Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган

            Улсын яллагч Л.Мөнхбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат       

            Шүүгдэгч С.А нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт С.А-д холбогдох 1721003030177 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч ..... овогт С.А, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Хар байшин”-гийн 2-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

            Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар цэцэрлэгийн хашаанд байх эсгий гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч нарны дэлгэц, 3 ширхэг гэрийн яндан хулгайлж 140000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь цагдаагийн газар өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Энэ хэргийн талаар маргах зүйлгүй гэв.

Шүүгдэгч С.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 сарын 15-ны өдөр “Шүр” зах дээр архи уусан юм. Тэгээд шөнө айл руу явж байхад 15 дугаар цэцэрлэгийн хашаан дотор цоожтой гэр байсан. Би хашааны доогуур зай гарсан байхаар нь мөлхөж ороод гэрийн хажууд очиход цоожтой байсан. Гэрийн хаалганы төмөр цүүг юмаар хөшөөд хаалгыг онгойлгож дотор нь байсан нарны зайн дэлгэц, гурав гурван ширхэг салаа яндан зэргийг аваад гарсан. Маргааш нь яндаг “Шүр” зах дээр хүнд зарсан, нарны зайн дэлгэцийг зараагүй байсан...Би ганцаараа явж байсан...”  гэжээ. /хх 40-41/

Иргэний нэхэмжлэгч Б.Очирпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  ”...2017 оны 11 сарын 15-ны өдрийн 09 цагийн орчим ээлжинд гарсан юм. Би галч Амаржаргалтай хоёулаа ажил дээр үлдээд 21 цагийн орчим сахиулын байрнаас гарч гадуур дотуур явж эд зүйлээ бүртгэж шалгаад уурын зууханд орж гахайн шийрний үсийг хусах ажлыг хийж байгаад шөнө 00 цагийн орчимд байрнаас гараад хашаанд байдаг тусламжаар ирсэн монгол гэрийн үүдийг шалгахад цоожийг нь эвдээд хаалгыг онгойлгон хулгай орсон юм шиг байхаар нь галч Амаржаргалыг дуудаж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд хашаан доторх байдлаа үзэхэд хашааны баруун урд талын булангийн доод талаар хүн мөлхөж орсон бололтой ул мөр илэрсэн байсан...” гэжээ. /хх 15-19/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 224 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №7 гэж дугаарласан гэрэл зурагт дүрслэгдсэн гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилж буй гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №7 гэж дугаарласан гэрэл зурагт дүрслэгдсэн гутлын улны мөр нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хадгалагдаж байгаа гутлын мөрний сангийн гэрэл зурагт дүрслэгдсэн гутлын улны мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ. /хх 32/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Мөрдөн шалгах ажиллагаанд Гэрч С.А /хх 22/, Д.М /хх 27-28/, Ш.Н /хх 23-24/ нарын болон иргэний нэхэмжлэгч Б.О гэрчээр /хх 20-21/, шүүгдэгч С.А гэрчээр /хх 22/ мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, Эд зүйлийн үнэлгээ /хх 42/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 56/, Иргэний нэхэмжлэгчээс хохирлын талаар шүүхэд ирүүлсэн хүсэлт /задгай/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 52/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ 2017 оны 11 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 15 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нарны дэлгэц, гурван залгаа бүхий гэрийн яндан 1 ширхэгийг  хулгайлж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар;

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А-н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Хашааны доогуур зай гарсан байхаар нь мөлхөж хашаан дотор ороод гэрийн хажууд очиход цоожтой байсан. Гэрийн хаалганы төмөр цүүг юмаар хөшөөд хаалгыг онгойлгож дотор нь байсан нарны зайн дэлгэц, 3 ширхэг салаа яндан зэргийг аваад гарсан...Миний буруу, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 41, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон, иргэний нэхэмжлэгч Д.О “...Mонгол гэрийн үүдийг шалгахад цоожийг нь эвдээд хаалгыг онгойлгон хулгай орсон юм шиг байхаар нь галч Амаржаргалыг дуудаж харуулан, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд хашаан доторх байдлаа үзэхэд хашааны баруун урд талын булангийн доод талаар хүн мөлхөж орсон бололтой ул мөр илэрсэн байсан...” /хх 16-17/ гэх, гэрч С.Амаржаргалын “...00 цагийн орчим Очирпүрэв ах гарч яваад намайг өрөөндөө байж байхад орж ирээд “эсгий гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн...” /хх 22/ гэх, гэрч Ш.Н “...Азжаргал надад хэлэхдээ “дүү нь нарны дэлгэц зарах гэсэн юм, та малчин дэлгүүрээс үнийг нь асуугаад өгөөч...200000 төгрөгт өгчих хэрэгтэй байна” гэсэн...” /хх 23-24/ гэх, гэрч Д.М “...Багын танил хүүхэд Азаа ирээд “та монгол гэрийн яндан худалдан авах уу” гээд гурван салаа нарийн, цагаан гөлмөн төмрөн янданг аваад ирсэн. Тэгэхээр нь би, “хулгайн зүйл биш биз дээ” гэхэд “үгүй” гэхээр нь 10000 төгрөгөөр худалдан авсан...”  /хх 27-28/ гэх мэдүүлгүүд болон хулгай гарсан тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад иргэний нэхэмжлэгч хандсан талаарх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, гэмт хэрэг гарсан шөнө хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, Эд мөрийн баримтаар хулгайд алдагдсан нарны зайн дэлгэцийг хураан авсан тэмдэглэл болон хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 10, 11/, Эд зүйлийн үнэлгээ /хх 42/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч С.А нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн монгол гэрээс буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрнаас дээрх юмсыг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.  

Харин 15 дугаар цэцэрлэгийн хашаанд байршилтай гэр нь тус цэцэрлэгт тусламжаар ирсэн  цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр байсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн “...Алдагдсан эд зүйл уг эсгий гэрт байсан...эсгий гэрийн үүдний хэсэгт цементэн хавтан 9 ширхэг, хойд хэсэгт эсгий овоолж,...урд талд хайрцагтай аккумлятор байв...” /хх 5/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8/, иргэний нэхэмжлэгч Б.О мэдүүлгээр /хх 17/, мөн шүүгдэгч нь гурван залгаас бүхий 1 ширхэг яндан хулгайлсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.О “...1 ширхэг яндангийн гурван залгааг нэхэмжилнэ...” /хх 18-19/ гэх, гэрч Д.М “...Азаа...3 салаа нарийн, цагаан гөлмөн төмрөн яндан аваад ирсэн...явуулын хүнд 20000 төгрөгөөр зарсан...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын “...гөлмөн төмөр яндан гурван залгаатай...комиссын үнэ 20000 төгрөг...” /хх 42/ гэх эд зүйлийн үнэлгээ зэргээр тус тус нотлогдож байх тул прокурорын яллах дүгнэлтэд /хх 61-62/  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” гэснийг , “үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч” гэж, “3 ширхэг гэрийн яндан” гэснийг “гурван залгаа бүхий 1 ширхэг яндан” хулгайлж гэж тус тус өөрчлөх нь зүйтэй ба энэ нь хэргийн хуулийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Иймд шүүгдэгч С.А бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А гэм буруутай үйлдлийн улмаас Дорнод аймгийн Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэгт эд хөрөнгийн 40000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт цугларсан Эд зүйлийн үнэлгээ /хх 42/-гээр тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй /хх 56, задгай/ байх тул түүнээс 1 ширхэг яндангийн үнэ 20000 төгрөг, нарны зайн дэлгэцний үнэ 120000 төгрөг, нийт 140000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарны зайн дэлгэц 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.А-д буцаан олгож, бичиг баримтаар ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд  нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... овогт С.А-г бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ......овогт С.А-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1721003030177 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.А-с 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэгт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарны зайн дэлгэц 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүгдэгч С.А-д буцаан олгосугай.

7. Бичиг баримтаар ирсэн шүүгдэгч С.А-н ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ