| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2023/0518/З |
| Дугаар | 128/ШШ2024/0694 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0694
2024 09 13 128/ШШ2024/0694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д*******ын Н******* //,
Нэхэмжлэгч: Д Г //,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Г******* ЗБН //,
Гуравдагч этгээд: Б Б //,
Гуравдагч этгээд: Бн Н******* //,
Гуравдагч этгээд: Бн М /,
Маргааны төрөл: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж, гуравдагч этгээд Г******* ЗБН, Б.Б, Б.Н*******, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээд Г******* ЗБН-ийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г нараас шүүхэд хандаж Г******* ББН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Г******* БГБХН нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б.Н*******, Б.М, Б.Б, Д.Н*******, Д.Г нарын 5 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, нөхөрлөлийн удирдлагаар Б.Н*******ыг томилж бүртгэгдсэн. 2018 оны 01 дүгээр сарын 26-нд Д.Н*******, Д.Г нарыг нөхөрлөлийн гишүүнээс хассаныг бүртгүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 14-нд хуулийн этгээдийн хаягийн өөрчлөлтийг, 2021 оны 08 дугаар сарын 17-нд нөхөрлөлийн хэлбэр өөрчлөгдөж, хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, гишүүдийн тоог нэмж 65 гишүүнтэй болж өөрчлөгдсөнийг бүртгүүлсэн.
2.2. Д.Н*******, Д.Г нарын гомдлоор улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаар дүгнэлтээр 2018, 2021 онуудын бүртгэлийг тус тус хүчингүй болгосон байна.
2.3. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нөхөрлөлийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нар нөхөрлөл үүсгэн байгуулсан гэрээнд зурагдсан нэхэмжлэгч нарын гарын үсэг хуурамч тул 2023 оны 04 дүгээр сарын 13-ны хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хууль бус, гэр хорооллын г******* дахин төлөвлөлтийн төсөлд өмчлөлийн газраа орон сууцаар сольж оролцох эрх зөрчигдсөн гэж маргасан бол хариуцагч Нөхөрлөлийн тухай хуулийн 22.3-т нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно, 22.3.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж зааснаар болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, нөхөрлөлийн гэрээг үндэслэн бүртгэсэн гэж, гуравдагч этгээд нэхэмжлэгч нар нь Нөхөрлөлийн тухай хуулийн 22.3-т нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно гэж заасныг зөрчиж Т******* нэртэй ижил зорилго бүхий нөхөрлөлийг үүсгэн байгуулж, улмаар нөхөрлөлийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул 23.3.2-т заасан үндэслэлээр нөхөрлөлөөс хассан, нөхөрлөлийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулж бүртгүүлсэн гэж тайлбарлажээ.
3.2. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Д.Г нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны А тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газрыг болон түүн дээрх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй,
Д.Н******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны б тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 350 м.кв газрыг болон түүн дээрх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 104 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй.
Нэхэмжлэгч бидний амьдарч буй Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх талаарх мэдээлэл гарсантай холбоотой нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г бид хэсэг иргэдийн хамт газар өмчлөгч бүр өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, 1 нэгж талбарт 1 саналын эрх бүхий гишүүнтэйгээр цаашид хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавихад нэгдэх зорилгоор 255 тоот хаягт оршин суух Л.Б*******ийн гэрт уулзалт хийсэн. Тус уулзалтад Баянзүрх дүүрэг, 13-р хороо, , тоот хаягт оршин суух Б.Бгийн охин Б.Н******* гэх иргэн ирсэн ба дээрх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхэд оролцон газар өмчлөгч бидэнд туслахаар болсон.
Ийнхүү нөхөрлөлд Н.Б*******, Я.Ч*******, Б.Б, Д.Н*******, Д.Г нарыг буюу г******* өмчлөгч нарыг элсүүлэхээр харилцан тохиролцсон боловч Б.Н******* нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б овогтой Н*******, Б овогтой М, Б.Б гэх өөрийн 1 нэгж талбар бүхий г******* 1 гэр бүлийн 3 иргэн болон нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г биднийг оролцуулан нийт 5 гишүүнтэйгээр Г******* зүрх ББН-ийг үүсгэн байгуулсан байсан. Ийнхүү байгуулахдаа бидний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан.
Улмаар дээрх нөхөрлөлийн бүртгэлд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Н******* нь Д.Г, Д.Н******* биднийг нөхөрлөлийн гишүүнээс хасахаар бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Мөн 2021 онд нөхөрлөлийн бүртгэлд өөрчлөлт оруулан, Б.Н******* нь өөрийгөө бүрэн хариуцлагатай гишүүнээр бүртгүүлж, бусад нөхөрлөлийн гишүүдийг зарим хариуцлагатай гишүүн болгохоор бүртгүүлсэн байсан.
Үүнийг бид Улсын бүртгэлийн ерөнхий г******* хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргасны дагуу тус байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
Дээрх дүгнэлтийн 5-д Улсын бүртгэлийн нэгдсэн архивын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9020005019 дугаартай Г******* ЗБН-ийн хувийн хэрэгт авагдсан архивын эх нотлох баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн с мэдээлэл, хяналт шалгалтын хүрээнд авагдсан холбогдох бусад баримт, мэдээллийг тулгаж хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: гээд 5.1-д Г******* ББН-ийн захирал Б.Н******* нь тус хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоол, мөн өдрийн нөхөрлөлийн гэрээнд тус тус зарим гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж, нөхөрлөлийн гишүүд хуралд бүгд оролцсон мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлсэн болох нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны 13 дугаар албан шаардлага, мөн оны дугаар дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын г******* 2022 оны дугаар прокурорын тогтоол болон холбогдох бусад баримт мэдээллээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад үнэн зөв бодитой байх гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж тодорхойлон, Дүгнэх нь хэсгийн 1-д Г******* ББН-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2018 оны 02 дугаар сарын 14 /2018 оны 02 дугаар сарын 08/, 2021 оны 08 дугаар сарын 17 /2021 оны 08 дугаар сарын 20/-ны өдөр тус тус бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгох гэж дүгнэсэн болно.
Ийнхүү 2018, 2021 онуудын бүртгэлийг хүчингүй болгосны дараа 2014 оны буюу нөхөрлөлийн анхны гэрээ, тогтоолыг бүртгэсэн бүртгэл сэргэсэн бөгөөд сүүлд Б.Н******* нь 2023 онд нөхөрлөлийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлд хавсаргасан нөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэхэмжлэгч бид гарын үсэг зураагүй бөгөөд тус бүртгэл нь хууль бус байх тул Г******* ББН-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл нь хууль бус юм.
Б.Н******* нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр "Г******* зүрх" Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-д "Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр хасагдана" гээд 1-д "гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон" гэх үндэслэлээр Д.Г, Д.Н******* биднийг нөхөрлөлийн гишүүнээс хасаж, 01 дүгээр тогтоолыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
Мөн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн "Г******* зүрх" Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээний 3 дугаар зүйлийн 5-д "Гишүүд дор дурдсан асуудлыг заавал санал нэгтэй шийдвэрлэнэ: а/ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, б/үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өөрчлөх" гэж, мөн Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-д Нөхөрлөлөөс хасагдах үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэнэ. Хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй" гэж тус тус заасны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Д.Г, Д.Н******* нарыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцуулах үүрэгтэй байсан.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой ...байх зарчим баримтална гэж, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т "Хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр"-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хавсарган өгөхөөр заасан байх боловч "Г******* " ББН-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэлд Д.Н*******, Д.Г нарыг оролцсон мэтээр хуурамчаар гарын үсэг зурж, нөхөрлөлийн хуралд оролцсон мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д "улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах" үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Г******* зүрх" Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээний 5.1.1-д Нөхөрлөлийг үүсгэн байгуулагч, бүрэн хариуцлагатай гишүүн Б овогтой Н******* нь нөхөрлөлийг бүрэн төлөөлөх эрхтэй захирал нь байх бөгөөд нөхөрлөлийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах, шийдвэр гаргах, гишүүдийг төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах чадвараа болон 200,000 төгрөг буюу 33.34 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөө нэгтгэнэ" гэх, мөн 7 дугаар зүйлийн 7.1-д Бүрэн хариуцлагатай гишүүд нь энэхүү гэрээний 5.1 дэх хэсэгт дурдсан хөрөнгө ажиллах чадвараа нөхөрлөлд нэгтгэж байгаа бөгөөд нөхөрлөлийн ашгаас дараах байдлаар хүртэнэ" гээд 7.1.1-д Нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлага нь нөхөрлөлийн цэвэр ашгаас 100 хувийг авах бөгөөд нөхөрлөлийг удирдан төлөөлсөн үнэлгээг сар бүр 1,000,000 төгрөг гэж тооцно" гэх байдлаар Б.Н******* нь өөртөө давуу байдал бий болгосон өөрчлөлтүүдийг оруулсан.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч нарын зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Г******* " Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6/4674 дүгээр "Хариу өгөх тухай" албан бичгээр "... Таны гомдолд дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье" гэсэн байна.
Нэхэмжлэгч бид дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гээд 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд "Г******* " ББН //-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч тайлбартаа: Нөхөрлөлийг үүсгэсэн зорилгыг гуравдагч этгээдээс хэлэхдээ З хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлье гэж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журамд нэгж талбар эзэмшиж байгаа өмчлөгч бүр гишүүн байх ёстой. Гэтэл анх нэгж талбартай 3 этгээд байгуулсан боловч 1 нэгж талбартай этгээд нь нөхөрлөлд гишүүнээр орж 60 хэдэн хүн оруулсан тэрбум төгрөгийн хөрөнгө нь зөвхөн Г.Н*******ын өмч хөрөнгө гэсэн заалтыг оруулчихсан. Үндсэндээ нэхэмжлэгч нарт ямар бодит байдал үүсэж хохироод байна гэхээр тэр газартаа үйл ажиллагаа явуулж, дахин төлөвлөлтөд оруулах бүх эрх нь хасагдсан. Нийслэл дээр очоод урьдчилан шийдвэрлэх журмаар асуудлаа шийдвэрлүүлэе гэж очихоор та нар нөхөрлөлийн гишүүнээр ор, нөхөрлөлөөрөө энэ асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай гэж хэлдэг. Нөхөрлөлд нь гишүүнээр оръё гэхээр оруулахгүй. Засаг даргын орлогч та нар нөхөрлөлийн гишүүнээр бүгд орох ёстой орсны дараа хуралдуулъя гэхээр хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дундаас нь оролцохгүй гэсэн мэдэгдлийг хүртэл фэйсбүүкт гаргасан. Г.Н******* гэж хүн иргэдтэй гуравласан гэрээ байгуулж байна гэдэг боловч барьж байгаа компани нь зөвшөөрөөгүй. Тухайн газар өмчлөгч иргэдийн эрх ашиг бүхэлдээ хөндөгдөж байгаа асуудал. Нэхэмжлэгч нар юу хүсээд байгаа гэхээр нөхөрлөлд ормоор байна. Бид нарын энэ асуудал шийдэгдсэнээр бусад газар өмчлөгч нар нөхөрлөлд орох эрх нээгдэнэ. Нээгдсэн тохиолдолд бид нөхөрлөлөөр дамжуулан газар өмчлөх эрхээ бүхэлд нь хэрэгжүүлж дахин төлөвлөлт хийх боломжууд бүрдэхээр байна. Нэг этгээд газар өмчлөгч биш этгээд луйвар хийж байна гэсэн асуудлыг дурдаж байгаа. Нэхэмжлэгч нар нөхөрлөлдөө орсноор газар өмчлөгч нар газраа дахин төлөвлөлтөд оруулах эрх нээгдэхээр байгаа юм.
2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Т******* ЗБН-ийг үүсгэн байгуулах үед 2021 оны бүртгэл хүчинтэй байсан. Түүний дагуу бүрэн хариуцлагатай гишүүн нь өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглосон. Зарим хариуцлагатай гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоогүй. Мөн Т******* ЗБН-ийн бүртгэл түдгэлзсэн. Т******* ЗБН-ийг Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн талбайн дахин төлөвлөлт явуулахтай холбоотой үүсгэн байгуулсан. Газар шинэчлэн зохион байгуулах журамд заасны дагуу газар өмчлөгч иргэн бүр саналын эрхтэй гишүүн байх зохицуулалттай. Гэтэл 1 айлын 3 хүн 3 саналын эрхтэй этгээд нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж, гуравласан гэрээ байгуулан гуравласан гэрээний үр дүнд иргэдийн газрыг өөрсдийн хөрөнгө гэж, захиран зарцуулах эрх нь зөвхөн Г.Н*******т байгаа гэх байдлаар дүрэмдээ оруулчихсан. 2014, 2018, 2021 оны бүртгэлд гарын үсгийн хуурамчаар зурсан. Иргэдээс санал авч баримтад гарын үсгийн хуурамчаар зурсан асуудал байдаг. Дахин хэлэлцүүлэг хийхийг хүн болгон зөвшөөрч байгаа. Бүх эрхийг авсан этгээд нь хууль зөрчиж байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх. Улсын бүртгэлийн байгууллага нь нөхөрлөл ямар үйл ажиллагааны зорилгоор байгуулагдаж байгаа, хэн юугаараа нэгдэн орж байгааг шалгах боломжтой байсан. Хэн нэгэн этгээд энэ байр миний өмчлөлийн байр гэж хэлээд бүртгүүлдэггүй. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ авчир гэдэг шиг энэ асуудлыг бүрэн шалгах боломжтой байсан. Мөн зарим хариуцлагатай гишүүн байхад эдгээрийг нь анхаарч үзэлгүйгээр бүртгэлийг хийсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл байхыг шаардана. Гэтэл эдгээр баримтыг огт гаргаж өгөөгүй асуудал байгаа учраас бүртгэл нь үндсэндээ баримт бичгийн хувьд дутуу, хяналт шалгалтын хүрээнд ч дутуу, цаад агуулга хүрээний хувьд ч алдаатай бүртгэл болсон. Нөхөрлөлийн үйл ажиллагаанд газар өмчлөгч иргэд орох эрхтэй учраас шүүх энэ хүрээнд нь харж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү? гэв.
3.4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Г******* " БГБХН нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Н*******, Б.М, Б.Б, Д.Г, Д.Н******* нарын таван үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж, нөхөрлөлийн удирдлагаар Б.Н*******ыг томилж бүртгэгдсэн байна.
2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуулийн этгээдийн хаягт өөрчлөлт оруулж бүртгүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нөхөрлөлийн хэлбэр өөрчилж, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, гишүүдийн тоог нийт 65 гишүүнтэй болгож өөрчлөлт оруулж бүртгүүлсэн байна.
Үүсгэн байгуулагч Д.Г, Д.Н******* нарын хүсэлтийн дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн маргаантай асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтээр түдгэлзүүлсэн.
Мөн нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Д.Г, Д.Н******* нарын "Улсын бүртгэлийн мэдээллийн санд 2018 онд "Г******* " нөхөрлөлийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ гэгч хуурамч баримт бичиг бүртгүүлснийг Сүхбаатар дүүргийн прокурорын 2022 оны дугаар Прокурорын тогтоолоор нотлогдож байх тул тухайн бүртгэлийг хүчингүй болгох. Улсын бүртгэлийн мэдээллийн санд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн Г******* нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаан хийж, гишүүд элсүүлсэн тухай мөн худал хуурамч материал бүрдүүлэн нэмэлт өөрчлөлт хийгдсэнийг Улсын бүртгэлийн ерөнхий г******* Улсын байцаагчийн 2022 оны тоот дүгнэлтээр нотлогдож байх тул тус тус хүчингүй болгох" гэсэн хүсэлтийн дагуу улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай дүгнэлтээр 2018, 2021 оны бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгосон. Бүртгэл хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалсан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22-т "хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд шаардах баримт бичиг" Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн г******* улсын бүртгэл хөтлөх журмын 8-т "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл хөтлөх", Нөхөрлөлийн тухай хуулийн 22.3-т "Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.", 23.3.2-т "Гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн." гэж заасны дагуу холбогдох баримтуудыг авч бүртгэсэн.
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр "Г******* зүрх" ББН-ийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн болно. Үүнд: УБ-03 маягт 2. УБ-12 маягт 3. Татварын тодорхойлолт 4. Хурлын зар хүргүүлсэн тухай баримт 5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 6. 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 10 дугаартай хүсэлт 7. Улсын бүртгэлийн ерөнхий г******* дарга Д.Д*******ы 2023 оны 04 сарын 12-ны 1/3349 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг 8. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудас 9. 2023 оны 04 дүгээр сарын 9-ны 01 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоол 10. 2023 оны 04 дүгээр сарын 9-ны 01 дугаартай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл 11. 2023 оны 04 дүгээр сарын 9-ны нөхөрлөлийн гэрээ 12. Иргэний бичиг баримтууд 13. "Г******* зүрх" ББН-ийн хуучин гэрчилгээ
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр "Г******* зүрх" ББН-ийн хэлбэр,гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримтуудыг үндэслэн бүртгэл хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.5. Гуравдагч этгээд Г******* ЗБН, Б.Б, Б.Н*******, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ", 13 дугаар зүйлийн 13.1-д "Нөхөрлөл хуульд заасан төрөл, хэлбэрээр энэ хуульд болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу өөрчлөгдөн зохион байгуулагдаж болно" хэмээн заасны дагуу мөн хуулийн 20.1.1-20.1.9-д заасан нотлох баримтуудыг бүрдүүлэн өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд нөхөрлөлийн гишүүнээс Д.Г, Д.Н******* нарыг хасаж бүртгүүлсэн нь Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно" гэж заасантай тус тус нийцсэн.
Тодруулбал, Г******* зүрх" ББН-д үүрэг хүлээж байсан Д.Г, Д.Н******* нар нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр "Т*******" /РД:*******/ нэртэй манай нөхөрлөлтэй ижил зорилго бүхий, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийг үүсгэн байгуулсан байдаг. Тус Т*******" ЗБН нь манай байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргаас олгосон Төсөл хэрэгжүүлэгчийн батламж"-ийг цуцлуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4668 дугаар Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" захирамж гаргасныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0560 дугаар тогтоолоор хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч нарын дээрх үйлдэл нь Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр хасагдана, 23.3.2-т "гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн" гэж, "Г******* зүрх" ББН-ийг үүсгэн байгуулах гэрээний 3.3-т Нөхөрлөлийн бүрэн хариуцлагатай гишүүн нь өөр нөхөрлөл, компанийн гишүүн байхыг хориглоно" гэж заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Иймд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлээр Г******* зүрх" ББН-ийн хэлбэр Нөхөрлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан "Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл" болон өөрчлөгдөж, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасан баримтуудыг үндэслэн бүртгэл хийгдсэн нь хууль зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгч нар нь "2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэл хууль бус байх тул 2023 оны хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл нь хууль бус" гэх боловч 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэл хууль бус эсэхтэй холбоотой баримтгүй. Түүнчлэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож шинээр байгуулагдах хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ" гэж зааснаар 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн "Г******* зүрх" ББН буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдсон.
Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр "Г******* зүрх" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргахдаа "...нөхөрлөлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Д.Г, Д.Н******* нарыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцуулах үүрэгтэй байсан, хассан нь хууль зүйн үндэслэлгүй" гэж маргаж байгаа бөгөөд шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаар Захиргааны хэргийн шүүхийн зорилго захиргааны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд оршдог байтал дээрх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэл гаргагч Д.Н*******, Д.Г нарын ямар зөрчигдсөн эрх сэргэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, хоёр тусдаа шүүхэд өөр агуулгатай нэхэмжлэлүүдийг гаргасан байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
3.6. Гуравдагч этгээд Г******* ЗБН-ийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч нар анх маргахдаа Г******* ЗБН-ийн 2018 болон 2021 оны улсын бүртгэлийг хүчингүй болгосон учраас 2014 оны бүртгэл сэргэсэн гэдэг. 2018, 2021 оны бүртгэл хүчингүй болсноор нийтдээ бүртгэлтэй байсан 63 иргэний бүртгэл давхар хүчингүй болсон. Нэхэмжлэл гаргаж байгаа 2 иргэний гарын үсэг хуурамч байна гэдэг агуулгаар тайлбарласнаас болж нэг талбар дахь газар өмчлөгч, эзэмшигч 63 иргэдийн бүртгэл хүчингүй болж, анх байсан 2014 оны 5 гишүүнтэй бүртгэл сэргэсэн. Энэ бүртгэл хууль бус, бид энэ нөхөрлөлийг үүсгэн байгуулах сонирхолгүй байсан, нөхөрлөл анхнаасаа үүсгэн байгуулагдах ёсгүй байсан гэдэг агуулгаар маргаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс нөхөрлөлийн гишүүн болсноор дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрх нээгдэж газраа байраар солино гэх зүйлийг ярьж байгаа. Гэтэл 9,4 га талбайд төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарч нийт нэгж талбарын 80 хувиас дээш нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах эрхийг олгож байгаа. Бидний зүгээс тухайн үедээ хүчин төгөлдөр болсон бүх 3 талт гэрээнүүдийг өгсөн. Тэгэхээр энэ иргэдийн эрх ашиг сонирхол эргээд хөндөгдөнө. Тиймээс нөхөрлөлд элсэж орсноор дахин төлөвлөлтөд оролцох эрхээ хэрэгжүүлнэ гэдэг агуулга огт байхгүй. Байраа суллаж өгөөд сар бүрийн зардлыг тооцуулаад явж байгаа иргэд хүлээж байгаа. Гэтэл энэ иргэдийн хэдэн жилийн маргаанаас болж энэ ажиллагаа зогсох, гацах байдалд байна. 2021 оны албан бичгээр төрийн бүх байгууллагуудад нөхөрлөл хууль бус, гарын үсэг хуурамчаар зурсан, үйл ажиллагааг нь дэмжихгүй байгаа учраас зогсоож өгнө үү гэдэг агуулгаар маргаж байгаа. Энд зөвхөн 2 иргэдийн асуудал яригдаж байгаа болохоос цаана нь гэрээгээ байгуулчихсан хүлээж байгаа иргэдийн асуудал ч гэсэн хөндөгдөнө. 2 иргэн нөхөрлөлд байх ёстой гэж маргаж байгаа бол ямар эрх нь эргэж сэргэх вэ гэдэг асуудал хэлэлцүүлгийн шатанд тодорхой өрнөсөн гэж харж байна.
Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг баримталж ярьж байна. Гишүүн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Т******* ЗБН-ийг анх үүсгэн байгуулахад 4 гишүүн байсан. Ижилхэн хувь оруулсан. Г******* ББН-ийн тогтоолтой ижилхэн энэ гишүүд нь бүрэн хариуцлагатай, энэ гишүүд нь зарим нь хариуцлагатай гэж ялгаж тогтоолоо гаргасан зүйл байхгүй. Тиймээс хэлээд байгаа бүрэн хариуцлагатай гишүүнд хамаарах заалт биш гэж харж байна. Улсын бүртгэгчээс хариу тайлбарыг шүүхэд ирүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн г******* улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйл, Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэж бид нар бүртгэл хийсэн гэдэг. Эдгээр үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт хэрэгт байхгүй байгаа учраас бүртгэл хүчин төгөлдөр юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны А тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газрыг болон түүн дээрх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, Д.Н******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны б тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 350 м.кв газрыг болон түүн дээрх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 104 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд тус 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна. Төсөлтэй уялдуулан газар өмчлөгч иргэд өмчлөх эрх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхдээ дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавихад нэгдэх зорилгоор Г******* нөхөрлөл байгуулсан.
Нэхэмжлэгч нар нь Г******* нөхөрлөлийн нөхөрлөлийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэл-ийг хүчингүй болгуулахаар улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан нөхөрлөл үүсгэн байгуулсан гэрээнд зурагдсан нэхэмжлэгч нарын гарын үсэг хуурамч тул 2023 оны 4 дүгээр сарын 13-ны хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хууль бус, гэр хорооллын г******* дахин төлөвлөлтийн төсөлд өмчлөлийн газраа орон сууцаар сольж оролцох эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр маргасан бөгөөд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэхэд дараах байдлаар нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Захиргааны хэргийн шүүх нь хуулийн этгээдийн, тэр дундаа нөхөрлөлийн үүсгэн байгуулагчдын хуулийн этгээдийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулсан шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэхдээ бүртгэлийн үйл ажиллагааны процесс зөрчсөн эсэх, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан эсэхэд буюу бүртгэлийн байгууллагын бүртгэх үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын эрхийг хууль бусаар зөрчсөн эсэхийг дүгнэж хэргийг шийдвэрлэнэ.
2. Харин мэдүүлэгт хавсаргасан бүрдэл баримт бичгээс үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг иргэний хэргийн шүүх харьяалж шийдвэрлэнэ.
2.1. Нэхэмжлэгч нар харьяаллын дагуу иргэний хэргийн шүүхэд маргаанд хамаарах бүртгэлийн үндэслэл болсон Г******* БГБХН-ийн 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах, үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гарган маргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2660 дугаар захирамжаар зохигчдын хоорондын маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа хэмээх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар одоогоор өөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байхгүй.
3. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хүрээнд бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг дүгнэвэл, Г******* ЗБН-ийг төлөөлөх эрхтэй этгээдээс 2023 оны 04 дүгээр сарын 13-нд гаргасан нөхөрлөлийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.3-т заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, баримт бичиг хуульд заасан шаардлага хангаагүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэл хариуцагчаас шүүхэд ирүүлснээр хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргээс тогтоогдохгүй байна.
3.1. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгийн бүрдлийг мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.9-д жагсаан заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар бүрдүүлэх баримт бичиг дутуу байсан гэж, эсхүл тэдгээр баримт бичиг хуульд заасан шаардлага хангаагүй байсан гэж, хуурамч байсан гэж тодорхойлон зааж маргаагүй, 22.1-д заасан баримт бичгээс өөр баримт шаардах эрх улсын бүртгэлийн байгууллагад байхгүй, ийнхүү шаардахыг хуулиар 22.2 дахь хэсгээр хориглосон.
3.2. Хариуцагч болон гуравдагч этгээд Г******* нөхөрлөл нэхэмжлэгч нар нь Нөхөрлөлийн тухай хуулийн 22.3-т нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно гэж заасныг зөрчиж Т******* нэртэй ижил зорилго бүхий нөхөрлөлийг үүсгэн байгуулж, улмаар нөхөрлөлийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул 23.3.2-т заасан үндэслэлээр нөхөрлөлөөс хассан, нөхөрлөлийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулсан баримт бичгийн бүрдлийн дагуу бүртгүүлсэн, бүртгэсэн гэж тайлбарласан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г нар нь өөр иргэдийн хамтаар 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Т******* ЗБН-ийг 13 дугаар хороонд хэрэгжих гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд өөрийн өмчлөлийн газраа орон сууцаар солих эрх ашгаараа нэгдэх зорилгоор байгуулж, улмаар Т******* ЗБН-өөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 05 тоот албан бичгээр Г******* ЗБН-д хандан давхар бүртгэлтэй тэдгээр гишүүдийг Г******* ЗБН-ийн гишүүнчлэлээс хассан шийдвэр гаргах-ыг хүссэн байдаг. Иймд нэхэмжлэгч нарыг Нөхөрлөлийн тухай хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
3.3. Нэхэмжлэгч нар нөхөрлөлийг үүсгэн байгуулсан 2014 оны үүсгэн байгуулах баримт бичигт зурагдсан нэхэмжлэгч нарын гарын үсэг хуурамч тул хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны бүртгэл хууль бус хэмээн маргасан.
Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нөхөрлөл үүсгэн байгуулсан 2014 оны үүсгэн байгуулах баримт бичигт зурагдсан нэхэмжлэгч нарын гарын үсэг хуурамч байх нь нөхөрлөлийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн байна. Тодруулбал нэхэмжлэгч нар Улсын бүртгэлийн ерөнхий г******* Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан Г******* ББН-ийг хуулийн этгээдээр бүртгэсэн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар үүсгэн байгуулах баримт бичигт зурагдсан тэдгээрийн гарын үсэг хуурамч хэмээн нэхэмжлэл гарган маргасан ч тус шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр ... нөхөрлөлийн анхны бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх сэргэхийг тайлбарлаж, нотлоогүй, ... нэхэмжлэгч нар анх нөхөрлөлийг үүсгэн байгуулахад биечлэн оролцож үүсгэн байгуулахад санал өгснөө хүлээн зөвшөөрдөг, улмаар нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцож явсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон, ... үүсгэн байгуулах баримт бичигт гарын үсэг зуруулахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул өөрсдийнх нь өмнөөс хэн нэгэн гарын үсгийг зурахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар бүхий үйл баримт юм, ... анх хуулийн этгээдийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй, ... гарын үсэг зураагүй нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах, гишүүн байх, үйл ажиллагаанаас ашиг олох зэрэг нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн үнэн бодит байдлыг үгүйсгэхгүй тул улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд нийцээгүй гэж үзэхгүй, ... улсын бүртгэгч мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгаж тогтоох эрх болоод үүрэггүй, баримтын үнэн зөвийг мэдүүлэг гаргагч хариуцах хууль зүйн үр дагавартай, ... нөхөрлөлийн гишүүдийн хоорондын таарамжгүй, ойлголцоогүй байдлаас үүдсэн маргаан нь уг хуулийн этгээдийг оршин байх ёсгүй болгох хууль зүйн үр дагавар биш хэмээн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Тиймээс хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн энэ үйл баримтыг шүүх дахин хэлэлцэхгүй, энэ нь 2023 онд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
3.4. Нөгөөтээгүүр мэдүүлэгт хавсаргасан бүрдэл баримт хуурамч эсэхэд улсын бүртгэгч дүгнэлт хийхгүй, өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага баримт бичгийн бүрдлийг хангуулахыг шаардахаас биш хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийн үнэн зөв эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүй.
Тиймээс улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
4. Нэхэмжлэгч нар гэр хорооллын г******* дахин төлөвлөлтийн төсөлд өмчлөлийн газраа орон сууцаар сольж өмчлөх эрхээ хэрэгжүүлж оролцох эрх зөрчигдсөн гэж маргасан. Нэхэмжлэлийн шаардлагаар ийнхүү тодорхойлсончлон нэхэмжлэгч нарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцох газар өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол улсын бүртгэлийн энэ үйл ажиллагаанаас зөрчигдсөн гэх үндэслэлгүй байна. Учир нь,
4.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 23/02 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмын 1.3.4-т иргэдийн төлөөллийн байгууллага гэж газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх үе шатанд хуулийн этгээдийн аль нэг хэлбэрээр ажиллах төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчийн төлөөллөөс бүрдсэн гишүүддээ үйлчлэх сайн дурын байгууллага-ыг ойлгоно, 1.3.9-д төсөл хэрэгжүүлэгч гэж төслийг хэрэгжүүлэх иргэдийн төлөөллийн байгууллага, хөрөнгө оруулагч, бусад оролцогч талуудыг ойлгоно, 3.1.1-д газар өмчлөгч бүр иргэдийн төлөөллийн байгууллагын гишүүн байх ба саналын нэг эрхтэй, 3.1.4-т иргэдийн төлөөллийн байгууллага нь төслийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангаж ажиллана гэх зохицуулалт төслийн талбар дахь газар өмчлөгч нар нь хуулийн этгээдийн зохион байгуулалтад сайн дураар орж төслийн үйл ажиллагаанд газар өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх агуулгатай, үр дагавартайгаас биш нөхөрлөлийн гишүүн болсноор, эсхүл нөхөрлөлийн гишүүн биш байснаар өмчлөлийн газраараа хөрөнгө оруулж орон сууцаар солих замаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцох газар өмчлөгчийн эрх нь хязгаарлагдах үр дагавартай зохицуулалт биш юм.
Өөрөөр хэлбэл гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулах, тодруулбал төслийн үе шат, төсөлд тавигдах шаардлага, бүрдэл, газар өмчлөгч газраар хувь нийлүүлэх, иргэн, иргэдийн төлөөллийн байгууллагын оролцоо, төслийн удирдлага зохион байгуулалт, хөрөнгө оруулалтыг журамласан, газар өмчлөгчдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, эрхээ хамгаалж гомдол хүсэлт гаргаж оролцох эрхийг хязгаарлаагүй, гомдол хүсэлтийг шийдвэрлэх үүргээс захиргааны байгууллагыг чөлөөлөхгүй тул нэхэмжлэгч нар төлөвлөлтөд хамаарах г******* өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын шийдвэр гаргах боломжтой асуудал байна.
4.2. Нөхөрлөлд хамаараагүй нь дахин төлөвлөлтийн төсөлд өмчлөх эрхтэй газраа орон сууцаар солих, төсөлд оролцох газар өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, түүнчлэн газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмаар нөхөрлөлд хамаарч байж дахин төлөвлөлтийн төсөлд оролцуулахаар журамласан зохицуулалтаас хамаарч эрх нь хөндөгдөх тохиолдолд Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрх олгох, хяналт тавих чиг үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.
4.3. Түүнчлэн төлөвлөлтийн хувьд өмчлөлийн газар нь төлөвлөлтөд хамаарах талбайд л хамаарч байгаа бол тэр нэгж талбарт нь орон сууцны хорооллын аль хэсгийг төлөвлөснөөс үл хамаараад газар өмчлөгч нар ижил эрхтэйгээр төсөлд оролцох эрхтэйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нар өмчлөлийн газарт нь төслийн нийтийн эзэмшлийн зам талбай төлөвлөсөн, төсөл хэрэгжүүлэгч тэдгээр газар өмчлөгчтэй гурван талт гэрээ байгуулаагүй, газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч, өмчлөлийн газрыг үнэгүйдүүлсэн гэх гомдлоо төсөл хэрэгжүүлэх эрхийг батламжилсан захиргааны байгууллага, хяналт тавих төслийн хяналтын хороонд тавьж шийдвэрлүүлэх боломжтой.
5. Дахин төлөвлөлтөд хамрагдаж, өмчлөлийн газраа байраар солих, амьдрах орчноо сайжруулах эрх ашиг сонирхол нь төслийн гүйцэтгэгч байгууллагатай гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэрэгжих боломжтой, энэ эрх нь нээлттэй талаар тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Г******* нөхөрлөлийг батламжилсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаар тогтоолд дүгнэжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г нарын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Г******* ББН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА