| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/04459/И |
| Дугаар | 102/ШШ2024/05043 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/05043
| 2024 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/05043 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо. тоотод байрлах, Б ХХК/РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, тоотод оршин суух, Бийн С /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,489,847.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.С д холбогдуулан 3,489,848 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга: Б ХХК нь 2022 оиы 02 дүгээр сарыи 01 -иы өдөр 43025516 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Б.С 1,799,900.00 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, сар бүрийн 10-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэггэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна.
Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй , гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Б.С нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээслэгч Б.С гийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,799,900 төгрөг, үндсэн хүү 1,461,661.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219,796.16 төгрөг, ний лизингийн төлбөр 3,481,357.63 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 3,489,847.63 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, 2022 оны 02 сарын 01-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ /хх-ийн 6,7/, түрээсийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8/, нэхэмжлэх /хх-ийн 9/, тооцооллын баримт /хх-ийн 10/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч Б.С нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 43025516 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу Б ХХК нь Б.С д 1,799,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцож шилжүүлсэн. Хариуцагч Б.С нь уг зээлийг хөргөгч авах зорилгоор манайхаас авсан боловч зээл авснаас хойш ямар ч төлөлт хийгээгүй, 970 хонож байна. Тиймээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу алданги, нотариатын зардал нийт 3,489,848 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Б.С нэхэмжлэлд хариу тайлбар, нолох баримт гараагүй.
4.Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч Б.С нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 43025516 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр Б ХХК нь Б.С д 1,799,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6-8/
5.Нэхэмжлэгчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээ зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч Б ХХК нь мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаа, хүүтэйгээр хариуцагч Б.С гийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг Spywotth 420B маркийн хөргөгч авах зорилгоор шилжүүлэн авч, тодорхой хуваарийн дагуу хүүтэйгээр буцаан төлөх агуулгатай хэлцэл хийжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна гэж үзэв.
6.Талууд гэрээгээр төлбөрийн хуваарийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
7.Зээлийн гэрээгээр зээлийн хүү, алданги тохиролцсон байх бөгөөд хариуцагч хугацаандаа зээл, зээлийн хүү төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасны дагуу зээл, зээлийн хүүг алдангийн хамт төлөх үүрэгтэй. Харин алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
8.Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, хүүгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжилсэн 219,796.16 төгрөгийг алданги гэж тайлбарласан учир хариуцагчаас үндсэн зээл 1,799,900 төгрөг, зээлийн хүү 362,681 төгрөг, алданги 219,796.16 нийт 2,382,377.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 8,500 төгрөг төлсөн баримт, гэрээний хэтэрсэн хугацааны хүү шаардах эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.Иймд хариуцагч Б.С гээс 2,382,378.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК олгож, үлдэх 1,107,471 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,788 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 53,068 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Б.С гээс 2,382,378.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,107,471 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,788 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.С гээс 53,068 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР