| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0318/З |
| Дугаар | 128/ШШ2024/0803 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0803
2024 10 10 128/ШШ2024/0803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г*******” ХХК /РД: *******/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: “Г*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, уур амьсгалын сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г******* ” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан.
2. Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд “Ж******* ам” нэртэй газарт 0.53 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.
3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн ашиглуулахаар олгосон газрыг ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.
4. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...“Г*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар Х******* дүүрэг Ж******* аманд 5113 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж ирсэн. Уг газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө зохих журмын дагуу материал бүрдүүлэн хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар тус газрыг 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашиглахаар хугацааг нь сунгуулж, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар газар ашиглах гуравласан гэрээ байгуулсан юм.
Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хариуцсан мэргэжилтний ажлын ур чадвар, хайнга байдлаас болж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 бичгээр манай компанийг газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх ор үндэслэлгүй шалтгаанаар газрын эрхийг цуцлах саналыг албан тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсний үндсэн дээр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дүгээр тушаалаар хугацаа сунгуулах хүсэлтээ цаг хугацаандаа ирүүлээгүй гэх үндэслэлээр хууль бус тушаал гарган газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүйгээр бидний газар ашиглах эрхэд ноцтой халдсан илт хууль бус акт гарсан ба уг тушаалыг анх 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1130 тоот Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичгээр мэдсэн. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 9/02 тоот бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 9/04 тоот бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зохих журмын дагуу тайлбар хүсэлтээ гаргасан. Учир нь илэрхий алдаатай акт гаргасан тул сайдыг энэхүү алдаагаа засаж өгнө үү хэмээн бид удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах. ...," Захиргааны ерөнхий хуулийн 47.4. “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5. “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн зөрчигдсөн газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү...” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, хариу тайлбартаа “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тус тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчид олгосон 0.53 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан. Үүний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн албан ёсны цахим хуудаст сонсох ажиллагааны мэдэгдлийн байршуулсан боловч тогтоосон хугацаанд нэхэмжлэгч хариу тайлбар болон холбогдох баримтаа ирүүлээгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39.1.1. “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул “Г*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс Ж******* аманд жуулчлалын зориулалтаар 0,53 га газрыг 5 жилийн хугацаатай анх ашиглах эрхтэй болжээ.
3. Мөн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, хугацаа сунгах тухай” А/395 дугаар тушаалын хавсралт ёсоор “Г*******” ХХК-д Х******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Ж******* аманд 5,113 м.кв газар бүхий талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ашиглах эрхийн хугацааг сунгаж, 0222431 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгожээ.
4. Ингэснээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар болон “Г*******” ХХК-ийн хооронд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” ******* дугаар гэрээ байгуулагдсан ажээ.
5. Маргаан бүхий, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан 11 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Ж******* амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч уг эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүйг дурдаад, хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 0,53 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
6. Тушаалын үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт. “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж хуульчилсныг үндэслэсэн ба үүнээс тухайлан газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй тул хариуцагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлж, маргаан бүхий тушаал гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс тайлбарласан.
7. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-д олгосон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн МЗХ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01122-2017/0728 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт,Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 461 дүгээр албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай ******* дугаар гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08/3027 дугаар албан бичгээр ирүүлсэн Садйн тушаал бүхий нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан хийсэн газрын үзлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1. “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт хүсэлт гаргаагүй”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/ “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заасан нөхцөл байдлууд тогтоогдохгүй, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаарх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1. ”тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлнэ”, 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглах эрх”-ийг хөндсөн байна.
8. Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллага буюу Сайдаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, сонсох ажиллагаанд оролцогч нь бүрэн дүүрэн тайлбараа гаргах боломж олдоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ...хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны “хорин нэгээс дээш тооны этгээд” бүрдээгүй байхад хуулийн уг заалтын дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн байх ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах зэргээр нэг нь нөгөөгөөсөө нөхцөлдсөн үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
9. Иймээс хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/ “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу хэрэгжүүлээгүй, энэ утгаараа маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, мөн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН