Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04936

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04936

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах, Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо,  тоотод оршин суух, Б ургийн овогтой Хийн О д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 63,259,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Х.О д холбогдуулан 63,259,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Г.Ц миний бие 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн X.О , Б.Б нартай амталсан махны цехд хамтарч ажиллахаар 80,000,000 төгрөг хөрөнгө оруулалт хийх бөгөөд эхний 2 сар ашиг авахгүй 3 дах сараас буюу 2024 оны 3 дугаар сараас эхлэн цэвэр ашигаа 50, 50 хувиар хувааж авах, оруулсан хөрөнгийн 30,000,000 төгрөгийг 1 жилийн дараа хүү тооцохгүй буцааж өгөхөөр тохиролцсон. Бид хамтын үйл ажллагааг 2024 оны 01 сарын 07-ны өдрөөс эхэлсэн. Гэтэл X.О , Б.Б нар нь хамтран ажиллах хугацаандаа цаг барьдаггүй, хэлсэн ярьсан төлөвлөгөөний дагуу ажилладаггүй, зүй бус үйлдэл хийдэг зэрэгээс болоод X.О тай биечлэн ажиллахгүйгээр X.О Б.Б нарт сар бүр тодорхой хэмжээний ашгийг 2 жилийн хугацаанд өгөөд 2 жилийн дараа 50,000,000 төгрөгийг буцаан өгөх санал тавихад Б.Б зөвшөөрсөн. Гэтэл байран дээрээс амталсан тахаиан мах 791 ширхэг /11,865,000/, амталсан гахайн мах 279 ширхэг /5,301,000/, хөлдөөгч 600л багтаамжтай 4 ширхэг /8,000,000/, баталгаажсан жин 3 ширхэг /360,000/, лазар он сар дарагч 1 ширхэг /850,000/, ам дарагч 1 ширхэг /150,000/, вакумдагч машин 1 ширхэг /1,300,000/, мах зүсэгч машин 1 ширхэг /2,800,000/, вакум уут 2000 ширхэг /198,000/, сагс 2 ширхэг /190,000/ зэрэг эд зүйлсийг авч явсан. X.О ын энэ хууль бус үйлдэлээс болж манай компаний үйл ажиллагаа зогсож гэрээтбайгууллагад хугацаандаа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийж чадахгүйд хүрч компанид нийт 42,0259,400 төгрөгийн бодит хохирол учирсан. Иймд хариуцагчаас компанид учирсан бодит хохирол 42,259,400 төгрөг олох ёстой байсан орлогод 7 хоногт нэг өдрийн 3,000,000 төгрөг /дунджаар/ тооцож 21,000,000 төгрөг нийт 63,259,400 төгрөгийг хариуцагчаас гаргуүлж өгнө үү гэжээ.

 

1.2.Хариуцагч Х.О нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би Ө компанийн захирал Г.Ц д 80,000,000 төгрөг залилуулж алдсан тухай гомдлыг гаргаж, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа болно. 4 хөлдөөгч бүтээгдэхүүн, бусад тоног төхөөрөмж болон эд зүйл авсан тухай бичиж мэдэгдсэн билээ. Эдгээр зүйлийг 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хөндлөнгийн гэрчтэй авсан ба бүгд тоо ширхэгээрээ хадгалагдаж байгаа болно. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр энэ бараа бүтээгдэхүүн, эд зүйлээ миний хохирлыг барагдуулан аваарай гэж Г.Ц гийн  дугаар руу нь мэдэгдэж мессеж илгээсэн билээ. Шүүхэд гаргаж байгаа энэхүү тайлбартаа бараа бүтээгдэхүүнээ яаралтай аваарай хэмээн мэдэгдэж байна.

 

2.Хэрэгт нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4/, төлбөрийн баримтууд /хх-ийн 6/, хариуцагчаас Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 30ё1-2/2190 тоот албан бичиг /хх-ийн 13/, гар бичмэл /хх-ийн 36/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 22-30/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 30ё1-3/4468 тоот албан бичиг /хх-ийн 75/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ө ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ...Ө ХХК-ийн захирал Г.Ц миний бие Х.О тай 2024.01.05-ны өдөр амталсан махны цех хамтран ажиллуулахад 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 2024.03 дугаар сараас ашгийг тэнцүү хуваан авахаар харилцан тохиролцсон. Хамтын үйл ажиллагаа 2024 оны 01 сарын 07-ний өдөр эхэлсэн. Гэтэл Х.О нь цаг барьдаггүй, төлөвлөгөөний дагуу ажилладаггүй, зүй бус зүйл хийдэг зэргээс болоод үйл ажиллагааг би өөрөө хариуцаж, Х.О д ашгаас сар бүр 2 жилийн хугацаанд өгөх, оруулсан хөрөнгөөс 30,000,000 төгрөгийг 1 жилийн дараа, 2 жилийн дараа 50,000,000 төгрөгийг хүү тооцохгүй буцааж өгөх санал тавихад зөвшөөрсөн. Гэвч Х.О 2024.03.08-ны шөнө надад мэдэгдэлгүйгээр ажлын байрнаас гахай, тахианы мах, хөлдөөгч, баталгаат жин, лазер он сар дарагч, ам дарагч, вакумдагч машин, мах зүсэгч машин, вакум уут, сагс зэрэг нийт 42,259,400 төгрөгийн эд зүйл авч авсан. Үүнээс болж олох байсан орлого өдөрт дунджаар 3,000,000 төгрөгт тооцон 7 хоногийн олох байсан орлого 21,000,000 төгрөг нийт 63,259,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчаас 2024.06.09-ний өдөр гахай, тахианы мах, 2 ширхэг сагсаа буцаан авсан. Тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй авч явсан. Одоо өөр тоног төхөөрөмж худалдаж авсан учир авч явсан эд зүйлийн үнийг гаргуулна. гэжээ.

 

3.Хариуцагч Х.О нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ... Ө ХХК-ийн захирал Г.Ц нь 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах санал тавьсан. Саналыг зөвшөөрч 80,000,000 төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн боловч нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийг хувьдаа ашигласан байсан. Үйл ажиллагааг хариуцаж сар бүр 5,000,000 төгрөгийн ашиг өгөхөөр болсон ч энэ үүргээ биелүүлээгүй. Иймээс 2024.03.08-ны өдөр нэхэмжлэлд дурдсан эд зүйлийг хуульд зааснаар өөртөө туслахаар авч явсан. ...Хамтран ажиллахаар түрээсэлсэн түрээсийн байрны хугацаа 2024.03.15-ны өдөр дуусах байсан. Гэрээг сунгахгүй гэж түрээслүүлэгч мэдэгдсэн байсан юм. Ингээд манай зуслангийн байранд нэхэмжилж буй зүйлийг аваачихаар тохирсон байсан. Дээрх байдлаар хамтын үйл ажиллагаа явах боломжгүй болсон учир оруулсан 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа буцаан шаардсан. ...Би авч явсан бараагаа буцааж ав гэсэн боловч аваагүй. Учир нь өмнөх бараа нь зарагдаагүй тавих газар байхгүй гээд авдаггүй байсан. Мах, 2 сагс авч явсан, үлдэх тоног төхөөрөмжөө авах байж мөнгийг нь нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарласан байна.

 

4.Талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ө ХХК болон хариуцагч Х.О нар 2024 оны 01 сарын 05-ны өдөр амталсан махны цех хамтран ажиллуулахаар 80,000,000 төгрөгийн хөрөнгө нийлүүлж, ашгаа тэнцүү хуваан авахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

5.Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 30ё1-3/4468 тоот албан бичгээр Х.О ын гомдлын дагуу Г.Ц хамтран ажиллахаар оруулсан хөрөнгө оруулалтыг хувьдаа завшсан гэх өргөдөлд 2024 оны 04 сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн 240501432 дугаартай хэрэг нээн шалгаж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

6.Зохигч талууд дараах үйл баримтын талаар маргаангүй байна. Үүнд:

Талууд 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон, хариуцагч 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, амталсан мах бэлтгэн худалдан борлуулах хамтын үйл ажиллагаа 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхэлсэн, хамтын ажиллагааны явцад маргаан гарсантай холбоотой 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нь гахай, тахианы мах, хөлдөөгч, баталгаат жин, лазер он сар дарагч, ам дарагч, вакумдагч машин, мах зүсэгч машин, вакум уут, сагс зэрэг нэхэмжлэлд дурдсан эд зүйлийг авч явсан, уг зүйлсээс нэхэмжлэгч гахай, тахианы мах, 2 сагс буцаан авч бусад эд зүйлийг буцаан авахаас татгалзсан зэрэг үйл баримт.

 

7.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан.

 

8.Хуулийн дээрх зохицуулалт, зохигчдын тайлбараас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл талуудын хүсэл зоригийн дагуу хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9.Хариуцагч нь нэхэмжлэгчийг сар бүр 5,000,000 төгрөгийн ашиг өгөх үүргээ биелүүлээгүй, хөрөнгө оруулалтаас 50,000,000 төгрөгийг хувьдаа ашигласан гэх шалтгаанаар хамтын ажиллагааны зүйлийг 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөртөө туслахаар авч явсан гэж тайлбарласан.

 

10.Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.

 

11.Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч өөртөө туслах арга хэмжээг авахад эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

12.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гахай, тахианы мах, 2 сагсыг буцаан авсан, хөлдөөгч 4 ширхэг, баталгаат жин 3 ширхэг, лазер он сар дарагч 1 ширхэг, ам дарагч 1 ширхэг, вакумдагч машин 1 ширхэг, мах зүсэгч машин 1 ширхэг, вакум уут 9 боодол хариуцагчид байгаа болох нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.

 

13.Хариуцагч шаардаж буй эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг зөвшөөрсөн ч нэхэмжлэгч буцаан авахаас татгалзаж, үнийг гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

14.Хариуцагч хамтын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан нь хуульд нийцэхгүй хэдий ч нэхэмжлэгч эд хөрөнгийг буцаан авахаас татгалзаж, үнийг шаардсан нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч хартын хөрөнгийг зөвшөөрөлгүй авч авсантай болбоотой нэхэмжлэгчид олох байсан орлого 21,000,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

15.Иймд хариуцагч Х.О д холбогдох 63,259,400 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

16.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу хариуцагч Х.О д холбогдох 63,259,400 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР