| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0556/З |
| Дугаар | 128/ШШ2024/0851 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0851
2024 10 30 128/ШШ2024/0851
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э*******, Д.Б*******, хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* нарыг оролцуулан Ч.М*******ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М******* шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ч.М*******ийн 2014-2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын дагуу төлүүлж, уг хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ч.М*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг мөн хуульд заасан журмаар тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 27.500.000 төгрөгийг гаргуулах...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газартай холбоотой нэхэмжлэлээс татгалзаж, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой хэргийг шийдвэрлүүлье гэсэн хүсэлттэй байна. Ч.М******* нь Сэлэнгэ аймагт ажилладаг учир Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй холбоотой юм байна. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамааралгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийгмийн даатгалын ерөнхий газарт хариу ирүүлээгүй учир Нийгмийн даатгалын ерөнхий газрыг татах үндэслэлгүй гэж ойлголоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 27 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргана...” гэв.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Өмнө нь нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, Ч.М******* 2 хамтдаа нэхэмжлэлийн шаардлагыг бичиж ирүүлсэн. Манайхтай холбоотой “2012-2022 оныг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлье. Танайх 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн хуулиар ажил олгогч, даатгуулагч хоёулангаас нь авч байгаа чинь буруу” гэж ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор манайх 2024 онд батлагдсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Өмнөх 2023 оны хуулиар зөвхөн ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож авна гэсэн байдаг. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сэлэнгэ аймаг тайлангаа өгсөн байх хэрэгтэй. Манайд ямар ч нөхөн төлбөрийн тайлан ирүүлээгүй байж манайхыг эс үйлдэхүй гаргасан, манайхаас гаргуулахаар даалгах гэсэн нь буруу гэсэн байр суурьтай байна...” гэв.
Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндсэн шаардлагаасаа татгалзаж байна гэж байна. Үндсэн шаардлагаасаа татгалзаж байгаа тохиолдолд манайхыг хамтран хариуцагчаар татсанаасаа бас татгалзах болж байна. Тиймээс ахин нэхэмжлэлийн шаардлага гаргаад явах боломжтой гэж миний зүгээс харж байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 27,000,000 төгрөгийг манайхаас гаргуулъя гэж байгаа бол Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрыг хариуцагчаар татах ёстой. Яагаад гэвэл, тус Шүүхийн тамгын газар нь өөрөө төсвийн шууд захирагч. Ч.М******* шүүгч Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаа бол мөн Сэлэнгэ аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийг хариуцагчаар татах ёстой гэж үзэж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргагч Ч.М*******ийн, “Ч.М*******ийн 2014-2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын дагуу төлүүлж, уг хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ч.М*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг мөн хуульд заасан журмаар тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэх үеэр нэхэмжлэгч Ч.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******ийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа ямар нэгэн хоёрдмол санаагүйгээр, бүрэн дүүрэн илэрхийлснийг тэмдэглээд,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж тэмдэглэлд тусгана...” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзахаа бүрэн илэрхийлж, уг татгалзал нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байх ба нэхэмжлэгч Ч.М******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******т төлөөлөх эрхийг олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3. “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн... татгалзах” эрхийг олгож, нотариатаар батлуулсан байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 27.500.000 төгрөгийг гаргуулах” гэсэн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан ба шүүх бүрэн дүүрэн шалгахгүйгээр тодруулбал, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдсан шаардлагаар нэхэмжлэлээ нэмэгдүүлж буй эсэхийг дүгнэхгүйгээр шууд хамтран хариуцагчаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь илт үндэслэл муутай байхаас гадна уг шаардлага бүхий нэхэмжлэл нь тусдаа “нэхэмжлэл” хэлбэрээр шүүхийн хяналтад орох байсныг тодруулаагүй нь зөрчил болж байна.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь уг нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба энэ тохиолдолд нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх тусад нь цааш нь үргэлжлүүлэн шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь “Ч.М*******ийн 2014-2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын дагуу төлүүлж, уг хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ч.М*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг мөн хуульд заасан журмаар тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Ч.М*******ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох 128/2024/0809/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д заасныг баримтлан энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хамтран хариуцагчаар татах тухай” 8545 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.М******* нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан 70,200 төгрөгийн төлбөрийн төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжийн нэг дэх заалтад давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба харин уг захирамжийн хоёр дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН