Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 213/МА2021/001

 

Д.Н ийн нэхэмжлэлтэй

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг

даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийн тухай                                                 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн             2020 оны  10 дугаар сарын 12-ний  өдрийн 131/ШШ2020/01102  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч:  Д.Н

Хариуцагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 

            Халуун усны газарт өөрийн хөрөнгөөр шинээр авч тавьсан эд зүйлсийн үнэ болон шинжээчийн үнэлгээний хөлс  нийт 2.395.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж  тамгын газрын дарга Л.Батхуяг, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр  нар оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Н  нь  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлд байх  халуун усыг  2015 оны 12 дугаар сараас эхлэн 2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл ажиллуулсан  бөгөөд ажиллуулж байх хугацаандаа сум хөгжүүлэх сангаас  гурван сая төгрөгийн зээл авч  энэ мөнгөөрөө 14 нэр төрлийн эд зүйлсийг тус халуун усны газар авч тавьсан болно.  Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг  тус халуун усны газрыг  2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээж  авсан тул  Д.Н  нь  тус халуун усны газарт авч тавьж тохижуулсан 14 нэр төрлийн эд зүйлсийн үнэ 2.395.000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагаас  анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг ирж халуун усыг цоожилж, лацдаж хаагаад, дотор нь байсан эд хөрөнгийг нэг бүрчлэн бүртгэж, акт бичиж, хүлээн авсан байдаг.  Д.Н  нь  тус халуун усны газарт  14 нэр төрлийн эд зүйлс авч тавьсан байгаа тул  эдгээр эд зүйлсийн үнэ 2.395.000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж  тамгын газрын дарга Л.Батхуягаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр түр томилогдон Тамгын газрын даргын албан ажлыг хүлээн авсан.  Сумын халуун усны үйл ажиллагаа 2015 оны 12 дугаар сараас эхлэн хэвийн явагдаж эхлэхэд тоног төхөөрөмж бүрэн байсан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч Д.Н ийн нэхэмжилсэн хөрөнгийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж  тамгын газрын дарга Л.Батхуягаас  анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.Н  нь  тус халуун усны газрыг ажиллуулаад  түрээсийн төлбөр төлж байсан зүйл байхгүй. Халуун усыг  Уртнасан гэдэг хүн ажиллуулж байгаад болиод  Б.Баянжаргал гэдэг хүн ажиллуулж байгаа.  Халуун устай холбоотой хүлээлцсэн акт үйлдэж,  эдгээр нэхэмжлээд байгаа эд зүйлсийг авна гэж хэлж, ярьж тохиролцоогүй мөртлөө одоо нэхэмжлэл гаргаж байна.  Одоо 5 ширхэг бөөрөнхий бойлер байгаа бусад 14 эд зүйлс байхгүй гэжээ.  

 Шүүх:  Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 298 дугаар зүйлийн 298.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас  2.395.000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Н ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагаас  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж,  нэхэмжлэгчийн шаардах эрх дууссан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  өгнө үү гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:   

            Нэхэмжлэгч Д.Н  нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газарт  холбогдуулан тус халуун усны газарт өөрийн хөрөнгөөр авч тавьсан эд зүйлсийн үнэ 2.325.000 төгрөг, шинжээчийн хөлс 70.000 төгрөг нийт 2.395.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх Д.Н ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар нь  тус суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан халуун усны барилгыг  нэхэмжлэгч Д.Н т бие даан ажиллуулж, орлого зарлагаа өөрөө хариуцах эрх олгосон байна.

Нэхэмжлэгч Д.Н  нь тус сумын халуун усны газрыг хэвийн үйл ажиллагаатай явуулахын тулд тухайн халуун усны газарт 14 нэр төрлийн эд зүйлсийг өөрийнхөө хөрөнгөөр авч тавьж тохижуулсан нь  тухайн эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангаж  эд хөрөнгийн иж  бүрдлийг  нөхөж  бүрдүүлсэн байна. 

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар болон нэхэмжлэгч Д.Н  нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж  үзнэ.

Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр “…нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгийг  үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь  тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход  бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээсэн гэрээ..”  юм.

Тус халуун усны газрыг цахилгаан халаалтаар халааж байсан тул эрчим  хүчний алдагдалд орж  төлбөр их гарах болсны улмаас Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гарч халуун усны үйл ажиллагааг түр хугацаагаар хааж  2017 оны 2 дугаар сарын 08-ний өдөр тухайн халуун усны барилгыг доторх ашиглагдаж байсан эд зүйлсийн хамт   /хх-ийн 44 дүгээр тал/  Д.Н ээс хүлээж авсан болох нь тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Д.Н  нь тухайн  сумын ажлын хэсэг  халуун усны газрын үйл ажиллагааг зогсоож,  эд хөрөнгийг битүүмжлэн,  халуун усны газрын хэвийн үйл ажиллагааг хангаж  эд хөрөнгийн иж  бүрдлийг  нөхөж  бүрдүүлсэн 14 төрлийн эд хөрөнгийг нь  буцааж өгөөгүй  тул  Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-д зааснаар тухайн халуун усны газарт авч тавьсан 14 нэр төрлийн эд зүйлээ шаардах эрхтэй байна.  Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-д  зааснаар “…хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах..”   гэсэн заалтаар шаардах эрхтэй бөгөөд   Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас  тухайн халуун усны байрыг  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  Н.Уртнасанд хүлээлгэн өгсөн /хх-ийн 43 дугаар тал/  тухай тамгын газрын даргын тушаал гарчээ. 

Энэ тушаал гарсан өдрөөс хойш  нэхэмжлэгч Д.Н ийн шаардах эрх үүсэж байгаа бөгөөд  нэхэмжлэгч Д.Н  нь  тухайн 14 нэр төрлийн эд зүйлсээ авахаар  сумынхаа Засаг даргын тамгын газраас байнга  нэхэмжилж байсан тухайгаа хэрэгт авагдсан нотлох баримтад  дурдсан байна. Мөн өмнө нь  14 нэр төрлийн эд зүйлсээ нэхэмжилж  анхан шатны шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасны дагуу Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 00753 дугаартай шийдвэрээр хариуцагчийг  буруу тодорхойлж нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр Д.Н ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

 

Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Д.Н ийн шаардах эрх  2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр үүсэж, 2020 оны 2  дугаар сарын 08-ний өдөр дуусгавар болсон буюу нэхэмжлэгчийн тухайн асуудлаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэж  дүгнэсэн нь  үндэслэлгүй  байна. Тухайлбал халуун усны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож  байгаа  2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрөөс нэхэмжлэгчийн  шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй харин Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас  тухайн халуун усны байрыг  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  Н.Уртнасанд хүлээлгэн өгсөн өдрөөс  нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь  анхан шатны шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.   Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  дуусаагүй байна.

Шинэжинст сумын халуун усны барилга нь  тус Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлд байдаг болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Д.Н ийн  нэхэмжилж байгаа 14 төрлийн эд зүйлсээс зарим эд зүйлс болох савангийн тавиур, тавчик, шүүр тосгуур, хогийн сав, цахилгаан тоолуур тавьсан, тээврийн хөлс зэргийг нэхэмжлэгчийг өөрөө ашиглаж байх хугацаанд элэгдэл хорогдолд орсон байх боломжтой тул эдгээр эд зүйлсийн үнийг гаргуулах шаардлагагүй гэж  үзлээ.     

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 289 дүгээр зүйлийн 289.2.2-д  зааснаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Д.Н ийн нэхэмжилж байгаа 50 литрийн бойлер 3 ширхэг буюу үнэ 1.215.000 төгрөг,  холбох хэрэгсэл 1 ширхэг буюу үнэ 225.000 төгрөг,  модон сандал 1 ширхэг буюу 20.000 төгрөг,  төмөр өлгүүр 10 ширхэг буюу үнэ 30.000 төгрөг, ханын толь нэг ширхэг буюу үнэ 10.000 төгрөг,  ус шахах насос 1 ширхэг буюу үнэ 440.000 төгрөг, даавуун хөшиг 5 ширхэг буюу үнэ 60.000 төгрөг, суурьтай өлгүүр 1 ширхэг буюу 10.000 төгрөг зэргийг  хариуцах үндэслэлтэй байх тул  Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах үндэслэлтэй гэж гэж үзлээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  Д.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  Нэхэмжлэгч Д.Н ээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.270 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  буцаан гаргуулж Д.Н т олгох үндэстэй байна.    

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг  удирдлага болгон

                                        

ТОГТООХ  нь:

          1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 10 дугаар сарын 12-ний  өдрийн 131/ШШ2020/01102  дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

 “…Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 298 дугаар зүйлийн 298.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас  2.395.000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Н ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”   гэснийг  “…Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 289 дүгээр зүйлийн 289.2.2-д  зааснаар  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас 50 литрийн бойлер 3 ширхэг буюу үнэ 1.215.000 төгрөг,  холбох хэрэгсэл 1 ширхэг буюу үнэ 225.000 төгрөг,  модон сандал 1 ширхэг буюу 20.000 төгрөг,  төмөр өлгүүр 10 ширхэг буюу үнэ 30.000 төгрөг, ханын толь нэг ширхэг буюу үнэ 10.000 төгрөг,  ус шахах насос 1 ширхэг буюу үнэ 440.000 төгрөг, даавуун хөшиг 5 ширхэг буюу үнэ 60.000 төгрөг, суурьтай өлгүүр 1 ширхэг буюу 10.000 төгрөг бүгд 8 төрлийн эд зүйлс буюу үнэ 2.010.000 төгрөгийг  гаргуулж Дэлдээгийн Наранцэцэгт олгож,  Д.Н ийн нэхэмжлэлийн шаардлагаас 385.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...”   гэж өөрчилж,      

                       2. Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын   “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Н  нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байдлыг харгалзан түүний улсын тэмдэгтийн хураамж 52.270 төгрөг төлөх хэмжээг 50 хувиар багасгасан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.637 төгрөгийг  төвлөрсөн төсвийн санд  хэвээр үлдээсүгэй…”   гэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас  улсын тэмдэгтийн хураамжид 14.437 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Д.Н т олгосугай гэж нэмэлт оруулж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.    

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Н ээс  давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.270 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Н т  олгосугай.  

4. Давж заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай. 

                                         ДАРГАЛАГЧ                      Г.УЛАМБАЯР

                                          ШҮҮГЧИД                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                    Ч.ЭНХТӨР