Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2021/00002

 

2021 01 12 208/МА2021/00002

 

Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: ********************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

Оролцогчид

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 657 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлоор Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй Д.Хашбаатарт холбогдох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар * баг Баянхаан Партизан цэнгүүн гудамж **** тоотод байрлах хувийн сууцыг Д.Хашбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.Бүрэнбаатар, Т.Мөнхзаяа нараас уг орон сууцыг худалдан авч түр хугацаагаар тэд нарын гуйлтаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл аман хэлцлээр суулгахаар тохиролцсон байсан. Ингээд хугацаа болж орон сууцаа хүлээн авах гэтэл Хашбаатар гэдэг айл орж амьдарч байгааг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр очиж мэдлээ. Нэгэнт эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй миний худалдан авсан өөрийн өмч болох Сэлэнгэ аймгийн.Сүхбаатар сумын * дүгээр баг Баянхааны Партизаны * гудамж *** тоот хашаанд байрлах хувийн орон сууцанд хууль бусаар сууж байгаа Хашбаатарыг нүүлгүүлэх эд хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлагатай боллоо.Тиймээс энэ хүн сайн дураараа гарахгүй байгаа тул шүүхэд хандсан. Миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 4 баг Баянхаан Партизан цэнгүүн гудамж *** тоотод байрлах хувийн сууцыг Д.Хашбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг миний дүү Д.Бүрэнбаатараас худалдан авсан ба одоогоор орон сууц нь төлбөрийн хувьд маргаантай, өглөг авлагатай байгаа тул орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэвэлмаагийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дүгээр баг, Баянхаан партизан цэнгүүн гудамж, **** тоот хаягт байршилтай, 151 м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч Д.Хашбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж, тустус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн 657 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1рт: Нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Д.Хашбаатар мөн эсэхийг тодруулаагүй,

Нэхэмжлэлийг шүүхэд Д.Хашбаатар гэж гаргасан боловч албан ёсоор оршин сууж байгаа хүн нь Хашбаатар мөн эсэх нь тодорхойгүй байна.

Маргаан бүхий орон сууц нь хуулийн дагуу хэдийгээр нэхэмжлэгч Д.Цэвэлмаагийн нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч өмнө нь эзэмшиж байсан Д.Бүрэнбаатар, Т.Мөнхзаяа нарын хоорондох өр авлагын асуудал дуусаагүй байгаа тул байраа одоо хүртэл чөлөөлүүлж өгөөгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь өмнөх худалдах, худалдан авах гэрээний худалдагч талууд болох Д.Бүрэнбаатар, Т.Мөнхзаяа нар юм. Гэтэл эдгээр хүмүүсийг байхгүйд гэрийг нь түр харж байсан. Д.Бүрэнбаатарын төрсөн ах Д.Хашбаатарыг хариуцагчаар шүүхэд өгсөн нь учир дутагдалтай байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагчийг тухайн байрны өмчлөгч гэж үзэх, хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэх баримт тогтоогдохгүй байна гэж үзсэн ба хариуцагч нь шүүхэд энэ орон сууцыг би эзэмшдэг гэдэг тайлбар мэдүүлэг өгөөгүй болно. Хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа ...орон сууцыг миний дүү Д.Бүрэнбаатараас худалдан авсан ба одоогоор төлбөрийн асуудал маргаантай байгаа гэсэн байхад энэ асуудлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 657 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус орон сууцыг иргэн Д.Бүрэнбаатар,Т.Мөнхзаяа нараас худалдан авч хөрөнгийг өөрийн нэр дээр улсын бүртгэлээр шилжүүлэн авсан. Орон сууцаа эзэмшилдээ авах гэхээр Д.Бүрэнбаатар, Т.Мөнхзаяа нар нь олдохгүй харин тус орон сууцанд Д.Хашбаатар гэдэг хүн байдаг. Тэр хүн орон сууцыг миний эзэмшилд шилжүүлэхгүй байгаа тул би шүүхэд хандсан юм. Д.Хашбаатар нь миний өмчлөх эрхэд халдсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь хариуцагч Д.Хашбаатарт холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Хашбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг тус хэргийн хариуцагч биш гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Д.Хашбаатар нь давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагыг тус хэргийн хариуцагч биш байхад шүүх тодорхой дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь иргэн Д.Бүрэнбаатартай 2019 оны 10 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэгт байрлалтай 151 мкв талбай бүхий хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулж улмаар 2019 оны 10 сарын 24-ний өдөр Улсын эрхийн бүртгэлд тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Цэвэлмаа болон иргэн Д.Бүрэнбаатар нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч болох иргэн Д.Бүрэнбаатар нь үл хөдлөх хөрөнгийн эрхийг худалдан авагч талд шилжүүлсэн боловч худалдсан үл хөдлөх хөрөнгөө өнөөдрийг хүртэл түүний эзэмшилд шилжүүлээгүй буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Худалдах худалдан авах гэрээний худалдагч /Д.Бүрэнбаатар/ тал нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс худалдан авагч Д.Цэвэлмаагийн хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах эрх зөрчигдөн улмаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа түүний хууль бус эзэмшлээс гаргуулах гэж тодорхойлон үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа гэх иргэн Д.Хашбаатарт холбогдуулан гаргасан болох нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Хашбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хэргийн хариуцагч биш гэж маргажээ.

Өмчлөгч нь эзэмших эрхгүй буюу хууль бус эзэмшигчээс өөрийн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Д.Хашбаатар худалдагч тал болох Д.Бүрэнбаатарын төрсөн ах бөгөөд тодорхой хэлцлийн үндсэн дээр дүү Д.Бүрэнбаатарын орон сууцыг харж хамгаалах үүрэг хүлээсэн этгээд байх ба түүнийг үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй өөрөөр хэлбэл хариуцагч Д.Хашбаатар нь хөрөнгийн эзэмшигч Д.Бүрэнбаатартай байгуулсан хэлцлийнхээ дагуу үл хөдлөх хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг харж хамгаалах үүрэг бүхий этгээд тул эзэмшигч биш юм.

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа шүүхэд хариуцагчийг зөв тодорхойлон ирүүлж чадаагүй байх ба анхан шатны шүүх хэргийн хариуцагчийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлаагүй байхад түүнийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэж хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар иргэн Д.Бүрэнбаатартай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнийхээ үүргийн биелэлтийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 657 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэвэлмаагийн Д.Хашбаатарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.   

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 Г.ДАВААРЕНЧИН