| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03825/И |
| Дугаар | 102/ШШ2024/04695 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/04695
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод байлбах, С СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б ургийн овогтой Жын Тд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,427,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С Хариуцагч Ж.Т, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С СӨХ нь хариуцагч Ж.Тд холбогдуулан 1,427,490 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл үндэслэл, шаардлага түүний тайлбартаа: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, тоотод оршин сууж байгаа. Хариуцагч Ж.Т нь сар бүр төлөх ёстой дундын эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2014 оны 07 дугаар сараас нэхэмжлэл гаргасан буюу 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 118 сар төлөөгүй байгаа. Түрүүн хэлсэнчлэн өөрөө 10 жил төлөөгүй гэдгээ хариу тайлбараараа хүлээн зөвшөөрч байгаа юм шиг байна. Дундын өмчлөлийн ашиглалт зардлыг нэхэмжилж байгаа. Энэ дунд тухайн байрны орцны гэрэл, хог, цахилгаан тухайн цэвэрлэгээ үйлчилгээ, хэрвээ 10 жил хүмүүс байрны төлбөр, СӨХ-ийн мөнгөө төлөхгүй болоод яваад байдаг байсан бол байрны гаднах орчин, хог цэвэрлэгээг хэн хариуцах юм, гэрэл шатахад гэрлийн төлбөрийг хэн төлөх юм, оршин суугчид өөрсдөөсөө мөнгөө гаргаад төлөх боломжгүй. Тийм учраас багахан хэмжээний мөнгийг нийт байрныхаа оршин суугч дундаас цуглуулж аваад тэрийг нь СӨХ гэдэг байгууллага хийж гүйцэтгэж байгаа асуудал байгаа. Манай захирал н.Энхтайвангийн хувьд тус СӨХ-д нийт 24 ажиллаж байгаа, нас тогтсон хүн байгаа. Энэ хүмүүсийг огт ажилладаггүй гэж хэлж болохгүй. Тухайн өдөр тийм хурал болно шүү гээд ийм үнийн дүнд СӨХ-ийн төлбөр нэмэгдсэн шүү гэдэг байдлаар байнга байнга оршин суугчдад мэдэгдэж тухай бүрт нь гарын үсэг цуглуулаад явсан. Түрүүн өгсөн баримт бичиг дунд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр удирдах зөвлөлийн тогтоол буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхтэй холбогдуулан завсар үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай гээд энэ нь одоог хүртэл хэрэгжиж байгаа. Үүний ард талд хавсралт материал дээр нь тоотод оршин суух иргэн н.Мөнхзул гэдэг хүлэн зөвшөөрч гарын үсэг зурсан байдал байгаа. Гэтэл уг төлбөрийг сайн дураар төлдөггүй, хайхрамжгүй ханддаггүй, зөвхөн цэвэрлэгээ хийгээгүй гаднах камерын орчин муу гэдэг шалтгаанаар иргэд СӨХ-ийн төлбөр төлөхөөс татгалзаад байгаа нь үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт юу гэж заасан байдаг вэ гэхээр өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүний дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн байгаа. Ашиглах буюу ашигладаггүй гэдэг шалтгаанаас болоод энийг төлөхөөс зайлсхийнэ гэсэн ойлголт биш гэдгийг хуульд хэлсэн байна. Иргэний хуулийн 146 дугаар зүйлд орон сууц дундын өмчлөлийн зүйлийн төлбөр зардлыг хуваарилаад заагаад өгсөн. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцлах зориулалтай хэсгийн халаалт, халуун цэвэр бохир ус ариутгал хог цахилгаан холбоо зэрэг эрх бүхий байгууллага дундын өмчлөлийн зүйлийг ашиглалт засвар үйлчилгээнд холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гээд үүрэг болгосон. Гэтэл би 10 жил төлөхгүй гэсэн зүйл яригдаад байна. Энэ хүн хогоо гаргаад хаяхаар тэрийг хэн хаях вэ гэхээр СӨХ-ийн ажилчид үйлчилгээ, цэвэрлэгээ хариуцсан ажилтан байна. СӨХ-ийн захирал нь байна. Тийм учраас төлөх үүрэг нь байгаа. Гэтэл 10 жил төлөөгүй гэдэг шалтгаанаар зайлсхийх нь болохгүй зүйл гэж бодож байна гэжээ.
2.Хариуцагч Ж.Т нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: н.Алтанзул гэдэг хүн манайд байдаггүй, би танихгүй. Би 2 давхарт амьдардаг. Би өөрийнхөө байгаа газрын гэрлийг хааяа сольдог. Сард нэг жижүүр явдаг. Манай тэр хэсгийг хэзээ ч цэвэрлэдэггүй, зөвхөн дээшээ гардаг шатыг би цэвэрлэдэг. Би өөрөө 30 жил амьдарсан хүн. Би өмнө нь мөнгө төлдөг байсан. Намайг мөнгө төлснөөр юу ч хийж байгаагүй. Жилдээ нэг удаа талбайгаа цэвэрлэдэг байсан. н.Энхтайванд өөрт нь ч гэсэн хэлж байсан. Өнөөдөр өөрөө ирээгүй байгаа нь сонин байна. Та нар тийм заваан орчинд амьдарвал ямар байх вэ? Хэлэхээр юу гэж хэлдэг вэ гэхээр би коридор, дээвэр янзалсан гээд байгаа. Миний асуусан хариултад дандаа ингэж хариулдаг. Би хогоо хогийн бункерт хийдэг. Хэзээ ч СӨХ хог ачиж байгааг хараагүй. Би 60 нас хүрж яваа хүн, хэзээ ч худлаа ярихыг хүсэхгүй байна. Манайд н.Алтанзул гэдэг хүн байхгүй, гарын үсэг зураагүй. Би хүүтэйгээ, ачтайгаа, бэртэйгээ хамт амьдарч байгаа. Манай бэрийг н.Алтанзул гэдэггүй. Би шударга зүйлд дуртай. Би өөрийг нь ирэх байх гэж бодсон. Жаахан охинд баахан юм хэлчхээд тэрийгээ өөрийнхөө зөв болгож бичиж болохгүй. Баянгол дүүргээс манай тэр хавийг тохижуулж байгаа. Сот-ын групп дээр элсийг солимоор байна, муур, нохой ирж бааж, шээгээд байна гээд тавьсан чинь намайг шуналтай авгай гэж СӨХ-ийн дарга жижүүрийн хүнээр намайг заналхийлсэн. Тэгж хүссэний дараа бараг сарын дараа худалч хүнд 5 шуудай элс тавьсан уу? үгүй юу? Манай хүүхдийн тоглоомын талбайд дандаа архичид цуглардаг. Хүүхэд тоглох ямар ч боломж байхгүй, шөнө дандаа согтуу хүмүүс орилдог. Би тэр талаар дандаа н.Энхтайван хэлдэг, н.Энхтайван тэр талаар хэлсэн үгийг минь хүлээж авч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс гэрчилгээ /хх-ийн 5/, Төрийн банкны нэхэмжлэхүүд /хх-ийн 6-20/, С СӨХ-ны СОТ-ын тоотын тооцооллын хүснэгт /хх-ийн 21-24/, С СӨХ-ны Удирдах зөвлөлийн тогтоол /хх-ийн 48, 49/, мэдэгдэл /хх-ийн 50,51/, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн үнэмлэх /хх-ийн 52/, хариуцагчаас оршин суугчдын гарын үсэг цуглуулсан баримт /хх-ийн 34/, фото зураг /хх-ийн 35-42/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч С СӨХ нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч Ж.Т нь сууц өмчлөгчидйн холбооны төлбөрөө хуульд заансаар төлөх үүрэгтэй. Гэвч сууц өмчлөгч Ж.Т нь СӨХ-ны төлбөрөө 2014 оны 07 сараас 2024 оны 04 сар хүртэл 10 жил, нийт 1,427,490 төгрөг төлөөгүй тул гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.
3.Хариуцагч Ж.Т нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “... С СӨХ нь ажил хийдэггүй, би СӨХ ажил хийхгүй байгаа талаар олон удаа шаардлага тавьж байсан. Сардаа 1 удаа цэвэрлэгээ хийдэг. Харин Баянгол дүүргийн тохижилтын компани цэвэрлэгээ хийдэг. Тиймээс төлбөр төлөхгүй. 10 жил төлбөр хийгээгүй, цаашид ч хийхгүй.” гэжээ.
4.Хариуцагч Ж.Т нь С СӨХ-ны гишүүн бөгөөд тус СӨХ-ны төлбөр 2014 оны 07 сараас 2024 оны 04 сар хүртэл 10 жил, нийт 1,427,490 төгрөг төлөөгүй тухайд маргаагүй.
5.С сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах, төлөгдөөгүй төлбөрийг шаардах эрхтэй байна.
6.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээнэ. Хэрэв сууц өмчлөгчдийн холбоон нь өмчлөгчид үйл ажиллагааны буруугаас хойхирол учруулсан бол сууц өмчлөгч энэ талаар тусдаа шаардлага гаргах боломжтой ч хуулиар хүлээсэн үүргээс татгалзах эрхгүй.
7.Хариуцагч Ж.Т нь Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, тоот орон сууцны өмчлөгч бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийг 2014 оны 07 дугаар сараас хойш төлөөгүйг зөвшөөрч, энэ талаар маргаагүй.
8.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч дээрх төлбөрийг шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
9.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 07 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр 950,490 төгрөгийг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд шаардаагүй, хариуцагч төлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хэрэгсэхгүй болгохоор байна.
10.Орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй. Харин С СӨХ-ны үйл ажиллгаа муу, ажил хийдэггүй, гүйцэтгэх захирал нь оршин суугч миний гомдлыг хүлээж авдаггүй, зүй бус харьцдаг зэрэг нь СӨХ-ны гишүүн тогтоосон хэмжээгээр зардлыг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
11.Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар тус сууц өмчлөгчдийн холбоо гишүүн байх бөгөөд Төрийн банкны төлбөрийн нэхэмжлэх баримтаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын төлбөрт нийт 477,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
12.Иймд хариуцагч Ж.Таас 477,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С СӨХ-нд олгож, үлдэх 950,490 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасны дагуу хариуцагч Ж.Таас 477,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 950,490 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Таас 14,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
|