Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2021/00003

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2021/00003

 
           Л.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00418/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Л.******* /цахим/

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал /цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлоор Л.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 6,295,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2,440,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Гэрээг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасан. Хариуцагчаас үндсэн зээл 2,440,000 төгрөг, 9 сарын зээлийн хүү 1,756,800 төгрөг, алдангийг төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс тооцоход 2,098,400 төгрөгийн 50 хувиас хэтрүүлээгүй тооцсон. Иймд Д.*******гаас нийт 6,295,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.*******гийн нэхэмжлэлтэй Д.******* надад холбогдох 6,295,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Д.******* нь Л.*******гаас ямар нэг байдлаар нэхэмжлэлд бичигдсэн шиг зээлийн гэрээ бодитоор байгуулж мөнгө зээлж авсан зүйл огт байхгүй. Харин бодит байдал дээр миний төрсөн дүү Д.Алтанчимэг Л.*******г таньдаг бөгөөд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт орон сууц худалдаж авахдаа урьдчилгаа мөнгийг Л.*******гаас хүүтэй зээлж авсан бөгөөд тухайн үед миний бие Улаанбаатар хотод байсан бөгөөд Л.******* нь миний дүү Д.Алтанчимэгт мөнгө зээлэхдээ байраа Д.Алтанчимэгт зарсан гэж Нандин-Эрдэнэ, Д.Алтанчимэгийн хамт ажиллаж байсан Баасанжав гэх хүмүүсийг болон Д.******* миний биеийг мөн зээл авсан мэт гэрээнд гарын үсэг зуруулж, дансаар мөнгө оруулж гаргаж авсан байдаг. Ямар шалтгаанаар ийнхүү ямар ч хамааралгүй хүмүүсийг зээл авсан мэт гэрээнд гарын үсэг зуруулж, дансаар нь мөнгө оруулж, гаргаж байгаа тухай Д.Алтанчимэг болон Л.******* нараас тухайн үед асуухад танд ямар ч асуудал болохгүй ээ бид хоёрын хоорондын асуудал санаа зовох зүйлгүй та зүгээр гэрээнд гарын үсэг зураад, данс руу чинь шилжүүлсэн мөнгийг аваад өгөхөд болно гэж тайлбарлаж байсан. Тухайн үед төрсөн дүүгээ байр авахад нь хэрэг болж байгаа бол тус болъё гэж бодоод мөн тэдний үгэнд итгэсэн. Гэтэл Л.******* манай дүүг болон биднийг хуурч Д.Алтанчимэг зээлсэн мөнгөө төлсөн байхад хууран мэхэлж, төөрөгдүүлж хийсэн гэрээн дээрээ үндэслэж Нандин-Эрдэнэ, Баасанжав нараас их хэмжээний мөнгө шүүхээр нэхэмжилж маргаан үүсгэсэн тухай сонсогдож байсан. Одоо яг тэр байдлаараа надаас ямар ч үндэслэлгүй гарын үсэг зуруулсан хуурамч гэрээг ашиглаж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 Хариуцагч Д.******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Л.*******гаас зээл авахдаа манай дүү Д.Алтанчимэг хотод орон сууц худалдан авахдаа урьдчилгаа мөнгийг энэ хүнээс зээлж авсан. Тухайн үед би хотод байсан юм. Манай дүү хамт ажиллаж байсан н.Нандин-Эрдэнэ, Г.Баасанжав, миний биеийг зээл авсан мэт гэрээнд гарын үсэг зуруулж, дансаар мөнгө оруулж гаргаж байсныг би сайн ойлгоогүй. Тухайн үед би Д.Алтанчимэг, Л.******* нараас асуухад надад Танд ямар ч хамаагүй, бид хоёрын хоорондын асуудал, санаа зовох зүйлгүй, та гэрээнд гарын үсэг зураад л данс руу шилжүүлсэн мөнгийг аваад өгөхөд л болно гэж тайлбарлаж байсан. Гэтэл Л.******* манай дүү болон биднийг хуурч Д.Алтанчимэг зээлээ төлсөн байхад хууран мэхэлж төөрөгдүүлэн, дүр үзүүлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Иймд миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч буюу хариуцагч Л.******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Д.******* надаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авсан зээл авсан. Мөн зээлийн гэрээ сунгуулахад өөрөө бичиж сунгалтаа хийдэг байсан. Д.*******гийн яриад байгаа Д.Алтанчимэг, Г.Баасанжав нар нь надтай тус тусдаа Зээлийн гэрээ хийж мөнгө авсан. Харин Д.*******гаас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний данс руу Д.******* /Бааска-с гэсэн нэг л удаа шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Бааска гэж хүн төлөлт хийгдсэн байна гээд Г.Баасанжавын зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг оруулан тооцож хассан байгаа. Харин Д.******* бид хоёрын зээлийн гэрээ-нд заасан төлбөр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байсаар байгаа. Иймд Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаартай шийдвэрээр:

 1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус д зааснаар Д.*******гаас 6,002,036 төгрөг гаргуулан Л.*******д олгож, үлдэгдэл 292,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар Л.*******д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,675 төгрөг, Д.*******гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.*******гаас 110,988 төгрөг гаргуулан Л.*******д олгосугай. гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ....анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал би гардан аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр сэргээсэн талаар: Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-наас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссанаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн.

...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан тул дээрх гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 03 сарын 06-ны өдөр дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч Л.******* нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт би Д.*******гаас мөнгөө төл гэж утсаар байнга шаарддаг байсан. учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж мэтгэлцсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөөн хэллэлцэх хугацаа дуусаагүй гэж мэтгэлцсэн болохоос хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Гэтэл нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдах диспозитив зарчим болон хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих, шүүх хөндлөнгийн байр суурийг баримтлах зарчмыг алдагдуулсан хэт нэг талыг барьсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь заалтыг зөрчсөн шийдвэрийг гаргасан. ...хүнд өвчний улмаас нэхэмжлэл гаргах боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэж, хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хоёр. Алдангийн заалт хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар: Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Д.******* нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 2,440,000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй, 06 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээг 2017 оны 03 дугаар сарын 06-ныг хүртэл сунгасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4-д авсан зээл болон хүүнд гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 05%-иар тооцож гэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал хуульд заасан 0,5 хувь хүртэл тогтоож болохоор тогтоосон алдангийг 05 хувиар тогтоосон нь хууль зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл гэрээнд 05 хувиар тогтоосон нь 0,5*10=5 буюу 10 дахин их хэмжээгээр тогтоосон байна. Энэ талаар нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт алдангийг 05 гэж бичсэн нь 0,5 хувь гэсэн утгатай гэж тайлбарласан үндэслэлгүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарыг тоон утгад шилжүүлбэл 05= 0,5 гэж байгаа нь буруу болох нь тоо мэддэг хүн болгонд ойлгомжтой. Гэтэл анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг 0,5 хувь болгон тооцож, алданги 1,805,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьсан ямар ч үндэслэлгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл хууль болон гэрээнд цэг, таслал болгон чухал ач холбогдолтой байхад талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг шүүх шууд автоматаар засаж, хуульд нийцүүлэн таслал нэмсэн нь илт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон. Ийнхүү алдангийг 05%-иар тогтоосон гэрээний 4 дэх заалт нь хуультай зөрчилдөж байгаа учраас зохигчдын хооронд байгуулсан гэрээний алдангийн тохироо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4-д заасныг үндэслэн 1,805,600 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Гурав. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 12:20 цагт 2,440,000 төгрөгийг хариуцагч Д.*******гийн дансанд шилжүүлж, тухайн өдрийн 12:45 цагт буюу 15 минутын дараа Д.******* нь уг 2,440,000 төгрөгийг чимгээ гэх утгаар Алтанчимэгийн данс руу шилжүүлсэн нь хариуцагч Д.*******гийн эзэмшлийн ХААН банкны 5676174176 тоот дансны хуулгаар нотлогдож байна. Уг дансны хуулга болон хавтаст хэргийн 3-29 дүгээр хуудсанд авагдсан шүүхийн шийдвэрүүдийн агуулгьг харьцуулан шинжилж үзэхэд уг гэрээгээр зээлсэн мөнгийг Д.******* биш харин Д.Алтанчимэг зээлсэн үйл баримт тогтоогдож байна. Дээрх нотлох баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Д.*******гийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоор байгуулаагүй, зөвхөн Л.******* болон Д.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан мэт гадаад илэрхийллийг болгох зорилгыг агуулсан хэлцэл болох нь тогтоогдож, энэ талаарх хариуцагч Д.*******гийн Л.******* нь миний дүү Д.Алтанчмимэгт мөнгө зээлэхдээ байраа Д.Алтанчимэгт зарж байсан Нандин-Эрдэнэ, Д.Алтанчимэгийн хамт ажиллаж байсан Баасанжав гэх хүмүүсийг болон Д.******* миний биеийг мөн зээл авсан мэт гэрээнд гарын үсэг зуруулж дансаар нь мөнгө оруулж гаргаж авсан байдаг юм... гэх тайлбар үндэслэлтэй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх зээлийн гэрээний цаана халхавчилсан болон халхавчлуулсан 2 хэлцэл хийгдсэн нь тодорхой байна. Халхавчлуулж байгаа хэлцэл нь Л.*******гаас Д.Алтанчимэгт мөнгө зээлэхээр бодит хэлцэл хийгдсэн байх ба уг хэлцлийг халхавчилж байгаа хэлцэл нь Л.*******, Д.******* нарын хооронд бичгээр хийгдсэн дээрх зээлийн гэрээ байна. Иймд Л.******* Д.******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, Иргэний хуулийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх ба хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 3 дугаар сард эмчилгээнд явж, дэлхийн хэмжээний цар тахлаас болж хоригдож 5 дугаар сард ирээд хорионд орж, 6 дугаар сараас хорионоос гарч нэхэмжлэлийг гаргасан байгаа. Би хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүхэд хүсэлтээ амаар гаргаж, холбогдох баримтыг өгсөн байдаг. Мөн алдангийн тухай ярьж байна. Тэгвэл би алдангийн тухайд төлөгдөөгүй үнийн үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүй 5 хувийн алданги гэж хаана ч байхгүй тул 0.5 хувиар бодож гаргасан байгаа. Би хуульд зааснаар гаргасан. Д.******* юмыг дандаа бусдад нялзаадаг. Өөрөө гарын үсэг зурж зээл авсан байгаа. Надтай утсаар ярихдаа банкны зээл төлж байгаа, өгнө гэж л ярьдаг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6.295.200 төгрөг гаргуулах, Д.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар 03-ны өдрийн Зээлийн гэрээ -г хүчин төгөлдөр буст тооцуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6.002.036 төгрөгийн шаардлагыг хангаж, 292.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд түүний гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.*******гийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан ....хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах... гэж заасан эрхийг хангаагүй байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь: Нэхэмжлэгчээс ...хүнд өвчний улмаас Гадаад оронд тодорхой давтамжтайгаар эмчилгээ хийлгэдэг, Ковид-19 өвчин гарсны улмаас Америкийн Нэгдсэн Улсаас 2020 оны 03 дугаар сард Монгол улсад ирэх байсан боловч ирэх хугацаа хойшлогдож 05 дугаар сард ирээд 21 хоног тусгаарлалтад байсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ талаар холбогдох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч хэрэгт авагдаагүй байгааг хэргийн материалтай танилцуулаагүй тул мэдээгүй... гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тухай тайлбар болон түүнтэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлсэн эсэх талаар тэмдэглэл үйлдээгүй, буюу авагдаагүй байна.

Харин хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан тухай баримтад нэхэмжлэгчид 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр [email protected] гэх цахим хаягаар танилцуулсан гэсэн тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдэж хавтаст хэрэгт хавсаргажээ.

 Тус баримтаар нэхэмжлэгчид хэргийн материалыг хэрхэн танилцуулсан өөрөөр хэлбэл хэргийн хэдээс хэддүгээр талд авагдсан хэдэн хуудас баримтыг ямар байдлаар түүнд танилцуулсан талаар тодорхойг тэмдэглэл хийгээгүй нь нэхэмжлэгчид хэргийн материалтай танилцуулсан гэж үзэх боломжгүй юм.

 Иймд шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэдгээ баримтжуулаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулах ажиллагаа нь цахимаар хэрхэн яаж, хэдэн хуудас, ямар агуулгатай баримт танилцуулагдсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүх хэргийн материалтай танилцуулаагүй гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 Иймд шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагч Д.******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон хэргийн шийдэлд давж заалдах шатны шүүх хуралдаанаас эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.983 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 Б.ЭРДЭНЭХИШИГ