Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0717

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газар  

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хариу хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” -ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

            Нэхэмжлэлийн шаардлага:

“1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хариу хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах

2. Нийслэлийн Засаг даргын “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах”

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь анх С дүүргийн 22 дугаар хорооны нутагт дэвсгэр Б т нэртэй газарт байрлах 389.89 гегктар талбайг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр 2020 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн.

Бид хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд талбайдаа шаардлагатай хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор 2019 оны 12 дугаар сард шинжээч томилуулах хүсэлтийг өгсний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № дугаартай шийдвэрээр шинжээч томилогдон манай компанийн хайгуулын  ажлын үр дүнгийн тайлангийн хяналтын хуудсыг холбогдох албан тушаалтнуудаар хянуулж шаардлага хангасан тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлт гарсан.

Дээрх дүгнэлт гарсны дараагаар Үндэсний геологийн албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг хүлээн авч бүртгэсэн болно. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт тус тус баталгаажсан болно.

Бид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу дээрх хайгуулын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авахаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөдлийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан бөгөөд үүнээс хойш Нийслэлийн Засаг даргаас тухайн өргөдлийг хуульд зааснаар шийдвэрлэсэн талаар удаа дараа тодруулахад Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтний зүгээс “...өргөдлийг шийдвэрлээгүй байгаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараагаар шийдэрлэнэ...” гэж мэдэгдэж ирсэн.

Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр “...нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлээд манай компанийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн ба манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн бөгөөд хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газраас энэхүү өргөдлийг шийдвэрлэхээр ажиллаж байна мэдэгдэж ирсээр 2023 оны 11 сарын 06-ны өдөр шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн захиргааны актын шинжийг агуулсан шийдвэрийг гаргасан.

Үүнтэй холбоотойгоор манай компанийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргаас энэхүү гомдлын хариуг Нийслэлийн Байгаль орчны газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах” 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна” 19 дүгээр зүйлийн 19.3-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу манай компаниас гаргасан өргөдлийг гагцхүү Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна. Гэтэл манай компанийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн Байгаль орчны газрын албан бичгийн үндэслэлдээ “зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас гарсан санал”-ыг үндэслэсэн мэтээр мэдэгдэж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж бөгөөд өргөдлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хуулиар олгогдоогүй байгууллага юм.

Нийслэлийн Засаг дарга “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас манай компани цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд байна.

Манай компани тус шүүхэд анх 2024 оны 2-р сарын 05-ны өдөр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамжийг 2 удаа дараалан гаргахдаа “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хайгуулын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авахаар холбогдох захиргааны байгууллагад өргөдөл гаргасан атлаа одоо яагаад Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар дэлгэрэнгүй тайлбарлах...” гэж тодруулсны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай нэхэмжлэлдээ удаа дараа тайлбарлан холбогдох баримт, материалыг хүргүүлсэн боловч шүүхээс тайлбар тодорхойгүй, баримтгүй гэж үзэж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэснээс шалтгаалж өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн хэвээр байгаа болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хариу хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн С дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 389.89 га талбайг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар эзэмшиж эхэлсэн ба үүний дараагаар дахин хуульд заасны дагуу 2 жилийн хугацаагаар сунгуулж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн. Энэ хугацаанд холбогдох хайгуулын ажлыг хийж гүйцэтгэж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаа дуусахаас өмнө холбогдох эрх бүхий байгууллагад шинжээч томилуулах хүсэлт болон Нийслэлийн Байгаль орчны газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг гаргаж байсан. Тухайн өргөдлүүдийг гаргахдаа гаргахдаа хавсаргах зарим баримтуудыг дутуу гаргасан байдаг. Учир нь төрийн байгууллагын үйл ажиллагаа буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулах, хяналтын хуудас гаргах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг, мөн Байгаль орчны ерөнхий үнэлгээ гаргуулах, геологийн албанд тухайн шинжээч, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөд бүртгүүлэх зэрэг хуулийн шаардлагыг хангах шалтгаанаар тухайн баримтуудыг хугацаандаа бүүр өгч чадаагүй. Хугацаа дууссаны дараа нэхэмжлэгчээс бүх баримтуудыг нөхөн бүрдүүлж өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Байгаль орчны газраас удаа дараа тодруулахад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөл эхлээд шийдвэр гаргана, шийдвэрээ хэлэлцүүлсний дараа тодорхой шийдвэр гаргана гэдэг байдлаар хариу өгч байсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хариуцагч захиргааны байгууллагаас бидэнд мэдэгдэл ирүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. Иймд танай өргөдлийг буцааж байна гэсэн мэдэгдэл буюу маргаан бүхий захиргааны акт болох 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийг ирүүлсэн  байгаа. Нэхэмжлэгч компани тухайн үед өргөдлийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх юм байна гэж ойлгоод хариу өгөхийг хүлээж байсан. Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн мэдэгдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан сэргийлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад хандсан. Гомдол гаргахдаа хуулиар одоо эрх олгосон шийдвэрлэх эрхтэй этгээд буюу Нийслэлийн Засаг дарга энэ асуудлаар шийдвэр гаргаагүй байна. Манай өргөдлийг шийдвэрлээгүй учраас өргөдлийг шийдвэрлэж өгнө гэсэн агуулгаар хандсан. Гэтэл уг гомдлын хариуг  Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас татгалзаад байгаа гол үндэслэл нь  түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан бүрдлийг тухайн хугацаанд гаргаагүй нөхөн бүрдүүлсэн байна гэдэг үндэслэлээр татгалзсан байдаг. Гэхдээ захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгч компани тухайн бүрдлийг бүхэлд нь хангаж өгсөн байсан. Мөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө тухайн бүрдлийг хангаж чадаагүй шалтгаан нь нэхэмжлэгч компаниас шалтгаалаагүй. Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор удааширсан талаар хариуцагч мэдэж байсан. Мөн үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газраас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр хэлэлцүүлэх үед манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гараагүй байгаа талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл буюу Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэж хүргүүлсэн байдаг. Дээрхээс үзэхэд манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан хэдий чч бүрдэл хангуулахаар материалыг хүлээн авч байсан процесс харагдаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид маргаан бүхий захиргааны актын татгалзлын үндэслэл болж буй зөвлөлөөр хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримтуудтай танилцаж мэдсэн. Тухайн зөвлөлөөр ямар асуудал шийдвэрлэх, ямар эрх, үүрэгтэй болохыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай захирамжаар баталсан байгаа. Зөвлөл уг асуудалтай холбоотой ямар нэг шийдвэр гаргах эрхгүй. Зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байсан. Тухайн зөвлөлийн бүрэлдэхүүнээрээ 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдаад уг асуудалтай холбоотой ямар нэг шийдвэр гаргах талаар зөвхөн захирамжид заасан эрхийн хүрээнд буюу санал гаргах ёстой байсан. Зөвлөл шийдвэр гаргасны дараа Нийслэлийн Засаг даргаас ямар нэг захирамж гаргахгүйгээр Нийслэлийн Байгаль орчны газраас татгалзаж байгаа нь өөрөө Нийслэлийн Засаг дарга эс үйлдэхүй гаргаж байгааг нотолж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Байгаль орчны газрын дүрмийг тусгайлан тогтоож өгсөн. Тус дүрмээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, шилжүүлэх, сунгах харилцаанд Засаг даргыг төлөөлж шууд шийдвэр гаргах эрхийг олгоогүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхээ бусдад шилжүүлэхийг хориглосон юм. Иймд Нийслэлийн Байгаль орчны газар нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдөлийг бие даан шийдвэрлэх эрхгүй. Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд шийдвэр гаргах эрх байхгүй учраас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдөр хүртэл зөрчигдөж байгаа. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжаар С дүүргийн 22 дугаар хорооны нутаг Б т нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 3 жилийн хугацаатай “С” ХХК-д олгосон.

Уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг ирүүлснийг хуульд заасны дагуу хянан үзэж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар 2 жилээр сунгаж, хүчин төгөлдөр хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тооцож гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэл хийсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д "Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно." гэж мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах" гэж тус тус заасны дагуу эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх зорилгоор хайгуул хийх, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 5 жил байхаар хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг, хариуцлага хулээлгэсэн байна. Мөн дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” /хайгуулын хүчин төгөлдөр хугацаанд өргөдөл гаргах/, 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд 18.1.1-18.1.6-д заасан баримт бичгүүдийг хавсаргахаар тус тус заасан. Дээрх хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа ашигт малтмал ашиглах тусай зөвшөөрөл хүссэн өргөдлийг /хуульд заасан өргөдөл, холбогдох хавсралт баримтуудын хамт ирүүлээгүй өөрөөр хэлбэл тус компаниас зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай албан бичгийг -т ирүүлсэн/ нийслэлийн Засаг даргад гаргаагүй байна. "С" ХХК нь өргөдөл, хавсралт баримтуудыг хуулийн хугацаанд гаргаагүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.1-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна." мөн хуулийн 17 дугаар зуйлийн 17.3-т "Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна." гэж тус тус заасан хуулийн шаардлага хангасан эсэхийг нийслэлийн Засаг даргаас хянан шалгах ажиллагааг явуулах, шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Нөгөө талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн холбогдох хавсралт баримтуудын нэг болох дээрх хуулийн 18 дугаар зуйлийн 18.1.5 дахь хэсэгт заасан "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр," шаардлагыг хангахдаа мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:", 34.3-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.", 34.4-т "Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 34.3-т заасан тайланд дурдсан нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ." гэж тус тус заасан ордын нөөц, геологи хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланд тавигдах нөхцөл шаардлагыг хангаагүй байна. Дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн ба 35.1.1 дах хэсэгт "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж заасан бөгөөд дуусгавар болгон буртгэсэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр нотлоглож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.3-д "Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг буцааж өгөх үүрэгтэй байсан. Манай газарт 2020, 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсон 17 аж ахуйн нэгжийн асуудлыг нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархатай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн хуралд 2023 оны 11 дүгээр сард танилцуулахад, зөвлөлийн олонхын саналаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх хууль зүйн боломжгүй талаар мэдэгдэхийг тус газарт даалгасан. Захиргааны еренхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг шууд хүргүүлэхээр заасан байдаг тул "С" ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Иймд "С" ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг манай газар холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж хариу хургүүлсэн байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар “С” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Уг зөвшөөрлийн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлтийн 14.7-д "Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно",  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах" гэж тус тус зааж, эрдсийн хуримтлалын байршил, тоо, хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргууг, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан, техник, эдийн засгийн үнэлгээ хийх зорилгоор хайгуул хийх, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жил байхаар тусгай зөвшөөрлийн эзэмшилд үүрэг хариуцлага хүлээсэн байна. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах бөгөөд 18 дугаар зүйл зүйлийн 18.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, Нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргахаар заасан. Дээрх хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох баримтуудын хамт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тус компани зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг ирүүлсэн. “С” ХХК өргөдөл, хавсралт баримтуудыг хуулийн хугацаанд гаргаагүй тул хуулийн шаардлага хангасан эсэхийг Нийслэлийн Засаг даргын зүгээс хянан шалгах хууль зүйн боломжгүй юм. Нөгөө талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн холбогдох хавсралт баримтуудын нэг болох хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр, шаардлагыг хангахдаа 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Мөн манай газарт 2020-2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөл 11 сард танилцуулж, хурлаа хийж, зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан байдаг. Иймд “С” ХХК-иас гаргасан өргөдлийг манайх холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж хариу хүргүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бгоос шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хүсэлт ерөнхийд гаргах асуудал нь  компанийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцагчтай үүрэг байсан. Үүнийгээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2020 онд албан бичгээр хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна. Гэхдээ 2022 онд хүсэлтэд холбогдох материалуудыг бүрдүүлж өгөхдөө маягт дээр холбогдох материалуудыг өгсөн мэт чекэлснээс захиргааны байгууллага тухайн өргөдлийг бол шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж бодож байна. Тухайн өргөдлүүдийг нөхөн бүрдүүлж өгч дууссаны дараа захиргааны байгууллага холбогдох нийслэлийн агентлаг, харьяа газруудаас санал авах явцад тухайн компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм байна гэж үзээд суурьшлын бүсийн 1 км дотор байгаа учраас боломжгүй гэдэг  саналууд өгсөн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэл гаргагч нь “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хариу хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны ******* дугаар захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан болох нь тусгай зөвшөөрлийн ******* дугаар гэрчилгээний хавсралтууд болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №******* тоот  албан бичигт[1] “…Тус хуралдаанаас танай гаргасан өргөдлийг хянаж үзээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан өргөдөл шийдвэрлэх хугацаанд шийдвэрлэгдээгүй мөн тухайн өргөдлийг тус хуулийн 18 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангуулж өргөдлөө гаргаагүй зэрэг зөрчилтэй байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн байна.

“С” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр гаргасан болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Нийслэлийн Байгаль орчны газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №******* тоот албан бичиг[2] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

  Нэхэмжлэгч “С” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасантай хэргийн оролцогчид маргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин /Маягт К-02[3]-ыг бөглөж/ гаргасан байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:” 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:”, 19.1.1-д “өргөдлийг бүртгэлд бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;”, 19.1.2-д “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх.”,  19.3-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан шийдвэрлэхээр тодорхой хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан болон 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд хариуцагч дээрх хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Зүй нь хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан дээрх 2020 болон 2022 оны өргөдлүүдийг бүртгэснээс хойш хуульд заасан ажлын 15 өдрийн хугацаанд багтаан шийдвэрлэж, ямар нэг байдлаар хариу өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байна.  

Дээрх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд,  хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хянан үзэж, өргөдөлд хавсаргах баримтуудыг гүйцэт бүрдүүлсэн эсэх, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг тус хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх гэх мэт болон бусад ажиллагааг хийсний үндсэн дээр өргөдлийг хүлээн авахаас татгалзах, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзах шийдвэрүүдийн аль нэгийг гаргах эрх хэмжээтэй байна.

Гэтэл хариуцагч нь дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд тухайн үед нь хуульд заасан хугацаанд хариу өгөлгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариу өгсөн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн дээрх Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны №******* тоот  албан бичигт  “…Тус хуралдаанаас танай гаргасан өргөдлийг хянаж үзээд ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан өргөдөл шийдвэрлэх хугацаанд шийдвэрлэгдээгүй...” гэж заасан нь үндэслэлгүй байна.

Учир нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн биш хариуцагчийн үүрэг юм.  

 Иймд нэхэмжлэгчийн “Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай “Хариу хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг хариуцагч гаргасан гэж дээр дүгнэсэн тул “”С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзах, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзах нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал тул хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэхдээ “…уг өргөдлийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай” гэсэн байдлаар шийдвэрийн тогтоох хэсэгт томьёолж шийдвэрлэлээ.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №******* тоот  албан бичгийг хүчингүй болгож, “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ