Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/620

 

 

 

 

   2023            6              13                                         2023/ДШМ/620

 

Т.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч,

яллагдагч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1511 дүгээр  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Отгонжаргалын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлээр Т.Г-д холбогдох 2206000000847 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн ...........-ийн Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, э..эгтэй, ........ боловсролтой, ............ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .... дүүргийн .. дугаар хороо, .......... тоотод оршин суух, /РД:............/,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын зарим болох 1 жил 5 сарыг нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжаар 7 сар 9 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Яллагдагч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” караокены нойлын өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэх асуудлаас болж маргалдан Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг хянан үзээд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. 3 дугаар хавтас хэргийн 14 дүгээр талд зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол авагджээ. Үүгээр яллагдагч Т.Г-ийг залилах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2203000771096, 2208021621182, 22050054991173, 2210005930447 дугаартай хэргүүдийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр 2206000000847 дугаартай хэргээс тусгаарласан байх бөгөөд дээд шатны прокурорын тогтоолоор тэдгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр холбогдох цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, уг 2206000000847 дугаартай эрүүгийн хэргээс тодорхой хэргүүдийг тусгаарласан боловч тухайн хэргүүдийг 2206000000847 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн тогтоол болон 2203000771096, 2208021621182, 22050054991173, 2210005930447 дугаартай хэргүүдэд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдаагүй нь ойлгомжгүй бөгөөд нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх хэргүүдийг нэгтгэсэн үйл баримт тодорхойгүй байхад хэргүүдийг тусгаарлах ажиллагаа хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн, 1 дүгээр хавтас хэргийн 52-53, 96, 2 дугаар хавтас хэргийн 83-107, 112-115, 175-177, 233, 3 дугаар хавтас хэргийн 9-10, 29-40, 56-58 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу дан ганц хуулбар хувь авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй болжээ.

Иймд Т.Г-д холбогдох үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болон холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэсэн тогтоолуудыг хэрэгт хавсаргах, хуулбар баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйтай хутга 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, сиди 1 ширхэг зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор М.Отгонжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн байна.

Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт хамааралгүй асуудлаар буюу 2206000000847 дугаартай хэргээс тусгаарласан, 2203000771096, 2208021621182, 22050054991173, 221000593044 дугаартай хэргүүдийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, нэгтгэсэн тогтоолын хуулбарыг хэрэгт хавсаргуулах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ.

Яллагдагч Т.Г-д холбогдох 2206000000847 дугаартай хэргээс 2203000771096, 2208021621182, 22050054991173, 221000593044 дугаартай хэргүүдийг тусгаарласан прокурорын тогтоолд тусгаарлаж буй дээрх хэргүүдийн талаар нотлогдсон байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар хэрэгт хэзээ, хаанаас, хэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, ямар учраас тусгаарлан шалгах үндэслэл тогтоогдсон талаар тодорхой бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгчийн захирамжид яллагдагч Т.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд 2203000771096, 2208021621182, 22050054991173, 221000593044 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тухайн хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын хуулбарыг хавсаргах, түүнчлэн 1 дүгээр хавтас хэргийн 52-53, 96, 2 дугаар хавтас хэргийн 83-107, 112- 115, 175-177, 233, 3 дугаар хавтас хэргийн 9-10, 29-40, 56-58 дугаар талд байгаа баримтууд нь нотолгооны ямар ач холбогдолтой, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг шийдвэрлэхэд ямар саад болж байгааг шүүх шийдвэртээ дурдаагүй, тодорхой бус байгаа шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Яллагдагч Т.Г-д холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагчийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан мэдүүлгийг газар дээр нь шалгах, гэрчээс дахин мэдүүлэг авах, сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг шинжээч томилж тогтоолгох, тусгаарласан хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх гэсэн хүсэлтийн дагуу явуулж, талууд уг асуудлын талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн байхад шүүхийн урьдчилсан хэрэлцүүлэг явуулж шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй, хэлэлцэхгүй орхиод, тухайн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар огт яригдаагүй, талуудад мэтгэлцэж, тайлбар, хүсэлт гаргаагүй асуудлаар шийдвэр гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь шүүх хуралдаанд оролцогч талуудын мэтгэлцэх, тайлбар, дүгнэлт хийх, нэмэлт нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

Түүнчлэн, шүүгчийн захирамжид дурдсан баримтуудын хуулбарыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө прокуророос шүүхэд гаргаж өгөх боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж нотолсон, түүнийг буруутгаж байгаа гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхэд саад болох хуульд заасан үндэслэл, тийм нөхцөл байдал тогтоогдоогүй, яллагдагчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. Яллагдагч Т.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнийг алсан гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүэд шилжүүлсэн хэрэгт хамааралгүй асуудлаар буюу  2206000000847 дугаартай хэргээс тусгаарласан, 2203000771096, 2208021621182, 22050054991173, 221000593044 дугаартай дугаартай хэргүүдийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, нэгтгэсэн тогтоолын хуулбарыг хэрэгт хавсаргуулах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Яллагдагч Т.Г-д холбогдох 2206000000847 дугаартай хэргээс 2203000771096, 2208021621182, 22050054991173, 221000593044 дугаартай хэргүүдийг тусгаарласан прокурорын тогтоолд тусгаарлаж буй дээрх хэргүүдийн талаар нотлогдсон байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар хэрэгт хэзээ, хаанаас, хэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, ямар учраас тусгаарлан шалгах зайлшгүй шаардлага байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, прокурор шийдвэрээ гаргасан гэж үзсэн. Шүүгчийн захирамжид яллагдагч Т.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд 2203000771096, 2208021621182, 22050054991173, 221000593044 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тухайн хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын хуулбарыг хавсаргах, түүнчлэн 1 дүгээр хавтас хэргийн 52-53, 96, 2 дугаар хавтас хэргийн 83-107, 112- 115, 175-177, 233, 3 дугаар хавтас хэргийн 9-10, 29-40, 56-58 дугаар талд байгаа баримтууд нь нотолгооны ямар ач холбогдолтой, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг шийдвэрлэхэд ямар саад болж байгааг шүүх шийдвэртээ дурдаагүй, тодорхой бус байгаа шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

Яллагдагч Т.Г-д холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагчийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан мэдүүлгийг газар дээр нь шалгах, гэрчээс дахин мэдүүлэг авах, сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг шинжээч томилж тогтоолгох, тусгаарласан хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх гэсэн хүсэлтийн дагуу явуулж, талууд уг асуудлын талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн байхад шүүхийн урьдчилсан хэрэлцүүлэг явуулж шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй, хэлэлцэхгүй орхиод, тухайн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар огт яригдаагүй, талуудад мэтгэлцэж, тайлбар, хүсэлт гаргаагүй асуудлаар шийдвэр гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь шүүх хуралдаанд оролцогч талуудын мэтгэлцэх, тайлбар, дүгнэлт хийх, нэмэлт нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэж эсэргүүцлийн бичсэн.

Түүнчлэн, шүүгчийн захирамжид дурдсан баримтуудын хуулбарыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө прокуророос шүүхэд гаргаж өгөх боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш болно. Уг эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Т.Г-ийнөмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 дугаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд дан хуулбарласан баримтууд бөгөөд үг, үсэг харагдахгүй нөхцөл байдалтай байсан. Хуулбарласан баримтыг яллах дүгнэлт гардуулж, шүүхэд шилжүүлсэнээс хойш хавтас хэрэгт хавсаргасан. Ямар нэгэн байдлаар танилцах боломжийг хангаагүй. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө танилцсан. Мөн хэрэг тусгаарлахдаа буруу тусгаарласан. Прокурорын зүгээс шүүх нотлох баримтыг цуглуулах мэтээр тайлбарлаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Прокуророос Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” караокены нойлын өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэх асуудлаас болж маргалдан Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар нь түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай ба дээрх дүгнэлт нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой гэж давж заалдах шатны үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1511 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1511 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Отгонжаргалын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                                           ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

 

                                           ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР