Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/595

 

 

           

 

     2023             6            02                                      2023/ДШМ/595

Н.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Г,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Эт холбогдох эрүүгийн 2210022260100 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн  Н.Э, 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр .......... төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, ........... тоотод оршин суух хаягтай, /РД:.........................,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 Шүүгдэгч Н.Э нь 1хbet бооцоот тоглоомын зөвлөгөө цэнэглэлт хийдэг “1 Uka CH" гэх албан ёсны фейсбүүк хаягийг дуурайлган ижил нэртэй цахим хаяг нээж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Г.Бын ID хаягаа цэнэглүүлэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан, “манайх хамгийн найдвартай, бас бонус сайн өгдөг” гэх мэтээр хуурч, Г.Бын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 18-647 тоотод оршин суух гэрээсээ шилжүүлсэн 1.900.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ............. тоот дансаар шилжүүлэн авсан, “1хbet” спорт бооцоот тоглоомын зөвлөгөө цэнэглэлт хийдэг фейсбүүк цахим орчин дахь “Uka CH” гэх хаягтай ижил “Uka CH” гэсэн нэртэй хуурамч хаяг нээж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Н.Оыг ID хаягаа цэнэглүүлэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан, “1хbet” спорт бооцоот тоглоомын сайтын 10 жилийн ой болж байгаатай холбоотой цэнэглэх эрхийг хямдруулж, цэнэглэлтийг нэг дахин өсгөж өгнө” гэж хуурч, H. О 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 1-23 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 350.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 809005900 дугаарын харилцах дансаар шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Эыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эаас гэм хорын хохиролд 4.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б /РД:УУ90020431/-д 1.900.000 төгрөг, хохирогч Н.О /РД:ХЕ80031079/-д 2.350.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн хийсэн эрүүгийн хэрэгт маш их харамсаж байна. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж ухаарал олсон. Би сүүлийн хэдэн жилийн хугацаанд 1xbet гэх бооцоот тоглоомын сайтад өөрийн болон гэр бүлийнхээ ихээхэн хэмжээний мөнгийг алдсанаас болж ийм хэрэг үйлдсэн. Ингэхдээ гэр бүлийхэнийгээ санхүүгийн болон сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Харин одоо бооцоот тоглоомоос өөрийгөө бүр мөсөн татан авч, энэ зүйлээр дахин оролдохгүй гэж амлалт өгсөн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болсон шалтгаан нь нэгд гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, хоёрт хийсэн хэрэгтээ ихээр гэмшиж, ухаарал, засрал хүмүүжил олсон, гуравт бусдад учруулсан 4.250.000 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан, дөрөвт Монгол Улсын Их сургуульдаа цаг алдалгүй үргэлжлүүлэн суралцах гэсэн үндсэн шалтгаантай.

Миний төрсөн эгч Н.Ч нь байнгын сэтгэл санааны хүнд байдлаас болж хөхний хоргүй хавдар гэх оноштойгоор сүүлийн жил гаран хугацаанд шаналж байгаа. Гадаадад хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай. Төрсөн эцэг Н , эх Д нар нь намайг хоригдсон цагаас эхлэн байнгын даралт ихсэх өвчтэй, тогтмол даралт буулгах эм ууж байгаа. Би давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд дээрх байдлуудыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх шүүгдэгч Н.Эт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн ч засрал хүмүүжил ололгүй дахин гэмт хэрэг үйлдэж байгаа, хохирол төлөгдөөгүй байгаа зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг сонгож шийдвэрлэлээ гэж шийтгэх тогтоолд дүгнэжээ.

Гэтэл шүүгдэгч нь хувийн байдлын хувьд 2009-2010 оны хичээлийн жилийн эзэн “Үлэмж сайн хөвгүүнээр” шалгарч БСШУЯ-ны бага, дунд боловсролын газрын өргөжлөлөөр,

2009-2010 оны хичээлийн жилд “Нийслэлийн тэргүүний сурагчид" номонд дурсамжаа оруулах болсон тул “Шилдэг сурагч” өргөмжлөлөөр,

2009-2010 оны хичээлийн жилд 2 дугаар ангийн дунд зохиогдсон “Даам”-ны тэмцээнд 2-р байр эзэлсэн тул ерөнхий боловсролын 105 дугаар сургуулиас мөнгөн медаль, өргөмжлөлөөр,

2012 оны “Математик” сонины нэрэмжит “Математикийн уралдаан”-д амжилттай оролцож 1-р байр эзэлж, ерөнхий боловсролын 105 дугаар сургуулиас батламжлан дипломоор,

2014 оны “Олон улсын математикийн “KANGAROO” олимпиадад оролцож “гуравдугаар байранд” шалгарч, өргөмжлөлөөр,

2014- 2015 оны хичээлийн жилд “Шударга” сурагчаар шалгарч эцэг, эхийн зөвлөлөөс өргөмжлөлөөр,

2014 оны “Элбэг” багаас төсөлт ажлын хүрээнд зохион байгуулсан “АХА” танин мэдэхүйн тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцож “гуравдугаар байр” эзэлж өргөмжлөлөөр,

2014 оны “Эх хэл олимпиад”-д амжилттай оролцож “тэргүүн байр” эзэлж ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулиас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,

2015-2016 оны хичээлийн жилд “Шилдэг сурагч”- аар шалгарч ерөнхий боловсролын “Оюуны ундраа” сургуулиас өргөмжлөлөөр,

2017-2018 оны хичээлийн жилд ангиасаа хамгийн хариуцлагатай сурагчаар шалгарч өргөмжлөлөөр тус тус шагнуулж байсан.

Мөн шүүгдэгч Н.Э нь ерөнхий боловсролын сургуулийн сурлагын үнэлгээ болон төгсөлтийн улсын шалтгалтын үнэлгээний дундаж 96,2 хувьтай А үнэлгээтэй төгссөн.

Мөн гэрч Н.Чимгээгийн: “...Би эхээс гурвуулаа бөгөөд миний том ах тусдаа гарсан мөн миний төрсөн дүү Н.Э бид хоёр одоогийн байдлаар эцэг, эхтэйгээ хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Шинэ амгалан” хотхоны 521 дүгээр байрны 99 тоотод амьдарч байгаа. Миний төрсөн дүү Н.Э нь 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрж бага насаа мал дээр мал маллаж байгаад 2009 онд Улаанбаатар хотод гэр бүлээрээ шилжин ирэхэд Сонгинхайрхан дүүргийн 105 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 5 дугаар ангидаа ерөнхий боловсролын Оюуны ундраа цогцолбор сургуульд шилжин ирж суралцаж 2020 онд онц дүнтэй төгсөж, Монгол Улсын Их сургуулийн IT инженерийн ангид элсэн орсон бөгөөд одоог хүртэл суралцаж байна. Миний төрсөн дүү Н.Э нь хичээл сургуульдаа идэвхтэй, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, сайн сурлагатай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ээж аавын зөвшөөрөлгүй гадуур дэмий тэнээд байдаггүй, гэрийн ажилд сайн...” гэх мэдүүлэг зэргээс түүний хувийн байдал харагддаг.

Хохирол, хор уршгийн хувьд хохирогч Н.Од 2.350.000 төгрөгийн, Т.Батбаярт 1.900.000 төгрөгийн хохирлыг учруулж өмчлөх эрхийг зөрчсөн боловч шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч Н.О, Т.Б нараас “Н.Эаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул түүнд хорих ял ондуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Н.Э нь “1xbet” бооцоот толоомыг тоглохын тулд амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө олоод түүний тоглож алдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон ба нөгөө талаар Н.Э нь бооцоот тоглоомоос ашиг олоод хохирогч нарын мөнгийг богино хугацаанд буцаан өгөх санаа зорилготой байсан нь түүний мэдүүлгээс харагдана.

Шүүгдэгч Н.Эын хувийн байдлын тухайд урьд энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлсэн атлаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй түүний буруутай үйлдлийг зөвтгөх эрхгүй.

Харин Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно..” гэсэн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Н.Э нь 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 20 нас буюу өсвөр настай байхдаа гэмт хэрэгт холбогдсон.

Нөгөөтээгүүр өмгөөлөгчийн зүгээс Н.Этай очиж уулзахад “...шүүхээс надад боломж олгох юм бол дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна...” гэж хэлсэн.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э нь “... хохирогч нараас авсан мөнгөөрөө бооцооны сайтад бооцоо тавиад буцаагаад өгнө гэж бодоод мөнгөө алдсан. Түүндээ маш их харамсаж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн заалтуудын дагуу Н.Эын үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, залуу хүний хувьд нийгмийн амьдралд оролцох, ар гэрийн болон хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ....” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Эт ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь 2022 оны 3 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Н.Э нь 1хbet бооцоот тоглоомын зөвлөгөө цэнэглэлт хийдэг “1 Uka CH" гэх албан ёсны фейсбүүк хаягийг дуурайлган ижил нэртэй цахим хаяг нээж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т.Батбаярын ID хаягаа цэнэглүүлэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан, “манайх хамгийн найдвартай, бас бонус сайн өгдөг” гэх мэтээр хуурч, Т.Б-ын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 18-647 тоотод оршин суух гэрээсээ шилжүүлсэн 1.900.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 809005900 тоот дансаар шилжүүлэн авсан, “1хbet” спорт бооцоот тоглоомын зөвлөгөө цэнэглэлт хийдэг фейсбүүк цахим орчин дахь “Uka CH” гэх хаягтай ижил “Uka CH” гэсэн нэртэй хуурамч хаяг нээж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Н.Оыг ID хаягаа цэнэглүүлэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан, “1хbet” спорт бооцоот тоглоомын сайтын 10 жилийн ой болж байгаатай холбоотой цэнэглэх эрхийг хямдруулж, цэнэглэлтийг нэг дахин өсгөж өгнө” гэж хуурч, H. О- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 1-23 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 350.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 809005900 дугаарын харилцах дансаар шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Б-ын “... 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байхдаа өөрийн тоглодог тоглоомын сайтад бүртгэлтэй 422790971 дугаартай ID хаягаа цэнэглэх гээд урьд өмнө цэнэглэлт авдаг байсан UKACH гэх цахим хаягтай хүн рүү хандах гээд байж байтал яг энэ хүний цахим хаягтай ижил нэртэй мөн ижил зурагтай хүн над руу цэнэглэлт таталт хийж байна. Манайхаас Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх агентууд зөвшөөрлөө авдаг бөгөөд манайх хамгийн найдвартай мөн бонус их өгдөг гэх мэтээр намайг ятгаж, итгүүлсэн учраас би зөвшөөрөөд өөрийн 1xbet цахим сайтад бүртгэлтэй 422790971 дугаартай ID хаягаа цэнэглүүлэхээр 1.900.000 төгрөгийг Худалдаа  хөгжлийн банкны ::::: тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл мөнгө авсан цагаас хойш удахгүй цэнэглэлт хийнэ, манай байгууллагын 10 жилийн ой болж байгаа учраас дэлхий даяар цэнэглэлт хийж байна, ачаалал их байна гэж байгаад сүүлдээ .......... дугаартай ID хаяг гацчихсан байна гэх мэт зүйл ярьж эхэлсэн. Удалгүй шилжүүлсэн мөнгөтэйгээ дүйцэх хэмжээний мөнгөн дүнг дахин шилжүүлбэл таны асуудлыг 5 минутын дотор шийдээд өгье гэхээр нь би намайг залилж байж магадгүй гэж бодоод өөр хүнээр тухайн хаягийг шалгуултал таны харилцсан хаяг хуурамч хаяг байна гэж мэдээлэл ирүүлэхээр нь би хууртаж байгаагаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 8/,

хохирогч Н.Оы “... 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед 1xbet бооцоот тоглоомын сайтны “Uka Ch” гэх фейсбүүк хуурамч хаягнаас өнөөдөр 2.000.000 төгрөгийн цэнэглэлт хийх эрхийг 1.000.000 төгрөгөөр хийж байна. Жишээ нь 2.000.000 төгрөгөөр цэнэглэлт хийвэл 4.000.000 төгрөг болж орно, 1xbet-ын 10 жилийн ой болж байгаатай холбогдуулан ийм урамшуулал зарлаж байна гэж хэлсэн. Тэгээд итгэж тус өдрийн 15 цаг 30 минутын үед Худалдаа хөгжлийн банкны ....... дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2.000.000 төгрөг 4.000.000 төгрөг болж ороогүй, холбогдсоор байгаад 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дээрх данс руу дахин 350.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 76/,

Н.Эын яллагдагчаар өгсөн “... Би урьд нь “Uka Ch” нэртэй цахим хаяг хуурамчаар нээж нэг хүнээс 1xbet бооцоот тоглоом тоглох мөнгө цэнэглэж өгнө гэж худал хэлээд мөнгө авсан хэрэгт цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр торгуулийн ял авч дахин хуурамч хаягийг хэрэглээгүй орхисон. Миний хувьд Солонгос улс руу явж суралцах зорилгоор өөрийн Худалдаа хөгжлийн банкны .......... тоот дансанд 20.000.000 төгрөг байршуулсан байсан бөгөөд тус мөнгөө өсгөх зорилгоор 1xbet бооцоот тоглоомд 2.000.000 төгрөгийн бооцоо тавьсан нь амжилтгүй болж алдсан тул нөхөж хийхийн тулд үлдсэн 18.000.000 төгрөгөөрөө дахин 1xbet бооцоот тоглоом тоглож байгаад бүгдийг нь алдсаны дараа өөрийн урьд нэг удаа хэрэглэж байсан “Uka Ch” нэртэй цахим хаяг руу нэвтрэх үед нэг хүн 1xbet бооцоот тоглоом мөнгөний цэнэглэлт хийх хүсэлт бичсэн байхаар нь харилцаж байгаад 1.900.000 төгрөгийн өөрийн данс руу шилжүүлэн авсан. Дээрх мөнгийг өсгөх зорилгоор дахин 1xbet бооцоот тоглоом тоглож алдсан. Гэтэл надад 1.900.000 төгрөг өгсөн хүн удаа дараа мөнгөө нэхээд эхэлсэн. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул өдийг хүртэл мөнгийг нь өгч чадаагүй. ...” /хх 40-41/,

Н.Эын сэжигтнээр өгсөн “... 2022 оны 8 дугаар сард Н.О гэх хүнээс 2.350.000 төгрөгийг цэнэглэлт хийх нэрийдлээр хохироосон. Ингэсэн шалтгаан нь би өөрийн визэнд орох гэж байсан 37.000.000 төгрөгийг алдсанаас үүдэлтэй. Энэ мөнгийг олох гэж тэр хүнийг хохироосон. Хэрвээ би хохирооё гэж бодсон бол өөрийн дансаар авахгүй байсан. Нэг удаа бооцоо тавиад мөнгийг нь буцааж өгье гэж бодсон тул дансаар авсан. ...” /хх 80-81/ гэсэн мэдүүлгүүд,

дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-17, 92-93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Н.Эын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журмлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирчээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Эыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс Н.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Г нарын “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Н.Эын хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх хорих ялын төрлийг сонгож хэрэглэж, хамгийн бага хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, ял тохирсон байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа прокуророос Н.Эыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад үргэлжилсэн үйлдлээр гэсэн ерөнхий ангийн журамлавал зохих заалтыг орхигдуулсан нь буруу байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг орхигдуулан бичсэн нь ойлгомжгүй байх тул энэ талаар зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Эт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, тухайн өдрөө түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/1111 дүгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар Н.Эт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн атлаа Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэснээ шийтгэх тогтоолд тусгаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Эын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Н.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Н.Од 2.350.000 төгрөг, хохирогч Т.Б-т 1.900.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг магадлалд дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Н.Эыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцосугай.” гэснийг Шүүгдэгч Н.Эыг үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцосугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтад “... шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг “... шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ   

                                              ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ