| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/00008/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 10
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүгдэгч Г.М , Ц.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мээрэн овогт Г.М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ц.Ш нарт холбогдох 1726001090061 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Мээрэн овогт Г.М,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, Тайж овогт Ц.Ш
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар баг “Хар чулуут” гэх газар байрлах иргэн О.М ын гэрийн тооноор нэвтрэн орж авдар дотор нь байсан мөнгөн хазаарыг хулгайлан 1800000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт яллагдагч Г.М гийн хулгайлсан хазаар гэдгийг мэдсээр байж, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор бусдад шилжүүлж, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 08-9-нд шилжих шөнө айлд оччихоод буцах замдаа М гэдэг айлын гэрийн тооноор орж авдрыг нь онгойлгож хазаарыг авч Богд сум дээр ирээд Ц.Ш ад учир байдлаа хэлж өгсөн. Ц.Ш зарж борлуулсан. ... Ц.Ш тэр найранд оччихоод согтоод унтаад үлдсэн. Тэгээд би хазаарыг ганцаараа явж авсан. Богд суман дээр ирээд Ц.Ш ад хазаарыг өгөхдөө хулгай хийж авсан гэж хэлсэн. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 08-9-нд шилжих шөнө “Далан бригад” гэдэг газар руу дагуулж яваад айлын найранд очсон. Би буцахдаа согтоод хөдөө унтчихсан байсан. Өглөө нь М ирж намайг аваад Богд суман дээр ирсэн. Тэгээд үдээс хойш нь надад би нэг хазаар авчихлаа. Ээж, хэдэн дүү дээрээ оччихоод ирэх гэсэн юм. Чи надад мөнгө болгоод өгөөч гэхээр нь би С.М гэдэг хүнтэй уулзсан чинь авахаар болсон. Надад хулгай хийсэн гэдгээ хэлсэн. Би мэдсээр байж зарж борлуулсан нь миний буруу. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Үнэхээр их гэмшиж байна...” гэв.
Хохирогч Д.А ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд намаржаанаасаа Богд сумын 5 дугаар баг “Хар чулуутын аман” дахь өвөлжөөн дээр барьсан гэртээ ирээд дотогш ортол гэрийн баганын далбаа газар хэвтэж байхаар нь тооноор хүн орж гэж бодоод авдар дээрээсээ авдарны түхүүрээ аваад. Авдар дотор хийсэн мөнгөн хазаараа үзэхэд мөнгөн хазаар байхгүй байсан. Тэгээд хонин дээр явсан нөхөр О.М дээр очоод. Авдар дотор байсан мөнгөн хазаар алга байна манай өвөлжөөн дээрхи гэрт хулгай орсон байна гэж хэлээд. Нөхрийн хамт сумын төв орж цагдаад мэдэгдсэн. ... Манайд байнга байдаг манай нөхрийн дүү Г.М , Ц.Ш хоёрыг сэжиглэж байна. 2017 оны 10 дугаар сарын 08-нд сумын төвөөс хөнгөн цагаан авах гээд наашаа хөдөө явсан байсан. Тэгж явахдаа манай айл, саахалтаар орчихоод намайг энд явж байна гэж манайханд битгий хэлээрээ гээд явсан байсан. Ийм учраас сэжиглэж байна. Манай авдар дотор мөнгөн хазаар байгааг Г.М гээс өөр хүн мэдэхгүй. Г.М манайд амьдардаг учраас манай юмыг хаана байгааг бүгдийг мэднэ. ... Манай өвөөгийн хэрэглэж байсан эд байгаа юм. 18 дугаар зууны “Сэврэй” хийцийн хазаар байгаа юм. ... Гуулин зуузайтай, хоёр талын зуузайн дээрээ мөнгөн товруутай, нийт 7-н товруутай, зайгүй шахуурагтай жолоогүй хазаар байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч О.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг сумын төв гудамжинд явж байхад Ц.Ш , Г.М гэдэг залуутай мотоцикльтой сундалж ирээд надаас “...Хаан банкны данс байна уу, хүнээс мөнгө авах юм гэсэн...”, тэгэхээр нь би “...байгаа гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны 5585494075 дугаарын дансыг хэлсэн...” Тэгээд миний дансруу 100000 төгрөг удалгүй хийчихлээ гээд би Ц.Ш , Г.М хоёртой Хаан банкин дээр очиж теллерээс 100000 төгрөг бэлнээр аваад Ц.Ш , Г.М нарт өгсөн. Орой 18 цаг 00 минутын үед хэсгийн төлөөлөгч А.Даваадэмбэрэл дуудаад Ц.Ш , Г.М нар чиний Хаан банкны дансруу мөнгө хийлгэж авсан уу, гэхээр нь би тэгсэн гэж хэлээд Хаан банкнаас дансны хуулгаа авч өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Н.Т ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сард тухайн хэрэг гарах үеэр өдрийг нь сайн мэдэхгүй байна, Ц.Ш , Г.М г хөдөө хүргэж өгнө гээд явсан. Тэгэхдээ хулгай хийсэн юм шиг байна лээ би хэргийн талаар мэдэхгүй. ... Манай нөхөр Ц.Ш өөрийнхөө эзэмшилийн улаан өнгийн, “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан. ... Манай нөхөр Ц.Ш нь надтай гэр бүл болоод 10 гаран жил болж байгаа. Ааш зангийн хувьд төлөв даруу, дуу цөөтэй, ажилсаг хааяа архи уусан үедээ уурладаг, хэл амаараа хэрүүл хийдэг намайг зодож нүдэж зовоодоггүй. Урд нь хулгайн хэрэгт ял шийтгэгдэж байсан. ... Г.М г би сайн мэдэхгүй ер нь дөл байдал нь даруухан, тусархуу юм шиг санагддаг, архи хааяа уучихсан байдаг...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч С.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Богд сумын 5 дугаар багийн иргэн Ц.Ш манайд орж ирээд “...5-н товруутай, битүү шахалттай жолоогүй мөнгөн хазаар зарна...” гэж орж ирсэн. Тэгээд би “...хаанахын ямар үүсэл гаралтай эд...” бэ гэж асуусан чинь Ц.Ш надад манай өвөө Д гэдэг хүний эдэлж байсан эд гэхээр нь би үнэмшиж авсан. Д гэдэг хүн надтай хамт ажиллаж байсан юм. Юмны захтай хүн байсан. Тийм учраас би Ц.Ш ын барьж ирсэн мөнгөн хазаарыг нь авсан. Би хулгайн хазаар гэж мэдээгүй. Эхлээд 2000000 төгрөг гэж дуугарсан. Тэгэхээр нь шөнө би наймаа хийхгүй өглөө ороод ир гэсэн чинь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө орж ирээд хот явах ажилтай болчихлоо 100000 төгрөг бэлнээр авмаар байна бусадад нь мал болон эдлэл оролцуулж болно гэж хэлэхээр нь би 100000 төгрөг данс руу нь хийгээд нэг бага гарын үйлдвэр хийцтэй мөнгөн аяга өгч явуулсан. Бусдыг нь дараа нь авахаар болсон. ... Дундуур нь огтолчихсон байсан. Би уг учрыг нь Ц.Ш аас асуусан чинь эхнэр заруулахгүй гээд булаацалдаад байхаар нь би огтолчихсон юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч О.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөө хонио хариулаад явж байсан чинь манай эхнэр Д.А ирээд манай гэрт хулгай орсон юм шиг байна. Авдранд байсан мөнгөн хазаар алга болчихжээ гэхээр нь би өвөлжөөн дээр байсан гэртээ эхнэр Д.А ын хамт ирээд хазаар байсан авдраа онгойлгоод дотор нь байсан зүйлүүдийг нь гаргаад үзсэн чинь хазаар үнэхээр байхгүй болчихсон байсан. Тэгээд сумын төв рүү эхнэртэйгээ орж сумын цагдаад мэдэгдсэн. ... Би 2017 оны 08 дугаар сард гэрээ өвөлжөөн дээрээ буулгаснаас хойш тэр гэр дээрээ очоогүй. Манай эхнэр Д.А хэд хоноод очиж гэрээ эргэж тойрдог байсан юм. ... Намайг гэртээ очиход хулгайч хаагуур нь яаж орсон нь мэдэгдэх зүйл байгаагүй. Манай эхнэр хэлэхдээ намайг анх очиход гэрийн баруун талын баганын нэг далбаа нь уначихсан байсан. Би эргүүлээд хэвэнд нь оруулчихлаа гэсэн. ... Манай эхнэрийн өмчинд ирж байсан 7 ширхэг мөнгөн товруутай, битүү мөнгөн шахалттай, гуулин зуузай, төмөр амгайтай хуучны хазаар байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 58, 61 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 10 дугаар сарын 11-
ний өдрийн 10/05 дугаартай хөрөнгийн үнэлгээ. /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.М , Ц.Ш нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 64, 67-69, 72, 74-75, 77 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.М гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Ш ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.М г сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан мэдүүлгүүд /хх-ийн 53-54, 59-60 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Ш ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан мэдүүлгүүд /хх-ийн 55-56, 62-63 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар баг “Хар чулуут” гэх газар байрлах иргэн О.М ын гэрийн тооноор нэвтрэн орж авдар дотор нь байсан мөнгөн хазаарыг хулгайлан 1800000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт яллагдагч Г.М гийн хулгайлсан хазаар гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.А ын “... Авдар дотор хийсэн мөнгөн хазаараа үзэхэд мөнгөн хазаар байхгүй байсан. Тэгээд хонин дээр явсан нөхөр О.М дээр очоод. Авдар дотор байсан мөнгөн хазаар алга байна манай өвөлжөөн дээрхи гэрт хулгай орсон байна гэж хэлээд. Нөхрийн хамт сумын төв орж цагдаад мэдэгдсэн. ... Манайд байнга байдаг манай нөхрийн дүү Г.М , Ц.Ш хоёрыг сэжиглэж байна. ... Манай авдар дотор мөнгөн хазаар байгааг Г.М гээс өөр хүн мэдэхгүй...” /хх-ийн 22-23/, гэрч О.М ын “... Би Ц.Ш , Г.М хоёртой Хаан банк дээр очиж теллерээс 100000 төгрөг бэлнээр аваад Ц.Ш , Г.М нарт өгсөн. Орой 18 цаг 00 минутын үед хэсгийн төлөөлөгч А.Даваадэмбэрэл дуудаад Ц.Ш , Г.М нар чиний Хаан банкны данс руу мөнгө хийлгэж авсан уу, гэхээр нь би тэгсэн гэж хэлээд Хаан банкнаас дансны хуулгаа авч өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31/, гэрч Н.Т ын “... Ц.Ш , Г.М г хөдөө хүргэж өгнө гээд явсан. Тэгэхдээ хулгай хийсэн юм шиг байна лээ, би хэргийн талаар мэдэхгүй. ... Манай нөхөр Ц.Ш өөрийнхөө эзэмшилийн , улсын дугааргүй, улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч С.М гийн “... 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Богд сумын 5 дугаар багийн иргэн Ц.Ш манайд орж ирээд “...5-н товруутай, битүү шахалттай жолоогүй мөнгөн хазаар зарна...” гэж орж ирсэн. Би “...хаанахын ямар үүсэл гаралтай эд...” бэ гэж асуусан чинь Ц.Ш надад манай өвөө Д гэдэг хүний эдэлж байсан эд гэхээр нь би үнэмшиж авсан. Д гэдэг хүн надтай хамт ажиллаж байсан юм. Юмны захтай хүн байсан. Тийм учраас би Ц.Ш ын барьж ирсэн мөнгөн хазаарыг нь авсан. Би хугайн хазаар гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-36/, гэрч О.М ын “... 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөө хонио хариулаад явж байсан чинь манай эхнэр Д.А над дээр ирээд манай гэрт хулгай орсон юм шиг байна. Авдранд байсан мөнгөн хазаар алга болчихжээ гэхээр нь би өвөлжөөн дээр байсан гэртээ эхнэр Д.А ын хамт ирээд хазаар байсан авдраа онгойлгоод дотор нь байсан зүйлүүдийг нь гаргаад үзсэн чинь хазаар үнэхээр байхгүй болчихсон байсан. Тэгээд сумын төв рүү эхнэртэйгээ орж сумын цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 58, 61/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 57/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-9/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/, Тээврийн хэрэгсэл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43/, шүүгдэгч Г.М , Ц.Ш нарын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Г.М , Ц.Ш нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Мээрэн овогт Г.М г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тайж овогт Цияны Ш ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.М , Ц.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогч Д.А , иргэний нэхэмжлэгч С.М нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж хуульчилжээ. Иймд Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Ш ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ш ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ш ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Г.М , Ц.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.А , иргэний нэхэмжлэгч С.М нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Ш ын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг шүүгдэгч Ц.Ш ад буцаан олгож,
Шүүгдэгч Ц.Ш ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Ц.Ш ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мээрэн овогт Г.М г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тайж овогт Ц.Ш ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Ц.Ш ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Мээрэн овогт Г.М д 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ш ыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ш ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Г.М , Ц.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.А , иргэний нэхэмжлэгч С.М нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Ш ын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг шүүгдэгч Ц.Ш ад буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ш ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ш ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР