Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/594

 

 

 

 

 

     2023          6              02                                       2023/ДШМ/594

            

    Ж.Бөд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Ж.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2203000930185 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Ж.Б, 19... оны 02 дугаар сарын 20-ны өдөр .............. суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../. 

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын баруун замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 11-27 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.3-д Гэрэл ... бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай, эмэгтэй У.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Ж.Бийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан насанд хүрээгүй хохирогч У.Н-н хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдож, хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээж байгааг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч Ж.Б нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас насанд хүрээгүй хохирогч 10 настай У.Н-г тээврийн хэрэгслээрээ мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан. Шүүгдэгч Ж.Б нь хохиролд тооцсон 250.000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа төлж барагдуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй. Шүүгдэгч Ж.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг. Иймд прокурорын зүгээс шүүгдэгч Ж.Бийг 8 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялын санал гаргасан. Анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын баруун замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн, 11-27 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.3-д Гэрэл ... бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай, эмэгтэй У.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-ийн “... 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой би айлд байж байхад манай аав Чинбат над руу залгаад хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд урьдчилсан байдлаар нүүрний яс нь цуурсан байна гэж хэлсэн. ...” /хх 17/,

иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн “... Би “Тоёота Приус” маркын 11-27 УБА улсын дугаартай автомашиныг 2019 онд худалдан авч байсан, миний эзэмшлийн машин байгаа юм. Миний машиныг аав, ээж, бид 3 аль шаардлагатай нь жолоодож замын хөдөлгөөнд оролцдог. Осол болсон өдрийн маргааш нь манай аав Батмөнх надад ослын талаар хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 21/,

Ж.Бийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдрийн орой хүү Энхбаясгалангийн эзэмшлийн автомашиныг жолоодоод Хан-Уул дүүрэгт байх гэрээсээ гараад эмийн сан орж эм худалдан авчихаад буцаад харих гээд Буянт ухаа хорооллын баруун замаар урдаас хойшоо чиглэлтэй гэрэл дохио өнгөрөөд явж байхад зогсож байсан автомашинууд дундуур буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тэр хүүхдийг хараад тормосоо гишгэсэн боловч мөргөөд машин зогссон. Хүүхэд яг машинтай тулаад ирсэн. Ослын дараа би машинаасаа буугаад хүүхдийг тэврээд арын суудал дээрээ суулгаад түргэн болон цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2653 дугаар “У.Н-н биед зүүн хацар яс, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” /хх 30-31/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Тоёота Приус маркийн, 11-27 УБА улсын дугаартай автотээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг машины урд буфер доогуураа сэвтэй, хойд буфер хойноо хагархай, хойд дугуйны хээний гүний стандартын шаардлага хангахгүй, хол болон ойрын гэрлийн тусгалын хүч нь стандартдаа хүрэхгүй байгаа нь техникийн хувьд өнгө үзэмж муутай стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх эвдрэл гэмтэл хуучин эвдрэл гэмтэл байна. Уг автомашины хойд дугуйны хээний гүн стандартын шаардлага хангахгүй, хол болон ойрын гэрлийн тусгалын хүч нь стандартдаа хүрэхгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. Дугуйн хээний гүн нь зам дугуйн барьцалт муудах байдлаар нөлөөлөх ба гадаргуугийн нөхцөл автомашины хурд зэргээс шалтгаалах, хол болон ойрын гэрлийн ойрын тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох хэдий ч тухайн зам орчны гэрэлтүүлгийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тормосны системтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйн тормос хэвийн ажиллагаатай байна. Тормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тормосны мөр үүснэ. Харин ABS  тормосны системтэй автомашины хувьд тормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг.” /хх 37-41/ гэсэн дүгнэлтүүд,

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 339 дүгээр “ Тоёота Приус” загварын 11-27 УБА улсын дугаартай автомашины жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гэрэл ... бүдэг асдаг болсон мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Явган зорчигч У.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: гэсэн заалтыг а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” /хх 63/ гэсэн мөрдөгчийн магадлагаа, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-14/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ж.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ж.Бөөс “... Зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Ж.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй ба өөрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нотлосон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хэдэн төгрөгийн орлого олдог болох нь тодорхойгүй байх тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих боломжгүй гэж үзлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг хумьж, чиглэлийг тогтоох зэргээр эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм. 

Гэтэл анхан шатны шүүхээс Ж.Бийн зорчих эрхийг хязгаарлахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг бүрэн хориглосон нь үндэслэлгүй ба шүүгдэгч зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад зорчих үүрэгтэйг дурдсан нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “Шүүгдэгч Ж.Бийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “Шүүгдэгч Ж.Бийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ   

                                              ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ