| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0767/3 |
| Дугаар | 128/ШШ/2024/0846 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ/2024/0846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э******* /РД:************** /
Хариуцагч: Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нарын хооронд үүссэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Э********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А********, Э.Г********, Б.Я******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Э********өөс Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/371 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.Э******** нь Төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/371 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.[1]
2.2. Дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Монголын Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалт, “Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8 дахь заалт, Албаны шалгалтын ******** дугаар илтгэх хуудсыг тус тус үндэслэжээ.
2.3. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаартай “Албаны шалгалт явуулсан тухай” илтгэх хуудсаар нэхэмжлэгчийг “сахилгын ноцтой зөрчил үйлдсэн” гэж үзжээ.[2]
2.4. Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд хандахад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/2022 дугаар албан бичгээр “… Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8 дугаар зүйлийн 8.2-д төрийн албанаас халах .... сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан, “Б.Э********д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/371 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан байх тул шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.” гэх хариуг өгчээ.[3]
2.5. Нэхэмжлэгчийн зүгээс “...Аливаа асуудалд арга хэмжээ авч болох ч намайг давхар хохироогоод байгаа учраас гомдолтой байна. Байгууллагаас нь бэлэн байдал зарласан, хамгаалалтад гарах шаардлага үүссэн талаарх дуудлага өгсөн зүйл байхгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй бэлэн байдал алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй. 2 хүний хоорондын хувийн харилцааны асуудлаас болж нэхэмжлэгчийг буруутгаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Хүндэвтэр гэмтэл гарсан тохиолдолд эрүүгийн журмаар шийдэгдэх тусдаа асуудал. Үүнээс болоод байгууллагын ямар нэр хүнд унасан, ямар дүрэм журам зөрчигдсөн нь тогтоогдоогүй. Мөрдөн байцаах ажиллагаа мэтээр хүмүүсээс тайлбар авч, түүнийг нэхэмжлэгчийг буруутгаж ажлаас халах тушаал гаргасан. Гэртээ амарч байгаад хүнд зодуулсан хүнийг буруутгаж, ажлаас нь халж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Үндэслэл болгосон хуулийн заалтууд болсон процесстой хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.6. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтыг тасралтгүй хэрэгжүүлдэг тусгай чиг үүрэгтэй бие бүрэлдэхүүн нь өдөр тутамдаа байнгын бэлэн байдалд буюу албан ажлын онцгой нөхцөлд ажилладаг онцлогтой, албан үүргээ гүйцэтгэхдээ галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх онцгой эрхтэй. Нөхцөл байдлаас шалтгаалан хамгаалалтад хүч нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхээр ажлын байранд бэлэн байх шаардлага гарвал албан хаагч ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэх чадвартай ирэх үүрэгтэй. Байнгын бэлэн байдлаа хангах нь албан хаагчийн албан хаагчийн үүрэг тул ажлын төдийгүй амралтын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрх нь хязгаарлагддаг бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.2-8.1.4-д энэ талаар тусгасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусад албан хаагчидтай маргалдан зодолдож хүйтэн зэвсэг барин дайрч бусдын амь насыг аюулд оруулсан нөхцөл байдал үүсгэсэн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон байх тул маргаан бүхий тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн болно ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэлтсийн даргаар ажиллаж байгаад албан тушаал буурч бүлгийн дарга болсон. Бүлгийн дарга 24 цагаар зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангаж ажилладаг. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэлтсийн дарга утсаар залгаад танай гэрт очъё гээд ирэхдээ нэлээн согтуу тавуулаа ирсэн. Би архи уусан ч өөрийгөө хянах чадвартай байсан. Нэг шил архи задлаад зургуулаа уугаад ярилцаад сууж байтал намайг 2, 3 удаа цохисон. Хамт байсан хүмүүс салгах нэрийдлээр заамдаж, боож унагаасан. н.Х****** намайг дуудаад уулзъя гээд бичлэг хийгдсэн газар руу дагуулж явсан. Очоод байж байтал нөгөө хүмүүс араас орж ирсэн. Та нар яах гэж байгаа юм бэ гэж асуутал үгийн зөрүүгүй цохисон. Гэмтэл авсан учраас эмнэлэгт очсон. Маргааш нь нүүр хавдсан, хөхөрсөн байсан. 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр жижүүрийн үүргээ гүйцэтгэсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан бол эдгээр хүмүүс, би эрүүлжүүлэх байранд орох байсан. Байгууллагын нэр төр, өөрсдийнхөө нэр төрийг бодоод цагдаа дуудаагүй. Надтай хамт жижүүрт гарсан албан хаагч мөн хүнд зодуулсан байсан. Үүнийгээ тайлбарлахдаа баарнаас гарахдаа өөр залуучуудад зодуулсан гэж хэлсэн. Худлаа хэлсэн байх гэж бодож байна. Дараа нь асуухад Хэлтсийн дарга цохисон гэж хэлсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд та зодоон хийсэн үү гэж асуухаар нь бэлтгэл хийж байгаад бэртсэн гэж худлаа хэлсэн. Тархины зураг авхуулахад зүүн шанааны яс 3 хугарсан гээд яаралтай хагалгаанд орохоор болсон. Хагалгаанд орохын өмнө Хэлтсийн дарга над руу залгаад “...чамайг шалгаад төрийн албанаас халахаар боллоо, таны талаар юм асуусангүй...” гэж хэлсэн. Цалин буух өдөр ажлаас холбогдоод “...онцгой нэмэгдэл 20 хувь цалинг хасаж байна.” гэж хэлсэн. Хагалгаандаа орчхоод эмчилгээгээ хийлгээд байж байтал ажлаас дуудаад “...таны тушаал гарсан, ажлаа хүлээлгэж өг” гэсэн. Очоод газрын даргатай уулзаад тухайн асуудлын талаар ярьсан ч шийдвэр гаргахдаа хүлээж аваагүй. Гаргасан тушаалыг нь авах гэтэл 2, 3 өдөр надад өгөөгүй байж байгаад өгсөн. Аливаа асуудалд арга хэмжээ авч болох ч намайг давхар хохироогоод байгаа учраас гомдолтой байна. Тушаал гаргахдаа эдгээр хүмүүсийн намайг буруутгасан илтгэх хуудсыг үндэслэсэн гэж бодож байна. Би төрийн албанд 28, 29 жил ажилласнаас 19 жил тусгай алба хаасан. Ирэх жил би тэтгэвэртээ гаргах байсан. Тиймээс нэхэмжлэл гаргасан, гомдолтой байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргаан бүхий тушаал Төрийн тусгай албан хаагчийн сахилгын дүрмийг үндэслэсэн бөгөөд ёс зүйг нарийвчлан тодорхойлж, зөрчсөн байх тухай тодорхой заалт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан. Хариуцагч байгууллага ёс зүйн зөрчлийн талаар албан хаагчид танилцуулаад, энэ талаар гэрээ хэлцэл хийж, тус гэрээг зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авах хууль зүйн зохицуулалт байх ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтын тухайд, Б.Э********ийн албан тушаалын тодорхойлолт хэргийн материалд авагдсан. Хамгаалалтын нөхцөл байдал хүндэрсэн болон бусад шаардлагатай үед хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх, хамгаалуулагч барьцаанд авагдах үед завдсан үйлдлийг таслан зогсоох, чөлөөлөх чиг үүрэг хүлээж ажилладаг. Тухайн асуудал болсон үед дээрх чиг үүрэгтэй холбоотой хамгаалалтын нөхцөл байдал болоогүй. Энэ талаарх баримт байхгүй. Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүнийг хангаагүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй асуудал яригдана. Байгууллагаас нь бэлэн байдал зарласан, хамгаалалтад гарах шаардлага үүссэн талаарх дуудлага өгсөн зүйл байхгүй. Тиймээс хуулийн тус заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 3.4.1 “зориуд санаатайгаар зөрчил гаргасан” гэж заасныг үндэслэсэн нь үндэслэлгүй. Айлын гэрт болсон асуудал төрийн албан хаагчийн ямар нийтлэг үүргийг зөрчсөн талаарх тодорхойлолт байхгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчийн сахилгын дүрмийн 8.1.4, 8.1.8-д заасныг зөрчсөн гэж байна. Тус журмын 8.1.4-т “ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл гаргасан” гэж заасан бөгөөд 2 хүний хоорондын хувийн харилцааны асуудал тус заалтад ямар хамааралтай болоод Б.Э********ийг буруутгаж, ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд төрийн тусгай албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлагад байгууллагын болон албан хаагчийн нэр төрийг хувийн зорилгоор ашиглаж болохгүй талаар л заасан. 8.1.8-д “ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэж заасан бөгөөд ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах нь тодорхойгүй. Хүндэвтэр гэмтэл гарсан тохиолдолд эрүүгийн журмаар шийдэгдэх тусдаа асуудал. Үүнээс болоод байгууллагын ямар нэр хүнд унасан, ямар дүрэм журам зөрчигдсөн нь тогтоогдоогүй. Мөрдөн байцаах ажиллагаа мэтээр хүмүүсээс тайлбар авч, түүнийгээ үндэслэн Б.Э********ийг буруутгасан. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ямар нэг дүгнэлт байхгүй. Тиймээс хуульд нийцээгүй. Б.Э******** тухайн өдөр жижүүрийн үүргээ гүйцэтгэчхээд амарч байсан. Гэртээ амарч байгаа хүн яаж байгууллагын бэлэн байдлыг алдагдуулах вэ. Бэлэн байх байдал юугаар хязгаарлагдах ёстой вэ. Үүнийг хэрхэн тодорхойлох вэ. Байнга бэлэн байдалтай, өөр юу ч хийхгүй байх тухай ойлголт юм уу. Хүний эрхийг хязгаарлах гэж байгаа бол үүнийгээ нарийвчлан тогтоох ёстой. Өөр юм хийж болохгүй гэж байгаа бол энэ нь ямар хууль зүйн үндэслэлтэй талаарх томьёолол байх ёстой. Тэгж байж хүний эрхийг хязгаарлана уу гэхээс биш хууль ч биш журмын заалтыг барьж болохгүй. Хуулийг давсан журам гэж байхгүй. Хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарладаг. Гэтэл хуульд энэ талаарх заалт байхгүй. Тухайн байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй гэж Б.Э******** хэлсэн. Хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн харилцаа үүсдэг. Ерөнхий хуулийн ойлголтоор ажилтан, ажил олгогч гэж явна. Тус гэрээгээр ажилтны эрх, үүрэг, зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгаж, талууд хүлээн зөвшөөрөн баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байх ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй. Төрийн тусгай албан хаагчийн онцлогийн талаарх хуулийн нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Гэртээ амарч байгаад хүнд зодуулсан хүнийг буруутгаж, ажлаас нь халж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Үндэслэл болгосон хуулийн заалтууд болсон процесстой хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахдаа хуулийн зүйл заалтыг зөв тодорхойлсон байх талаар заасан. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаал хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэл гэхээс илүү гаргасан зөрчилтэй маргасан агуулгатай. Б.Э********ийг шалгахдаа зохиомлоор, гэм буруутай мэтээр танилцуулснаас болж тушаал гарсан, хэрвээ дүгнэлт буруу нь тогтоогдвол тушаал хүчингүй болно гэх агуулгаар тайлбарлаж байна гэж ойлголоо. Б.Э********ийг ажлаас халсан тушаалтай шүүхэд ирснийх нь дараа танилцсан. Тушаал гаргах үйл явц миний ажлын чиг үүрэгт хамааралгүй. Гэхдээ тушаал хуулийн дагуу гарсан. Төрийн тусгай алба учраас хууль тогтоомж болоод байгууллагын дотоод дүрэм, журам, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Албан тушаалын тодорхойлолт гэж байдаг. Жил бүр албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталдаг. Тус маргаанд гүйцэтгэлийн төлөвлөгөө төдийлөн ач холболдолгүй. Харин албан тушаалын тодорхойлолтыг нь шүүхэд гаргаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг яагаад үндэслэсэн учир нь, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд “Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрмийг батална” гэж заасан. Өөрийн байгууллагын Сахилгын дүрмийг шүүхэд өгсөн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг бид дагаж мөрддөг байсан бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай ойлголт яригдана. Энэ тохиолдол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг давчихсан учраас сахилгын зөрчлийн асуудал яригдаж байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн үйлчлэл хамаарахаар байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь Төрийн албаны тухай хуулийн үргэлжлэл болж гарсан. Хууль хэрэглээний хувьд авч үзвэл ёс зүйн зөрчил мөн хэдий ч тухайн зөрчил нь ёс зүйн хариуцлага хүлээлгэхээргүй хэмжээний буюу сахилгын шийтгэл ногдуулахуйц байгаа учраас Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд Гамшгаас хамгаалах тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Терроризмын тухай хууль зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага үүсдэг. Маш нууцын зэрэгтэй материалыг нээлттэй шүүх хуралдаанд авч ирэх боломжгүй. Мөн шаардлага байхгүй. Нэхэмжлэлд энэ асуудалтай холбоотойгоор маргасан зүйл байхгүй. Б.Э********ийн ажиллаж байсан нэгж халдагч, гэмт этгээдийг аюулгүй болгох буюу тухайн этгээдийн эрүүл мэнд, амь насанд халдах хэмжээнд хүртэл ажиллах, бэлэн байдалд байх чиг үүрэгтэй. Нэхэмжлэгчийн мэдлэг, туршлагатай маргах зүйл байхгүй, сайн ажилтан. Ахуйн журмаар дарга, ажилтан нийлээд архидан согтуурснаас гадна хутга барьж хүн рүү дайрсан үйлдлийг нь ёс зүйн ноцтой зөрчил гэж үзсэн. Тус үйлдэл нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага, нэгжид ажиллах боломжгүй хүн гэдгийг нь илэрхийлж байна. Өдөр тутамдаа, байнга зэвсэгтэй ажилладаг ажилтан архи уугаад, бусад руу хутга барьж дайрсан нь манай байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаж чадахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтын тухайд, нэхэмжлэгч нэгжийн даргаар ажиллаж байсан. Тус нэгж төрийн дуудсан цагт зэвсэг, тусгай хэрэгслээ агсаад бэлэн байх ёстой нэгж. Нэхэмжлэгч тус бүлгийн бэлэн байдлыг өдөр тутамдаа хангаж, албан хаагчдаа хаана байгааг мэдэж байх үүрэгтэй албан тушаалтан. Шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг бүгдийг нь цуглуулж, шаардлагатай цэгт очиж үүрэг гүйцэтгэдэг. Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах журамд нууцын тэмдэг даруулж амжаагүй тул шүүхэд өгч чадсангүй. Тус журамд нэгжийн даргын үүргийг заасан. Энэ үүргээ гүйцэтгэж ажиллах ёстой. Гэтэл албан хаагч нартайгаа нийлж архи уугаад, хоорондоо зодолдоод, хутга шөвөгтөө тулж, хэлтсийн даргатайгаа зодолдсон. Тиймээс албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Сахилгын дүрмийн тухайд, тусгай алба болгон өөрийн гэсэн сахилгын дүрэмтэй. Тухайн байгууллага өөрсдийн онцлогт тохируулан сахилгын дүрмээ гаргана. Бид өөрсдийн байгууллагад тохирох сахилгын дүрмээ хуульд зааснаар баталж, нийтээрээ дагаж мөрддөг.
Шалгалтын дүнгийн тухайд, би 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр албан шалгалт явуулах үүргийг Аюулгүй байдлын даргаас аваад Б.Э********ийг дуудуулсан. Энэ үед эрүү нь гэмтсэн ярихад хэцүү байна гэсэн байдалтай манай өрөөнд орж ирсэн. Гэртээ амарч амарч байхад нь н.Б******* дөрвөн алба хаагчтай нийлээд зодчихсон юм шиг асуудал яригддаг. Зодсон, зодуулсан, хэн нь гэмт хэрэгтэн бэ гэдгийг манай байгууллага шийддэггүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, холбогдох байгууллагууд нь шийдэх байх. Энэ төрлийн асуудал гарсан тохиолдолд энэ нь манай албаны сахилга ёс зүйн шаардлагатай нийцэж байгаа эсэхэд албаны шалгалт явуулж, дүгнэлт гаргадаг. Шалгалтын явцад адилхан тайлбар хэлсэн. Гэхдээ ийм зүйл болоогүй. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь албаны бэлэн байдал алдагдуулсан гэж үзэж байна. Маргааш нь эдгээр хүмүүсийн 4 нь гэмтсэн. Бид тусгай алба хаадаг. Амралтын өдөр хуульд заасны дагуу амардаг. Ээлжийн амралтаа хуулийн дагуу авдаг. Гэхдээ учирч болох эрсдэлтэй нөхцөл байдал хэзээ ч үүсэж болно. Тиймээс байнгын бэлэн байдалд байдаг. Мөн хүний эрхийн тухай ярьж байна. Манай байгууллага төрийн бусад тусгай албаны байгууллагуудтай харьцуулахад цалин хангамж өндөр. Ялангуяа нэхэмжлэгчийн ажилладаг нэгжийн нэг хүний зардал маш өндөр. Материаллаг талаасаа бодсон ч заавал халах сонирхол бидэнд байхгүй. Нэхэмжлэгчийг нэг жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж байсныг нь бид мэдэж байсан. Ажилласан хугацаа нь мэдээж хайран байна. Гэхдээ бид ажилласан жилийг нь харж халах эсэхээ шийдэж асуудалд хандвал хууль, дүрэм, журам байх шаардлагатай эсэх асуудал яригдана. Байнгын бэлэн байдлаас гадна өндөржүүлсэн болон бүрэн бэлэн байдал гэж байдаг. Тухайн үед өндөржүүлсэн болон бүрэн бэлэн байдал зарлаагүй. Үүнтэй холбоотой асуудал ярихгүй. Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцүүлэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А/333 дугаар тушаал гарсан. Ажлын цагаар архи ууж болохгүй гэчихвэл ажлын бус цагаар ууж болох мэт агуулга байгаа юм. Гэхдээ хууль, журамд байнгын бэлэн байдлыг хангаж ажиллана гэж заасан. Ажлын бус цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулахгүй байх талаар тушаал гаргасан. Тус тушаалыг мөн зөрчсөн гэж үзсэн. Улмаар шалгалтын дүн гарсан.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А********, Б.Я******** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Э********ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаж буй Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/371 дугаар тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдэд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.
2. Харин маргаж буй захиргааны актын бодит үндэслэлийг авч үзвэл, Б.Э******** нь “ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулсан” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.
3. Шүүхээс дээрх зөрчлийн талаар дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:
4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэж заажээ.
5. Төрийн тусгай хамгаалалтын газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Г********ээс Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.А**********д 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бичсэн ******** дугаартай илтгэх хуудаст[4] “... дэд хурандаа Б.Э********ийн тухайд: Албаны шалгалтаар д/х Б.Э******** нь ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулсан, согтуурсан үедээ өөрийн удирдах албан тушаалтантай зодолдсон, бусдын өөдөөс хутга барин дайрсан болох нь тогтоогдсон ... тусгайлан бэлтгэгдсэн албан хаагчийн хувьд бусад руу хутга барин дайрч байгаа үйлдэл нь “Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 8.2-т зааснаар тухайн албан хаагчийг байгууллагад цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд д/х Б.Э********ийг сахилгын ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх тул холбогдох сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй ...”[5] гэжээ.
6. Дээрх илтгэх хуудаснаас үзэхэд, “... д/х Б.Э******** нь ... согтуурсан үедээ өөрийн удирдах албан тушаалтантай зодолдсон, бусдын өөдөөс хутга барин дайрсан болох нь тогтоогдсон ... тусгайлан бэлтгэгдсэн албан хаагчийн хувьд бусад руу хутга барин дайрсан” гэх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад заасныг зөрчсөн үйлдэл байх боловч хариуцагчаас гаргасан маргаан бүхий Б/371 дугаар тушаалын бодит үндэслэлд зөвхөн “ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулсан” үйлдлээр нь сахилгын шийтгэл оногдуулсан байх тул шүүх тэр хүрээнд нь эрх зүйн дүгнэлт өгнө.
7. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актад дурдсан бодит үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад шууд хамааралгүй байх тул хуулийн энэ заалтыг хариуцагчаас үндэслэснийг зөв гэж үзэхгүй.
8. Нэхэмжлэгч Б.Э********ийн “ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулсан” гэх зөрчлийн тухайд:
9. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гээд, мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад “төрийн албанаас халах;” гэж заасан.
10. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрмийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.”, 44.2 дахь хэсэгт “Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрэм, ёс зүйн тусгай шаардлагыг зөрчсөн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.” гэж тус тус заажээ.
11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй буюу зөрчсөн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрмийг зөрчсөн бол Төрийн албаны тухай хуульд заасан зохих хариуцлагыг хүлээхээр хуульчлан тогтоосон байна.
12. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Э********ийн албан тушаалын тодорхойлолтын[6] 3 дугаар зорилтын 5-д “Бүлгийн алба хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын зэргүүдэд шилжин ажиллах бэлэн байдлыг хангуулах” гэж заажээ.
13. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/113 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах журам”-ын[7] 2.1-д “Байгууллагын бэлэн байдал нь дараах гурван зэрэг, тэдгээрт харгалзах түвшинтэй байна: 2.1.1. Байнгын бэлэн байдал буюу III зэрэг – ногоон түвшин, 2.1.2. Өндөржүүлсэн бэлэн байдал буюу II зэрэг – шар түвшин, 2.1.3. Бүрэн бэлэн байдал буюу I зэрэг – улаан түвшин” гэж зохицуулжээ.
14. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/316 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн[8] 8.2-т “Энэ дүрмийн 8.1-т заагаагүй хэдий ч албан хаагчийн гаргасан зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг байгууллагад цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
15. Нэхэмжлэгч Б.Э******** нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр албан ажлаасаа бууж, улмаар ээлжийн амралтын буюу ажлын бус өдөр /2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр/ Шуурхай албаны хэлтсийн ажилтан Ц.Ү********ын гэрт очин түүний сумын заан цол хүртсэн баярыг тэмдэглэсэн, Ц.Ү**********ын гэрээс гараад өөрийн гэрт очсоны дараа мөн хамтран ажилладаг хэсэг хүмүүсийн хамт гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар дэд хурандаа Ш.Б********тэй маргалдан хоорондоо зодолдсон, Б.Э******** гал тогооны хэсгээс хутга аван дайрахад тэнд байсан алба хаагчид тэднийг зогсоон салгасан, түүний дараа нэхэмжлэгч “************” клуб руу шөнийн 00 цаг өнгөрөөгөөд очсоны дараа нэр бүхий зарим алба хаагчид болох Ш.Б**********, Ж.Д**********, Б.Х**********, Б.Э********** нар тухайн газарт 01:00 цагийн орчимд мөн очиж, тэнд Б.Э********, Ш.Б********** нар дахин маргалдаж, Ш.Б********** нь Б.Э********ийн нүүрэн тус газар цохиж гэмтээсэн зэрэг үйл явдал болсныг албаны хяналт шалгалтаар тогтоосон байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эдгээр үйл баримтуудыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.
16. Дээр дурдсан хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтын зохицуулалтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг нь бусад төрийн албан хаагч нараас онцлог ялгаатай буюу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтыг тасралтгүй хэрэгжүүлдэг тусгай чиг үүрэгтэй, өдөр тутамдаа байнгын бэлэн байдалд буюу албан ажлын онцгой нөхцөлд ажилладаг онцлогтой, албан үүргээ гүйцэтгэхдээ галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх онцгой эрхтэй, нөхцөл байдлаас шалтгаалан хамгаалалтад хүч нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхээр ажлын байранд бэлэн байх шаардлага гарвал албан хаагч ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэх чадвартай ирэх үүрэг бүхий онцлог албан тушаал байна.
17. Гэтэл нэхэмжлэгч Б.Э******** нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэн албаны байнгын бэлэн байдлыг алдагдуулснаас гадна өөрийн бүлгийн алба хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын зэргүүдэд шилжин ажиллах бэлэн байдлыг хангуулахад сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
18. Иймээс энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй бөгөөд маргаан бүхий Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/371 дугаар тушаал хуульд нийцсэн байна.
19. Мөн хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нь өөрийн байгууллагын аливаа алба хаагчийн Төрийн албаны тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг албаны дотоод хяналт шалгалтын журмаар шалган тогтоох, улмаар тухайн шалгалтын үр дүнгээс хамааран холбогдох алба хаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзнэ.
20. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
21. Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/371 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн дагалдах шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
22. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэр бүхий иргэдийг /Б.А**********, Б.Э**********, Б.Х**********, Н.С********** нарыг/ гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар “албаны дотоод хяналт шалгалтын хүрээнд тухайн иргэдээс тайлбар авч бэхжүүлсэн байх тул тэдгээрийг дахин шүүх хуралдаанд асуух нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй” үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э********ийн гаргасан “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/371 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ