугаартай диплом нь ямар шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байгаа талаарх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж ирүүлсэн гэж үзэхээргүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар нь түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг D............... дугаартай дипломыг хэргийн хамт прокурорт шилжүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Халиунаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана”, мөн зүйл хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”, 4.2 дахь заалтад “эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх харьяалал”, 4.3 дахь заалтад “яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдрийг тусгахаар хуульчилсан ба прокурорын яллах дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагыг хангасан буюу С.Э-ийн үйлдсэн үйлдэл Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэгт заалтаар зүйлчлэгдэх талаар тодорхой тусгасан. Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тавигдах шаардлага бөгөөд дээрх нь яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дэлгэрэнгүй тусгагдсан.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байхад шүүгч захирамждаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгчийн хэзээ, хаана яаж, үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжид тооцогдож байгаа нь бичигдээгүй, тодорхойгүй гэж дүгнэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Яллагдагч С.Э нь “Биеийн тамирын багш, эрүүл мэндийн багш” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа, суралцаж төгссөн гэх 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн D............... дугаартай бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт цогцолбор” сургууль, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, Багануур дүүргийн Биеийн тамир Спорт хороо, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, “Гүн галуутай” цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын 125 дугаар сургууль, Ерөнхий боловсролын 125 дугаар сургууль, “Боловсролын Оюуны Эрин” сургууль, “Насан  туршийн боловсролын төвд ажилд ороход ашигласан байх ба тэрээр Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж нийт 91.065.231,73 төгрөгийн цалин хөлс авч улсын төсөвт хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэж хэрэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.О-ыг хохирогчоор тогтоосон ба шүүгч хэргийг буцаахдаа ямар ундэслэлээр түүнийг хохирогчоор тогтоогдвол зохих этгээд биш гэж үзсэн нь ойлгомжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан ба С.Э-ийн үйлдлийн улмаас боловсролын яамнаас хуваарилсан төсвийн дагуу цалин олгогдож, эд хөрөнгийн хохирол учирсан тул Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.О-ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй байна.

3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар тооцож, яллагдагч С.Э-аас хураан авсан D............... дугаартай диплом нь Н.Н /РД:.........../ гэх хүнийх болох нь Монгол Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирлын 12 дугаартай “Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаал, /2 дугаар хавтас хэргийн 31-32 дугаар хуудас/, гэрч Л.А-гийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Э нь Үндэсний биеийн тамирын их сургуулийг суралцаж төгсөөгүй гэх үйл баримт тогтоогдсон ба шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагаануудыг хийх нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хэрэгт нотолбол зохих бүхий л байдлуудыг нотлон тогтоох ажиллагаа хийгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар нотлохоос гадна шүүх хуралдааны явцад мөн нотлох талаар заасан тул С.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/66 шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх С.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокуророос С.Э-г Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ” гэж заасны дагуу Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилд орж, ажиллахын тулд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг “Биеийн тамирын багш, эрүүл мэндийн багш” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа, суралцаж төгссөн гэх 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн D............... дугаартай бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, үргэлжилсэн үйлдлээр ашигласан буюу 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт цогцолбор” сургуульд, 2003 оны 9 дүгээр сараас 2005 оны 6 дугаар сар хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Биеийн тамир Спорт хороонд, 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуульд, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Гүн галуутай” цогцолбор сургуульд, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сар хүртэл Ерөнхий боловсролын 125 дугаар сургуульд, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл “Боловсролын Оюуны Эрин” сургуульд, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл “Боловсрол цогцолбор” сургуульд тус тус биеийн тамирын багшаар,

мөн биеийн тамирын багшаар ажиллахад дээд боловсролын бакалавр зэрэгтэй, багш мэргэжилтэй гэсэн шаардлага тавигдсан “Насан туршийн боловсролын” төвд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар тус тус ажиллахдаа ашиглаж, нийт 91.065.231,73 төгрөгийн цалин хөлс авч, улсын төсөвт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгчийн хэзээ, хаана, яаж үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжид тооцогдож байгаа нь бичигдээгүй тодорхойгүй, хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг олж тогтоох, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх хуульд заасан эрх, үүргийг танилцуулж хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй зэргээс шүүх хэргийг бодитой шийдвэрлэх боломжгүй талаар дурьдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарчээ.  

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх дүгнэлтүүд нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан ба энэ талаар прокурор дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/66 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Халиунаагийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                                          ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                                          ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР