Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/639

 

С.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Б.Ш, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

хохирогч Б.Мөмгөөлөгч Ц.Туяа,  

хохирогч “О-И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.С,

хохирогч “Х-М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвадорж,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Э.Шинэцэцэг, Б.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.М өмгөөлөгч Ц.Туяа,  шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Э.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.А холбогдох 2120000560586 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.А, 

Шүүгдэгч С.А нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “Р-О” ХХК-нд түлшний менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулан, “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Ш төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49.050 литр түлшний үнэ болох 81.423.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А байрны 1-29 тоотод байршилтай “О-И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Дтөөрөгдөлд оруулан 48.900 литр түлшний үнэ гэж 83.130.000 төгрөгийг авч, “О-И” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан,

- “Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал 8 тоотод оршин суух хохирогч Д.М төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 64.382.000 төгрөг нийт 84.382.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Б" хотхоны 414-6 тоотод байрлах “Х-М” ХХК-ийн оффисын байранд “Х-М” ХХК-нд арматурын 50 тонн төмөр" худалдана гэж хуурч “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Х-М” ХХК-иас 74.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

        Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Сэргэлэнгийн С.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Агийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Агаас нийт 283.335.000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 11-482 тоотод оршин суух, Б.Шт 41.423.000 төгрөг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А- 1-29 тоотод оршин суух Т.Дд 83.130.000 төгрөг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Ориентал 8 тоотод оршин суух Д.Мөнх-Эрдэнэд 84.382.000 төгрөг, Улсын бүртгэлийн дугаар 2671123, Баянзүрх дүүргийн Баганат хороолол 414-6 тоотод байрлах “Х-М” ХХК-нд 74.400.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд нэр бүхий хохирогч нарын мөнгийг өөртөө авч, захиран зарцуулсан үйлдэл огт байхгүй бөгөөд хохирогч Б.Ш, “О-И” ХХК-ийн төлөөлөгч Т.Д, Д.Б.М нар нь шатахууны төлбөрүүдийг “Р-О” ХХК болон “ЭМ” ХХК, “Х-Х” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байгааг анхаарч үзнэ үү.

-2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Шаас шилжүүлэн авсан 81.423.000 төгрөгийг тухайн өдрөө “Р-О” ХХК-ийн данс руу шилжүүлсэн бөгөөд уг мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. /1хх 23/

- “О-И” ХХК нь өөрийн компанийн данснаас 83.130.000 төгрөгийг “Р-О” ХХК-ийн данс руу шууд шилжүүлсэн бөгөөд уг мөнгөнөөс миний данс руу орсон мөнгө байхгүй. Би дээрх мөнгөнүүдийг огт аваагүй юм.

-Хохирогч Д.Б.М нь өөрийн данснаасаа 84.382.000 төгрөгөөс “ЭМ” ХХК-ийн данс руу 64.382.000 төгрөгийг, “Х-Х” ХХК-ийн данс руу 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Уг мөнгөнөөс би мөн аваагүй. /1хх 23, 54/

“Төмөр бетон зуурмаг” ХХК нь 153.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн бөгөөд 28 тонн арматурын төмрийг ачуулсан. Харин үлдэгдэл арматурын төмрийг ачуулах гэж байх үед хохирогч Б.Ш ирээд миний утаснаас 64.500.000 төгрөгийг өөрийн данс болон бусад хүмүүсийн данс руу шилжүүлэн авсан. Энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Харин нэхэмжилж байгаа үлдэгдэл 14.400.000 төгрөг нь арматурын тонны зөрүү мөнгө юм. Би 28 тонн арматурын төмрийг “Х-М” ХХК-нд ачуулсан боловч тонн арматурын төмөр ачуулсан гэж надаас нэхэмжилж байгаа. Тухайн үед 28 тонн арматур төмөр ачуулсан талаарх баримт “Х-М” ХХК-нд байгаа боловч энэ талаар мөрдөн байцаалтын явцад гаргаж өгөөгүй. Энэ талаар мөрдөгч прокурорт хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Миний бие хэрэгт шалгагдаж байх хугацаандаа мөн шүүхийн шатанд ч мөнгө шилжиж орсон “Р-О” ХХК болон “ЭМ” ХХК болон “Х-Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татуулах тухай хүсэлтийг өмгөөлөгчийн хамтаар гаргасан боловч мөн авч хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Би нэр бүхий хохирогч нарт учруулсан гэх хохирлыг өөртөө авч хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд холбогдох компаниуд руу зарим хохирогч нар өөрсдөө шилжүүлсэн мөнгийг би хариуцах ёсгүй гэж үзэж байна. Хэн нэгэн этгээд компанийн хариуцах ёстой төлбөрийг би хариуцаж, ашиг олсон компани нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж ял завших учиргүй юм. Иймд хэргийг хянаж, үнэн зөвөөр шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Мөмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтууд болон гэрч Д.Нацагдорж, Н.Чулуунбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч С.А нь “ЭМ” ХХК болон “Р-О” ХХК-нд урьд өртэй байсан ба хохирогч нараас тус хуулийн этгээд рүү шилжүүлсэн мөнгийг урьд өр төлбөртэй хасуулж, суутгах талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул тус хуулийн этгээдүүдийг иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд “ЭМ” ХХК-ийн захирал Н.Чулуунбаатар гэрчээр оролцсон бөгөөд хохирогч нараас хуулийн этгээдүүд болох “ЭМ”, “Х-Х” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгийг өмнөх төлбөртэй суутгуулж, хасуулах талаар тохиролцсон нэг ч үйл баримт хохирогч Б.Мхувьд байхгүй болно. Б.М нь “ЭМ”, “Р-О” ХХК-нд тус тус тавьсан өр төлбөргүй болно. С.А нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Б.Мтэй 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл хамтран ажиллаж, 700.000.000 орчим төгрөгийн түлш худалдан авч байсан, түүний мөнгийг “ЭМ” ХХК-ийн данс руу хийлгээд, “ЭМ” ХХК-иас “Р-О” ХХК-ийн данс руу мөнгийг хийлгэдэг байсан талаар мэдүүлдэг. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С.А нь Б.М рүү яриад “урьдчилгаа мөнгөө хийчих, хүмүүс түлшийг чинь авах гээд байна” гээд “Х-Х”-ХХК-ийн 5070590884 дансны дугаар явуулсан тул энэ данс руу Б.М өөрийн 5031329691 данснаас 20.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “ЭМ” ХХК-ийн 5001357144 данс руу, өөрийн 5031329691 данснаас “Б.М” нэрээр 64.382.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин С.А нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Мэс нийт 84.382.000 төгрөгийг “хямд түлш авч өгнө” гэж бусад байгууллагын данс руу шилжүүлж, өөрийн өр төлбөрөө дарж барагдуулсан байдаг. “Х-Х” ХХК-ийн захирал Я.Цолмон мэдүүлэхдээ манай дансанд 20.000.000 төгрөг “Б.М” гэж орж ирсэн талаар мэдүүлжээ. Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн холбогдох компаниудын дансанд аудитын дүгнэлт гаргуулах, С.А дээрх компаниудад өглөгтэй эсэхийг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдүүдийг иргэний хариуцагчаар татан оруулж, хохирлыг барагдуулах ажиллагаа хийлгэх талаар гаргасан хүсэлтийг шүүх хангалгүй шийдвэрлэж, хэрэгт авагдаагүй үйл баримтыг үндэслэл болгон хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт өгснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хянаж шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үйл ажиллагаа хийгдээгүй. Хэргийн бодит байдлыг тогтооход “Р-О” ХХК-нд С.А өр үүсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй гагцхүү Нацагдоржийн мэдүүлгээр урьд тавьсан өр төлбөрөө төлөхийн тулд гэдэг үг яваад байдгаас ийм нотлох баримтаар “Р-О” ХХК-нд өр үүссэнийгээ нотолж чаддаггүй юм. “Р-О” ХХК нь С.А болон түүний байгуулсан ХХК-иас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 84.817.776 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00206 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Одоо шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Уг шийдвэрийг нотлох баримтаар өгөөд түүнээс иш татахад таны өгсөн шийдвэрийг нотлох баримтаар хүлээн авах эсэхээ шийдээгүй байна гэж шүүгч хэлэхийг сонсоход энэ хэргийн шийдлийн үр дүнд “Р-О” ХХК ашиг олох юм байна гэдэг сэтгэгдэл төрж байсан нь ёсоор болсон. “Р-О” ХХК мөн юм бол Нацагдоржийн гэрчилснийг санхүүгийн баримтаар нотолж байж ял халдаах асуудал яригдах ёстой байсан. Гэтэл “гэрчийн мэдүүлгээр” гэдэг үгнүүд шийдвэрт ихээр туссанаас ийм баримтаар гэдэг үг олдох нь ховор. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт тавихад “шүүх хуралдааны үеэр уг асуудлыг хэлэлцье” гээд хойш тавьсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дугаар хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрчлөлт орж хязгаарлалт тогтоогдсон нь шүүхэд “Р-О” ХХК-нд хууль бусаар хөрөнгөжих боломж олгох шалтгаан болж С.Агийн эрх зөрчигдөхөд хүрсэн. “Р-О” ХХК үндэслэлгүй хөрөнгөжихөд шүүх яаж туслаж байгаа талаар Иргэн Дашцэрэн “Р-О” ХХК-ийн 5664112205 данс руу 83.130.000 төгрөг шилжүүлсэн түүнийг хохирол тооцоод С.Агаас гаргуулахаар, Б.Шын шилжүүлсэн 81.423.000 төгрөгийг Б.Шыг харуулж байгаад “Р-О” ХХК-ийн 5664112205 данс руу шилжүүлсэн мөнгөнүүдийг авсан этгээд өөрийн болгоод бусдаар төлбөр нэмж төлүүлээд байгааг хууль зүйн дагуу үйл ажиллагаа гэх үү, эсвэл ашиг сонирхол гэж үзэх үү. Шүүх хурал дээр хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар “Р-О” ХХК-ийн үндэслэлгүй хөрөнгөжөөд байна, иргэний хариуцагчаар татах ёстой гэсэн санал гаргаж байсан боловч прокурор, шүүгч хоёр нэг байр суурьтай  шийдэл болсон. Үүнийг том ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж харж байна. “Р-О” ХХК нефтийн гаралтай түүхий эд худалдан борлуулах гэрээ байгуулж борлуулалт хийх боломжгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байхад 164.553.000 төгрөгөөр хөрөнгөжөөд үлдэж байна. Гэрчийн мэдүүлэг давхар нотлогдож байх ёстой. “Р-О” ХХК тусгай зөвшөөрөлгүй бөгөөд шинжилгээ хийлгээгүй шатахуун худалдаж, борлуулдаг. Энэ талаар би прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч мөн хүсэлтийн талаар хянаж, шалгаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт тавихад “шүүх хуралдааны үеэр уг асуудлыг хэлэлцье” гээд хойш тавьсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дугаар хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрчлөлт орж хязгаарлалт тогтоогдсон нь шүүхэд “Р-О” ХХК-нд хууль бусаар хөрөнгөжих боломж олгох шалтгаан болж миний үйлчлүүлэгч С.Агийн эрх зөрчигдөхөд хүрсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ, хуулийн зохицуулалт байхгүй гэж үзвэл “Р-О” ХХК болон “ЭМ” ХХК-уудаас хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд:

1.1. Хавтаст хэргийн материалд С.А нь “ЭМ” ХХК болон “Р-О“ ХХК-нд урьд өртэй байсан талаар мөн хохирогч нараас тус хуулийн этгээдүүд рүү шилжүүлсэн мөнгийг урьд өр төлбөртөө хасуулж, суутгуулах талаар харилцан тохиролцсон үйл баримт нэг ч байхгүй болохыг дурдах нь зүйтэй юм. Учир нь, 2 дугаар хавтаст хэргийн 117-122 дугаар тал, 167-172 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 89-94 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 44-55 дугаар талд авагдсан “Р-О” ХХК-иас гаргаж өгсөн гэх тооцоо, анхан шатны баримтуудад С.А нь шатахуун хүлээн авсан гэсэн нэг ч гарын үсэг зурагдсан баримт байхгүй болохыг анхааралдаа авахыг хүсч байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “Р-О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж нь “...С.А нь урьд өр төлбөртэй байсан учир нэр бүхий хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг суутгаж авсан.” гэж мэдүүлдэг ч энэ нь хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогдохгүй. Хэрвээ “Р-О” ХХК нь С.Агаас шатахууны төлбөрт их хэмжээний хохирол нэхэмжилж байгаа бол энэ талаараа ч давхар нотлох үүрэгтэй юм. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00206 дугаартай шүүхийн шийдвэрээр С.А нь “Р-О” ХХК-нд хариуцан төлөх өр төлбөргүй болохыг тогтоосон. Мөн гэрч Н.Чулуунбаатар нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад С.А нь “ЭМ” ХХК-нд төлөх өр төлбөртэй гэж мэдүүлдэг ч энэ талаар хэрэгт ямар ч баримт байхгүй ба 1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар талд авагдсан Н.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтууд нь С.А нь Н.Чулуунбаатарт төлөх өр төлбөртэй гэснийг нотолсон баримтууд биш юм. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар С.А нь “Р-О” ХХК болон “ЭМ” ХХК-уудад урьд өр төлбөртэй байсан эсэх нь нотлогдохгүй байхад зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үнэлэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хоёр. Хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй, буруу дүгнэлт хийсэн тухайд:

2.1. С.Ахолбогдох хэргийн материалд хохирогч Б.Ш, ”О-И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Д нар нь шатахууны төлбөрүүдийг “Р-О” ХХК-ийн данс руу, хохирогч Д.Б.М нь “ЭМ” ХХК, “Хаан өөдрөг” ХХК-уудын данс руу шилжүүлсэн болох нь хангалттай тогтоогддог. Тухайлбал:

1.1 “...С.А нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “...хохирогч Б.Штөөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49.050 литр түлшний үнэ болох 81.423.000 төгрөгийг авч, хохирогч Б.Шт их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

3 хавтас хэргийн 8 дугаар талд Б.Ш хохирогчоор мэдүүлэхдээ “...С.А нь миний яг хажууд надаас шилжиж дансанд нь орж ирсэн 81.423.000 төгрөгийг өөрийнхөө данснаас “Р-О” ХХК-ийн хаан банкны 5664112205 дугаарын данс руу С.Агаас ...бичээд шилжүүлсэн. ...” гэж мэдүүлдэг.

Мөн 3 хавтас хэргийн 82 дугаар талд авагдсан С.Агийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Шаас түлш худалдан авахаар шилжүүлсэн 81.423.000 төгрөгийг тэр өдөртөө буюу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Р-О” ХХК-ийн 5664112205 данс руу 83.000.000 төгрөгийг “МСТ түлш” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

1.2 Мөн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “... “О-И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Дтөөрөгдөлд оруулан 48.900 литр түлшний үнэ гэж 83.130.000 төгрөгийг авч, “О-И” ХХК-нд их хэмжээний учруулсан гэх үйлдлийн тухайд:

2 дугаар хавтаст хэргийн 88 дугаар талд Т.Д гэрчээр мэдүүлэхдээ “...өөрийн компанийн данс болох 5114535578 дугаарын Хаан банкны данснаас “Р-О” ХХК гэх нэртэй 5664112205 дугаарын Хаан банкны данс руу 83.130.000 төгрөгийг шилжүүлсэн. ... “Р-О” ХХК гэх данс руу шилжүүлсэн мөнгө болох 83.130.000 төгрөгөө эргүүлж авмаар байна. ...” гэж мэдүүлсэн бөгөөд “Р-О” ХХК-ийн данс руу мөнгө шилжиж орсон болох нь тогтоогдсон.

1.3.  “Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар ...2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 64.382.000 төгрөг нийт 84.382.000 төгрөгийг нь авч хохирогч Д.Б.Мд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

1 дүгээр хавтас 13 дугаар талд авагдсан Д.Мөнх-Эрдэнийн дансны хуулгаар “ЭМ” ХХК-ийн данс руу 64.382.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, 1 дүгээр хавтас хэргийн 23 дугаар талд гэрчээр Д.Б.М “...Би өөрийнхөө Хаан банкны 5031329691 дугаарын данснаас 20.000.000 төгрөгийг “Хаан өөдрөг” ХХК-ийн 5070590884 дугаар данс руу шилжүүлсэн. ...өөрийнхөө 5031329691 дугаарын данснаас 64.382.000 төгрөгийг “ЭМ” ХХК-ийн 5003557144 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” талаараа тодорхой мэдүүлсэн.

Түүнчлэн, 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан “ЭМ” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Д.Б.Мэс 64.382.000 төгрөг, 106 дугаар талд авагдсан “Хаан өөдрөг” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Д.Б.Мэс 20.000.000 төгрөг тус компаниуд руу шилжүүлсэн болох нь баримтуудаар тогтоогдсон.

1.4. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Арматур худалдах худалдан авах гэрээ” байгуулан гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Хийморь магнай” ХХК-ийн 74.400.000 төгрөгийг нь авч их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

С.А “Х-М” ХХК-тай 50 тонн арматурын төмөр нийлүүлэхээр харилцан тохиролцож “Арматур худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 22 тонн буюу 80.600.000 төгрөгийн арматурын төмрийг ачуулсны дараагаар үлдэгдэл 28 тонн арматурын төмрийг ачуулах үед хохирогч Б.Ш нь С.Агийн Хаан банкны мобайл данснаас 59.500.000 төгрөгийг өөртөө болон бусдын данс руу шилжүүлж авсан учир тэрээр үлдэгдэл арматурын төмрөө ачуулах нөхцөл боломжгүй болсон байдаг. Энэ талаараа 1 дүгээр хавтас хэргийн 244 дүгээр талд С.Агийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...үлдсэн арматурыг гурвалжингийн гүүрний агуулахаас авах байсан. Тэгээд эхний ачилт хийсний дараа Б.Ш нь миний гар утсыг булааж аваад 60.000.000 авсан. ...би мөнгөгүй болоод дараагийн төмрийг авч чадаагүй..." гэж тодорхой мэдүүлдэг. Энэ нөхцөл байдал бодитой болох нь С.Агийн ХААН банкны дэлгэрэнгүй дансны хуулгаар тогтоогддог бөгөөд тэрээр 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Шын 5069197988 данс руу 20.000.000 төгрөгийг “Б.Ш” гэсэн гүйгээний утгатайгаар шилжүүлсэн, мөн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5015279977 дугаарын данс руу 25.000.000 төгрөгийг, тэр өдөртөө 5007331881 дугаарын данс руу 14.500.000 төгрөгийг нийт 59.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нотлогддог.

Түүнчлэн, С.А нь “Баганат Өргөө” ХХК-нд 28 тонн арматурын төмөр ачуулсан ч 26 тонн арматурын төмөр хүлээн авсан гэж жингийн тоннын зөрүү 14.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн үед “Баганат Өргөө” ХХК нь арматурын төмөр ачуулсан падаан байгаа талаар миний үйлчлүүлэгч С.А хэлж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор С.Агаас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрүүдээс зөвхөн “Х-М” ХХК-тай холбоотой 74.400.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч С.А хариуцахаар нөхцөл байдал байдаг. С.А нь өөрт хамааралтай хохирол, төлбөр болох 74.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. “Р-О” ХХК болон “ЭМ” ХХК-уудад төлсөн хохирол, төлбөрүүдийг миний үйлчлүүлэгч С.А хариуцахгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг огт анхаарч, үзэлгүйгээр бүх хохирол, төлбөрийг С.Агаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэгэнт хохирол, төлбөртэй асуудал маргаантай байгаа учраас энэ талаар хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сонгох санцктай. Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Агийн хувийн байдал болон хохирол, төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү гэв.” гэв.

Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн материалаас үзэхэд “Р-О” ХХК нь дизель түлш бөөний үнээр худалддаг бөгөөд шүүгдэгч С.А нь 5 сар орчмын хугацаанд нийт 4.000.000.000 төгрөгийн түлшийг “Р-О” ХХК-аас авч, худалдсан байдаг. Хэрэгт “Х-Х” ХХК-тай нийлж 800.000.000 төгрөгийн түлш, “ЭМ” ХХК-тай 2.000.000.000 төгрөгийн түлш тус тус худалдан, борлуулсан талаар баримтууд хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Мтэй нийлж 800.000.000 гаруй төгрөгийн түлж худалдан борлуулсан байдаг. “Р-О” ХХК нь хэзээ ч зээлээр түлш өгч байгаагүй бөгөөд төлбөрөө төлсний дараа түлшээ ачуулах ёстой гэж шаардлага тавьдаг байсан. С.А нь 5 сар орчмын хугацаанд нийт 4.000.000.000 төгрөгийн түлшийг “Р-О” ХХК-ийн борлуулалтын менежер н.Больсолиос 1.660 төгрөгөөр авахаар тохиролцож авч байсан. Гэтэл сүүлд “Р-О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдоржоос “манайх түлшээ 1.660 төгрөгөөр зардаггүй байсан. Харин 1.880 төгрөгөөр зарах ёстой байсан. Өмнө нь байнга илүү түлш ачуулж байсан байна” гэж үлдсэн 3 компанийн түлшийг ачуулаагүй байдаг. Хохирогч Б.Шт учирсан гэх 41.423.000 төгрөг, хохирогч “О-И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Дд учирсан гэх 83.130.000 төгрөг тус бүр шууд “Р-О” ХХК-ийн данс руу орсон байдаг. Харин хохирогч Б.Мд учирсан гэх хохирол төлбөрөөс 20.000.000 төгрөг нь “Х-Х” ХХК-ийн данс руу, 64.382.000 төгрөг нь “ЭМ” ХХК-ийн данс руу орсон байдаг. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан дансны хуулганы баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл тухайн хуулийн этгээдүүдээс “С.А манай компанид өртэй байсан” гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй. Хохирогч нарын зүгээс “бид С.Агийн данс руу бус компанийн данс руу мөнгөө шилжүүлсэн тул компанийг иргэний хариуцагчаар тогтоож өгнө үү” гэж хэлдэг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн С.А нь “Р-О” ХХК-нд ямар нэгэн өр, төлбөргүй байна гэж дүгнэж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүртэл байхад огт энэ талаар дүгнээгүй байна. Анхан шатны шүүх хохирогч нарын мөнгөө шилжүүлсэн гэх хуулийн этгээдүүдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч С.А нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө “Х-М” ХХК-аас өөрийн дансаар шилжүүлж авсан 74.400.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. “Р-О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, “ЭМ” ХХК-ийн захирал Н.Чулуунбаатар нарын өгсөн мэдүүлгээр буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн мэдүүлэгт үндэслэж С.Аг бусдад өртэй байсан гэж дүгнэж болохгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч С.Аоногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, 187.512.000 төгрөгийн хохиролтой холбоотой асуудлаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч “О-И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч С.Агийн хэлсэн хаан банкны 5378113757 тоот данс руу буюу “Р-О” ХХК-ийн данс руу 83.130.000 төгрөгийг түлш худалдан авахаар шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заасан. Энэ талаар хүсэлтийг маш тодорхой анхан шатны шүүхэд манай компанийн зүгээс удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. н.Больсоль, Д.Нацагдорж нар нь хамаарал бүхий этгээдэд байдаг. Өөрөөр хэлбэл, н.Больсоль нь “Р-О” ХХК-ийн борлуулалтын менежер, Д.Нацагдорж нь тухайн компанийн үүсгэн байгуулагч буюу гүйцэтгэх захирал юм. Манай компанийн зүгээс шүүгдэгч С.Агийн эзэмшлийн данс руу бус түүний хэлсэн буюу “Р-О” ХХК-ийн данс руу 83.130.000 төгрөгийг шилжүүлсэн. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг хянаж, шалгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүхийн шатанд бидний зүгээс “Р-О” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч прокурор, шүүх энэ талаар авч хэлэлцэж дүгнээгүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд бидний зүгээс “Р-О” ХХК болон тухайн компанийн гүйцэтгэх захирал Д.Нацагдоржийг иргэний хариуцагчаар татан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

            Хохирогч “Х-М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.А нь манай компанид төлөх ёстой байсан 74.400.000 төгрөгийг төлж барагдуулсан тул бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж гэмт хэргийн шинжийг заасан. Хохирогч нарын зүгээс “Р-О” ХХК болон “ЭМ” ХХК-уудыг иргэний хариуцагчаар татуулах тухай хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах зохих этгээд иргэний хариуцагчаар татагдах үндэслэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, “Р-О” ХХК болон “ЭМ” ХХК-ууд нь гэмт хэрэг үйлдэж авсан эд хөрөнгө болохыг мэдээгүй байсан тул иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч С.А нь “Р-О” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, түлш нийлүүлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.А нь “Р-О” ХХК-тай хамгийн анх түлш нийлүүлж байсан үеэс түлш нийлүүлж дуусах хүртэлх хугацааны дансны тооцоо болон бүх зарлагын баримтуудыг гаргаж өгсөн. Уг баримтаас үзэхэд шүүгдэгч С.А нь өмнө өдөр авсан түлшний төлбөрийн үлдэгдлийг дараа өдөр нь төлж байсан болох нь тогтоогддог. Шүүгдэгч С.А нь хохирогч Б.Мтэй байнга түлш нийлүүлж байсан. Харин хохирогч Б.Штай урьд нь хэд, хэдэн удаа түлш нийлүүлж байсан бөгөөд сүүлийн түлшний мөнгийг нь өрөндөө суутгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Мтүлшний төлбөр болох 84.382.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг “Х-Х” ХХК-ийн данс руу, 64.382.000 төгрөгийг “ЭМ” ХХК-ийн данс руу шилжүүлж буцаагаад “Х-Х” ХХК-ийн данс руу шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг шүүгдэгч С.А өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан байдаг. Шүүгдэгч С.А нь “Р-О” ХХК-нд өртэй бөгөөд тухайн өр, төлбөрөө төлөх зорилгоор хохирогч нарын түлш авах гэж шилжүүлсэн мөнгийг тухайн компани руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Шүүгдэгч С.А нь “Р-О” ХХК-аас 1 литр түлшийг 1.800 төгрөгөөр авдаг атлаа хохирогч компаниудад “1.680, 1.700 төгрөгөөр олж өгч чадна” гэж итгэл төрүүлж, хуурсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.А зөвхөн хохирогч нартай холбогдож, “Р-О” ХХК-нд өртэй байсан тул тухайн компанийн дансыг хохирогч нарт өгч мөнгийг шилжүүлж хуурсан байдаг. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч С.А нь арматурын төмрийн үйлдэлдээ хохирогч “Х-М” ХХК-нд учруулсан хохирол 74.400.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч С.А нь арматурын төмрийн үлдэгдэл мөнгөнөөс хохирогч Б.Шын мөнгийг төлсөн байдаг. Мөн арматурын төмрийн мөнгөний 5.000.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь түүний дансны хуулганы баримтаар нотлогддог. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч С.Агийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Прокуророос, С.А нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “Р-О” ХХК-нд түлшний менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулан, “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Штөөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49.050 литр түлшний үнэ болох 81.423.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А байрны 1-29 тоотод байршилтай “О-И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Дтөөрөгдөлд оруулан 48.900 литр түлшний үнэ гэж 83.130.000 төгрөгийг авч, “О-И” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан,

- “Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал 8 тоотод оршин суух хохирогч Д.Мтөөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 64.382.000 төгрөг нийт 84.382.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баганат-Өргөө" хотхоны 414-6 тоотод байрлах “Х-М” ХХК-ийн оффисын байранд “Х-М” ХХК-нд арматурын 50 тонн төмөр" худалдана гэж хуурч “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Х-М” ХХК-иас 74.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Аг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ. Учир нь:

Хэрэгт авагдсан хохирогч Б.Шын “...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр С.А миний хажууд надаас шилжиж дансанд нь орж ирсэн 81.423.000 төгрөгийг “Р-О” ХХК-ийн Хаан банкны 5664112205 дугаарын данс руу С.Агаас 49.050-н үнэ шахав гэсэн утга бичээд шилжүүлсэн. ...Тэгтэл С.А нь надад 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 40.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Одоо үлдсэн 41.423.000 төгрөгөө буцааж өгөхгүй залилсан юм. “Р-О” ХХК-ны захирал Нацагдорж гэдэг хүнтэй уулзсан чинь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай дээр орж ирсэн захиалгын дагуу ачилтууд гарсан. С.А бол манай компанийн үндсэн ажилтан биш, сүүлд нэмж орж ирсэн 49,050 литр түлшний мөнгө компанийн дансанд орж ирсэн, би буцаалт хийхгүй. Учир нь С.А манай компанид өртэй байгаа учраас өрөндөө 81.423.000 төгрөгийг нь суутгаж авсан гэж хэлсэн юм. Энэ талаар С.Ад хэлэхээр би ямар ч өргүй гээд байгаа юм. Би хувиараа дизель түлшний бөөний борлуулалт хийж компаниудтай хамтран ажилладаг юм. “Р-О” ХХК-нд түлшний борлуулалтын менежер хийдэг гэж өөрийгөө хэлж байсан. ...” /3хх 7-10, 11-15/, хохирогч Мөнгөнцэцэг “...О-И” ХХК-ийн хувьд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шатахуун авах зорилгоор “Р-О” компанийн дансанд 83.130.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх, хохирогч Б.М“...Би өөрийнхөө хаан банкны 5031329691 дугаарын данснаас 20.000.000 төгрөгийг “Х-Х” ХХК-ийн 5070590884 дугаарын данс руу шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрийнхөө 5031329691 дугаарын данснаас 64.382.000 төгрөгийг “ЭМ” ХХК-ийн 5003557144 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” /1хх 22-24/, гэрч Д.Нацагдоржийн “...2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр С.Агаас орж ирсэн 81.000.000 төгрөгийг би 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийнх нь үлдэгдэл 73.917.450 төгрөгийн төлбөрт нь авсан. ...” /3хх 21-28/, гэрч Г.Орхонмөнхийн “...Дашцэрэн “Р-О” ХХК руу 83.130.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тэгээд гүйлгээг шалгаад өг гэсэн тэгэхэд Нацагдорж шалгаад 83.130.000 төгрөг орсон байна гэж хэлсэн. Тэгээд танайх “О-И” рүү ачилт хийсэнгүй тэгээд ачилт хийгээгүй юм чинь танайх мөнгийг нь буцаагаад “О-И” ХХК-ийн данс руу хийчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Нацагдорж за би ажилчидтайгаа ярьчихаад буцаагаад ярья гэж хэлсэн. Би байж байгаад Нацагдорж руу дахиад ярьсан гэтэл наад хийсэн мөнгөний чинь бараа болох 49,050 литрийн түлшийг өөр компанийн өр авлагад ачилт хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ “О-И” ХХК-ний 48,900 литрийн багтаамжтай машин бараагаа ачаагүй байхад юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. “О-И” ХХК гэсэн данснаас 83.130.000 төгрөгийг танай “Р-О” ХХК гэсэн данс руу хийсэн байхад яахаараа тэр мөнгөний түлшийг өөр компани руу ачуулсан гээд юу яриад байгаа юм гэхэд Нацагдорж чи надтай яриагүй шүү дээ чи тэр ярьсан хүнтэйгээ ярь гээд утсаа тасалсан.” /2хх 90-92/, хохирогч Б.М5031329691 тоот данснаас 5003557144 “ЭМ” ХХК-ийн данс руу 64.382.000 төгрөгийг 54,440 литр дизел түлш Б.М гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн баримт /1хх 13/, Х-Хийн 5070590884 дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх 12/ зэргээс үзэхэд С.А нь “Р-О” ХХК-нд хэдэн төгрөгийн өртэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба хохирогч нарын гэм хорын хохирол, хор уршгийг хариуцвал зохих этгээдүүдийг иргэний хариуцагчаар татах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилжээ.  

Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хохирогч Б.Мөмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 87 хоног цагдан хоригдсоныг, мөн хохирогч “Х-М” ХХК-нд 74.400.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Хохирогч Б.Мөмгөөлөгч Ц.Туяа,  шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Э.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч С.А нь хохирогч “Х-М” ХХК-нд 74.400.000  төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч С.Аурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

          ШҮҮГЧ                                                       Т.Б.Ш

        ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ