Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 02

 

     

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Ч.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойжамцын Э т холбогдох эрүүгийн 1726000000075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ч.Э ,

Шүүгдэгч Ч.Э  нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 33-02 тоотод оршин суух иргэн И.Э ын гэрийн гадна түүний толгойн тус газарт модоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр машинаа тавьчихаад 2 шил архи хүмүүстэй хувааж уусан. Өдөр нь И.Э тай ачаа буулгаж байхдаа таарсан юм. Тэрээр мал гаргаж байна гэж байсан.  Би түүнд “Орой очно” гэж хэлсэн. 23 цагийн үед тэднийд очиж хаалгыг нь нүдсэн. И.Э  “Унтаж байна, яах гээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд гарч ирээд намайг түлхсэн. Би таварцаглаж ойчоод босч ирэхдээ гарт  мод таарахаар нь цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч И.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө би 09 цагийн үед “Ягаан толгой” буюу 6 дугаар багт айлд очиж мал гаргаж өгсөн. Ингээд орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Манай гэр гэрэлгүй харанхуй байсан болохоор эртхэн унтаж амаръя гэж бодоод хэвтсэн. ... Намайг гэрт ирэхэд манай эхнэр Ц.Гантулга, хамт ажилладаг залуу нь гээд Ц.М  гэж хүмүүс гэрт унтаж байсан. Тэгээд шөнө 00 цаг болж байсан байх манай гэрийн хаалгыг хүн нүдээд байсан. Тэгэхээр нь яах гээд байгаа юм би унтаж байна яв гээд хэлсэн чинь бүр их хаалга нүдээд байхаар нь очоод онгойлгоод харахад Ч.Э  согтуу зогсож байхаар нь яах гээд байгаа юм бэ харьж амар гээд жаахан аашилчихаад гэртээ орчихсон юм. Тэгсэн чинь Ч.Э  намайг гараад ир гээд орилоод байхаар нь гэрээсээ гартал шууд миний толгой руу цохьчихсон. Харахад Ч.Э  гартаа хуучин манай гэрийн баганын хөл хийж байсан урд талдаа төмөртэй модыг барьчихсан байсан. Тэгээд л Ч.Э  яваад өгсөн. Манай гэрт байсан Ц.М  түргэн дуудаад би эмнэлэг дээр очиж толгойдоо оёдол тавиулсан. ... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 дүгээр хуудас/,

Гэрч Ц.М ы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт оршин суух И.Э ын гэрт ирсэн. Тэгтэл 23 цагийн орчим И.Э ын гэрийг хаалгыг хүн нүдээд байсан. И.Э  орноосоо босоод хаалгаа онгойлгоод гэрээсээ гарчихаад удалгүй орж ирэхдээ толгойныхоо цусыг гоожуулсан байдалтай толгойгоо хагалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгөөд И.Э ыг түргэн ирээд аваад явсан. Эмнэлэг дээр ирээд И.Э аас юу болсон талаар асуухад Ч.Э  гэх хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... И.Э , Ц.М  бид 3 манайд унтаж байхад 23 цагийн орчим гэрийн хаалга хүн нүдсэн. Тэгээд манай нөхөр И.Э  “хэн бэ” гэхэд хаалга нүдсэн хүн дуугарахгүй байсан. И.Э  орноосоо босоод хаалга онгойлгож өгсөн. Тэгсэн манай нөхөр хаалга онгойлгож өгчихөөд буцаж ирээд надад хэлэхдээ Ч.Э т модоор толгойдоо цохиулчихлаа гээд толгойныхоо цусыг гоожуулсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 469 дугаартай: “... И.Э ын биед зүүн зулай дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Толгойн зүүн зулайн дээд хэсэгт хагас ташуу хэлбэртэй 4.6 см урттай 1 ширхэг шарх гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Биеийн урд талаас нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамааарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 32 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Э ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 38-39, 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Э ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Э ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Э  нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 33-02 тоотод оршин суух иргэн И.Э ын гэрийн гадна түүний толгойн тус газарт модоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч И.Э ын “... Тэгсэн чинь Ч.Э  намайг гараад ир гээд орилоод байхаар нь гэрээсээ гартал шууд миний толгой руу цохьчихсон. Харахад Ч.Э  гартаа хуучин манай гэрийн баганын хөл хийж байсан урд талдаа төмөртэй модыг барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25/, гэрч Ц.М ы “... И.Э  орноосоо босоод хаалгаа онгойлгоод гэрээсээ гарчихаад удалгүй орж ирэхдээ толгойныхоо цусыг гоожуулсан байдалтай толгойгоо хагалуулчихлаа гэж хэлсэн. ... Эмнэлэг дээр ирээд И.Э аас юу болсон талаар асуухад Ч.Э  гэх хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, гэрч Ц.Г-н “... И.Э  орноосоо босоод хаалга онгойлгож өгсөн. Тэгсэн манай нөхөр хаалга онгойлгож өгчихөөд буцаж ирээд надад хэлэхдээ Ч.Э т модоор толгойдоо цохиулчихлаа гээд толгойныхоо цусыг гоожуулсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 469 дугаартай дүгнэлт. /хх-ийн 32/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 16/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21/, Шүүгдэгч Ч.Э ын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Э т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овогт Ч.Э  холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Э  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “42 см урттай модон иштэй, үзүүр хэсэгтээ төмөртэй улбар шар өнгийн мод” 1 ширхэгийг устгаж,

Шүүгдэгч Ч.Э т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ч.Э ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ч.Э т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ч.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “42 см урттай модон иштэй, үзүүр хэсэгтээ төмөртэй улбар шар өнгийн мод” 1 ширхэгийг устгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Э тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР