Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 18

 

Х.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01542/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т- И-” ХХК,

                   Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт холбогдох

“Гэм хорын хохирол 3.330.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.А-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.А-, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-, Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т- И-” ХХК-аас ажлаа доголдолтой хийсний улмаас Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн 380 дугаар байрны 43 тоотын 45м.кв байранд учруулсан 3.180.000 төгрөг гаргуулах тухай бөгөөд үүнээс улбаалсан гэм хорыг арилгуулах тухай болно.

Уг ажлын төсөвт өртөг нь 173.565.770 төгрөг байсан бөгөөд 2 жилийн баталгаат хугацаатай байна. Ажил 2018 оны 05 дугаар сарын 17-оос 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд миний бие гадаад улсад байж байгаад ирсэн бөгөөд бороо орох тутамд ус асгарч байсан байдаг. 2019 оны 07 дугаар сарын 30-ны үргэлжилсэн борооны дараа захирал Б- гэгчид утасдан мэдэгдсэн бөгөөд ажилтай хэмээн ирэлгүй байсаар дээврийн засварыг 09 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд хүн явуулж лак түрхэн засварласан. Уг засварыг гүйцэтгэхдээ миний бие болон 10 дугаар багийн дарга, СӨХ, оршин суугчдын төлөөллийг байлцуулан акт үйлдэн баримтжуулаагүй болно. Улмаар Б.Б-г ирж уулзан хохирлоо барагдуулах хүсэлт гаргахад хотод ажилтай тул уулзах боломжгүй хэмээсээр 10 сарыг хүргэсэн болно. Хариуцагч нь ажлыг гүйцэтгэхдээ барилгын стандарт шаардлагын дагуу хийгээгүй, ажил гүйцэтгэсэн ажилчид нь ажиллахаа больсон материал дутагдсан эсэх хийгээд мэргэжлийн ажлын тайланг хэлэх хүн байхгүй байсан. Ус тунарч аажмаар шүүрсээр доод 4 давхрын айл руу хүртэл асгарсан бетон нь нүхтэй байсан болно.

Иймд иргэн миний бие өөрийн байранд учирсан хохирлыг нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Өмнө нь манай байр Хаан банкны ипотекийн зээлд хамрагдахад зээлийн эдийн засагчтай хийсэн байрны чанарын акт сайн хэмээн үйлдэгдсэнийг хавсаргасан болно. Хаан банканд байгаа баримтад зураг нь хараар байсан болно. Дээвэр бүтэн хөгц, мөөггүй, ус гоожоогүй бүрэн бүтэн байсан болно.

Дархан-Уул аймгийн Засаг дарга, “Т- И-” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Т- И-” ХХК нь манай байрны дээврийн засварын ажил хийсэн. Засвар хийхээс өмнө манай байрны дээврээс ус гоождоггүй байсан. Засвар хийснээс хойш буюу 2019 оны 03 дугаар сард хавар болж цас хайлж дээврээс ус гоожиж эхэлсэн. Хариуцагч “Т- И-” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зохих норм журмын дагуу засварын ажил хийгээгүй.

Иймд гэм хорын хохирол буюу байрны засварын зардал 3,180,000 төгрөг нь засварын мөнгө, бүтэн нэг жилийн хугацаанд шүүхээр хөөцөлдөж явсан бичиг хэргийн болон бусад зардал 150.000 төгрөг нийт 3.330.000 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, “Т- И-” ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т- И-” ХХК-ий шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч О.Т- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Иргэн Х.А-гийн “Т- И-” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Х.А-гийн нэхэмжлэлдээ дурдсанчлан манай компани нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх болон түүний өмнө үүрэг хүлээсэн ямар нэгэн гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй.

2. Манай компани хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож барилгын дээвэр заслын ажил гүйцэтгэсэн. Энэхүү ажлаа ном журмын дагуу гүйцэтгэж, холбогдох байгууллагуудаар шалгуулж акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Уг ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна. Х.А-гийн гаргасан гомдлын дагуу ус алдсан гэх өдрөөс 2 хоногийн дараа газар нь очиж шалгахад манай компаний гүйцэтгэсэн ажил хэвийн, доголдолгүй байсан. Х.А-гийн гэрт орж шалгахад ус алдсан гэх шинжгүй байсан бөгөөд түүний ус алдсан, ус алдсаны дараа засвар хийсэн гэж тайлбарласан нь итгэхэд хэтэрхий үнэмшилгүй бодит байдалтай нийцэхээргүй байсан. Ус алдсан бол нойтон хананд шавардлага хийх, обой, эмүльс, таазны шохойны ажлыг шууд гүйцэтгэх ямар ч боломжгүй бөгөөд дор хаяж 10 хоног шаардлагатай.

3. Нэхэмжлэгч нь 3.180.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ мөнгөн дүн нь яаж тооцоолж гаргасан нь ойлгомжгүй, нотлох баримт байхгүй.

4. Х.А-гийн шүүхийн үйл ажиллагаатай холбогдуулж бичсэн асуудлыг манай компани хариуцах боломжгүй. Эрх нь зөрчигдсөн хэн ч шүүхэд хандах эрхтэй. Гэхдээ хэтэрхий дураараа аашилсан, шүүхийн ажилтнуудыг мэргэжлийн ур чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэргээр дүгнэх эрх энэ хүнд байхгүй.

5. “Т- И-” ХХК-ний үйл ажиллагаа Улаанбаатар хот болон орон нутгийн хэд хэдэн объектод барилгын болон засварын үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан энэ хэрэг маргаанд оролцох, энэ хүнтэй маргалдах цаг зав байхгүй.

Манай “Т- И-” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ гэм хорын хохирол төлүүлэх гэсэн шаардлагаар нэхэмжлэлдээ дурдсан атлаа одоо яриад байгаа зүйл нь Дархан-Уул аймгийн Засаг дарга болон “Т- И-” ХХК-ний хоорондын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зүйл яриад байх юм. Манай компани хууль журмын дагуу сонгон шалгаруулалтад орж, барилгын дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээж авсан. Ажлын үр дүнгийн доголдлыг бид гэрээний дагуу хариуцна. Иргэн Х.А-гийн гомдол гаргасан гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргаас ирсэн мэдэгдлийн дагуу манай компанийн ажилчид Дарханд ирж тус орон сууцанд үзлэг, шалгалт хийсэн. Ингэхэд манай компанийн хийсэн засвартай холбоотой доголдол гэдэг зүйл илрээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 3.330.000 төгрөг хохирол гарсан гэдгийн үндэслэл тодорхойгүй байна. Мөн Х.А- гэдэг хүн манай компанитай ямар нэгэн байдлаар үүргийн харилцаа үүсээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-, Б.Б- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал засварын ажил хийснээс болоод 3.330.000 төгрөгийн хохирол үүсчихлээ гэсэн шаардлага тавьж байна. Манай зүгээс төсвийн мөнгөөр ард иргэдийн аж амьдралыг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын ажил хийгдээд, түүний гүйцэтгэлийг хангуулж, үр дүнг нь улсын комиссоор баталгаажуулдаг чиг үүрэг бүхий байгууллага юм. Энэ хөрөнгө тавигдах шалтгаан нь ард иргэд, иргэдийн нийтийн хурлаас нь засварын ажил хийгдэх шаардлагатай байна гэсэн саналын дагуу энэ ажлыг тендер зарлан хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн гэрт ус алдсан асуудал нь урьд ус алддаг байсан уу ? засварын ажил гүйцэтгэсний дараа ус алдсан уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ засварын ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө төрийг төлөөлөн хүмүүс очиж, тус орон сууцанд зайлшгүй засварын ажил хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Барилгын тухай хуульд зааснаар өмчлөгдсөн хувь өмчийн орон сууцанд нэг удаа төрөөс засвар хийж болно гэсэн заалтыг үндэслэн сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Энэ ажил төрөөс батлагдсан журам, зааврын дагуу хийгдсэн. Манай талаас “Т- И-” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хангуулсан. Энэ ажлын гүйцэтгэл, чанар дээр хяналт тавьдаг байгууллага нь хяналтаа тавьсан. Энэ барилгын ажил 2017 оны 07 дугаар сард хийгдэж дууссаны дараа бороо их хэмжээгээр орсон. Хэрвээ барилгын ажил дутуу хийгдсэн бол айлууд руу ус алдах байсан, ус алдаагүй ямар нэгэн хүнээс гомдол гараагүй. Тиймээс 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр комисс ажиллуулаад энэ барилгын ажил чанарын шаардлага хангасан байна гэдгийг баталгаажуулсан цаас гарсан. Иймд Аймгийн засаг даргын тамгын газар тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй. Манай “Т- И-” ХХК-тай байгуулсан гэрээнд 2 жилийн хугацаанд хийсэн ажлаас нь болж ямар нэгэн алдаа дутагдал гарах юм бол энэ ажлыг “Т- И-” ХХК өөрийн хөрөнгөөр засаж, янзална гэсэн заалт байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 002 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-гийн гаргасан хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, “Т- И-” ХХК нараас хохирол 3.330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.980 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  Х.А- давж заалдсан гомдолдоо:

            Миний бие уг барилгын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээнд оролцоогүй ч хэрэглэгчийн хувьд байр суурь маань тодорхой байхад гэрээний үүрэггүй гээд гадуурхагдсан учраас гэрээний үндсэн оролцогч Аймгийн Хөрөнгө оруулалтын газар, Аймгийн Засаг дарга нарт гомдолтой байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, 156.3-т заасны дагуу гомдлоор нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан болон 41.1.7, 41.1.13, 41.1.14-д заасны дагуу улсын тэмдэгтээс чөлөөлж мөн хуулийн 44.1.2-т зааснаар төслөн улсын тэмдэгтийн хураамжийг буцааж олгох атал шүүгчид анхаарч авч үзэлгүй иргэнд удаа дараалан чирэгдэл учруулж байна.

О.Т-ий тайлбар өрөөсгөл байгаа бөгөөд надтай ямар нэгэн бичгээр болон амаар гэрээ байгуулаагүй.

О.Т- манайх хуульд заасны дагуу тендерт оролцсон ус алдаагүй, засварын ажлыг гүйцэтгэхэд дор хаяж 10 хоног шаардлагатай хууль ном журмынх биш байсан нь ажил гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын харьяат байгаагаас мөн барилгын материалын гадаад худалдааны компани байгаагаас харж болно. Шалгах эрх бүхий хүн биш ч илэрхий ойлгомжтой факт байсан. Уг компани н.Оргил инженер, 3ахирагчийн албаны н.Анхбаатартай хамт ирсэн. Ус алдсаныг өөрсдийн нүдээр харсан засвар хийнэ гээд хийсэн, Захирагчийн албаны албан тоотоос харж болно. Мөн үзлэг хийсэн н.Оргил инженер ажлаасаа халагдсан, зарим баримт бичигт гарын үсгийг нь  дуурайлган зурсан байсан.

            Хохирлын үнийн дүнг хөндлөнгийн шинжээч, үнэлгээчнээр орчны байдлын зургийг авхуулан зах зээлийн үнэлгээгээр /2018 оны 7 дугаар сарын бараа материалын зах зээлийн үнэ тарифаар тооцсон/ дүгнэлт гаргуулсан. Уг засварын үнэлгээнд цахилгааны монтажны үнэлгээ ороогүй бөгөөд одоо бараа материалын үнэ ханш өөрчлөгдөн нэмэгдсэн байгаа. Намайг төсвийг зохиолгон ажлын хөлс төлснийг огт харгалзахгүй өөрөө нэмж хассан мэтээр үзсэн нь ойлгомжгүй байна. Эндээс харахад хөндлөнгийн үнэлгээчин гэж байх ёсгүй мэт авирласныг ойлгохгүй байна.

Иргэний Хэргийн Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ж.Гантуяагийн дүгнэлтийг огт дурдаагүй, шүүхэд байранд ус алдуулсан нь баримтаар нотлогдож байгаа тул буруутай этгээд нь төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлт огт авагдсангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. Уг заалтыг хэрэгжүүлэхэд миний биед хуулбар гэрээ нь үндсэн баримт болохгүй байсан бөгөөд нотариатаар баталгаажуулах эрх зөвхөн гэрээний оролцогчид бөгөөд зөвхөн шүүхээс уг гэрээг гаргуулах эрхийг эдэлнэ. Танд гэрээний үндсэн баримтуудыг өгөхгүй хэмээсэн Дархан-Уул аймгийн Хөрөнгө оруулалтын газрын ажилтнууд байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Х.А-гаас хариуцагч “Т- И-” ХХК болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3.180.000 төгрөг, шүүхэд хандахад гарсан бичиг хэргийн болон бусад зардлуудад 150.000 төгрөг буюу нийт 3.330.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “Т- И-” ХХК-аас Х.А-тай ямар нэгэн гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй, хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож барилгын дээвэр заслын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгчийн гэрт ус алдаад засвар хийсэн гэх нь үндэслэлгүй гэж,

            Дархан-Уул аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гэрт ус алдсан асуудал нь урьд нь ус алддаг байсан уу, засварын ажил гүйцэтгэсний дараа ус алдсан уу гэдэг нь эргэлзээтэй, мөн ажил гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажилд нь доголдол гарвал 2 жилийн хугацаанд ажил гүйцэтгэгчийн хөрөнгөөр засварлуулахаар заасан байгаа гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

        Анхан шатны шүүх хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс үүдэн нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан бөгөөд гэм хорын хохирлыг арилгахад гэм буруугийн зарчим үйлчилдэг.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

Хавтаст хэргийн 137 дугаар талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000220805 дугаар гэрчилгээгээр Х.А- нь Дархан-Уул аймгийн 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 380 дугаар байрны 43 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Т- И-” ХХК-тай “Нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын тохижилт, дээврийн засварын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулан гэрээний үнэ, засвар хийж эхлэх болон дуусах хугацаа зэргийг харилцан тохиролцжээ.

Тухайн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Х.А-гийн өмчлөлийн орон сууцны дээврийн хэсэгт засвар хийгдсэн байх бөгөөд хариуцагч “Т- И-” ХХК-аас тухайн ажлыг хийж гүйцэтгэн Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу байгуулагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” 10 хүний бүрэлдэхүүнтэй комисст 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д-2018/01/52 дугаар дүгнэлтээр хүлээлгэн өгчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байрны дээвэрт хариуцагч компани засвар хийснээс хойш буюу 2019 оны 07 дугаар сард орсон гурван өдрийн үргэлжилсэн борооны улмаас гэрийн бүх хэсэгт ус гоожсон учир “Капитал Зууч” ХХК-аар 2019 оны 09 дүгээр 20-ны өдөр үнэлгээний тайлан гаргуулсан хэмээн тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах, нотлох үүрэгтэй...” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуульд заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн гаргасан “...2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш орон сууцандаа засвар хийгээгүй...” гэх тайлбар түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан “...бага хэмжээний засвар хийсэн...” гэх тайлбартай эрс зөрүүтэй байгаа бөгөөд тухайн орон сууцны дээврийн хэсэг засвар хийхээс өмнө хэвийн байдалтай байсан, засварын ажил хийснээс хойш өмнөх байдлаасаа дордож ус алддаг болсон гэх хэргийн үйл баримт болон тухайн гэм хорын хохирлыг учруулсан гэх хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хэрэгт “Капитал Зууч” ХХК-аас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны тааз, хана, обой зэрэгт хийх засварын зардлын талаар гаргасан “Үнэлгээний тайлан” авагдсан хэдий ч уг баримт нь цаг хугацааны хувьд хэдийд тухайн орон сууны дээврээс ус алдсан гэдгийг нотлох баримт болж чадахгүй.

Түүнчлэн Иргэний хуульд заасан үндсэн зарчмын хувьд ирээдүйд гарах зардлыг урьдчилан нөхөн төлүүлэх хуулийн боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:-т

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгч Х.А- нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                           ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                                                                             М.МӨНХДАВАА